Т.Мөнхсайхан: Түлэгдсэний улмаас нас барж буй хүүхдийн тоог 60 хувь бууруулсан

Нялх үрсээ хэдэн зуугаар нь түлж аминд нь хүрдэг Монгол шиг орон дэлхийд өөр байдаг болов уу. Өнгөрсөн онд ГССҮТ-д 2417 хүүхэд түлэгдэж ирсний 26 нь нас барсан аж. Харин тус эмнэлгийнхэн энэ оноос түлэнхийн улмаас хорвоог орхиж буй хүүхдийн тоог цөөлж чаджээ. Энэ талаар тус эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайхантай ярилцлаа.

-Танай эмч, ажилтнууд бусад эмнэлгийнхнээс илүү хүнд нөхцөлд ажилладаг. Гэмтсэн, түлэгдсэн, хөл, гар нь хугарсан гээд яаралтай тусламж шаардлагатай хүмүүст үйлчилдэг.

Өөрөөр хэлбэл, танайхыг дайны талбарт ажиллаж буйгаас ялгаагүй гэдэг юм билээ. Эмнэлгийн ачаалал, үйл ажиллагааныхаа талаар товч ярихгүй юү?

-Манай эмнэлгийн хүлээн авах тасгаар өдөрт 400-600 хүн үйлчлүүлдэг. Гэнэтийн осолд өртөж гэмтсэн, сэтгэл санааны хувьд тогтворгүй хүмүүс ирдэг учраас эмч, сувилагчтай харилцах хандлага нь ч хэцүү. Тэдний олонх нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Амбулаторийн тасгаар өдөрт 100-200 хүн үйлчлүүлж байна. Мэс заслын 12 эмчийг амбулаторид тогтсон өдөр, цагт үзлэг хийлгэж байгаа.

Ингэснээр өвчтөнүүд эмчийг мэс заслаас гарахыг нь хүлээж цаг алдахгүй, тусламж үйлчилгээ шуурхай авч байгаа. Мөн цахимаар үзлэгийн цаг олгодог болсон. Орон нутгийн иргэд үзүүлэх цагаа хүлээн хугацаа алдах, эдийн засгийн хүндрэлд орохгүйгээр цахимаар авсан цагийн дагуу үйлчлүүлэх боломж бүрдлээ. Ирэх долоо хоногоос аймгуудын Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч нартай цахим хурал хийж, шинэчилсэн вэб сайтаа танилцуулах юм.

Тус вэб сайтад бүх эмчийн мэдээлэл бий. Орон нутгийн иргэд цахим сүлжээнд холбогдож чадахгүй бол аймгийнхаа гэмтлийн эмчээр дамжуулан цаг авахуулж болно. Хүйтний улиралд халтирч унах, авто осолд орж, гэмтэх явдал нэмэгддэг. Хүлээн авах тасагт хандсан иргэдийг хаана явж байгаад халтирч гэмтсэнийг нь тодруулан, тухайн албан байгууллага руу нь холбогдож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулж байна.

-Түлэгдсэний улмаас хорвоог орхино гэдэг үнэхээр харамсалтай. Ийм тохиолдлоор нас барж буй хүүхдийн тоог танай эмнэлэг 60 хувь бууруулсан гэсэн гэгээтэй мэдээ байна. Ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-2015 онд 28, өнгөрсөн жил 26 хүүхэд түлэгдсэний улмаас нас барсан. Энэ бол зөвхөн манай эмнэлэгт хандсан хүүхдийн тоо. Тэд 0-5 насныхан бөгөөд 95 хувь нь халуун тогоотой хоол, цайнд түлэгдсэний улмаас амиа алджээ. Харин одоогийн байдлаар манай эмнэлэгт 2118 хүүхэд түлэгдэж ирснээс наймыг нь аварч чадсангүй. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүүхдийн тоог 60 хувь бууруулсан үзүүлэлт.

Түлэгдсэний улмаас амиа алдаж буй тохиолдлыг бууруулахын тулд бид эмчилгээний арга барилаа өөрчилж, шинэ технологи нэвтрүүлсэн. 2016 оноос донор болон хиймэл арьс хэрэглэж эхлээд байгаа. Манай эмнэлэгт хүүхдийн сэхээн амьдруулах эмч гэж байгаагүй. Шаардлагатай тохиолдолд ЭХЭМҮТ-ийн эмч нарыг ажиллуулдаг байсан.

Харин өнгөрсөн нэгдүгээр сараас хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний эмчтэй болж, Түлэнхийн тасагт ажиллаж байгаа эмч нараа ЭХЭМҮТ-д 3-6 сарын хугацаатай хүүхдийн сэхээн амьдруулах сургалтад хамруулсан юм. Мөн гүн түлэгдсэн хүүхдийг хэрхэн сувилах сургалтад сувилагчдаа суулгалаа. Мэс заслын дараах өрөөний халдвар, аюулгүй байдлыг бүрэн хангаж, нян устгагчтай, зориулалтын орчин бүрдүүлсэн.

Ирэх жил бид түлэгдсэний улмаас нас барж буй хүний тоог 60-аас доошгүй хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Эмчилгээ, үйлчилгээний чанараа илүү сайжруулаад явбал энэ зорилтдоо хүрч чадна. Өнгөрсөн онд сургууль, цэцэрлэг амардаг үе буюу 5-8 дугаар сард 15 хүүхэд түлэгдсэний улмаас нас барсан. Энэ жил ийм хугацаанд дээрх тохиолдлоор ганц ч хүүхэд амиа алдаагүй.

-Халуун тогооны уршгийн талаар хэвлэл мэдээллээр байнга сэрэмжлүүлдэг. Эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ аюулгүй байдалд хэр анхаарч байна гэж та боддог вэ?

-Урьдчилан сэргийлэх олон талын арга хэмжээ авч буй ч түлэгдсэн хүүхдийн тоо буурахгүй байна. 2016 онд 2417, энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 2118 хүүхэд түлэгджээ. Арьс нөхөх мэс засал нь өндөр өртөгтэй эмчилгээнд багтдаг. Ийм эмчилгээний зардлын 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байна. Харин үлдсэн хувийг нь тухайн иргэн өөрөө төлдөг.

Гэвч түлэгдсэн хүүхдийн ар гэрийнхэн үүнийг төлөх боломжгүй, амьжиргааны түвшин тааруу. Ийм хүмүүст туслахын тулд гурван жилийн өмнө Монголын түлэнхийн сан байгуулсан. Өнгөрсөн онд уг сангаас 32 хүүхдэд төлбөрийн туслалцаа үзүүлжээ. Мөн түлэгдэхээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, халуун тогоог аюулгүй байршуулах, тогтоогч бүтээсэн. Монгол гэрийн багананд бэхлэх тогтоогчийг 1000 ширхэг хийснээс хүүхэд олноороо түлэгдсэн Баянхошууны VII хорооны 300 айлд өнгөрсөн онд тараасан.

Тэдгээр айлаар сар бүр очиж, уг тогтоогчийг цаашид яаж сайжруулах, үр дүнгээ өгч буй, эсэхийг нь асуун судалгаа авч байгаа. Хүүхэд нь мэс засал хийлгээд долоо хоноогүй байхад дахин түлчихээд ирдэг хүн ч бий. Айлуудад халуун тогооны тогтоогч суурь бэхлээд явж байхад жилийн өмнө хоёр ой гаруйтай хүүхэд нь халуун тогоонд түлэгдсэнээс нас барсан нэгэн эцэг, эхтэй уулзсан юм.

Гэтэл тэр гашуун явдлаас сургамж авалгүй балчир хүүхэдтэй хэрнээ халуун тогоогоо газар тавьсан байв. Төмөр тогтоогчийг гэрийн хоёр баганын хооронд бэхэлснээр хүүхэд татсан ч унахгүй, дэвэрсэн зүйл нь ч газар асгарахгүй суурин дээрээ үлдэх юм. Эцэг, эхчүүд хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай байна.

-Арьс нөхөх мэс заслын зардал хэд юм бэ. “Хэдэн арван сая төгрөг хэрэгтэй байна, туслаач” гэсэн зар олон нийтийн сүлжээнд цөөнгүй байдаг.

-Түлэгдсэн талбайн хэмжээнээс шалтгаалж өртөг нь өөр. Арьс нөхөх мэс засалд ойролцоогоор 5-25 сая төгрөг зарцуулдаг. Гэр хороололд амьдардаг, ядарсан айлын хүүхдүүд ихэнхдээ түлэгдэж ирдэг учраас дээрх мөнгөний 15 хувийг гаргаж чаддаггүй.

Үүнээс болж хүүхдийн амь эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байв. 1-5 сая төгрөггүйн улмаас хүн амиа алдана гэдэг харамсалтай. Зарим хүн түлэгдсэн хүүхдээрээ түрээ барьж, ашиг олох явдал гардаг.

-Мэс заслын дараах арчилгаа сувилгаа, сорви арилгах эмчилгээ чухал. Үүнд яаж анхаарч ажиллаж байгаа бол?

-Мэс заслын дараа эмчийн хяналтад тогтмол байлгаж, сайн эмчилснээр хөдөлмөрийн чадвараа алдахаас сэргийлэх юм. Гэтэл мэс засал хийлгээд амь холуур өнгөрсөн бол эцэг, эхчүүд хүүхдээ өмнөх шигээ анхаарч халамжлахаа больчихдог. Мэс засалд орсон хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээ хийвэл үр дүнтэй. Гэтэл ийм эмчилгээ хийх эмнэлгийн байр алга. Мэс засалд орсон хүүхдүүдийг 10 хоногийн дараа дахин хэвтүүлж нөхөн сэргээх эмчилгээ хийх ёстой.

Түлэнхийн төвийг ашиглалтад оруулчихвал мэс заслын дараах эмчилгээ сайжирна. Түлэнхийн эмчилгээ, мэс заслын хувьд олон улсын жишигт дөхөж очсон. Гэхдээ нөхөн сэргээх эмчилгээ дутагдалтай. Түлэнхийн сорви эдгэхдээ таталддаг учраас гоо сайхныг нь хадгалж үлдэх асуудалтай хэвээрээ л байна. Гэвч бид сорвитой хэсгийг нь хиймэл арьсаар орлуулах эмчилгээ хийдэг болсон.

-Түлэгдсэн хүмүүс хандив тусламж гуйж, гадаад улс руу эмчилгээнд явах байдал их ажиглагддаг. Ямар тохиолдолд гадагшаа явахыг зөвлөдөг юм бэ?

-Гадаадад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтад их хэмжээний талбай хамарсан түлэгдэлт гэж байсныг хасуулсан. Манай эмнэлэг биеийн хэдэн хувь нь түлэгдсэн байсан ч эмчилж чаддаг болсон. Түлэгдсэний улмаас амиа алдах тохиолдол өндөр хөгжилтэй оронд гардаггүй. Бид энэ жишигт хүрэхийн тулд хичээж ажиллах хэрэгтэй байна.

-Саяхан танайх мэс заслын өрөөнүүдээ вакуум болгосон гэл үү?

-Тийм ээ. “Хас” банк, “Каргилл” компанийн санхүүжилтээр хагалгааны нэгдсэн тасгаа тохижуулаад зогсохгүй мэс заслын хоёр өрөө нэмж байгуулсан. Мэс заслын есөн өрөөг вакуум болгоод байгаа. Ингэснээр мэс заслын үеэр болон дараа гардаг халдварыг багасгах нөхцөл бүрдлээ. Өрөөний дотор ханыг нян устгагчтай, нян үржих боломжгүй зүйлээр хийсэн, агааржуулагч нь агаарыг ариутган, давхар шүүлтүүрээр шүүдэг учраас мэс заслын шарх бохирдохгүй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай