Иракийн гоо бүсгүйн гэр бүлд аюул учирч болзошгүй

АНУ-ын Лас-Вегас хотноо болсон “Ертөнцийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон, Иракийн гоо бүсгүй Сара Айданы гэр бүлд аюул нүүрлэж болзошгүй. Түүнийг олон улсын энэ тэмцээний тайзнаа усны хувцастай гарсныг буруушааж буйг “Sa­fak news” цахим хуудас мэдээлжээ.

Бүсгүйн эцэг, эхийн амь насанд халдана хэмээн сүрдүүлсэн тухай мэдээлэл авсныхаа дараа тус тэмцээнийг зохион байгуулагчид албан ёсны цахим хуудаснаасаа Сарагийн усны хувцастай зураг болгоныг авчээ. Түүний болон гэр бүлийнх нь амь насанд аюул учруулахгүйн тулд ийм арга хэмжээ авснаа зохион байгуулах хорооныхон тайлбарласан байна.

Сара Айдан энэ сарын эхээр Бүгд Найрамдах Ирак Улсаа төлөөлөн АНУ-ыг зорьжээ. 27 настай тэрбээр улсынхаа тэмцээнд дэд байранд орсон аж. Тэргүүн байр эзэлсэн Фийян Сулейман хууль ёсны дагуу гэрлэснээ нуусан нь илэрсэн гэнэ.

Сара Айдан сүүлийн 45 жилийн хугацаанд дэлхийн тэмцээнд анх удаа оролцсон Иракийн иргэн юм. Үүнээс өмнө 1972 онд Пуэрто-Рикод болсон гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Иракийн төлөөлөл оролцож байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай