Цаазын ялын хоёр тал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр хүргүүлсэн. Энэ үйл явдал сүүлийн хэд хоног олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж, нийгмийг талцуулаад байна. Цаазын ялыг сэргээх нь нүдээ олсон шийдвэр мөн үү, хууль, эрх зүйн хувьд боломжтой, эсэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлого хариуцсан зөвлөх Г.Уянга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор О.Мөнхсайхан нарын байр суурийг хүргэе.

Г.УЯНГА: Эцсийн дүндээ хүн цаазлах бус, ШУДАРГА ЁС ТОГТООХ ТУХАЙ САНАЛ ШҮҮ ДЭЭ

-Ерөнхийлөгчийн гаргасан цаазын ялыг сэргээх хүсэлт олны дунд маргаан үүсгээд байна. Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд Та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Маргаантай асуудлаар хүмүүс байр сууриа илэрхийлж талцах нь нэг хэрэг. Асуудлыг шийдэх нь л чухал. Ерөнхийлөгч шийдэл хэлсэн. Нэгдүгээрт, бага насны хүүхдийг хүчирхийлж амийг нь хороосон балмад хэрцгий гэмт хэрэгтэнд бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа уучлал үзүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж Төрийн тэргүүнээс уучлал хүсдэг иргэн цөөнгүй байдаг. Зөвхөн 2014 оноос өнгөрсөн сар хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн 400 гаруй өргөдөл ирснээс 22 ялтанд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлжээ. Одоо ийм балмад гэмт хэрэг үйлдэгчид энэ уучлалд хамрагдахгүй боллоо. Энэ бол шийдэл. Хоёрдугаарт, цаазын ялыг сэргээх санал гаргаж хэлэлцүүлэгт орууллаа. Хэрэгжүүлэхийн тулд УИХ хууль гаргах шаардлагатай. Ажил хэрэг болох, эсэх нь УИХ-аас хамаарна.

-13 настай охин бусдад хүчирхийлүүлсний улмаас амиа алдсан жигшүүрт хэргийн дараа олон нийт “Цаазын ялыг сэргээе”, “Гэмт этгээдийг олны өмнө цээрлүүлье” гэж байсан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч сэтгэл хөдлөлдөө автаж, ул суурьгүй шийдвэр гаргалаа гэх хэсэг байна.

-Нийгмийг цочоосон энэ мэт гэмт хэргүүдийн тухай мэдээлэлд Ерөнхийлөгч анхнаас нь нухацтай хандаж ирсэн. ХЭҮК, ШШҮХ зэрэг холбогдох байгууллага, хүмүүстэй уулзаж, ерөнхий болон тодорхой хэргүүдийн талаар мэдээлэл авч, судалгаа гаргуулж, олон нийтийн санал сэтгэгдэлд анхаарлаа хандуулж, ийм төрлийн ялыг хэрэглэхээс татгалзсан болон буцаан хэрэглэж байгаа орнуудын талаар мэдээлэл авч, цаазын ялыг сэргээх болон сэргээхгүй байхаас үүдэн гарах үр дагаврууд, гарц шийдлүүдийг судалж, ярилцаж ажилласны эцэст хийсэн мэдэгдэл. ХЭҮК-ын судалгаанаас цөөхөн тоог Ерөнхийлөгч ХЗДХ-ийн сайдад явуулсан саналдаа дурдсан. Зөвхөн өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүний цаана хүчирхийлэгчийн дарамтад айдас хүйдэстэй байдгаасаа болоод цагдаад мэдэгдэхгүй ахуйн хүрээнд дарагддаг, энэ статистикт ороогүй хэд байгааг та бид мэдэхгүй. Дэндүү цөөхүүлээ монголчуудын хувьд аюулын харанга дэлдсэн аймшигтай тоо байдаг юм билээ. Өмнөх Ерөнхийлөгчийн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн гаргасан шийдвэрт нухацтай, судалгаатай хандаж энэ алхмыг хийсэн. ҮАБЗ-ийн тэргүүний мэдэгдлийг сэтгэл хөдлөлийн мэдэгдэл мэтээр ойлгож тайлбарлах нь харин сэтгэл хөдлөлтэй дүгнэлт байна. Бодит байдал ийм алхмыг шаардаж байгаа шүү дээ.

-Цаазын ялыг сэргээхийг иргэд Ерөнхийлөгчөөс шаардах боллоо гэсэн байсан. Нууц биш бол иргэдээс хэр олон санал ирсэн юм бэ. Өөрөөр хэлбэл, цаазаар авах ялыг сэргээх хүсэлтэй иргэд үүний эсрэг байр суурьтай хүнээс олон байна гэж үзэж болох уу?

-Ерөнхийлөгчид хандаж байгаа иргэдийн санал болон хэд хэдэн түүвэр санал асуулгаар энэ төрлийн ялыг сэргээж хэрэглэхийг дэмжиж байгаа нь олонх байна. Хуульч судлаач мэргэжлийн хүрээнийхний дунд судалгаа хийхэд тэдний 83 хувь нь цаазын ял байх шаардлагатай гэж, 13 хувь нь шаардлагагүй гэж үзжээ. Мөн өөр нэг судалгаанд “Цаашид Монгол Улсад цаазаар авах ялыг халах шаардлагатай юу” гэсэн асуултад мэргэжлийн хүмүүсийн 22 хувь нь шууд халах, 24 хувь нь аажмаар, 50 хувь нь халах шаардлагагүй, дөрвөн хувь нь хариулахад хүндрэлтэй байна хэмээсэн. Иргэдийн дунд хийсэн маш олон санал асуулгаар цаазын ялыг сэргээх санал үүнээс хамаагүй өндөр хувиар гарч ирсэн. Гэвч энэ бол нэг л үзүүлэлт. Ийм шийдвэрийг зөвхөн олон нийтийн саналд хөтлөгдөж гаргадаггүй гэдгийг дээр хэллээ. Эсрэг байр сууриудыг ч нухацтай авч үзэж, судалсан.

-Цаазын ялыг сэргээснээр амар тайван болж, хүчирхийлэл буурна гэх баталгаа бий юү. Манай улс өмнө нь цаазын ялтай байхад ч зургаан сартай хүүхдийг хүчирхийлсэн бусармаг хэрэг гарч байсан юм билээ?

-Нийгэмд амар тайван байдал бий болж, хүчирхийлэл буурах баталгаа нь ялын бодлого биш. Харин иргэдээ ажилтай болгож амьдралыг нь сайжруулан, нийгмийн ухамсрыг сэргээх төрийн цогц бодлого хэрэгтэй. Ямар ч сайхан нийгэмд балмад гэмт хэргүүд гардаг, тиймээс гэмт хэрэгтэнд тохирсон ял ногдуулах, эсэх тухайд асуудал ярьсан гэж ойлгож байна. Нийгмийн ямар ч цаг үед гэмт хэрэгтнүүд тохирсон ял шийтгэлээ хүртэж байх нь шударга ёсыг хангах зарчим мөн. Гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн, шийдчихсэн алуурчин шүүхийн танхимд шүүгчдээр бах таваа хангаад төр рүү нулимаад тоглож суух нь зүй зохистой гэж үзэхгүй байна.

-Цаазын ялыг халснаар олон улсын тавцанд овоо нэр хүнд олж байсныг ганхуулах бодлогогүй алхам боллоо гэж зарим хүн дүгнэж байна. Энэ тухайд юу хэлэх бол?

-Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд цаазаар авах ял хүчин төгөлдөр хэвээр байсаар атал 2010 оны нэгдүгээр сарын 14-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй гэж мэдэгдсэнээрээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн. Бид бүхний дээр Үндсэн хууль байдаг, түүнд нийцүүлж бусад хуулийг гаргадаг. Төрийн тэргүүн нь мөрдөхгүй бол хэн мөрдөх вэ. Бид бүх нийтээрээ дагаж мөрдөх ёстой зарчим, хэм хэмжээ бол Үндсэн хууль.

Монгол Улс энэ талаар бас туршлагатай. Цаазаар авах ялыг хоёр ч удаа халсныхаа дараа буцаан хэрэглэж байж. 1953 оны наймдугаар сарын 5-ны Алах ялыг өөрчлөх тухай 96 дугаар зарлигт “БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдээс энх тайван цаг үед алах ялыг хойшид хэрэглэхийн хэрэггүй гэж үзнэ” гэж бичсэн байна. Гэвч эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, онц хүнд, харгис гэмт хэрэг нэмэгдсэний улмаас халснаасаа хойш нэг жил дөрвөн сарын дараа 1954 оны зургадугаар сарын 9-ний АИХ-ын тэргүүлэгчдийн 67 дугаар зарлигаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай егүүтгэсэн гэмт хэрэгт буудан алах ял хэрэглэж байхаар тогтоож, цаазаар авах ялыг сэргээсэн байдаг.

-Манай улс 2012 онд цаазын ялыг халах Иргэний ба улс төрийн эрхийн пактын II протоколд нэгдсэн. Тус гэрээг заавал биелүүлэх үүрэгтэй, дотоодын хууль захирамжаар түрээ барьж энэ зарчмаас битгий татгалзаач ээ гэсэн санаа бий юм билээ. Үүнээс татгалзах юм бол манай улс олон улсад нэр хүндгүй, цаашлаад эдийн засгийн харилцаа, зээл тусламжид доголдол гарна гэх юм. Одоо өөрчлөлт хийх цаг оройтсон юм биш үү?

-Гэрээ, протоколоос татгалзах шаардлага, тайлбараа гишүүн орнуудад хүргүүлээд гурван сараас багагүй хугацаанд нэг ч оролцогч татгалзлаа илэрхийлээгүй бол мэдэгдэл илгээсэн тал санал болгосон арга хэмжээгээ хэрэгжүүлэх эрхтэй. Аль нэг оролцогч татгалзвал НҮБ-ын дүрэмд заасан бусад аргаар зөвшилцөх боломжтой гэж дүрэмдээ заасан юм байна. Ер нь цаашид улс орондоо хэрэгжүүлэх шаардлагатай аливаа хууль батлах, хэм хэмжээ тогтоохдоо бусдын хамааралд орохгүй байхын тулд олон улсын гэрээ, конвенцод нэгдэхдээ сэтгэл хөдлөлөөр биш, судалгаатай, үндэслэлтэй хандаж байх шаардлагатай тухай Ерөнхийлөгч хэлсэн. Олон улсын тавцанд Монголын нэр хүнд конвенцод нэгдсэн, гарсан, эсэхээс илүү улс орноо хэрхэн авч явж, ард иргэдээ яаж амьдруулж байгаагаар хэмжигдэнэ. Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудал үүнээс илүү хурцаар тавигдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.1-д “...Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ ногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг. Мөн тус хуулийн 10.4-т “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж тодорхой заасан. Олон улсын гэрээний тухай хуулийн 29 дүгээр зүйлд Олон улсын гэрээг цуцлах, гарах, гэрээний үйлчлэлийг түр зогсоох, эсэх асуудлыг Засгийн газрын саналыг үндэслэн УИХ шийдвэрлэхээр хуульчилсан.

-Цаазаар авах ял нь хүчирхийллийг таслан зогсоох шийдэл гэж үзэж байна уу. Улс төрийн зорилгоор ашиглах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэхгүй гэсэн баталгаа бий юү?

-Ерөнхийлөгч маш тодорхой, гэмт хэргийн төрлийг зааж цаазын ял хэрэглэхийг санал болгосон. Мушгин гуйвуулах шаардлагагүй. Бусармаг гэмт хэрэгтэнд тохирсон ял шийтгэл оноох тухай ярьж байхад улс төрийн хэлмэгдүүлэлт, геноцид аллагатай хольж хутгах хэрэггүй. Монгол Улс ардчилсан орон, үзэл бодлоосоо болж ял шийтгүүлсэн улс төрийн хэрэгтэн байхгүй.

-Цаазын ял хүсдэг хүний эрхийн зөвлөх гэж таныг бас шүүмжлэгсэд байна?

-Энэ асуудал хэн нэгэн хүний хүсэл биш. Тийм хүслээс урган гараагүй. Бодит байдлаас урган гарсан хэлэлцүүлэг. Тийм хүсэлтэй хэн нэгний хүслээр ч шийдэгдэхгүй. Асуудлыг эцэслэн шийдэх субъект нь УИХ. Амиа алдсан, хүний амь егүүтгэсэн хоёр хүний эрхийн тухай асуудлыг зэрэгцүүлэх нь ч, сөргөлдүүлэх нь ч шударга биш. Зохих эрэмбэд оруулах нь төрийн үүрэг. Ийм шударга ёс хүний эрхийг хангах үндсэн баталгаа гэж үздэг. Хэлд, хөлд ороогүй нялхсаас эхлээд насанд хүрээгүй хүүхдүүдээр бэлгийн дур хүслээ хангаж, хүчирхийлж егүүтгэдэггүй улс болохын тулд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авах болон хориглох бүх эрх Монголын төрд өөрт нь хадгалагдаж байх ёстой. Төрийн хууль зөвхөн шийтгэдэггүй, ёс суртахууны зарчим, хэм хэмжээг тогтоодог хамгийн чухал хэрэгсэл. Асуудлын цөмийг ингэж харвал илүү зохистой. Эцсийн дүндээ хүн цаазлах тухай биш, шударга ёс тогтоох зарчмын тухай ярьж байна.

О.МӨНХСАЙХАН: Цаазын ял онц хүнд ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛДАГГҮЙ

-Та цаазаар авах ялыг сэргээхийн эсрэг байр суурьтай байдаг юм билээ. Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх хүсэлтээ ХЗДХ-ийн сайдад хүргүүлсэн нь цагаа олсон шийдвэр байв уу?

-Цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэх долоон шалтгаан бий. Товчхондоо цаазаар авах ял ардчилсан нийгмийн суурь болсон хүмүүнлэг, иргэний нийгмийн амин сүнсийг үгүйсгэчихэж байгаа юм. Хүн болгон эрхэм чанартай буюу нэр төртэй. Хүн болгоны амьдрал үнэ цэнэтэй. Тэр хүний сайн, муугаас үл хамаарч салшгүй эрхэм чанар байна гэж хүлээн зөвшөөрдөг. Цаазаар авах ял нь энэ суурь зарчмыг үгүйсгэж, ийм ялаар шийтгүүлсэн хүнийг хүн биш, эрхэм чанаргүй гэсэн утгыг илтгэдэг. Энэ нь манай Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр хүн болгоныг эрхэм чанартай гэж үзнэ гэсэн зарчмыг зөрчдөг. Хоёрдугаарт, цаазын ял амьд явах эрхийг нь зөрчдөг. Хүний амьдралыг тэр чигт нь тасалж, үгүй хийдэг, хүнийхээ хувьд эрх чөлөөгөө эдлэх ямар ч боломжгүй болгодог. Гуравдугаарт, энэ ял нь эрүү шүүлтэд тооцогддог. Хүний бие махбодь төдийгүй сэтгэл санааны хувьд хүчтэй шаналал учруулдаг. Цаазаар авах ялыг тэр даруй гүйцэтгэдэггүй. Монголд доод тал нь 1-3 жилийн дараа уг ялыг гүйцэтгэдэг. Эдгээр шалтгааныг дэмждэггүй хүмүүс ч гэсэн одоо миний ярих үндэслэлээр цаазаар авах ялыг халах ёсгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүний амь хөнөөсөн этгээд амьд явах эрхгүй гэж үздэг хүмүүс ч цаазаар авах ялыг халах ёсгүй гэсэн дүгнэлтэд хүрдэг юм.

-Ямар шалтгааны улмаас тийм дүгнэлтэд хүрдэг юм бол?

-Тэр нь дөрөв болон тав дахь үндэслэл. Алдаатай шийдвэр гаргах магадлал шүүхэд үргэлж байдаг. Шүүгч бусдын адил алддаг, өнгөрсөн явдлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэдэг учраас буруу шийдвэр гаргах магадлалтай. 2000 оны судалгаагаар Монголд цаазаар авах ял ногдуулсан нийт шийдвэрийн 30 хувь нь алдаатай байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан. Одоо энэ хувь багассан байж болох ч үгүй болохгүй. Нэг жишээ хэлье. Бага насны хүүхдийг хүчиндээд амийг нь хөнөөсөн хэрэгт төрсөн ахыг нь буруутган, шүүхийн шийдвэрээр түүнийг цаазалжээ. Харин таван жилийн дараа жинхэнэ гэмт хэрэгтэн нь олдсон байна. Энэ явдлын дараа гэм буруугүй хүнийг ч цаазлах боломжтой, эргээд тэр хүний амийг сэргээж болохгүй юм байна. Тиймээс цаазаар авах ял байж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай туршлагатай хуульч, шүүгч хүн ярьсан. Тэгвэл шүүхээ л алдаагүй шийдвэр гаргадаг болгочихвол болно гэж зарим хүн хэлдэг. Шүүх алдаа гаргахгүйн төлөө чадах бүх зүйлээ хийх ёстой ч огт алдаа гаргахгүй байх ямар ч боломжгүй. Эрх зүйн тогтолцоо нь өндөр хөгжсөн улсад ч гэсэн цаазаар авах ял гүйцэтгэсний дараа гэм буруугүй нь тогтоогдсон олон жишээ байдаг. АНУ-д 1994-2000 онд цаазлуулсан хүмүүсийн 64 нь гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон. Японд мөн иймэрхүү тохиолдол гарч байж. Гэм буруугүй хүнийг цаазлах явдал дандаа байдаг нь хамгийн аймшигтай.

-Цаазын ялыг халах тав дахь үндэслэл нь юу юм бэ?

-Цаазаар авах ял байснаараа онц ноцтой гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй. НҮБ-аас ажлын хэсэг гарч, 1988, 2000 онд энэ асуудлыг тусгайлан судлаад цаазаар авах нь бүх насаар нь хорих ялаас илүү хүнийг санаатай алах зэрэг онц хүнд гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ нь олон улсад ч нотлогдсон. Канад улсад цаазаар авах ялыг халснаас хойш 30 жилийн дараа судалгаа хийхэд хүнийг санаатай алах гэмт хэргийн тоо энэ ялыг халахын өмнөхөөс 40 хувь буурсан байна. Энэтхэгт мөн цаазаар авах ялыг долоон жил гүйцэтгээгүй. Энэ хугацаанд Энэтхэгт онц хүнд гэмт хэргийн тоо 23 хувиар буурчээ. Монголын Статистикийн мэдээллийн санд буй мэдээллийг харахад энэ нь мөн нотлогдож буй юм. Цаазаар авах ялыг манай улс 2010 оноос хойш гүйцэтгээгүй. 2002-2009 онд хүнийг санаатай алах гэмт хэрэг жилд дунджаар 294 орчим гардаг байж. Харин 2010-2016 онд энэ төрлийн гэмт хэрэг буурч, жилд дунджаар 216 орчим болжээ. Жишээ нь, 2009 онд хүнийг санаатай алах гэмт хэрэг 223 үйлдэгдсэн бол 2016 онд 174 болж буурсан. Цаазын ялыг халснаас хойш долоо дахь жилд хүнийг санаатай алах гэмт хэргийн гаралт 22 хувь буурсан байна. Түүнчлэн, хүчингийн гэмт хэрэг гэхэд 2002-2009 онд жилд дунджаар 352 гарч байсан бол 2010-2016 онд дунджаар 318 болж буурчээ. Цаазаар авах ялыг халахын яг өмнөх жил буюу 2009 онд хүчингийн 332 гэмт хэрэг гарсан бол 2016 онд 290 тохиолдол болж, 13 орчим хувиар багассан. Хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэргийн гаралт нь цаазаар авах ялтай байсан үеийнхтэй харьцуулахад тогтвортой байна. Ноцтой өссөн зүйл алга. Цаазаар авах ял Эрүүгийн хуульд байлаа гээд хүнийг санаатай алах, хүчин зэрэг онц хүнд хэрэг гарахгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, цаазаар авах ялыг хэрэглэж байсан үед ч онц хүнд гэмт хэргүүд гарч л байж. Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн үед хүчингийн хэрэг өссөн гэж ярьж байгаа ч статистикаас харахад энэ нь нотлогдохгүй байна.

-Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд

2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хэлсэн. Тиймээс бага насны хүүхэд хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн этгээдийг л цаазлах тухай ярьж байгаа. Хүн ёсноос гажсан ийм хэрэг үйлдсэн этгээдийг цаазлах нь тохирсон шийтгэл биш үү?

-Монголчууд одоо илүү зэрлэг болж байна гэдэг нь эргэлзээтэй. Иймэрхүү хэргүүд социализмын үед, 1990, 2000-аад он гээд нийгмийн бүх л үед гарч байсан. Одоо цагт Монгол Улс илүү нээлттэй, ил тод болж, хэвлэл мэдээлэл олширсон учраас ийм хэрэг олон болсон юм шиг харагдуулж магад. Түүнчлэн, АНУ, Япон, Герман гээд хөгжсөн улсад ч онц хүнд гэмт хэргүүд үйлдэгддэг. Аль ч нийгэмд байдаг муухай үзэгдэл. Монгол ганцаараа бусдаас зэрлэг, аймшигтай болоод байгаа юм биш. Гэхдээ, эдгээртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх боломжит бүх арга хэмжээг бид авах хэрэгтэй. Бага насны хүүхэд хүчиндэж, амийг нь хохироосон гэмт хэргийн хувьд 70 орчим хувийг ураг төрөл, найз нөхдийн холбоотой хүмүүс үйлддэг гэдэг. Цаазаар авах ял ногдуулдаг боллоо гэхэд ийм хэрэг илрэх нь улам багасна гэж үзэж байна. Яагаад гэхээр ойр дотнын хүнээ цаазлуулахыг гэр бүлийн бусад гишүүн нь зөвшөөрөхгүй учраас цагдаад мэдэгдэхгүй, нуун дарагдуулах магадлал өндөр. Зарим туршлагатай цагдаа, хүчирхийллийн хэргийн хохирогчтой ажилладаг ТББ-ынхан үүнийг хэлж байгааг бодох хэрэгтэй.

-Цаазын ялын талаар дэлхий нийт ямар хандлагатай байна вэ?

-Үүнийг халах хандлагатай байна. Нийт улсын гуравны хоёр буюу 144 орон энэ ялыг халсан эсвэл хэрэгжүүлэхээс түтгэлзсэн. Манай улс цаазаар авах ялыг 7-8 жилийн урт хугацаа, үйл явцын дүнд халсан. Цаазаар авах санаачилгыг 2012 онд байгуулагдсан УИХ дэмжиж ажилласан бол одоогийн УИХ ч энэ ял байж болохгүй гэдгийг хавар хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Ийм үндэсний зөвшилцлийн үр дүнд цаазаар авах ялыг Эрүүгийн хуулиас хасаад байна. Нэгэнт хууль батлах бүрэн эрх нь УИХ-д байгаа учраас цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах юм бол сэргээж болно гэж Ерөнхийлөгч албан хүсэлтдээ бичжээ. Үндсэн хууль баталсан АИХ-ын протоколыг харвал цаазаар авах ялыг Монгол Улс ирээдүйд халах боломжтой гэсэн санаагаар ийм заалт оруулсан гэж уншиж байсан. Харин одоо бол Монгол Улс цаазаар авах ялыг сэргээх, Эрүүгийн хуульд эргүүлэн оруулах боломжгүй.

-Яагаад сэргээх боломжгүй гэж?

-Манай улс Иргэний ба улс төрийн фактын II нэмэлт протоколд 2012 онд нэгдсэн. Уг протоколын дагуу цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй, сэргээхгүй байх, хуулиас халах арга хэмжээг биелүүлэх ёстой. Үндсэн хуулийн 10-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ” гэсэн заалт бий. Манай улс сайн дураараа нэгдсэн учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ нэг сонирхолтой зүйл байгаа. Хэрэв цаазаар авах ялыг сэргээе гээд УИХ-аас энэ заалтыг Эрүүгийн хуульдаа шууд оруулбал олон улсын өмнө хүлээсэн үүрэг, мөн Үндсэн хуулийн 10 дугаар заалтаа зөрчиж байна. Цаазын ялыг сэргээх ямар алхам байна вэ гэхээр олон улсын гэрээнээс гарах. Гэтэл II нэмэлт протоколд нэгэнт нэгдэж орсон л бол гарах заалт байдаггүй.

-Үүнийг тайлбарлахгүй юү?

-Ерөнхийлөгч II нэмэлт протоколоос гарах ажлыг Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэсэн байна лээ. Олон улсын гэрээнээс зөвхөн уг гэрээнд заасан заалтын дагуу гарч болдог. Нэгдэж орсон бол гарч болдоггүй олон улсын цөөхөн гэрээний нэг нь энэ. Тэгэхээр манай улс гарч болохгүй протоколд нэгдэн оржээ. II протоколыг судалсан дотоодын хуульчид, судлаачдаас гадна НҮБ-ын хүний эрхийн шинжээчид, олон улсын эрх зүй судлаачид уг протоколд орсон бол гарах боломжгүй гэдэг дээр санал нэгддэг. II протоколтой адилхан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын партад нэгдэн орсон улс гарах заалт байдаггүй. Тэгээд НҮБ-ын Хүний эрхийн хорооны 26 дугаар ерөнхий тайлбарт уг фактад нэгдэн орсон улс буцаж гарахыг олон улсын эрх зүй зөвшөөрдөггүй гэж дүгнэсэн байдаг. Энэ ялыг ямар нэгэн байдлаар сэргээвэл олон улсын эрх зүйг, улмаар Үндсэн хуулийн 10.2 дахь заалтыг ноцтой зөрчинө. УИХ олон улсын гэрээ болон Үндсэн хууль зөрчсөн хууль баталбал иргэд өргөдөл, мэдээллээр Цэцэд хандах байх. Ийм байдалд хүрвэл Цэц цаазын ялыг сэргээсэн хуулийг хүчингүй болох ёстой.

-Нэгдэж орсон олон улсын гэрээгээ зөрчвөл манай улсад ямар хор хохиролтой вэ?

-Монгол Улсын нэр хүнд унана. Сайн дураараа нэгдэн орсон олон улсын гэрээгээ биелүүлдэггүй тул Монгол Улстай олон улсын гэрээ битгий байгуул, итгэл даахгүй юм байна гэсэн дүгнэлтэд олон улс хүрэх болно. Монгол Улс цаазаар авах ялыг халсан 144 улстай адилхан үнэт зүйлтэй. Энэ үнэт зүйлээрээ нэгддэг Европын холбоотой манай улс хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж буй энэ үед харилцаанд сэв суух эрсдэлтэй. Мөн НҮБ-ын гишүүний хувьд гэрээний үүргээ биелүүлэхгүй бол Монгол Улс өөрийн эрх ашиг, тусгаар тогтнолоо хожим энэ тогтолцоогоор бэхжүүлэхэд саад болно. Харамсалтай нь, манай Ерөнхийлөгч нэгдэж орсон гэрээг зөрчиж цаазын ялыг сэргээе, улмаар уг гэрээг мөрдөхгүй байя гэсэн нь энэ бодлогын эсрэг, маш ноцтой, алдаатай мэдэгдэл. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааг Ерөнхийлөгч сулруулж болохгүй.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай