Гадаад худалдааны тухай хуультай болох нь чухал гэв

Зах зээл судлалын хүрээлэн, Монголбанктай хамтран Уул уурхайн бус экспортлогчдын үндэсний анхдугаар чуулга уулзалтыг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Т.Батцэцэг “БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар судалж дууссан. 2018 онд УИХ-д  төслөө өргөн барихаар төлөвлөж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрүүд бизнесийн шинэ орчинд өрсөлдөх боломж бүрдэх ач холбогдолтой” хэмээн онцлов.

Уг чуулга уулзалтаар эдийн засгийг төрөлжүүлэх шаардлага, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого, цаашдын зорилт, ногоон бизнес болон ногоон санхүүжилтийн боломж зэрэг сэдвээр хэлэлцэв. Тус чуулга уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар “Эдийн засгаа төрөлжүүлэх нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд маш чухал.

Тиймээс экспортыг татварын оновчтой бодлогоор дэмжих хэрэгтэй. Дотоодын компани бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах гэхээр олон бичиг баримт шаарддаг. Энэ нь бизнес эрхлэгчдэд саад болж буй гол хүчин зүйлийн нэг. Манай яам гадаад худалдааны чиг үүргийг голлон хариуцдаг учраас үүнд анхаарч, хүнд сурталгүй ажиллах болно” гэв.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн 50 гаруй хувь нь гадаадын хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байгааг дурдсан. Тиймээс манай улсын мөнгөний бодлогын хэрэгжилт нэлээд сул байдаг аж. Уул уурхайн салбараас орж ирж буй хөрөнгийг бусад салбарт зарцуулж, эдийн засгаа солонгоруулах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Энэ нь уул уурхайн бус экспортыг дэмжих эхний алхам болно гэдгийг тэд хэлсэн юм. Гадаад худалдааны тухай хуульгүй нь бусад орон руу бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэрхшээл учруулдаг байна. Тиймээс хуулиа хурдан батлах нь чухал гэлээ.

Хүлэмжийн хийн ялгарлыг багасгахын тулд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэн, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд улс орнууд анхаарвал олон улсын байгууллагууд 3-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахад бэлэн байгааг “Дэлхийн усны түншлэл” олон улсын байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Оюун дуулгав.

Чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын “Торгоны зам”, Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн коридор”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг уялдуулан хөгжүүлэх нь бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдэх Монгол Улсын Засгийн газрын зорилго, зорилтуудтай бүрэн нийцэж буйг мэргэжилтнүүд тэмдэглэв.

Эл коридорын чиглэлд нийт 200 гаруй төсөл, хөтөлбөрийн санал ирүүлснээс одоогоор Монголын гурван төсөл хэрэгжих шатандаа явж байгаа гэнэ. Уг төслүүдэд Монголоос төр, хувийн хэвшил, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Азийн хөгжлийн болон Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжилт хийхээр болсон талаар Т.Батцэцэг дуулгав.

Монгол Улсыг хөгжүүлэхэд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийг хямралд оруулдаг учраас анхаарах ёстойг оролцогчид тэмдэглэж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай