Жижиг зүйлсээс ч аз жаргалыг мэдрээрэй

Хиппи, минималист гэхчилэн хүмүүсийн амьдрах хэв маяг өөр өөр. Сүүлийн үед залуус хюгге хэв маяг гэх үгийг өргөн хэрэглэдэг болжээ. Хюгге гэдэг үгийн утга юуг илэрхийлж буй болоод яагаад түүнд залуус тэгтлээ татагдаж байгааг тайлбарлая.

Энэ үг норвеги хэлнээс гаралтай бөгөөд энх амгалан, тав тух гэсэн утга илэрхийлдэг байна. Хюгге нь хойд зүгийн орнуудын тайван, эв нэгдэлтэй, халуун дулаан уур амьсгалаар дүүрэн амьдралын хэв маягийг илтгэдэг. 2016 оны Оксфордын толь бичгийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн жагсаалтад хюгге багтжээ. Өнгөрсөн онд л гэхэд энэ сэдвээр арван ном хэвлэгдэн, уншигчдын гарт хүрсэн байна.

Тэдгээрээс хамгийн алдартай нь Ану Партенаны “The nordic theory of everything: In wearch of a bet­ter life” ном юм. Энэ номыг Опра Уинфри хүртэл уншиж, хюгге хэв маягийг нэвтрүүлгийнхээ үзэгчдэд санал болгосон байдаг. Сонирхуулахад, голланд, швед, герман хэлэнд gezellig, gemytlig, gemtlich зэрэг хюггетэй ижил утгатай үгс бий.

Энэ хэв маяг нь өөртөө төдийгүй эргэн тойрондоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, ойр дотнын хүмүүстэйгээ амьдралын аз жаргалтай мөчүүдийг мэдрэхийг уриалдаг юм. Өөрөөр хэлбэл, хюгге хэв маягийг жинхэнэ утгаар нь мэдрэхийн тулд хайртай хүмүүстэйгээ, маш тав тухтай орчинд хөгжилтэй амьдрах хэрэгтэй гэсэн үг юм.

Гэр бүлийн баяр, найзуудын хүрээнд оройн зоог барих, ном унших, халуун ваннд орох, нэхмэл цамц өмсөж, хөвсгөр хивсэн дээр тухлах, зөөлөн шаахай углах, халуун шоколад уух, дулаан халаад нөмрөх, сайхан үнэртэй лаа асаах, ноосон бүтээлэг дэлгэх, глёг (улаан дарсаар хийсэн, скандинавын халуун ундаа) балгах, камин зуух ширтэх, модон байшинд амьдрах, зөөлөн даавуу мэдрэх, шанзтай нарийн боов амтлах зэрэг олон зүйлийг хюгге хэв маягт багтааж болно.

Өвөл, тэр дундаа Зул сар ба Шинэ жилийн баяр бол хюгге хэв маягийг хэрэгжүүлэхэд  хамгийн тохиромжтой үе. Учир нь энэ үеэр хүмүүс гэр бүлээрээ цугларч, амттай хоол хийж, гэрээ чимэглэн тохижуулж, тав тухтай байдлыг бүрдүүлдэг. Гэхдээ хюгге амьдралын хэв маягийг аль ч улиралд, ямар ч цагт хэрэгжүүлж болно. Жишээ нь, ойр дотнын хүмүүстэйгээ зугаалгаар явж, найзуудтайгаа хөгжмийн наадамд оролцож, зүгээр л гэр бүлийн үдэшлэг зохион байгуулах гээд хүссэн цагтаа хюгге болох боломжтой.

Энэ хэв маягийг бүрдүүлдэг гол зүйлс нь нягт холбоо, дотно харилцаа, уучлах чадвар, амар тайван, тав тухтай байдал юм. Тиймээс амьдралаа илүү тав тухтай, аз жаргалаар дүүрэн болгохын тулд доорх зүйлсийг анхааралдаа аваарай. Юуны өмнө дэр, бүтээлэг, зөөлөн хивс, зураг, ном, лаа, ургамал, ширээний чийдэн эсвэл хэлхээ чимэглэл зэрэг аль болох өөртөө тав тухыг мэдрүүлэх зүйлсийг гэрийнхээ интерьерт нэмэх хэрэгтэй. Гэрийн орчин дулаан, гэгээтэй байх тусмаа илүү тав тухтай харагдана.

Харин дараа нь өөрийн гараар ямар нэг зүйл хийж сураарай. Энэ нь оригами, шавар ваар, зураг, нэхмэл цамц, хулсан сав гээд юу ч байж болно. Сэтгэл зүрхээ шингээж хийсэн зүйл гэрт байх нь илүү тайван, тухтай орчин бүрдүүлдэг. Бас дотнын хүмүүстэйгээ сайхан харилцаатай байх хэрэгтэй. Хюгге хэв маягийн гол нууц нь юунд ч яаралгүй, бусдад талархлаа илэрхийлж, жижиг зүйлсээс баяр баясал, аз жаргалыг мэдрэн, сэтгэл хангалуун амьдрах явдал юм.


Энэ тухай