Йемений дотоод зөрчил хурцдав

Хуситуудын “Ансар аллах” хөдөлгөөнтэй холбоотны харилцаагаа тасалснаа Йемений Ерөнхийлөгч асан Али Абдалла Салех албан ёсоор мэдэгдсэнийг “Al arabiya” телевиз уламжлав. Хуситууд тус улсын ард түмний эсрэг ажиллагаа явуулж, Ираны улс төрийн захиалгыг биелүүлж буйн улмаас тус бүлэглэлтэй түншийн харилцаагаа тасалж байна хэмээн Салех тайлбарлажээ. “Хуситуудын бүлэглэлийн балчгаас улс орноо аврах хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний үзэж буйгаар Йемений нийслэл Сана хотод болж буй тулалдаан шийдвэрлэх үедээ шилжжээ.

Салехын талынхан болон хуситууд хооронд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас хойш үргэлжилж буй мөргөлдөөнд хоёр талаас 200 орчим хүн амиа алдаад байна. Ирсэн мэдээнээс үзвэл гудамжны тулалдаан нийслэлийн олон дүүргийг хамарч, Ерөнхийлөгч асны талынхан хуситуудыг стратегийн чухал объектууд болон төрийн байгууллагуудаас хөөж, Санагийн дийлэнх хэсгийг хяналтдаа авчээ.

Улс орныг иргэний дайнд татан оруулж буй босогчдыг сөрөн тэмцэхийг Салехын Бүх нийтийн ардын их хурал нам уриалав. Үүний сацуу Саудын Араб тэргүүтэй эвсэл бүслэлтээ зогсоосны дараа хөрш орнуудтай яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн буйгаа Салех мэдэгдсэн байна. Тус эвслийнхэн Ерөнхийлөгч асныг дэмжиж буй юм. Тэгвэл Салехын талынхны үйлдлийг “ямар ч бодлогогүй, сэжиг бүхий” бөгөөд түүнийг урвагч гэж “Ансар аллах”-ын толгойлогч Абдель Малек аль-Хуси ярьсан байна.

Сана хотод байлдааны ажиллагаа болон агаарын цохилт эрчимжиж байгаад сэтгэл түгшиж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш илэрхийллээ. Хүн амдаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж олгож, мөргөлдөөнөө зогсоохыг сөргөлдөгч талуудад НҮБ-ын тэргүүн уриалсныг түүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.

“Зэвсэгт мөргөлдөөний улмаас Сана хотод хөл хөдөлгөөн хязгаарлагджээ. Эмнэлгийн багийнхан шархадсан хүмүүст хүрч чадахгүй байна. Иргэд хоол хүнс болон бусад гол хэрэгцээний зүйлсээ авахын тулд гадагшаа гарах боломжгүй болжээ. Олон сая хүнд тусламж шаардлагатай байгаа энэ үед хүмүүнлэгийн байгууллагууд тус улсад нэн шаардлагатай хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадахгүй байна. Сөргөлдөгч талуудыг агаараар болон газраар довтлохоо зогсоохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уриалж байна” гэж мэдэгдэлд дурджээ.

2014 оны наймдугаар сараас хойш Йеменд олон улсын хамтын нийгэмлэгээс хууль ёсны хэмээн үздэг эрх баригчид болон Салехын талынхныг дэмждэг хуситууд хоорондын мөргөлдөөн үргэлжилж байгаа юм. 2015 оны гуравдугаар сард Йемений Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хадигийн хүсэлтээр Арабын эвсэл оролцож эхэлснээс хойш мөргөлдөөн эрс идэвхижсэн билээ. Харин одоо Салехын талынхан хоорондоо түнжин хагарчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай