Санжэй Сингх Неги: В, D вирус хавсарч тохиолддог цөөн улсын нэг нь Монгол

Монгол, энэтхэг эмч нарын хамтарч хийсэн өндгөвчний хорт хавдрын мэс засал дөрвөн цаг гаруй үргэлжлэв

Цэргийн төв эмнэлэг БНЭУ-ын Шинэ Дэли хотод байрлах “Би Эл Кэй супер спешиалти” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаар манай сонин өмнө нь мэдээлсэн. Үүний хүрээнд тус улсын эмч нар энэ сарын 5-7-нд манай иргэдэд харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй үзлэг хийж байгаа юм. Гэхдээ эмчид үзүүлэхийн тулд сүүлийн гурван сард хийлгэсэн шинжилгээний бичигтэй байх шаардлагатай.

Мөн энэтхэг эмч нар, цэргийн болон Хавдар судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран өчигдөр 60 настай, өндгөвчний хорт хавдартай эмэгтэйд мэс засал амжилттай хийлээ. Харин тэд өнөөдөр ходоод болон 12 хуруу гэдэсний шархлаатай хүнд мэс засал хийх аж.

Мөн Цэргийн төв эмнэлэг ХСҮТ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний төвтэй болохоор зорьж буй аж. Эрүүл мэнд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан санамж бичгийн хүрээнд ирэх оноос Баянзүрх, Багахангай, Налайх дүүрэг, зүүн бүсийн гурван аймаг, цэргийн бие бүрэлдэхүүний болон тэдгээрийн ар гэрийнхэнд хортой, хоргүй хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлэхээр болоод байгаа юм.

Эмч, сувилагчдаа ХСҮТ болон гадаадын эмнэлэгт бэлтгэж эхэлжээ.

“Би Эл Кэй супер спешиалти” эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, элэг шилжүүлэн суулгах хэлтсийн захирал, ахлах зөвлөх Санжэй Сингх Негитэй ярилцлаа.

-Та Монголд хэд дэх удаагаа зочилж байна вэ. Ямар тусламж, үйлчилгээ үзүүлэхээр ирэв?

-Долоо дахь удаагаа ирж байна. Монгол Улс сэтгэлд их ойр байдаг. Монголчуудын соёл, аж ахуй, амьдралын хэв маяг энэтхэгчүүдтэй ойролцоо учраас танай улсад ирэх дуртай. Мөн эмчийн хувьд мэддэг чаддаг зүйлээ бусадтай хуваалцах хэрэгтэй гэж боддог юм. Монгол эмч нарыг Энэтхэгт сургах, эндээ хавдрын мэс засал хийдэг болоход нь туслах зорилго тээж явна. Монголд В, С вирусээр үүссэн элэгний өвчин их байна.

В, D вирус хавсарсан эмгэг шинж илэрдэг цөөхөн улсын нэг нь Монгол. Узбекистан, Пакистаны иргэдэд мөн ийм хавсарсан шинжтэй эмгэг илэрдэг юм. Бусад улсад ингэж хоёр вирусийн хавсарсан халдварын шинж илэрдэггүй. Вирусээс гадна буруу хооллолт элэгний өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байна. Мөн монголчуудын олонх нь илүүдэл жинтэй. Энэ нь элэг өөхлөхөд хүргэдэг. Үүнээс болж элэг гэмтдэг. Түүнчлэн согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх нь элгийг гэмтээж, өвчлөл үүсгэж байна.

Элэгний В вирусийн эсрэг вакцин гэж бий. Наснаасаа үл хамаарч энэ вирусийн эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай. Ингэснээр вирусийн халдвараас сэргийлж чадна. Урьдчилан сэргийлэх тарилгыг гурван тунгаар хийдэг юм. Үүний дараа сорил тавиулж, В вирусийн эсрэг биет үүссэн, эсэхээ мэдэх хэрэгтэй. Зөв хооллон, дасгал хөдөлгөөн хийж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь элэг өвчлөхөөс сэргийлэх энгийн арга шүү дээ.

-В, D вирусийн хавсарсан эмгэгтэй цөөн улсын нэг нь Монгол гэлээ. Шалтгаан нь юу юм бол?

-В, D вирус яагаад хавсарсан байдлаар илэрч буйг шууд хариулахад түвэгтэй. Шалтгааныг нь судалж байна.

-Танд үзүүлж, зөвлөгөө авсан хүмүүс эргээд яаж холбогдож болох вэ. Монголд дахин ирэхээр төлөвлөсөн үү?

-Цэргийн төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний дагуу хоёр сарын дараа эргэж ирэх байх. Тэр үедээ мөн харьяалал харгалзахгүй, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ. Харин мэс засал хийсэн хүнийхээ биеийн байдал, эмчилгээний талаар эндхийн эмч нартай интернэтээр холбогдон зөвлөгөө өгөх юм.

-Манай улс 2011 оноос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Солонгосын эмч нартай хамтран хийж эхэлсэн. Монгол эмч нарт туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Өнөөдөр тоног төхөөрөмжтэй болоод маргааш нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэггүй. Энэ мэс засал хамгийн хүнд хагалгааны нэгд тооцогддог юм. Үүнийг гүйцэтгэхийн тулд тодорхой тоног төхөөрөмж, туршлага шаарддаг. Манай эмнэлэг гэхэд мэргэжилтнээ хамгийн багадаа хоёр жил сургаж бэлтгэж байна.

Бид нойрсуулагч эмч, асрагч сувилагч гэх зэргээр Цэргийн төв эмнэлгийнхнийг багаар нь сургаж, дадлагажуулна. Цаашид тус эмнэлгийн эмч нарыг элэг шилжүүлэн суулгах хэмжээнд хүргэхийг зорьсон. Энэ удаагийн уулзалтаар тус эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл юу байгааг судалж байна.

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг манай улс үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Танай улс элэгний вирусийн эсрэг ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Улс бүр иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан ийм хөтөлбөртэй байх шаардлагатай. Гэхдээ манай улс үүнээс арай өөр арга замаар элэгний В, С вирустэй тэмцэж байна. Элэгний С вирусийн эсрэг олон улсын өдөр, Гепатиттай тэмцэх дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэдэг. Эдгээр өдөр иргэддээ элэгний өвчний талаар мэдээлэл сайн хүргэж, вирусийн шинжилгээ, элэгний хатуурал тодорхойлох оношилгоо үнэ төлбөргүй хийдэг юм.

Тухайн орны эрүүл мэндийн салбарын зайлшгүй хийх ёстой ажил нь олон нийтийг хамарсан энэ мэт үйл ажиллагаа. Хүмүүс өвчний талаар зөв ойлголттой байснаар урьдчилан сэргийлж, эрүүл байх боломж бүрдэнэ.

Шинэ Дели хотын “Би Эл Кэй супер спешиалти” эмнэлгийн ахлах зөвлөх, хорт хавдрын мэс засалч, доктор Панкаж Кумар Пандегаас зарим зүйлийг тодрууллаа.

“ХОРТ ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ БОЛОХОД НЬ ТУСАЛНА”

-Та манай улсад хоёр дахь удаагаа ирж байгаа гэл үү. Энэ удаа иргэдийг үнэ төлбөргүй үзэж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Тийм ээ. Анх ирэхдээ Цэргийн төв эмнэлэгтэй хэзээ, яаж хамтран ажиллах боломжтойг судлаад буцсан юм. Тэр уулзалт маань энэ удаа ажил хэрэг болж, хамтран ажиллаж буйдаа баяртай байна. Гурван өдрийн турш иргэдийг үнэ төлбөргүй үзэхээр байгаа ч хүмүүс олон ирж, дараалал үүсгэжээ.

-Энэтхэг болон монгол эмч нар хамтран өндгөвчний хорт хавдар авах мэс засал хийсэн нь амжилттай боллоо. Та гол ажлыг нугалсан гэв үү?

-60 орчим насны, өндгөвчний хорт хавдартай эмэгтэйд мэс засал хийсэн. Дөрвөн цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай болсон. Тэр эмэгтэй жилийн өмнө хорт хавдартай болсон юм билээ. Цаашид энэ хагалгааг Цэргийн төв эмнэлгийн мэс заслын эмч нар гардан хийнэ гэж найдаж байна.

-Танай улсад ямар хавдар зонхилон тохиолддог вэ. Хавдрыг эрт илрүүлэх, оношлоход юунд анхаарах хэрэгтэй бол?

-Эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүү, хөхний хорт хавдар тэргүүлдэг бол эрчүүдэд улаан хоолой, уушгины хавдар түгээмэл тохиолддог. Ер нь биед ямар нэг таагүй шинж илэрвэл эмчид даруй үзүүлэх хэрэгтэй. Хөхний хавдар байлаа гэхэд тэмтэрч үзэхэд гарт ямар нэг зүйл мэдрэгдэх зэргээр шинж тэмдэг илэрдэг. Хорт хавдар нь удамших магадлалтай. Тиймээс гэр бүлдээ хорт хавдраар өвчилсөн хүн бий, эсэхийг мэдэх нь чухал.

-Цаашид монгол эмч нартай хамтран ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Цэргийн төв эмнэлэг Хорт хавдрын оношилгоо, эмчилгээний төвтэй болоход нь туслахыг зорьж байгаа. Эмч мэргэжилтнээ бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Цаашид хоёр эмнэлгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хавдрын чиглэлээр эмч нарыг нь өөрийн эмнэлэгтээ дадлагажуулах зорилго тавьсан.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай