БНАСАУ цөмийн хүчинтэй боллоо

БНАСАУ цөмийн хүчинтэй боллоо

БНАСАУ пуужин-цөмийн хүчнээ байгуулж дууслаа гэж Төв телевизээр нь түгээсэн мэдэгдэлд дурджээ. Үүний өмнө улсынхаа баруун нутгийн Пхёнан-Намдо мужаас пуужин дахин харвасан нь 950 км зам туулж, 4475 км-ийн өндөрт гараад, Японы Аомори мужийн эргээс 210 км зайд унасан байна.

Умард Солонгос энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн пуужингийн туршилтаа тогтмол хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 15-нд харвасан баллистик пуужин нь Японы нутаг дээгүүр ниссэнээс хойш байдал намжмал байсан юм. Олон улсын хамтын нийгэмлэг эсэргүүцсэн ч БНАСАУ пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байгаа билээ.

Үүний хариуд БНСУ пуужин туршсан тухай Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны эх сурвалжаас эш татан “Yon­hap” агентлаг мэдээлэв. Тодруулбал, Өмнөд Солонгосын Хуурай замын цэрэг, Тэнгисийн цэрэг болон Агаарын цэргийн хүчин БНАСАУ-д цэгчилсэн цохилт өгөх пуужингийн нэгдсэн сургуулилалт хийсэн байна. 300 км-ийн тусгалтай “Хёнму-2” баллистик пуужин, 1000 км-ийн тусгалтай хөлөг онгоц-газар ангиллын “Хэсон-2” пуужин, 57 км-ийн тусгалтай агаар-газар ангиллын “Спайс-2000” пуужингуудыг харваж туршжээ.

Тэрчлэн Умард Солонгос ойрын хугацаанд цөмийн туршилт дахин хийж болзошгүй гэж Өмнөд Солонгосын Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн байна. “Хвасон-15” пуужин нь 1000 орчим км зам туулж, 4500 орчим км-ийн өндөрт хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Пхеньяны харвасан пуужин ийм өндөрт хүрсэн анхны тохиолдол нь энэ болж байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Умард Солонгосын энэ удаагийн пуужингийн нислэгийн даялал нь урьд нь харвасан пуужингаас өндөр байсан гэж мэдэгджээ. “Умард Солонгос пуужин харвасан нь тус улсын талаарх АНУ-ын хандлагыг өөрчлөхгүй. АНУ байдлыг зохицуулж чадна” гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Харин Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нь БНАСАУ пуужин харвасныг буруушаахдаа тус улсын эрх баригчдад дипломат болон улс төрийн улам хүчтэй шахалт үзүүлэхийг дэлхийн бүх улсад уриалав.

БНАСАУ пуужин туршсаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш эрс буруушааж, цаашид бүс нутагт тогтворгүй байдал үүсгэх үйлдлээсээ татгалзахыг Умард Солонгосын эрх баригчдад уриалсан тухай түүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ. Тус байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан Умард Солонгосын талаар тогтоолд цөмийн зэвсэг, түүнийг тээх хэрэгсэл боловсруулахыг хориглосон юм.

Харин Умард Солонгосын удирдлага уг баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “АНУ-ын эрх баригчид дайсагнасан бодлого явуулж буй өнөөгийн нөхцөлд бид улс орноо батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх бүрэн эрхтэй” гэж мэдэгддэг юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай