Хайлж буй баялаг

Аляскийн гол байгууламж дээрх ОХУ-ын далбаа 150 жилийн өмнө АНУ-ынхаар солигдсон билээ. Тэгэхэд Оросын тал долоон сая доллар, Америк 1.5 сая ам км газар нутаг авсан нь нефть, алтаар баялаг.

Халим агнагчид дэлхийн хязгаарт өдгөө хэрхэн аж төрж байна вэ?

Аляск бол оршин суугч бүр нь нефтийн жил тутмын орлогоосоо хишиг хүртдэг баян муж улс. Нутгийн уугуул болох аталаск, хайд, тлинкит, эскимос, алеут нараас бүрдсэн 88 мянган иргэн нь өнөөг хүртэл НҮБ-д өргөх бичиг барьж, өөртөө засах болон эцэг, өвгөдийнхөө газар нутгаас ашигт малтмал олборлох эрхийг нь АНУ зөрчиж байна хэмээн гомдол мэдүүлдэг. Аляскийг худалдсаныг дагаад тус бүс нутгийг “хөгжүүлэх” ажил идэвхтэй өрнөсөн нь уугуул иргэд газар, зан заншил, ахуй амьдралынхаа төлөө эмгэнэлтэйгээр тэмцэхэд хүргэжээ.

Өдгөө алслагдсан эскимосчуудын тосгодод ч дунд сургууль, нисэх буудал бий. Хэрэв төвөөс тэнгисийг зоривол 150 жилийн өмнөх дүр зураг болсон цаа бугын арьсан хувцастай хүүхдүүд халимны цайсан араг ястай эрэгт тоглож буйг харж болно. Уугуул хүн амын дунд архидалт газар авсан учир зарим хотод согтууруулах ундаанд хязгаар тавьсан бол нөгөөд нь худалдах, гаднаас оруулахыг бүрмөсөн хориглосон байна.

Үүнтэй холбоотойгоор шуудан болон зорчигч тээврийн онгоцны тээшийг шалгадаг болсон гэнэ. Энэ нь иргэд архи нэрж, спирт агуулсан ахуйн шингэн уудаг болоход хүргэжээ. Саяхныг хүртэл тус муж улс амиа хорлосон хүний тоогоор улсдаа тэргүүлж байв.

Ан хийх нь амьжиргааны гол эх сурвалж төдийгүй бэлгэ тэмдэг юм. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас жил ирэх тусам агнах амьтан нь ховордсоор өдгөө анчдын дийлэнх нь олзгүй буцах болжээ. Далайн түвшин нэмэгдсэний улмаас тосгодын газар нутаг усанд автаж, мөнх цэвдэг нь хайлж байна. Мөсгүй болж байгаа нь уламжлалт амьжиргаанд сөргөөр нөлөөлөх болов.

Агнасан халимаа том мөсөн дээр гаргаж, жижиглэсний дараа завиндаа ачиж эрэгт авчирдаг. Гэтэл сүүлийн хэдэн жил том мөс эрэг орчимд байхаа больсон гэнэ. Мөсөнд амьдардаг далайн нохой, морь ч олоход хэцүү болжээ. Улирлын анд тооцогддог умардын цаа буга ч ирэхээ байсан гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай