Найзыгаа хэрцгийгээр бүрэлгэсэн эрд бүх насаар нь хорих ял шийтгэлээ

Найзыгаа хэрцгийгээр бүрэлгэсэн эрд бүх насаар нь хорих ял шийтгэлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, Доод Салхитын гудамжинд амьдардаг нэг айлд өнгөрсөн долдугаар сард хүн амины ноцтой хэрэг гарсныг цагдаагийнхан 10 гаруй хоногийн дараа илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцлээ.

Баянгол дүүргийн нутаг, VI бичил хороололд “Доцент” гэх хочоороо танил болсон, нэг бус удаа ял шийтгүүлсэн М.Мөнхбат найз Г болон М.Нарангэрэл нартай дээрх хороонд байдаг гэртээ архи ууж, улмаар шоронд сууж байснаа гайхуулж, талийгаач Г-тэй маргалдан хутга барин дайрч хүзүүг нь зүсэж гэмтээсэн байна. Үүнийхээ дараа “Яасан үхдэггүй лалар вэ” хэмээн алхаар цохиж, цээжинд нь нэг бус удаа хутгалан хэрцгийгээр бүрэлгэжээ.

Үүнийхээ дараа хамт байсан М.Нарангэрэлийг “Хөнжилд боогоод нуу, энэ газрыг цэвэрлэ. Энэ хэргийн талаар хэн нэгэнд ярьсан байвал чамайг ч ийм болгоно шүү” хэмээн сүрдүүлсэн байдаг. Тэд хамтран талийгаачийн цогцсыг хашаандаа байсан 70-20 УБВ дугаартай “Мерседес бенз” маркийн машиныхаа тээшинд нуусан нь зуны халуунд муудаж, хавь орчиндоо үнэртэж байжээ.

Тэрбээр М.Нарангэрэлийг дагуулан хэд хоног архидаж, дарамталж явсан гэдэг. М.Нарангэрэл түүнээс зугтан гэртээ ирээд байхад нь Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эрүүгийн мөрдөгч нар таарч, ямар нэг зүйл нуугаад байгааг мэдэн мэргэжлийн ур чадвар гарган, гэмт хэргийн талаар мэдээлэл авч илрүүлсэн юм.

“Доцент” хочтой М.Мөнхбат нь 30 настай, бусдын эд хөрөнгийг булаасан, хулгай хийсэн, эд хөрөнгө залилсан зэрэг хэрэгт холбогдон, нэг бус удаа ял шийтгүүлж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүнийг санаатай, онц хэрцгийгээр хөнөөсөн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноожээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай