Электрон мөнгөнд итгэж болох уу

“2017 он бол биткойныг уурхайчид удирддаггүй гэдгийг бүгд ойлгосон жил байлаа” гэх ёжилсон гарчиг бүхий нийтлэлийг “Forbes” цахим хуудсандаа өнгөрсөн долоо хоногийн эцэст нийтэлжээ. Тэгвэл “Зохицуулагчид бэлэн, эсэхийг үл харгалзан биткойн Уолл стрийтийг зорилоо” хэмээх гарчигтай мэдээллийг “Bloomberg” уржигдар нийтлэв. Блокчэйн, биткойн, криптовалют зэрэг шинэ “үзэгдэл” зөвхөн монголчууд гэлтгүй бөмбөрцгийнхний сонирхлыг ихээхэн татах болсныг эндээс анзаарч болохоор.

Нэг биткойн өнгөрсөн наймдугаар сард 4000-4500 ам.доллар байсан бол саяхан 10 000-д хүрсэн учраас аргагүй биз. Энэ талаар BBC “Биткойны хувьд хамгийн халуун долоо хоног болж өнгөрлөө” гэж мэдээлсэн. “Google”-ийн хайлтад хамгийн олон удаа бичигдсэн үгсийн нэг нь биткойн гэж мөрийцөхөд ч алзахгүй. Тэгвэл дээрх “үзэгдлүүдийн” талаар хэлэлцсэн анхны гэх тодотголтой чуулга уулзалтыг “Ард санхүүгийн нэгдэл” өнгөрсөн бямба гаригт зохион байгуулав.

Биткойн нь нэг төрлийн цахим мөнгө агаад гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй. Түүх сөхвөл, Сатоши Накамото гэж хүн 2009 онд биткойны алгоритм, кодыг бичин, блокчэйн сүлжээг ашиглалтад оруулсан гэнэ. Түүний ард хэсэг хүн, эсвэл аль нэг байгууллага, компани бий ч гэж таамагладаг аж.

Биткойныг ашиглан дэлхийн хаанаас ч маш богино хугацаанд, шимтгэл багатайгаар мөнгө шилжүүлж болдог юм байна. Нөгөөтэйгүүр, мөнгө шилжүүлэхэд банкны хаяг, нэр шаардлагагүй гэсэн. Гүйлгээ, шилжүүлэг хийхэд завсрын зуучлагч буюу банк шаардлагагүй (биткойн нь ямар ч Төвбанкнаас хамааралгүй) агаад оролцогчид хоорондоо шууд (peer-to-peer) гүйлгээ хийдэг гэнэ.

Биткойны тоо хязгаартай агаад (21 сая ширхэг) алт шиг олборлож болдог. Өдгөө 17 саяыг нь эргэлтэд оруулсан (гэхдээ нэг биткойныг 100 сая ширхэгт хувааж болно) гэх статистик бий. Сүүлийнхийг нь 2140 онд олборлоно гэж тооцож буй юм билээ. Үүнийг ашиглан мөнгөө богино хугацаанд өсгөх боломжтой хэмээн хүмүүс үзэж буй ч ханш нь буурах, тэр байтугай таны биткойн гэнэт алга болох эрсдэл бий хэмээн зарим мэргэжилтэн үздэг.

Түүнийг олборлоход ихээхэн эрчим хүч шаардлагатай болдог бөгөөд бусад оронтой харьцуулахад манайд цахилгааны үнэ хямд тул томоохон боломж бий нь давуу тал аж. Биткойн олборлогчдыг улс гэж үзвэл эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 61 дүгээрт эрэмбэлэгдэхийг bigthink.com цахим хуудсанд бичжээ. Биткойныг олборлох боломжийг блокчэйн технологи олгодог байна. Биткойны суурь технологи болох блокчэйнийг цахим хувьсгал гэж болох нь.

Биткойн олборлох явцыг энгийнээр тайлбарлавал, блокчэйн сүлжээнд байгаа нэг хүн нөгөөдөө мөнгө шилжүүлэх болбол гуравдагч этгээд нь гэрч болдог аж. Гэрч болж, баталж өгснийхөө хариуд олборлолт буюу шимтгэл авдаг гэнэ. Хэнээс хэнд мөнгө шилжүүлж буй нь сүлжээнд харагдахгүй. Харин данс буюу код нь харагдах гэнэ. Шилжүүлгийн гүйлгээнүүд давхардсаар блок үүсэх бөгөөд түүнийг нь батлахын тулд олборлогчид асар их тоо боддог байна. Хамгийн түрүүнд бодож, их хүч гаргасан нь блок тутамд нэг биткойн авдаг аж.

“Крипто үндэстэн” чуулга уулзалтын нээлтийн үеэр “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Биткойнд хөрөнгө оруулаад алдахгүй байх магадлал алдахаасаа 10 дахин их. Гэхдээ эрсдэл бийг үгүйсгэж болохгүй. Бид ашгаас тань хуваалцъя гэхгүйтэй адил та хариуцлагаа өөрөө хүлээнэ шүү” гэв.

Bitcoin.com-ийг төлөөлөн АНУ-ын Техасаас ирсэн, сэтгүүлч, илтгэгч Стэрлин Луяаны хэлснээр криптовалютуудын нийт үнэлгээ 160 тэрбум ам.долларт хүрчээ. Тэгвэл дэлхийн зах зээлд 1300 орчим ийм валют бий. Тэдний хамгийн анхны бас алдартай нь болох биткойны фьючерсийг Насдакын хөрөнгийн биржид арилжих гэж буй аж.

Чуулганы үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Блокчэйн технологи нь Монголд маш олон давуу тал бий болгоно. Цахим засаглал, ухаалаг төр бий болгохын тулд блокчэйн технологи нэвтрүүлэх нь зүйтэй” хэмээн ярилаа. Түүний хэлснээр манай улсын хилээр биткойн олборлох 2500 төхөөрөмж өнгөрсөн нэг сарын хугацаанд орж иржээ. Манайд интернэтийн төлбөр, эрчим хүчний үнэ хямд тул хөрөнгө оруулагчдыг татах боломжтойг мөн дурдав.

Л.Энх-Амгалангийн санал болгосноор Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр криптовалют, блокчэйний талаар холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан сонсгол хийхээр болсон юм. Дашрамд дурдахад, Монголын блокчэйн, криптовалютын холбоо байгуулагджээ.

Чуулганы хэлэлцүүлгийн сэдвүүдийн нэг нь “Финтек-санхүүгийн цаашдын хөгжил” байв. Санхүүгийн үйлчилгээг финтекгүйгээр төсөөлөхийн аргагүйг энэ үеэр оролцогчид тэмдэглэсэн юм. Финтек гэдгийг санхүү, технологийн нийлбэр гэж ойлгож болох агаад үүнийг хөгжүүлэх нь санхүүгийн үйлчилгээг илүү хялбаршуулж, зардал бууруулах гэх мэт нөлөөтэй аж. Хүн бүхний мэдэх жишээ гэвэл “Most money” үйлчилгээг энд дурдаж болно.

Эдийн засагч Б.Найдалаа технологийн давалгааг ашиглаад, зөвхөн биткойн олборлох төдийгөөр биш, өргөн хүрээнд харж хөгжлийн төлөвлөгөө хамтран боловсруулж болохыг тодотгож байв. Түүнчлэн “Most PSP” компанийн бизнес хариуцсан захирал Т.Отгонбаяр “Финтек хөгжүүлэх хамгийн тохиромжтой үе нь одоо гэж харж байгаа. Хүмүүс финтекийг ойлгоход бэлэн болчихсон, бэлтгэгдсэн. Дэмжээд өгвөл монгол финтек дэлхийд ч гарах боломжтой” гэж байлаа.

Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл технологийн талаар “Goldman Sachs” шинээр ажилтан авахдаа хиймэл оюун ухаан ашиглах болж, Японы Төвбанкны ерөнхийлөгч Харүхико Күродаг мэдэгдэл хийх үеэр нүүрний хувирлыг нь судалж, хэлэх гэсэн мессежийг нь анзаарч байх жишээтэй” гэв. Төвбанкны бус хувийн бодол, туршлагаа хуваалцахаа илэрхийлсэн тэрбээр “Цөөн улсын Төвбанк криптовалютын зохицуулалт гаргасан. Ер нь ажиглаж байгаа гэж хэлж болно” хэмээн өгүүлэв.

“Стандарт капитал” компанийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн “Блокчэйнийг бүх салбарт ашиглах боломжтой. Уул уурхайн тусгай зөвшөөрөл олгоход ч блокчэйнийг ашиглах боломжтой” гэв. Энэ талаар Ч.Ганхуяг “Төрийн үйлчилгээнд блокчэйн технологи ашигласнаар хүнд суртлыг арилгах боломжтой. Газрын, үл хөдлөх хөрөнгө болон иргэний бүртгэл мэдээлэл, хайгуулын лиценз зэргийг энд дурдаж болно” хэмээсэн. Мөн “Степпе” компанийн гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа “Онгоцнуудын аюулгүй байдлыг хангахад блокчэйнийг ашиглах талаар судалж байна. Диспетчер бие засах, эсвэл кофе уух гээд явах хооронд осол гарахыг үгүйсгэхгүй. Харин блокчэйн технологи ашиглавал ийм эрсдэл гарахгүй” хэмээн өгүүлэв.

Хүний интернэтэд хийсэн хайлтын “мөр” хадгалагдаж байдаг аж. “Google” дээр ямар нэгэн мэдээлэл хайлаа гэхэд түүнтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл фэйсбүүкэд тань гарч ирдгийг та анзаарсан уу. Технологи хурдацтай хөгжиж буйг эндээс анзаарч болохоор байгаа биз.

“Most money”-г нэвтрүүлсэн “Grape city” компани Ард санхүүгийн нэгдэл, “Most PSP” компани стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан агаад цахим банкны үйлчилгээг олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ. Тэгэхээр удахгүй нэг финтек нэвтрэх бололтой.

Чуулганы үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Блокчэйн технологийг криптовалют олборлох төхөөрөмж гэж харах нь учир дутагдалтай. Интернэт орчинд Элчин сайдын яам байгуулахыг зорьж байна” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал цахим хөтөлбөр хэрэгжүүлснээр зардал буурдаггүйг тэмдэглээд, бүртгэлийн төгөлдөршил чухал хэмээн дурдаж байлаа. Тэрбээр блокчэйний талаар баримтлах бодлогын баримт бичиг гаргах нь зүйтэй хэмээн үзэж буй.

“Блокчэйн технологи ба Монгол Улсын хууль эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн криптовалют нь Төвбанкуудад сорилт бий болгож буйг тэмдэглэв. Мөн биткойны ханш хэлбэлзэж байгаа нь зах зээл эмзэг буйг илтгэж байна хэмээн өгүүлсэн. Сонирхуулахад, зарим Төвбанк өөрийн гэсэн криптовалют гаргах талаар судалж буй аж.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Үүнд цахим мөнгөтэй холбоотой тусгай бүлэг оруулсан. Гэхдээ цахим мөнгө нь заавал мөнгөн хөрөнгөөр баталгаажиж, эргээд түүнд чөлөөтэй хөрвөх шаардлагатай гэж тусгасан тул криптовалютууд үүнд орохгүй юм байна.

Өдгөө дэлхий даяар 1300 орчим криптовалют буюу шинэ төрлийн электрон мөнгө арилжиж буйг дээр тэмдэглэсэн. Тэдгээрийн талаар, тухайлбал, биткойныг яаж худалдаж авах, олборлох, мөнгөө хэрхэн гаргаж авахыг сонирхох залуус олон болсныг “Крипто үндэстэн” чуулга уулзалтын оролцогчдоос харж болохоор байв.

Жишээлбэл, биткойныг хэрхэн олборлохыг бодитоор үзүүлэхэд ихээхэн сонирхож байсан юм. Тэд биткойнд хөрөнгө оруулах, эсэхдээ эргэлзэж буй нь анзаарагдаж байлаа. Хэдий “цахим алт” гэж өргөмжлөгдөөд буй биткойноос богино хугацаанд ашиг олох боломж байгаа ч эрсдэлтэй, зохицуулалтгүй хөрөнгө оруулалт хэмээн сануулах мэргэжилтнүүд байсныг дурдъя. Бас “Блокчэйн нь хамгийн хамгаалалт сайтай технологи” хэмээн хэлэх хүн ч цөөнгүй байв.

Тухайлбал, Монголын криптовалютад чиглэсэн анхны онлайн арилжааны бирж болох trade.mn-ий үйл ажиллагааг удирдаж буй Б.Гантиг “Блокчэйнд халдъя гэвэл тухайн хүнд “Google” компанийн хэрэглэдэг супер датагаас 100 дахин их дата шаардлагатай” гэсэн юм. Тэгэхээр электрон мөнгөнд итгэх, эсэхийн аль нь зөв гэдэгт өгөх эцсийн хариулт алга.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай