Хакүхо дэвжээний шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэв

Хакүхо дэвжээний шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэв

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё сүмочдын хувьд нэлээд барцадтай үргэлжилж байна. Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж элэг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж, гэмтээсэн дуулиан намжаагүй байхад аварга Какүрюү Ананд, Кисэносато нар башёг өнжиж байдлыг бүр дордуулсан.

Ингэснээр бүхий л ачааг Хакүхо М.Даваажаргал үүрч байна. Башёг ганц ч унаагүй тэргүүлж байсан аварга өчигдөр Ёшиказэтай барилдав. Хакүхо золгохдоо өрсөлдөгчөө сүүлдэж боссон гэж үзэн барилдаанаа зогсоосон ч шүүгч үргэлжлүүлсэн. Тэрхэн хооронд аваргын барилдааны эрч саарсныг Ёшиказэ овжин гэгч нь ашиглаж, дэвжээний зах руу түрэхэд нь Хакүхо шилдэж татав. Хоёр бөх зэрэг шахам унаж, дэвжээний шүүгч Ёшиказэд ялалт заахад Хакүхо санал нийлсэнгүй.

Улмаар шүүгч рүү хандан үг хэлж, дэвжээнээс буулгүй эсэргүүцлээ илэрхийлэв. Бараг 30 гаруй секунд эсэргүүцэн зогссоны эцэст толгой сэгсэрсээр дэвжээнээс буулаа. Мэргэжлийн сүмо ямар айхтар дэг жаягтай билээ. Хакүхогийн үйлдэл олны анхаарлыг татахын зэрэгцээ япончуудын хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарав. Арваннэг дэх өдрийн дараах байдлаар Кюүшюү башёг Хакүхо арван даваа, нэг унаатай тэргүүлж, Хокүтофүжи, Окиноүми нар найман даваатай удаалж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай