Татвараас зайлсхийх боломж олгодгоосоо болж хар дансанд бүртгэгдлээ

Татвараас зайлсхийх боломж олгодгоосоо болж хар дансанд бүртгэгдлээ

Бэлтгэсэн: А.Амина, З.Амгалан

- Европын холбооны хар жагсаалтад Монгол Улс оров –

“Европын холбоо Монгол Улсыг оффшор бүс гэж зарлажээ” гэсэн мэдээлэл өчигдөр монголчуудыг донсолгоод авав. Оффшор гэдэг үгнээс ч жийрхдэг улс яахаараа оффшор бүс болчихдог билээ хэмээн сураг ажиг тавибал арай ч шууд “оффшор” гээд зарлачихаагүй аж. Гэхдээ л Европын холбооны засаг захиргааны төв Брюссель хотод болсон Европын холбооны Сангийн сайд нарын хурлаас манай улсыг татварын мэдээлэл нь ил тод биш, татвараас зайлсхийх боломж олгодог гэсэн шалтгаанаар хар жагсаалтад оруулжээ.

Хандивлагч орнуудын тусламж, хөнгөлөлттэй зээлээс ихээхэн хамааралтай манайх шиг орны хувьд энэ нь тун таагүй мэдээ. Хар жагсаалтад орсон гэсэн шалтгаанаар олон улсын санхүүгийн хориг арга хэмжээнд өртөхөд ч ойртож байгааг сануулж буй хэрэг. Тиймээс уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр яаралтай хэлэлцсэн юм. Энэ талаар гадаадын хэвлэлүүдэд нийтлэгдсэн мэдээлэл болон манай Сангийн сайд, УИХ-ын зарим гишүүний байр суурийг хуваалцаж байна.

Европын холбоотой татварын тайлангийн талаар хамтран ажиллахыг хүсдэггүй орнуудын хар жагсаалт гаргаснаа Сангийн сайд нар нь нийтэлснийг “Guardian” мэдээлжээ. Уг жагсаалтад Арабын Нэгдсэн Эмират Улс, БНСУ, Бахрейн, Монгол, Панам, Тунис зэрэг 17 орон багтсан байна. Эдгээр улсын олонх нь оффшор бүсэд оршиж буй юм. Хар дансанд орсон орнууд тус холбооны санд хандах эрхгүй болж магадгүй. Чухам ямар арга хэмжээ авахаа Европын холбоо удахгүй шийдэх ажээ.

Үүний сацуу татварын дүрэм нь Европын холбооны стандартад нийцдэггүй 47 орныг багтаасан саарал жагсаалт гарчээ. Эдгээр улс Европын эрх баригчидтай холбоотой байдаг бөгөөд зохих хууль дүрмээ боловсронгуй болгохоо илэрхийлсэн гэнэ. Аль нэг татвар төлөгчийг ялгаварладаггүй шударга хуультай байх, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын ил тод байх шалгуурыг хангасан бол уг жагсаалтад орохгүй юм.

Жагсаалт гаргаж буй нь татвар төлөхөөс зайлсхийдэг асуудлыг шийдэхэд чиглэсэн эхний алхам болохыг Европын холбооны эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан комиссар Пьер Московиси мэдэгдэв.

Дэлхийн олон орны өндөр албан тушаалтан, алдартан, бизнес эрхлэгчид санхүүгийн үйлчилгээ авдаг оффшор бүсүүдийн тухай мэдээллийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд сүүлийн хэдэн жил нийтэлж буй билээ. Чинээлэг хүмүүс, корпорацын санхүүтэй холбоотой асар олон материал бүхий “Диваажингийн баримтууд” өнгөрсөн сарын эхээр нийтлэгдсэн юм. Энэ нь татвараас зайлсхийх нь хуульд нийцэх, эсэх асуудлыг дахин хөндсөн билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай