Жилд шинжлэх ухааны 3-5 бүтээл гаргадаг

Жил бүрийн арваннэгдүгээр сард шинжлэх ухааны ажилтнууд баяраа тэмдэглэдэг. Өнөө жил салбар, салбарын эрдэмтэд “Шинжлэх ухаан, технологи, инновац-2017” үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд гарааны бизнесээ эхлүүлсэн аж ахуйн нэгж, шинэ бүтээл гаргасан эрдэмтэд болон эрдэм шинжилгээний байгуулагынхан оролцов.

Энэ онд Засгийн газар эрдэмтдийн бүтээлээс шалгаруулан, 447 төсөлд 8.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Улмаар шинжлэх ухаан, инновацын тэдгээр төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар гарааны компаниуд байгуулжээ. Бид үе мөч, хоолой өвдөх, ханиалгахад ихэвчлэн импортын эм авч уудаг. Мөн үсээ арчлахдаа, гоо сайхандаа анхаарахдаа гадаадын бүтээгдэхүүн сонгох нь элбэг. Манай эрдэмтэд энэ мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч иргэдэд тайлбарлаж ойлгуулахдаа тааруу мэт санагдсан.

Ном товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, шинэ материал, үнэт металл, газрын ховор элемент, байгаль орчинд халгүй технологи зэрэг содон шийдэл бүхий шинэ бүтээлийг үзэсгэлэнд дэлгэжээ. Тухайлбал, давирхайтай сүүлний тос, халгай, хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх оньсон тоглоом, эко зуух зэргийг дотооддоо үйлдвэрлэж байна.

“Шинжлэх ухаан, технологи, инновац-2017”-гийн нээлтийн үеэр эрдэмтэд “Төр, засаг бодлогоор дэмжвэл бид энэ байтугайг бүтээж, урагшлах боломжтой. Монгол Улс шинжлэх ухааны үзүүлэлтээр Азид дээгүүрт ордог” хэмээсэн. Дэлхий нийт аливаа бүтээлийг их сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулахад шинэ нээлт гэж үздэг. Аж үйлдвэрийн салбарын хувьд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөж байж сая нээлт хийсэнд тооцогддог гэх. Манай эрдэмтэд нээлтийн хэмжээнд авч үзэхээр бүтээл жилд 3-5-ыг гаргадаг аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай