Ч.Батдөл: Тахийг сул тавьчихвал монгол адуутай эрлийзжих аюул бий

Зургийг Клаудия Фэ


Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг, Хомын талд өдгөө 70 орчим тахь идээшилж байна. Тахийн сүрэг өнөө жил есөн унагаар бүл нэмсэн бөгөөд өвлийг өнтэй давах бэлтгэлээ хангаж, тарга хүч сайн аваад буй гэнэ. Одоогоос 13 жилийн өмнө Францын тахь хамгаалах холбооноос 22 тахь тээвэрлэн авчирч, Хомын талд сэргээн нутагшуулснаас хойш өдгөө тоо толгой нь гурав дахин өсөөд буй.

Аливаа хөхтөн амьтныг сэргээн нутагшуулж, онгон эх байгальд нь тавихад эхний жилүүдэд үхэл хорогдолгүй давсан тохиолдол тун ховор аж. Харин Хомын талд сэргээн нутагшуулж буй тахийн популяцын тоо толгойн хорогдол маш бага байсныг Олон улсын байгаль хамгаалах холбооноос онцлон тэмдэглэдэг юм.

Хомын тал нь 2500 хавтгай дөрвөлжин км нутагтай, Монгол Улс болон дэлхийд ховор, устах аюулд орсон, орж болзошгүй биологийн бусад төрөл зүйлээр бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий газар гэдэг. Завхан аймгийн  Дөрвөлжин сумын Засаг дарга Ч.Батдөлийг нийслэлд  ажлаар ирээд байхад нь уулзаж, тахь сэргээн нутагшуулж буй ажлын явц, тулгамдсан асуудал, нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Танай суманд өвөлжилт хэр байна, цас их оров уу. Хомын талд нутаглаж буй тахийн сүргийн нөхцөл байдал ямаршуу байна вэ?

-Манайх говийн бүсийн сум учраас цас бага унадаг. Хангайн сумдтай харьцуулахад одоогоор дулаахан байна. Ноднин өвлөөс хойш манай сумын нутаг дэвсгэрт хур тунадас бага орсонтой холбоотойгоор хавар, зун, намар гантай байсан. Өвс ургамлын гарц сүүлийн 10-20 жилтэй харьцуулахад илт муудсан. Гэхдээ тахийн сүрэг тусгай хамгаалалтын бүсэд, торлосон хашаанд байдаг. Хамгаалалтын бүсэд ургамлын гарц харьцангуй гайгүй л дээ.

-Жилдээ хэдэн унагаар бүл нэмдэг вэ?

-Жилдээ 10 орчим унага гардаг. Хорогдол тодорхой хэмжээгээр бий. Байгаль, цаг уурын нөхцөл байдал, араатан амьтан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална л даа.

-Хашаалчихсан учраас хариулна гэж байхгүй нь ээ?

-Ер нь тахийг хашаанд байсан ч хариулахгүй. Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэрт, Дөрвөлжин уул орчмын бүс нутагт тахь бэлчиж байна. Тахь нутагшуулж эхлэх үеэс сумын ИТХ-ын шийдвэрээр тухайн бүс нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалтад авсан нутгийг бараг бүхлээр нь хашаалсан.

Тахь зэрлэг амьтан учраас эхний үед нь хашиж хамгаалан тэр нутагт нь дасгаж нутагшуулахгүй бол гүйх магадлалтай. Мөн түүнчлэн популяцын тоо толгойг байгальд бие даан амьдарч чадах хэмжээнд хүргэж байж суллан тавих шинжлэх ухаанд суурилсан нөхцөл бүрдэнэ. Үүний зэрэгцээ тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахгүйгээр суллан тавих тухай ярихад эрт байна.

Зургийг Клаудия Фэ

-Тэгэхээр цаашид ч хашаанд байлгана гэсэн үг үү?

-Ер нь тахь маань тодорхой тоонд хүрээд, байгалийн тэнцвэртэй нөхцөл байдал нь хангагдаад ирмэгц сул чөлөөтэй тавина гэсэн бодлого барьж байгаа. Францын тахь хамгаалах холбоо тахь нутагшуулах ажлыг эхнээс нь гардан зохион байгуулж байгаад 2016 оноос “Хомын талын тахь” төрийн бус байгууллагад үйл ажиллагаагаа шилжүүлсэн.

Гаднаас удирдлага, санхүүжилттэй байсан бол одоо дотоодын байгууллага тахь хамгаалах, цаашид өсгөж үржүүлэх, байгаль дээр нь онгон зэрлэг байдлаар нь сул чөлөөтэй тавих бэлтгэл ажлыг хангаж ажиллана гэсэн үг.

-Тахь өсгөж, үржүүлэх ажилд хүний оролцоо ер нь бага бололтой?

-Тахийг зэрлэг байгальд нь хамгийн амжилттай нутагшуулж байгаа төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн олон тахьтай улс нь манай Монгол болоод байна. Монголд гурван газарт нутагшиж байна. Манай Хомын талд нутагшиж байгаа тахийг илүү онгон зэрлэг байдлаар нь хадгалж, хамгаалан авч үлдэхийн тулд аль болох хүний оролцоо бага байлгахыг хичээдэг.

Гэхдээ байгаль, цаг уурын нөхцөл байдалд дасан зохицуулахын тулд өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээгээр хүний оролцоо, харуул хамгаалалт зайлшгүй байсан. 2004 оноос тахь нутагшуулах ажил эхэлсэн шүү дээ. Нийтдээ 22 тахь авчирсан юм. Өсөлт аажимхан ч үхэл, хорогдол харьцангүй багатай. Гэхдээ Хустайн нуруу, Тахийн талд нутагшуулж буйтай харьцуулахад тогтвортой өсөлт харагдаж байгаа.

-Тухайн нутаг орны онцлог, эрт үед тахийн тархац нутаг байсан байх магадлалтай зэргийг судалж, нутагшуулдаг гэдэг. Хомын талын хувьд?

-Манай нутаг говь, хээрийн бүсэд тооцогддог. Хомын тал эртний тахийн түүхэн тархац нутгийн нэг хэсэг байсан гэж судлаачид үздэг юм билээ. Тахь монгол адууны төрлийн амьтан. Хөдөөгийн бидний ярьдгаар бод мал нутагших боломжтой, тал нуга, элсэн бөөрөг, толгод зонхилсон нутаг.

-Тахь нутагшуулахад тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

-Тулгамдаж буй асуудал байлгүй яах вэ. Мэдээж хэрэг дэлхийд ховордож,“Улаан ном”-д орсон амьтныг тогтвортой өсгөн, үржүүлж, нутагшуулахад хөрөнгө санхүүгийн асуудал нэлээд тулгардаг. Тухайн орон нутагт амьдарч буй ард иргэдэд зөв талаас нь ойлгуулах, чухал ховордсон амьтан шүү гэдгийг мэдрүүлэх, улсын болон орон нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, цаашлаад энэ амьтныг байнгын хамгаалалттай байлгах асуудал чухал.

Үүнд “Хомын талын тахь” төрийн бус байгууллага, орон нутгийн зүгээс хамтран олон улсын байгууллагын хөрөнгө санхүүжилт, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, цаашид энэ амьтныг өсгөж үржүүлэхэд анхаарч ажиллаж байна. Тахийг нутагшуулах үйл явцад сөргөөр нөлөөлөх нэг зүйл бий. Зэрлэг онгон байгальд нь, хашаанаас нь гаргаж тавихад монгол адуутай эрлийзжих асуудал тулгарна. Цусыг нь цэвэр хадгалахын тулд эрлийзжих нөхцөлийг бид аль болох хаах ёстой. Тахийн унаган мөн чанар ген нь үгүй болно гэсэн үг.

Энэ талаар орон нутгийн иргэд, малчдад зөв ойлголт өгөх, тэр бүс нутагт мал оруулахгүй байх тусгайлсан арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий. Үүний тулд бид тухайн бүс нутгийг зайлшгүй орон нутаг, улсын тусгай хамгаалалтад авч байж цаашид энэ бодлого маань хэрэгжих боломжтой болно. “Хомын талын тахь” төрийн бус байгууллагаас нутгийн иргэдийн амьжиргаа, сум орон нутгийн хөгжилд анхаарч ажилладаг.

Уул уурхайнч юм уу, газрын унаган төрхийг эвдэх үйл ажиллагаа явуулаагүй атлаа орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын төлөө зорьж явдаг нь Францын тахь хамгаалах холбоо, “Хомын талын тахь” төрийн бус байгууллагын давуу тал, онцлог юм.

Зургийг Клаудия Фэ

-Сумын ЗДТГ энэ ажилд хэрхэн дэмжлэг үзүүлдэг юм бэ?

-Хамгийн гол ачааг “Хомын талын тахь” төрийн бус байгууллага үүрдэг. Олон талын хандивлагч байгууллагын хөрөнгө санхүүгийн үндсэн дээр тахь хамгаалах ажлыг хариуцаж байна. Орон нутгийн зүгээс бодлогын болон шийдвэр гаргах түвшний, тухайлбал, тухайн газрыг улсын тусгай хамгаалалтад авах, орчны бүсийг хамгаалах, тусгай хамгаалалттай газрын захиргаа байгуулах, олон нийтийн оролцоотой хамгаалах ямар боломж байна вэ гэдгийг судалж, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх тал дээр анхаарч ажилладаг.

-Малчидтай хамтардаг уу?

-Тахь нутагшуулж эхэлсэн үеэс Францын олон улсын байгууллага малчидтай хамтран ажиллах болсон. Тухайн орон нутгийн малчдын амьжиргааг нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дээшлүүлэх талаар олон талт ажил хийж ирсэн байдаг. Тухайлбал, малчин эмэгтэйчүүдийг нэгтгэн, төрийн бус байгууллага байгуулж, өрхийн гар урлалын бүтээгдэхүүн хийж, Франц руу гарган өндөр үнээр борлуулах, цаашлаад иргэдийг ажлын байраар хангах, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх сургалтууд явуулдаг.

-Өнгөрсөн хавар мялзангаар бөхөн олноороо өвчилж үхсэн. Танайхтай зэргэлдээ Ховдын зарим суманд ч цөөнгүй тооны бөхөн хорогдсон. Элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж, тахинд вакцин хийдэг юм болов уу?

-Яг манай Хомын талтай зэргэлдээ, Ховд аймгийн Чандмань, Дарвийг хамарсан газар нутагт 10 мянган бөхөн үхсэн. Мялзан салаа туурайтны бог малд халдварлах магадлал өндөртэй өвчин. Үүнээс урьдчилан сэргийлэх тарилга хийж, хорио цээр тогтоосны хүчинд манай суманд тахийн байрлаж байгаа нутаг дэвсгэрт мялзан өвчний шинж тэмдэг илрээгүй. Тахинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин ер нь хийдэггүй, яг л байгалийн бусад зэрлэг амьтдын адил нөхцөлд байдаг.

-Тахийн сүргийг цус ойртохоос хэрхэн сэргийлдэг бол. Монголд нутагшуулж байгаа бусад газраас тахь авчирдаг уу?

-Цус сэлбэх боломжтой. Хомын талд Хустайн нуруунаас тахь авчирч, цус сэлбэх асуудлаар ярилцаж байгаа юм байна. Ер нь Монголд тахь нутагшуулж байгаа газрууд хоорондоо харилцан тахь солилцож болно. Монголд гурван газар тахь нутагшуулж буйн давуу тал энэ л дээ.

-Монголын эртний адууг сэргээн нутагшуулснаар танай сумын хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ. Тахиар дамжуулж, Дөрвөлжин суманд аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий юү?

-Одоохондоо тахийг өсгөж үржүүлэхэд түлхүү анхаарч байна. Бид эхний ээлжинд аялал жуулчлал талаас нь харахгүй байгаа. Магадгүй аялал жуулчлалын орчин нөхцөлийг нь бүрдүүлээд гадаад, дотоодын жуулчид олноороо очвол тахийн өсөлт хөгжил, нутагших, зэрлэгших байдалд сөргөөр нөлөөлнө. Тиймээс эхлээд бид тахийг хангалттай тоогоор өсгөн үржүүлэх, нутагшуулах бодлого барьж байна.

Саяхан “Хомын талын тахь” төрийн бус байгууллага, Дөрвөлжин сумын ЗДТГ, “Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэн” хамтарч, “Дөрвөлжин сумын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө”-г Завхан аймагтаа анх удаа боловсрууллаа. Энэ нь нэг талаасаа байгаль орчин, нөгөө талаас эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн төлөвлөгөө юм. Өөрөөр хэлбэл, манай сум ойрын 20-30, цаашлаад 100 жилдээ ямар чиг хандлагаар хөгжих ёстой вэ гэдэг чиг баримжаагаа тодорхойлж гаргалаа.

Мэргэжлийн, нэлээд ул суурьтай том судалгаа хийж, үүнийг боловсруулсан. Арванхоёрдугаар сард сумын ИТХ-аар уг төлөвлөгөөг баталгаажуулна. Цаашдаа Дөрвөлжин сум яаж хөгжих вэ гэдэг бодлогын бичиг баримт болно гэсэн үг. Энэ бичиг баримт гарснаар тахийг нутагшуулаад, байгальд нь тавьсан тохиолдолд үүнийг ашиглаж жуулчдыг яаж татах вэ, тахийн эргэн тойронд хөгжлийн өөр ямар гарц байна вэ гэдэгт илүү анхаарал хандуулна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай