Газар тариалангийн бүтээгдэхүүн худалдах бөөний төвтэй болох нь

Монгол Улсад хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулахад мэдлэг, туршлага дамжуулж, хамтран ажиллах санамж бичигт БНСУ-ын Сөүл хотын Хөдөө аж ахуй, загас, хүнсний корпорацын гүйцэтгэх захирал Кван Сүп Нох, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар өчигдөр гарын үсэг зуржээ.

Тус бөөний худалдааны төвийг байгуулснаар хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний борлуулалт түгээлтийг дэмжиж, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн амьжиргааг тогтворжуулахад хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна. Мөн хэрэглэгчдийг боломжийн тогтвортой үнээр хөдөө аж ахуй болон газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэх гэнэ.

Санамж бичиг байгуулах ёслолд ХХААХҮЯ-ны Газар тарилангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд, “Монгол ногоо” төслийн зохицуулагч Т.Төрмандах, “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн бүтээгдэхүүний болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл”-ийн зөвлөх Ц.Атарболд, Сөүл хотын Хөдөө аж ахуй, загас, хүнсний корпорацын албаны дарга Вон Жун Ли нар байлцжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай