М.Намуун ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Монголын боксын спортын хөгжил, тамирчдын амжилт, ур чадвар дэлхийд алдартай. Одоогоор манай ширэн бээлийтнүүд олимпоос зургаа (нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл), насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ес (нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл) медаль хүртээд байгаа нь үүний илрэл болов уу. Гэхдээ манай тамирчид өсвөр үе, залуучуудын ангиллын томоохон тэмцээнд төдийлөн өндөр амжилт гаргаж чаддаггүй гэмтэй. Тэртээ 2004 онд залуучуудын ДАШТ-ээс анх Э.Энхзориг хүрэл медаль хүртсэнээс хойш түүний амжилтын буухиаг боксчид үргэлжлүүлж чадахгүй л байв. Харин уржигдар Энтхэг улсад өндөрлөсөн тус тэмцээнээс Монхорын Намуун хүрэл медаль хүртэж, дээрх бараан цувралыг зогсоолоо.

Түүгээр ч үл барам эмэгтэйчүүдийн төрөлд амжилт гаргаж, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр, эмэгтэйчүүдээс анхны боксчин болов.

Тус тэмцээнд дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлагад зургаан тамирчин өрсөлдсөнөөс 57 кг-д хүчин сорьсон М.Намуун хүрэл медалийн төлөөх тоглолтод Шотландын боксчин В.Гловерыг ялжээ.

Харамсалтай, хагас шигшээд эзэн орны тамирчинд дийлджээ.

“Эрдэнэт бокс” клубийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлагад бэлтгэлээ базаадаг тэрбээр хоёр жилийн өмнө болсон өсвөр үеийн ДАШТ-ээс Л.Ангараг, М.Энхжаргал нарын хамт хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болсон юм.

Тэд эмэгтэйчүүдийн боксын спортын түүхэнд тус тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон нь тэр. 2012 оноос хойш боксоор хичээллэж буй М.Намуун УАШТ-д өсвөр үеийнхэд хоёр, залуучуудынхад нэг удаа түрүүлсэн. Өдгөө 18 настай тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн хоёр жил дараалан түрүүлж, шуугиулан, аль хэдний мэргэжилтнүүдийн хараанд өртсөн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай