Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багш Монголчуудад зориулсан номын айлдвар “Монгол Сүнчой-V”

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийн Монголчуудад зориулсан номын айлдвар буюу “Монгол Сүнчой-V” 2018 оны 01 сарын 14-16-ны өдрүүдэд БНЭУ-ын Бодьгаяа хотод (Дорждан) зохион байгуулагдахаар боллоо. Энэхүү номын айлдвараар 
• Хутагт Нагаржунайн “Жанчүв Сэмдэл” буюу “Бодь Сэтгэлийн тайлбар”
• Жалсрай Тогмэд Санбогийн “Лаглэн Содүнма” буюу “Бодьсадвын гучин долоон гарын авлага” номуудыг тайлбарлан айлдана.
Мөн Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагтын айлтгаснаар Монголын сүсэгтэн олны зүгээс Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийн өлмийн лянхуа батжин, насан хутаг уртдахын тухайтад “Бат-Оршил” буюу Даншиг өргөнө.

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийн Монголчуудад зориулсан номын айлдварыг зохион байгуулагч: “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ

Хаяг: М Плаза, 15 давхар, Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.
Холбогдох утас: 77778788, 88084223, 88040715
И-мэйлmongol_sunchoi@yahoo.com
Фэйсбүүк пэйж хуудас: Lamiin Gegeen Mongol Sunchoi

Бат-Оршил өргөхийн учир:

Багш дээдэс лам нарт урт наслаж, шашин амьтны тусад номоо номлож байхын тухайтад шавь нугуудын зүгээс “Бат-Оршил” буюу Даншиг өргөдөг бурханы шашны номын зан үйл юм.
Даншиг өргөсний ач тусаар багш дээдэс лам нарын өлмийн лянхуа батжиж, шавь нугууд хязгааргүй буян хураадаг билээ. Даншиг өргөх зан үйл нь тогтсон дэгийн дагуу өргөдөг бөгөөд өргөлийн зүйл бүхэн нь буяныг хураан, багш дээдэс лам нарын болон шашин эрдэнийн нас уртатгахын шүтэн барилдлага бүхнийг жигдлэх өөр өөрийн гүн гүнзгий утга бэлгэдлийг агуулдаг.
Даншигийг өргөж буй лам голлон багшийн ач, үйлсийн зохионгуйг дурдсан мандлыг унших бөгөөд үүний дараагаас эхлэн Даншиг өргөх жаяг горимын дагуу өргөлийн зүйлсийг дэс дараачлан өргөнө. Үүнд:
1. Очирт дэвсгэр 
2. Лагшин шүтээн /Цэнд-Аюуш Бурхан/
3. Зарлиг шүтээн /Цэнд судар/
4. Тааллын шүтээн /Намжил суварга/
5. Номын хувцас
6. Бадар аяга 
7. Дулдуй 
8. Төрийн долоон эрдэнэ
9. Өлзийт найман тахил
10. Өлзийт найман зай
11. Зүгдэр намжил бурхан
12. Цагаан Дарь-Эх бурхан
13. Цэнд-Аюуш Бурхан 
14. Богд Зонхава лам хоёр шавийн хамт
15. Мандал 
16. Хорол номын хүрд 
17. Богд болон дээдэс лам нарын сүнбүм буюу зохиолын цоморлиг
18. Таван янзын идээ будаа эдгээр 18 зүйл болно.

ЖАНЧҮВ СЭМДЭЛ буюу БОДЬ СЭТГЭЛИЙН ТАЙЛБАР

Хоёрдугаар бурхан хэмээн алдаршсан, Бурхан багшаас лүндэнтэй, их хөлгөнтний мөрийн журмыг тодруулагч Их хутагт Нагаржунай нь АТӨ II зуунд Өмнөд Энэтхэгийн Видарбха нэрт хаант улсад нэгэн бярманы хүү болон мэндэлжээ. Долоон настайдаа Наландрын их багш Сарахагаас насны авшиг хүртэн Шри Манта нэрт хувраг болсон гэдэг. Судар, тантрын эрдмийн оргилд хүрч, улмаар Наландра хийдийн хамба болжээ. Энэ хугацаанд тэрээр тэрсүүдийн таван зуун багштай ном хэлэлцэн дийлж бурханы номын мөрд оруулсан, мөн нэгэн бярманаас чулууг алт болгон хувиргах увдисыг сурч Наландра хийдийн сан хөмрөгийг тэтгэн найман мянган хуврагийг өлсгөлөнгийн аюулаас гэтэлгэсэн зэрэг гайхамшигт үйлс нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна. Мөн лусын хааны заллагаар лусын оронд төв үзлийн ном айлдан амьтны тусыг агуу ихээр зохиогоод буцаж ирэхдээ билиг барамидын судрыг замбутивд залж ирсэн гэдэг. Тэр цагаас эхлэн Нагаржунай буюу Лусын бүтээлч хэмээн алдаршжээ.
Бурханы гүн үзлийн уламжлалыг залгамжлагч их богд тэрээр “Зава Шэйрав буюу “Билгүүний үндэс”, “Ринчэн принва” буюу “Эрдэнийн эрхи” тэргүүтэй гүн үзлийн шаштирууд, мөн “Нууцын хураангуй тантра” /Сандүйнжүд/-ын “Таван зэрэг” тэргүүтэй дөрвөн зүйл тайлбар сэлт гайхамшигт бүтээлүүдийг туурвисан билээ. 
Эдүгээ Далай багшийн айлдах гэж буй “Жанчүв Сэмдэл” буюу “Бодь Сэтгэлийн тайлбар” нь Нагаржунай гэгээнтэний сод бүтээлүүдийн нэг бөгөөд “Нууцын хураангуйн үндсэн тантра”-ын II бүлэг дэх Намбарнанзад бурханы айлдсан зургаан шад зарлигийн тайлбар юм.

ЛАГЛЭН СОДҮНМА буюу БОДЬСАДВЫН ГУЧИН ДОЛООН ГАРЫН АВЛАГА

XVI зууны эхэн хагаст амьдарч асан Жалсрай Тогмэд Санбо нь Төвдийн мэргэдийн дунд онцгой нэгэн билээ. Пүлжүн нутагт мэндлэн торниж, Сажа ёсны эрдэм боловсрол эзэмшсэн түүний эгэл даруу, ядуу тарчиг амьдралаас эш, онолын ноён сүмбэр оргилд хүрсэн түүх нь үе үеийн мэргэдийн намтрын сонгодог жишээ болдог билээ. 
Тэрээр Рэндава Шоннү Лодой (Богд Зонхавын номын багш), Дагчэн Жамъян Донёд Жалцан, Нүго Жалба Ринчэн, Лочэн Жанчүв Цэмо зэрэг сажа ёсны олон мэргэдийн багш байсан төдийгүй Бодь мөрийн зэргийн 73 дахь дамжлагын лам юм. Мөн олон бурхадын бясалгал бүтээлийг төгсгөж, ялангуяа Жанрайсиг болон Дара Эхийн нигуурыг бодитой үзэн зарлигийн рашааныг хүртэж байжээ. 
Жалсрай Тогмэд Санбо ламтны сургаал, хөтөлбөр, тайлбар сэлтээс бүрдэх 115 зохиол нь 1 боть болон хэвлэгдсэн байдаг. 
“Бодьсадвын гучин долоон гарын авлага” нь Жалсрай Тогмэд Санбо ламтны хамгийн алдартай сургаалуудын нэг бөгөөд Жалсрай Тогмэд Санбо ламтны “Бодьсадвын гучин долоон гарын авлага”, Ланританва ламтны “Найман шүлэгт”, Энэтхэгийн их богд Шантидэва гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” нэрт гурван шаштир нь төвдийн мэргэдийн дунд “Дэлгэр, дунд, хураангуй гурамсан оюун судалбар” хэмээн алдаршсан байдаг ба гэгээрлийн хутагт тэмүүлэгч нарын зайлшгүй судлах ёстой сургаалд тооцогддог. 
Иймд “Бодьсадвын гучин долоон гарын авлага” нь Жалсрай Тогмэд Санбо ламтны оюун санааны туршлага, Бурханы их хөлгөний ёсны үзэл, явдлын үндсэн зарлигуудыг бүрнээ хураангуйлан үзүүлсэн гайхамшигт шаштир юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай