“Монгол өв соёлоо дэлгэрүүлэх гэж 1000 авдар үнэгүй тараасан”

Эрт үеэсээ монгол айл бүр хоймортоо авдар тавьдаг, хамгийн нарийн нандин бүхнээ түүндээ хадгалдаг, битүү, цоож цуургатай учир буян хишиг хурна гэж үзэж дээдэлж иржээ. Сүүлийн жилүүдэд энэ өв, соёл бараг мартагдаж, хөдөөгийн малчин айлууд гэртээ тавьдгийг эс тооцвол авдар бараг л хэрэглээнээс гарсан гэхэд болно.

Тэгвэл үндэсний тавилга үйлдвэрлэгч “Гэрэлт эдлэл” ХХК-ийнхан өнгөрсөн ням гаригт уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлж, “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” хэмээн уриалж, “UB palace”-т нэгэн арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд энэ үеэрээ 1000 авдар иргэдэд үнэгүй бэлэглэсэн юм.

Тус компанийн захирал Н.Батхуягтай утсаар холбогдож энэ талаар тодруулбал “Айл болгон авдартай байсан. Тэр дундаа бурхны авдар гэж эцэг өвгөдийн үеэс маш хүндтэй зүйл байсан. Энэхүү үнэт өв мартагдсан. Сүүлийн жилүүдэд мөнгөний мод, мөнгөний гахай, шилэнд хийсэн өнгийн будаа зэрэг гаднаас орж ирсэн зүйлийг монголчууд шүтдэг болсон. Монголоосоо илүү солонгос авдрыг сайн мэддэг болсон байх жишээтэй. Бид энэ бүгдийг өөрчилж, эцэг өвгөдөөс уламжилж ирсэн үндэсний өв соёлоо сэргээх, дэлгэрүүлэх үүднээс бурхны авдар хийж 1000 хүнд үнэгүй тараалаа.

Авдар ер нь Монголоос гаралтай гэдэг. Гэрт нэг авдар тавихыг цээрлэдэг тул хосоор нь байлгадаг. Нарийн нандин зүйлээ хийдэг, цоож цуургатай, буян хишиг хурна гэж үздэг байсан. Хүүхдүүд зөвшөөрөлгүй ухдаггүй. Авдрын нүүрэн дээрх өнгө дүрс, хээ угалз хүртэл өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Арслантай авдарны бэлгэдэл нь уг амьтан айлын баруун, зүүн талыг муу муухай зүйл оруулахгүй гэж манаж байдаг учиртай. Эвтэй дөрвөн амьтан эв найрамдлыг бэлгэддэг” гэж ярилаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай