М.Намуун: Хүнд дээрэмдүүлчихээд биеэ хамгаалж сурахын тулд анх боксоор хичээллэсэн

Монголын боксын спортын хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар дэлхийд алдартай. Одоогоор манай ширэн бээлийтнүүд олимпоос зургаа (нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл), насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ес (нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл) медаль хүртээд байгаа нь үүний илрэл болов уу. Гэхдээ манай тамирчид өсвөр үе, залуучуудын ангиллын томоохон тэмцээнд төдийлөн өндөр амжилт гаргаж чаддаггүй гэмтэй.

Тэртээ 2004 онд залуучуудын ДАШТ-ээс анх Э.Энхзориг хүрэл медаль хүртсэнээс хойш түүний амжилтын буухиаг боксчид үргэлжлүүлж чадахгүй л байв. Харин саяхан Энэтхэг улсад болсон тус тэмцээнээс залуучуудын үндэсний шигшээ баг, “Эрдэнэт бокс” клубийн тамирчин Монхорын Намуун хүрэл медаль хүртэж, дээрх бараан цувралыг зогсоолоо. Түүгээр ч үл барам залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны боксчин боллоо.

УАШТ-ээс өсвөр үеийнхэд хоёр, залуучуудынхад гурав, насанд хүрэгчдийнхэд хоёр удаа түрүүлсэн тэрбээр хоёр жилийн өмнө болсон өсвөр үеийн ДАШТ-ээс Л.Ангараг, М.Энхжаргал нарын хамт хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болсон юм. Насанд хүрэгчдийн УАШТ-д 16 настайдаа түрүүлж, шуугиулсан М.Намуун өнөөдөр эхлэх чансаа өндөртэй шилдэг боксчдын тэмцээнд оролцож байна. өдгөө 18 настай түүнийг “Олимпын найдвар” онцоллоо.

-Олон улсын тэмцээнд төдийлөн оролцдоггүй мөртлөө дэлхийн медальтан болсон тань сонирхол татаж байна. Өмнө нь өсвөр үеийн ангиллын ДАШТ-ээс медаль авсан болохоор өрсөлдөгчдөөсөө хавьгүй туршлагатай байв уу?

-Тэгсэн. AIBA-гаас баталсан дүрмийн дагуу 19-өөс дээш настай тамирчид насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнд өрсөлддөг. Би 18 настай болохоор тэгэх боломжгүй. Ер нь боксоор хичээллэж эхэлснээсээ хойш ДАШТ-ийг эс тооцвол олон улсын хоёрхон тэмцээнд оролцсон. Үнэнийг хэлэхэд санхүүгийн хүндрэлийн улмаас тэмцээнд тэр бүр хүч сорьж чаддаггүй. Өмнө нь дэлхийн дэвжээнд тоглон, медалийн төлөө өрсөлдөөд үзчихсэн нь надад их дэм, туршлага боллоо.

Үүний сацуу энэ жил ОХУ-д болсон тэмцээнд оролцохдоо нэлээд туршлага хуримтлуулсан. ДАШТ-д залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Сэлэнгэ аймгийн Ганхуяг багшийн удирдлагад надтай хамт таван тамирчин тоглосон. Би Б.Пүрэв-Очир багшаар боксын А үсэг заалган, өнөөг хүртэл заавар, зөвлөгөөнийх нь дагуу бэлтгэлээ хийж явна. Харцаараа шахам ойлголцдог болсон багшийнхаа удирдлагад оролцоход сэтгэл зүйн хувьд давуу талтай байлаа.

Бид ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцсон тамирчидтай хамт 28 хоногийн хугацаанд базаасан. Тэр бэлтгэл энэ амжилтад их нөлөөлсөн, өгөөжөө өгсөн. Ер нь сүүлийн жилүүдэд эмэгтэй бокс дэлхийд хурдацтай хөгжиж байна. Хоёр жилийн өмнө өсвөр үе, залуучуудын ДАШТ-д өрсөлдөхөд 100 гаруй тамирчин л оролцсон.

Харин энэ удаа зөвхөн залуучуудынхад л гэхэд 200-аад ширэн бээлийтэн хүч сорьсон нь үүний илрэл болов уу. Тэр хэрээр өрсөлдөөнтэй боллоо. Миний жинд 16 тамирчин оролцсон.

-Та хагас шигшээд эзэн орны тамирчинтай тоглосон. Ямар ч тэмцээнд зохион байгуулагч орны давуу тал гэж айхтар зүйл бий. Шүүгчийн шийдвэртэй санал нийлж байна уу?

-Төлөвлөснийхөө дагуу тоглож чадаагүй. Урагш зүтгээд тоглохоор довтолгоонд нь өртчихөөд, бараг цохилт нь оноогүй байхад хөгжөөн дэмжигчид суудлаасаа босож, уухайлан дэмжээд л. Санаснаараа тоглож чадахгүй байсан болоод ч тэр үү, их “шатсан”. Хоёрдугаар үеийн дундуур Энэтхэгийн тамирчны гурван довтолгоо амжилттай болоход нь намайг хүнд цохилтод орсон гэж тооцоод тоолсон.

Амьхандаа тоглолтын санаачилгыг гартаа авах гэж хичээсэн ч санаснаар болоогүй. “Ялагдах нь ээ” гэж бодохоор уйлмаар санагдсан. Эзэн орны дэвжээн дээр хүнд цохилтод орчихсон тэгээд бас болоогүй довтолгоогоо тэр бүр амжилттай болгож чадаагүй байсан болохоор шүүгчийн шийдвэртэй санал нийлж байна. Энэтхэгийн тамирчин дэлхийн аварга болсон. Уг нь түүнийг дийлсэн бол түрүүлэх боломж надад байсан гэдэгт итгэлтэй байна.

-Хүрэл медалийн төлөөх тоглолтод Шотландын боксчин В.Гловерыг ялсан. Танаас бусад тамирчин амжилт гаргаж чадаагүй. Медаль авах сүүлчийн найдвар болон үлдэхэд дарамт мэдрэгдсэн үү?

-Гайгүй байсаан. Харин ч өмнөхөөсөө илүү хичээдэг юм билээ. “Би чадна” гээд л өөрийгөө хурцалсан. Нэг их сандарч, тэвдээгүй. Тайван, ухаалаг тоглохыг хичээсэн. Шотландын тамирчин эвгүй өрдөг. Багштайгаа сайтар зөвлөж, төлөвлөгөөгөө боловсруулсан ч эхний үед ер санаснаар болоогүй.

Тоглолтын эв таарахгүй, тулаан их сонин өрнөсөн. Гуравдугаар үед харин ёстой санаснаараа өрсөлдөж чадсан. Хүрэл медалийн болзол хангахад үнэхээр их баярласан. Гэхдээ амжилтдаа аль болох ханалгүй, медалийнхаа өнгийг хувиргахыг зорилоо. Даанч санаснаар болсонгүй.

-Аав, ээж хоёр нь хөдөө мал маллаж амьдардаг юм билээ. Медаль хүртсэнийхээ дараа гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж амжсан уу?

-Хамаг анхаарлаа мөнгөн медалийн төлөөх тулаанд төвлөрүүлэхийн тулд хагас шигшээд шалгарснаа гэрийнхэндээ хэлээгүй. Энэтхэгийн боксчинд ялагдсаныхаа дараа гэр бүлийнхэнтэйгээ холбогдтол аль хэдийнэ мэдчихсэн байсан. Тэд намайг медалийн болзол хангангуут цахим ертөнцөөс мэдсэн гэнэ лээ.

Түрүүлж чадсангүй гээд сэтгэлээр уначихсан ч “Зүгээр ээ, миний охин дэлхийн медальтан боллоо. Ирээдүйн олимпын аварга охиноороо бахархаж байна” гэхэд нь их баярласан, улам их хичээх урам авсан.

-Тэмцээний зардал, хичээлээ хэрхэн зохицуулав?

-Монголын боксын холбооноос надаас гадна гурван тамирчин, хоёр дасгалжуулагчийн зардлыг даасан. Тиймээс тэмцээний зардлын хувьд хүндрэл гараагүй. Би Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуульд сурдаг. ДАШТ-ий өмнөх бэлтгэл, тэмцээнд оролцохдоо сургуулиасаа чөлөө авсан.

Манай сургуулийнхан намайг үргэлж дэмждэг, маш сайн ойлгодог. Монголын боксын холбоо, Аюулгүй байдлын сургуулийн хамт олон, Б.Пүрэв-Очир багш, гэр бүлийнхэндээ, аав, ээждээ маш их баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.

-Эмэгтэй хүн хичээллэх боломжтой спортын төрлүүдээс яагаад боксыг сонгосон юм бэ?

-Хэр баргийн эмэгтэй хүн хичээллэдэггүй нь надад таалагдсан. Тэр хэрээрээ миний сонирхлыг татсан. Би анх тамирчин болох бус, биеэ хамгаалж сурах гэж л боксоор хичээллэсэн юм. 14 настайдаа буюу 2013 онд сургуулиасаа тарж яваад хоёр хүнд утсаа дээрэмдүүлчихсэн юм. Тэгэхэд надад их муухай мэдрэмж төрсөн.

Тэгээд л дахиж бусдад дээрэлхүүлэхгүй гээд боксын дугуйланд бүртгүүлэн, Б.Пүрэв-Очир багшийнхаа шавь болсон. Надтай хамт боксоор хичээллэсэн гурван найз маань одоо ч спортдоо үнэнч яваа. Сая ДАШТ-д хоёртой нь хамт оролцсон.

-Эмэгтэй хүүхэд тулааны спортоор хичээллэхэд олонх эцэг, эх дургүйцдэг юм билээ. Таныг боксчин болоход аав, ээж хоёр нь хэрхэн хүлээж авав?

-Гэрийнхэн хөдөө, би эмээтэйгээ амьдардаг байсан болохоор тухайн үед аав, ээждээ хэлж чадаагүй. Гэрийнхэн юу гэж хэлэх бол, боксоор хичээллүүлэхгүй гээд хориглох болов уу гээд санаа зовоод л байлаа. “Хэзээ ирэх вэ. Нэг  зүйлийн талаар ярилцах гэсэн юм” гээд хэлж зүрхэлдэггүй ээ. Арайхийж хэлтэл “За яах вэ, эмэгтэй хүүхэд биеэ хамгаалаад сурчих хэрэгтэй” гээд зөвшөөрчихдөг юм байна.

Бэлтгэл хийж эхэлснээс хорь гаруй хоногийн дараа болсон Д.Банди багшийн нэрэмжит “Олимпын гараа” тэмцээнд оролцохоор болтол “Тэр дэмий байх аа. Олон жил бэлтгэл хийсэн тамирчидтай тоглоод бэртэж, гэмтвэл яана” гээд тас хорьсон. Би боксын спортод үнэхээр дуртай болсон байсандаа ч тэр үү, уйлаад л гуйж байгаад зөвшөөрүүлсэн. Авьяастай мөртлөө гэр бүлийнхэн нь дургүйцсэний улмаас спортоо орхисон тамирчин цөөнгүй.

-Анхны тэмцээндээ хэрхэн өрсөлдөв. Гэрийнхэн нь үзсэн үү?

-Нээлттэй болсон тэр жилийн тэмцээнд ОХУ-аас ганцхан тамирчин оролцсон юм. Би түүнтэй таарч, гурван үе тоглоод дийлдсэн. “Би тамирчин болж чадахгүй юм байна” гээд сэтгэлээр уначихсан байтал багш ирээд “Ёстой мундаг тамирчинтай сайн тоглосон. Харж байгаарай, тэр охин түрүүлнэ” гээд магтсан.

“Намайг сэтгэл санаагаар дэмжсэндээ л тэгж хэлсэн байх” гэж бодож байтал нэлээд хэдэн багш ирээд “Оросын тамирчинтай чи хамгийн сайн тоглосон. Хичээгээрэй” гэж хэлэхэд нь медаль хүртсэнээс илүү баярласан. Одоо бодоод байхад багш найзуудаа гуйж байгаад л намайг магтуулсан юм шиг байна лээ (инээв).

-Өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхэд тань Оросын тамирчин дэд аварга болсон бил үү?

-Тэгсэн. Манай нөгөө хэсгээс шигшээд шалгарсан. Олон улсын анхны тэмцээн маань өсвөрийн ДАШТ байсан. Бид Д.Банди багшийн удирдлагад тавуулаа оролцон, М.Энхжаргал, Л.Ангараг хоёрын хамт хүрэл медаль хүртэж байлаа. М.Энхжаргалыг өрсөлдөгчөө ялсных нь дараа надад медаль хүртэнэ гэх итгэл бүр их нэмэгдсэн.

“Найз минь чадлаа. Би ч бас амжилтыг нь үргэлжлүүлэх ёстой” хэмээн өөрийгөө зоригжуулсан. Тоглолтын өмнө Д.Банди багш “Сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж, төвлөрөхийг хичээ. Медалийн төлөө бус, бэлтгэл хийж байна гэж бодоод л тогло” гэсэн. Хүрэл медалийн болзол ханган, дэвжээнээс буусан мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

ДАШТ-ийг зориход аав минь “Дэлхийн аварга болоод” ирээрэй хэмээн зүүн хацар дээр минь үнссэн. Хурдхан эх орон руугаа буцаж, аав, ээжтэйгээ уулзах юм сан гэж их яарсан. Онгоцны буудалд ээж намайг тосон “Охиноороо бахархаж байна” гэхэд “Ачийг нь өчүүхэн ч атугай хариулсан байх” гээд их баярлаж билээ.

-Эмэгтэй хүн уяхан, нинжин сэтгэлтэй. Өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулаад, хамар, амнаас нь цус гоожиход хэцүү санагддаг уу?

-Амар биш ээ. Тэгж довтолбол өвтгөчих болов уу, ингэвэл хүнд цохилтод оруулчих байх гэвэл өрсөлдөгчөө ялж чадахгүй. Боксын спорт тамирчнаас тийм их хатуужил, тэсвэр тэвчээр шаарддаг.

-16 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-д өрсөлдөхдөө түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Боксоор хичээллэдэг эмэгтэй тамирчид цөөн болохоор насанд хүрэгчдийн УАШТ-д амжилтыг нь харгалзаж байгаад нас заалгүй оролцохыг зөвшөөрсөн юм. Хүрэл медалийн төлөөх тоглолтод “Алдар”-ын Оюун-Эрдэнэ эгчтэй өрсөлдсөн. Шилдэг тамирчинтай учраа таарлаа, ялагдах байх гэж бодтол харин ч эсрэгээрээ тайван, бүхнээ дайчилж тоглосоор ялсан.

Тэр жилийн УАШТ нээлттэй болж, ОХУ, БНХАУ-ын тамирчид оролцсон юм. Жингийнхээ шилдэг, түрүүлэх магадлалтай байсан тамирчныг ялчихсан чинь түрүүгээ бусад орныхонд алдах эрсдэл тулгардаг юм байна. Тэгээд хагас шигшээд БНХАУ, аваргын төлөөх тоглолтод Ё.Төмөрбатаа гавьяатын зээ охин Л.Ангарагийг ялж, түрүүлсэн.

-Тамирчид ур чадвараа ахиулахын тулд бэлтгэлээ сайтар хийхээс гадна тэмцээнд тогтмол оролцох нь чухал. Жилд хэр олон тэмцээнд оролцдог вэ?

-Ер нь цөөхөн. Энэ жил л гэхэд дөрөвхөн тэмцээнд оролцсон. 2017 оны хамгийн сүүлчийн тэмцээндээ маргааш өрсөлдөнө. Бидний ур чадвар, авьяас, зүтгэл бусад орны боксчдоос дутахгүй. Тийм мөртлөө тэмцээнд оролцохдоо бэлтгэл дээрх шигээ тоглож чаддаггүй гэмтэй. Энэ нь сэтгэл зүйтэй л холбоотой болов уу.

-Чансаа өндөртэй шилдэг боксчдын тэмцээнд анх удаа оролцох гэж байна. Бэлэн үү?

-Бэлээн. Бэлтгэл сайхан жигдэрсэн. Хэдийгээр ДАШТ-ээс ирээд удаагүй байгаа ч сайхан сэргэлт авч, ядаргаа тайлагдсан. 54, 57 кг-ын дунд болох юм билээ. Тэгэхээр би зөвхөн жингийнхээ бус, 54 кг-ын шилдгүүдтэй өрсөлдөнө гэсэн үг. Өнөөдөр (өчигдөр) жингээ үзүүлнэ.

Би ирэх жилээс насанд хүрэгчдийн ангиллын тэмцээнд оролцоно. Юуны түрүүнд маргаашийн тэмцээнд амжилт гаргаж, улсдаа шилдэг гэдгээ батлах нь чухал. Цаашид бэлтгэлээ улам сайн хийж, олимп, ДАШТ-ээс медаль хүртэхийн төлөө хичээнэ ээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай