Урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх 15 тэрбум төгрөг хаачсан нь тодорхойгүй

Урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх 15 тэрбум төгрөг хаачсан нь тодорхойгүй

Улаанбаатарын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор 2014 онд хотын удирдлага нийслэлийн Орон сууцны корпорац (НОСК) байгуулж байв. Тус байгууллага тогтсон ажилтай ч мөнгөө хуримтлуулж чаддаггүй, урьдчилгаа төлбөрийн мөнгөгүй залуучуудад зориулж хөнгөлттэй үнээр орон сууц худалдан авах боломж олгох зорилготой байгуулагдсан юм.

Ингэхдээ “Улаанбаатар орон сууцны сан”-гаар дамжуулж, төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болж, баримтлах зарчмаа баталсан юм. Ингээд 2015 онд “Улаанбаатар орон сууцны сан”-д нийслэлийн төсвөөс 15 тэрбум төгрөг хуваарилж, зарцуулах эрхийг НОСК-д өгсөн. Гэвч өдгөө энэ хөрөнгийг юунд зориулсан нь тодорхойгүй.

Эл корпорацыг байгуулсан 2014 онд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ажил ид өрнөж байв. Нийслэлийн удирдлага уг төсөлд их хэмжээний хөрөнгө оруулж байсан ч ажил нь дорвитой урагшлаагүй. Өдгөө ч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн улмаас хохирсон гэх иргэдийн маргаан тасрахгүй байгаа. Өнгөрсөн онд л гэхэд тус төслийн хүрээнд 104 тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулсан гэх баримтыг холбогдох байгууллагаас дэлгэсэн удаатай.

Тухайн үед төсөл хэрэгжүүлэгч компаниуд “Орон сууцны борлуулалт тааруу байна. Нийслэлээс дэмжих шаардлагатай тулгарлаа” гэсэн албан бичгийг хотын удирдлагад хүргүүлжээ. Тиймээс хотын удирдлага НОСК болон “Улаанбаатар орон сууцны сан”-гаас төрийн албан хаагчдыг дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнаас худалдан авбал дэмжлэг үзүүлэхээр болсон хэрэг.

Ингэснээр иргэдийг орон сууцанд оруулахын зэрэгцээ төсөл хэрэгжүүлэгч компаниудад ч бас давхар дэмжлэг болно гэж үзэж байсан. Тухайн үеийн нийслэлийн Боловсролын газрынхан 10 мянга гаруй багш, ажилчны саналыг асуухад 79 хувь нь “Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцанд ороход бэлэн” гэж хариулжээ. Эдгээр хүний 57 хувь нь урьдчилгаа төлбөрийн 10, найман хувь нь 20, дөрвөн хувь нь 30 хувийг төлж чадна гэсэн бол 31 хувь нь ямар ч боломжгүй хэмээн хариулсан гэх баримт бий.

Нөхцөл байдал ийм байсан болохоор нийслэлийн харьяа байгууллагад ажилладаг, орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувиа төлөх чадвартай албан хаагчдад үлдэгдэл 50 хувийг нь буцалтгүй тусламж хэлбэрээр өгөхөөр болж, ур чадвар, ажилласан жил зэргийг нь харгалзан үзэх журам баталж байж. Түүнчлэн худалдан авах орон сууцаа заавал гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барих барилгаас сонгох ёстой гэж тусгасан.

Гэвч “Улаанбаатар орон сууцны сан” байдаг, эсэх нь тодорхойгүй, мэдэх албан тушаалтан нийслэлд алга. Нэгэн эх сурвалж “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийг нь шийдсэн газарт орон сууц барьж байгаа аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын дүнгийн хоёр хувийг “Улаанбаатар орон сууцны сан”-д төвлөрүүлэх Засгийн газрын тогтоол бий. Гэвч журам нь батлагдаагүйн зэрэгцээ санг татан буулгасан бололтой.

Үүнээс болж орлогын хоёр хувийг өнөө хэр төвлөрүүлж эхлээгүй. Тэгэхээр сангийн үйл ажиллагаа зогсох нь ойлгомжтой шүү дээ” хэмээсэн. Мөн тэрбээр нийслэлийн ЗДТГ-ын дэргэдэх тус санд төсөвлөсөн 15 тэрбум төгрөгөөр 30 ам метрээс доошгүй талбайтай орон сууцны төлбөрийн дэмжлэг үзүүлсэн бол 1500 өрхийн асуудлыг шийдэх боломжтой байсан гэдгийг нэмж хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас сангийн хөрөнгийг юунд зарцуулсныг тодруулахад “Тухайн үед хотын захиргаа төсвөө тэлэх бодлого баримталж байсан. Татварын бус орлогоор хөрөнгө босгож, төсвөө тэлнэ гэсэн үг. Ингэхийн тулд захирамжаар газар олгохоо больж, дуудлагаар худалддаг болохоор ярьж байв.

Тэгээд энэ хөрөнгөөрөө төрийн албан хаагчдыг дэмжинэ гэж төлөвлөсөн. Тиймээс том төсөл эхлүүлсэн юм. Хамтран ажиллаж байсан хүмүүс бүгд ажлаа өгсөн учраас одоогоор би ямар ч мэдээлэлгүй байна. Ямар ч байсан орон сууцны дэмжлэгийн санг хөгжүүлэхээр банкуудын холбоотой ярилцаж, тохирсон хэлэлцээр үгүй болсон юм шиг байна лээ. “Улаанбаатар орон сууцны сан”-д 15 тэрбум төгрөг байсан гэдгийг баттай хэлж чадна. Гэхдээ бид үйл ажиллагаа явуулж чадаагүй. Уг нь бүх төсөл, хөтөлбөр бэлэн байсан” гэв.

НОСК өдгөө БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1002 айлын орон сууц барьж, иргэдийг байртай болгох ажил эхлүүлжээ. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлэх, эсэх нь тодорхойгүй байсаар.

НОСК-ын ерөнхий захирал Б.Сүхбаатараас “Улаанбаатар орон сууцны сан”-д байсан 15 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар лавлахад “Энэ байгууллага өмнө нь хувьцаат компанийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт босгох зорилготой ч гэж болно. Одоо орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсон. Би энэ оны нэгдүгээр сард ажлаа авсан. Намайг ирэхэд ажилчдын цалин болох 330 сая төгрөгөөс өөр мөнгө байгаагүй. Өмнө нь ямар үйл ажиллагаа явуулсныг мэдэхгүй. Ийм сан байсан юм билээ.

Түүгээр дамжуулаад, нийслэлийн харьяа байгууллагуудын орон сууц худалдан авах хүсэлтэй төрийн зарим албан хаагчид урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлсэн гэсэн. Орон сууцанд орсон хүн байдаг. Гэхдээ тэр нь 15 тэрбум төгрөг хүрээгүй байх. Манай байгууллагаар дамжуулаагүй, тусдаа ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан юм билээ. Тэгэхээр энэ бидний мэдэх асуудал биш болсон” гэлээ.

Өөр нэг эх сурвалжаас энэ талаар тодруулахад мөн л мэдэхгүй гэх хариулт өгсөн бөгөөд “Төрийн байгууллага дэргэдээ хөрөнгө босгох зорилгоор хувьцаат компани байгуулдаг. Тэгсэн атлаа нийслэлийн өмчит байсан. Бид үүнийг нь 100 хувь нийслэлийн өмчит болгосон. Магадгүй эл мөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлт рүү оруулсан байх” гэв.

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд зориулсан 15 тэрбум төгрөгөөс хэн, хэдэн төгрөг авсан нь тодорхойгүй байгааг үүнээс мэдэж болно. Хотын өмнөх удирдлага “Төсөл, хөтөлбөрөө баталчихаад ажлаа эхлүүлж чадаагүй” гэдэг хариулт өгч байна. Харин одоогийн удирдлага “Урьдчилгаа төлбөрийн буцалтгүй тусламж өгсөн байдаг юм билээ” гэх.

Үүнийг сонгуулийн дараа нийслэлийн удирдлага солигдоход багагүй хөрөнгө замхран алга болдгийн жишээ болгож болох нь. Мөн аль нэг байгууллага татан буулгах сургаар хөрөнгийг нь ашиггүй зүйлд зарцуулдгийн жишээгээр ч нэрлэх боломжтой. “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийг татан буулгах сургаар удирдлага нь 350 сая төгрөгөөр “Тамхи татах цэг” гэсэн хаягтай шилэн “амбаар” хийлгэж, гудамжинд байрлуулсан. Тэр нь өдгөө хогийн цэг болчихоод, хариуцах хүнгүй байгаа. “Улаанбаатар орон сууцны сан”-гийн 15 тэрбум төгрөгийг иймэрхүү зүйлд зарцуулчихсан юм биш биз дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай