Чөмөг царцам хүйтэн айсуй

Өвөл өнтэй болох, эсэхийг өмнөх зун нь тодорхойлдог гэдэг. Сайхан зуссан бол харьцангуй тайван өвөлждөг гэх амьдралд шалгарсан арга бийг дурдах хүн цөөнгүй. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр өнгөрсөн зун манай орны газар нутгийн бараг 80 хувь нь гандуу болон гантай байлаа.

Намар нойтон цас унаж, зарим газраар цас, бороо холилдон орсон нь өдөртөө хайлмагтаж, шөнөдөө хөлдсөнөөс ихэнх нутагт малын бэлчээр мөстөн, халтиргаа гулгаа үүсэж эхэлжээ. Өдгөө нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтчихоод буй аж. Дээр нь Баруун Сибирийн хүйтэн агаарын урсгал Монголд айлчилж, 40 орчим градусын, чөмөг царцам хүйтэн өдрүүд 10 хоногоос нэг сар хүртэлх хугацаагаар үргэлжилж болзошгүйг Улсын онцгой комиссоос сэрэмжлүүлээд байна.

Сүүлийн 10 гаруй жил нийт нутгийг хамарсан зуд болсон түүх байхгүй. Харин дээр дурдсан шалтгаануудаас болоод энэ жил гарцаагүй зуд нүүрлэх нь гэх болгоомжлол газар авлаа.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган, зуншлага, цас, зудтай холбоотой, газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээллийг гаргадаг. Тэдгээр мэдээлэлдээ үндэслэн жил бүрийн өвөл зудын эрсдэлийн зураг боловсруулдаг билээ. Тус байгууллагынхан энэ өвлийн “зурхайг зурж” дуусчээ.

Манай нийт нутгийн 60 гаруй хувьд зуд болох эрсдэлтэй нь уг ажлын дүнд тодорхой болоод байна. Бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлдэг монголчууд хүнд сорилттой тулгарна гэсэн үг. Ялангуяа төвийн бүс нутгийнхан бэрхшээлтэй нүүр тулах магадлал өндөр гэсэн дүн гарчээ. Өнгөрсөн онд дээрх үзүүлэлт 50 орчим хувьтай байсныг эргэн сануулъя.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид зарим газраар олон жилийн дунджаас давж хүйтрэх, ахиу цас орох төлөвтэй нь зудын эрсдэлийг улам нэмэгдүүлж болзошгүй аж. Тэнгэрийн араншин улам муудвал зудын бага, дунд зэрэг эрсдэлтэй газар нутгуудад өвөлжилтийн нөхцөл байдал муудаж, хүндэрч ч мэдэх нь.

Арайхийн өвлийг барлаа гэхэд хаврын хахирган салхитай тулгарахыг цаг уурчид анхаарууллаа. Тиймээс зудад ихээхэн эрсдэлтэй газар нутгийг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах шаардлага тулгарсныг холбогдох албаныхан онцолсон юм.

ИНФОГРАФИК

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Ч.САРАНТУЯА: Нийт нутгийн 60 орчим хувьд зуд болох эрсдэлтэй

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн цаг уурч Ч.Сарантуяатай ярилцлаа.

-Манай орны газар нутгийн хэдэн хувьд цасан бүрхүүл тогтоод байна вэ. Хаана цас их унав?

-Энэ жилийн аравдугаар сар харьцангуй хүйтэн, эхний 10 хоногт нутгийн төв хэсэг буюу Хангайн уулс, Хөвсгөлийн уулсынхаа урд тал, мөн Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зарим газарт 30 гаруй см зузаан тогтоод буй. Арваннэгдүгээр сар гарснаас хойш цас бага багаар нэмэгдэн орж, нэлээд дагтаршин, мөстөж байна. Энэ нь мал бэлчээрлэх болон зам, тээвэрт хүндрэл учруулахуйц хэмжээнд хүрлээ.

Өнгөрсөн сарын дундаас энэ сарын эхний 10 хоногт ихэнх нутгаар 2-3 удаа цас орж, шуурснаас хүйтний эрч чангарсан. Арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байсан. Түүнээс хойш зарим нутагт бага зэргийн хур тунадас унасан учир дээрх тоо тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Бид мэдээллээ 10 хоногоор нь нарийвчлан гаргадаг.

Энэ сарын 20-ны байдлаар манай орны газар нутгийн хэдэн хувь нь цастайг одоогоор нарийвчлан боловсруулж амжаагүй, энэ долоо хоногийн сүүлчээр нэгтгэнэ. Уур амьсгалын өдөр тутмын мэдээ мэдээлэл, цаг агаарын төлөвт үндэслэн дээрх үзүүлэлт 60 орчим хувьд хүрсэн болов уу гэж таамаглаж байгаа.

-Улсын онцгой комиссоос ойрын өдрүүдэд олон хоногоор эрс хүйтэрнэ гэсэн сэрэмжлүүлэг гаргасан байсан.

-Арваннэгдүгээр сарыг дуустал төвийн болон говийн нутгаар бага зэргийн цас орж, шууран, хүйтрэх төлөвтэй. 26, 27-нд хүйтний эрч сулрах боловч, сарын сүүлчээр дахиад цас орж, шуурна. Манай оронд арванхоёр, нэгдүгээр сард хамгийн их хүйтэрдэг. Ялангуяа арванхоёрдугаар сарын дундаас хоёрдугаар сарын эхэн хүртэлх хугацаа бол уур амьсгалын дунджаар хамгийн хүйтэн үе.

Идэр, Тэсийн голын хөндий, Дархадын хотгорт нэгдүгээр сард дунджаар -30-35 градус хүрдэг. Энэ өвлийн цаг агаарын ерөнхий төлөвөөр арванхоёрдугаар сард нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төвийн болон зүүн аймгуудын нутгаар дунджийн орчим, хойд хэсгээр хүйтэн байх нь.

Нэгдүгээр сард Хөвсгөл, Булган, Сэлэнгэ зэрэг хил дагуух нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Хоёрдугаар сард Хангайн уулархаг газрууд, Монгол Алтайн нурууны хойд хэсгээр ахиу цас орох төлөв гарсан. Ойрын өдрүүдийн мэдээлэл шиг хэдэн градус хүрэх, хэр хэмжээний цас орохыг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй.

-Зуншлага тааруу, цас ихтэй зэрэг шалтгааны улмаас ихэнх нутагт зуд болох аюул нүүрлээд буй гэж орон нутгийнхан мэдээлж байна. Аль аль аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэйг нарийвчлан тогтоосон уу?

-Өвөл хэр өнтэй байх нь зуншлагатай салшгүй холбоотой. Өнгөрсөн зун Монголын нутгийн 70 гаруй хувь нь гантай болон гандуу, 30 орчим хувь нь зуншлага сайтай байв. Ган нүүрлэснээс мал тарга тэвээрэг муу авсан. Бэлчээрийн ургамал төдийлөн ургаагүйгээс малчид хадлан тэжээлээ бүрэн бэлдэж чадаагүй.

Зуншлага, намар орсон цасны хэмжээ, уур амьсгалын ерөнхий төлөв зэрэг үзүүлэлтийг харьцуулсны үндсэн дээр зудын эрсдэлийн зураг боловсруулсан. Нийт нутгийн 30 хувьд нь зуд болох өндөр эрсдэлтэй, 30 гаруй хувьд дунд зэргийн эрсдэлтэй гэсэн таатай бус үзүүлэлт гарлаа. 60 орчим хувьд нь зуд нүүрлэж мэдэхээр байна гэсэн үг.

-Сүүлийн үед манай оронд зундаа хэт халсны улмаас ган болж, өвөл хэт хүйтрэх үзэгдэл ажиглагдах болсон. Энэ нь ямар шалтгаантай вэ?

-2015 онд олон жилийн дунджаас дулаан байсан. 2016 онд ч мөн адил. Энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл нийт нутгаар, ялангуяа баруун бүсэд олон жилийн дунджаас дулаан байлаа. Хур тунадасны хэмжээ ч багассан. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийн тоо нэмэгдэх боллоо.

2016 оны нэгдүгээр сард манай оронд, тэр дундаа баруун бүс, томоохон голуудын хөндийгөөр олон жилийн дунджаас 5-10 градусаар хүйтэрсэн. Гэтэл 2014, 2015 оны нэгдүгээр сард эсрэгээрээ, олон жилийн дунджаас 5-6 градусаар дулаахан байв. Дундаж темдератур хэт ихсэж, багасах үзэгдэл сүүлийн жилүүдэд нэлээд ажиглагдах болсон.

ДЭЛХИЙН ЦАГ АГААР

Африкийн Нил мөрөн хөлдтөл ХҮЙТЭРЧ БАЙЖЭЭ

Олон жилийн дунджаас 1-2 градусаар хүйтэрч, сүүлийн 100 жилд байгаагүй хахир хүйтэн өвөл болохыг дэлхийн цаг уурын мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Үүнтэй холбогдуулан түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн тэсгим өвлийн тухай товчооноос хүргэе. Агаарын температурыг хэмждэг багаж бий болохын өмнөхөн манай гаригт урьд өмнө байгаагүй хүйтэрсэн гэдэг.

10. Цаг тооллын бичээсээс үзвэл 401, 801 онд Хар тэнгис долгилсон чигтээ хөлджээ.

9. 859 онд Адриатын тэнгис хөлдөж, Италийн Венец хот руу явган хүрэх боломжтой болсон гэнэ. 850 жилийн дараа энэ үзэгдэл дахин давтагджээ. 1010- 1011 онд Хар тэнгисийн Туркийн эрэг зузаан мөсөнд хучигдсан байна. Энэ ер бусын хүйтрэл Африкт хүрч, Нил мөрний доод хэсэг мөстсөн ажээ.

8. 1316 онд Францын

нийслэл Парис хотын бүх гол хөлдсөн гэнэ.

7. 1326 онд Газар дундын тэнгис бүхэлдээ хөлджээ.

6. 1558 онд 40 мянган хүний бүрэлдэхүүнтэй бүхэл бүтэн арми хөлдсөн Дунай мөрөн дээр байрлаж, Францад хөлдсөн дарсыг жинлэж худалдсан байна.

5. Термометр бүтээсний ачаар XVIII зуун хүйтний тухай илүү тодорхой мэдээлэлтэй болжээ. 1709 онд Францын нийслэл Парис хотод олон хоногийн турш 24 градус хүйтрэн, дарс агуулахдаа хөлдөж, цохисон хонх хагарсан гэнэ.

4. ХХ зуунд 1953-1954 оны өвөл Атлантын далайгаас Уралын нуруу хүртэл өргөн уудам газар нутагт арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл жавар тачигнаж, Хар тэнгисийн хойд хэсэг болон Азовын тэнгис бүхэлдээ хөлджээ. Мөн тэр жил Ангар мөрөн түүхэндээ анх удаа хөлдсөн аж. Дараагийн удаа уг мөрөн 2000 онд мөсөөр хучигджээ. Дашрамд хэлэхэд, 1987-1988 оны зааг дээр болсон хахир өвөл автомашины аккумуляторын эрэлт эрс ихсэх шалтгаан болсон гэнэ.

3. 1962-1963 оны өвөл Данийн хоолой анх удаа мөстөж, Венецийн суваг, Францын голууд дахин хөлджээ.

2. 2002 онд Германд хүйтэрсний улмаас Майн-Дунайн хоолойн усан онгоцны хөдөлгөөн бүрэн зогссон байна. Энэ нь Европын усан тээврийн чухал зам юм. 20 гаруй хөлөг онгоц хөлдөөсөн мөсний зузаан зарим газартаа 70 см болсон гэнэ.

1. 2005 оны эцсээр Германд ер бусын хүйтэн болж, цахилгаан дамжуулах шугамууд хөлдөж, унажээ. Эйфелийн цамхаг бүрэн мөстсөний улмаас хэдэн цагийн турш жуулчдад үйлчлээгүй байна. Их Британийн замуудад 500 гаруй автомашин түгжрэн зогсчээ. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхээр засвар, замын албаны бригадууд, аврагч, гал сөнөөгчид, бүр армийнхныг ч татан оролцуулсан гэнэ. Цасанд хамгийн их дарагдсан газруудад нисдэг тэргээр хүнс, дулаан хөнжил хүргэсэн аж.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Төв аймагт гар тэжээл бэлтгэх аян өрнүүлжээ

Өнгөрсөн зун нийт нутгаар гандуу байж, ногоо олигтой ургаагүй тул мал тарга тэвээрэг муутай, хадлан тэжээл бага авсан. Өвөлжилт хүндрэх төлөвтэйг дээр доргүй ярьж буй. Ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож, хүйтний эрч чангарч байгаа энэ үед малчид өвөлд хэрхэн бэлдэж буйг сурвалжлахаар Төв аймгийг зорилоо. Тус аймаг 4.7 сая малтай бөгөөд малынхаа ашиг шимээр амьдарч буй 11 300 малчин өрх бий аж. Дийлэнх суманд нь цас их орж хүйтэрчээ.

Бага хөшигийн үзүүрт өвөлжиж буй малчин айлууд өвөлд хэрхэн бэлтгэсэнтэй танилцахаар Сэргэлэн сумын зүг хөдөллөө. Үстэй дээл, малгай эрүүвчлэн өмссөн малчин хялмаалан орох цас, хүйтнийг үл ажран хонио хариулан явахтай таарав. Сэргэлэн сумын II багийн малчин А.Цэрэнжамц “Зун оройтсон тул хадлан авч чадаагүй.

Нэг боодол өвс 6500 төгрөгөөр худалдан аваад байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад өвсний үнэ төдийлөн нэмэгдээгүй. Харин цаг хатуурвал тэнгэрт хадчихаж мэднэ. Малчин бид чинь цагийн аясаар амьдардаг. Энэ жил их хатуу өвөл болох төлөвтэй. Өнгөрсөн жил өдийд ингэж их хүйтрээгүй санагдана. Одоо жаахан цас нэмэхэд л хэцүүдэх янзтай. Дулаан саравчаа бэлдэх, өвс тэжээл нөөцлөх, мөн өөрсдийн эрүүл мэнддээ анхааран дулаан хувцсаа зэхэхээс эхлээд их ажлын ард гарлаа” гэж ярив.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга Г.Гэрэлцэцэг “Цаашид хүйтний эрч эрс чангарч, цасаар шуурах төлөвтэй. Арваннэгдүгээр сарын 21-ний 08.00 цагийн байдлаар Жаргалант суманд 10, Баян-Өнжүүлд 12, Заамарт 13, Эрдэнэсантад 18 см зузаан цас тогтоод байна. Бусад сум ч мөн адил цастай. Цаашдаа цаг улам хүндрэх учир малчдадаа цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг мессежээр явуулдаг болсон. Дулаан хувцаслан малдаа явж байхыг анхааруулж буй” гэсэн юм.

Аймаг, сум, орон нутгаас өвөлжилтөд хэрхэн анхаарч байгаа талаар А.Цэрэнжамц гуайн гэргий Ц.Мөнхсүхээс лавлахад “Баг, бригадаас өвөлжилтийн бэлтгэл шалгахаар хүмүүс ирж, өвс, тэжээлийн хүрэлцээ болон малын тоо зэргийг авдаг л юм. Хэр хэмжээний тусламж, үйлчилгээ хэрэгтэйг судалж, дэгтий, дах, эсгий гутал, үнэгэн малгай хүрэлцээтэй, эсэхийг хэд хоногийн өмнө шалгасан” гэлээ.

Цаг агаар хүндэрсэн үед ямар арга хэмжээ авах талаар аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Энэ жил манай аймагт зун орой болсноос өвс ногооны гарц муу байсан. Тиймээс бид газрын гарц гайгүй Дорнод, Сүхбаатар руу хадланчдаа явуулж, өвс бэлтгүүлэн нөөцөллөө. Аймгийн аюулгүйн нөөцөд 380 тн өвс, 80 тн тэжээл бэлдэх ёстой байдаг.

Үүнийгээ биелүүлсэн. Мөн сум бүр аюулгүйн нөөцдөө 150 тн өвс, 50 тн тэжээл бэлдсэн. Сум бүрт уламжлалт аргаар гар тэжээл бэлтгэх аян өрнүүлсэн. Аянд албан байгууллага, сурагчид, малчид оролцсон. Таана, хөмүүл түүгээд давс хужиртай холин гар тэжээл хийлээ. Мөн хомоол түүж хивэгтэй холиод малд хүч оруулдаг тэжээл ч базаасан.

Аяны хүрээнд бэлтгэсэн өвс, тэжээлээ өвөлжилт хүндэрсэн сумдад хүргүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулна. Аймгийн ИТХ-аас малчны хотонд өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах шалгуур үзүүлэлт тогтоож өгсөн. Хэдэн малтай, хэчнээн тонн тэжээл, өвс бэлдэх ёстой, дах, дэгтий байна уу зэргийг шалгасан юм. Бүх сумын малчин өрхийн өвлийн бэлтгэлийг бүрэн хангуулахаар ажиллаж байна” гэлээ.

БАЙР СУУРЬ

Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар зарим аймгийн холбогдох албаны хүмүүстэй утсаар холбогдож, тодрууллаа. Өвөлжилт хүндэрч мэдэх төлөвтэйг тэд онцолсон.

1.6 сая мал өвөлжүүлнэ

Г.БААТАР (Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга):

-Манай аймгийнхан өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангасан. Уржигдар, өчигдөр зарим суманд цас орсон ч зам даваа хаагдах хэмжээнд хүрээгүй.

Хүйтний эрч чангараагүй, малчид, ард иргэд тайван байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас арваннэг, арванхоёрдугаар сард цаг агаар тогтуун, агаарын температур, олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй гэж мэдээлсэн. Өнгөрсөн өвөл сэлэнгэчүүд өнтэй сайхан өвөлжсөн. Өнөө жил манай аймагт 1.6 сая толгой мал өвөлжих тоо гарсан.

Энэ сард ахиу цас орно гэж мэдээлсэн

Д.ӨЛЗИЙТ (Увс аймгийн Онцгой байдлын газрын даргын орлогч):

-2017-2018 оны өвөл Увс аймгийн нутагт хүйтний эрч нэлээд чангарах төлөв гарсан. Аймаг, сумдын хэмжээнд өвлийн бэлтгэл ажлаа базаасан. Одоогоор 14 суманд цасан бүрхүүлтэй, цасны зузаан 5-17 см байна. Мөн өнөөдрөөс цас орж, хүйтэрнэ гэх мэдээлэл ирсэн. Арванхоёрдугаар сард цаг агаарын нөхцөл байдал олон жилийн дундажтай адил байх бол нэг, хоёрдугаар сард хүйтний эрч өмнөхөөсөө 0.5-1.5 градусаар нэмэгдэнэ.

Өмнөх жилүүдэд хүйтний эрч 24-32 градус байсан. Энэ сард ахиу цас орох мэдээтэй. Зуншлага тааруу байснаас нутгийн 50 хувь гандуу, 30 хувь гантай байсан. 92 багийн 10 892 өрхийн 3.2 сая малыг өвөлжүүлэхээр бэлтгэл базаалаа. Одоогоор 44 737 тонн өвс, 1185 тонн тэжээл бэлтгэлээ. Аймгийн аюулгүйн нөөцөд 319.4 тонн өвс бий. Өвөлжилтийн бэлтгэл 85.9 хувьтай байна.

Цас, бороо холилдон орж, зарим газар мөстлөг үүссэн

С.ЦЭДЭНБАЛЖИР (Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга):

-Нийт нутгийн 70 хувь нь цастай. Бүрд суманд тал газарт 20, гуу жалганд 60 см зузаан цастай байна. Хархорин, Есөнзүйл, Хужиртад цас, бороо холилдон орж, мөстсөн нь бэрхшээл үүсгэж буй. Бат-Өлзий, Уянга сум ч нэлээд цастай. 109 багийн 15 998 өрхийн 5.5 сая толгой мал өвөлжихөөр тоолуулсан. Отор, нүүдэл ихтэй жил болох нь.

121 иргэн 150 мянган малтайгаа отор хийхээр өөр аймаг руу явсан. Аймгийнхаа нутагт 1297 өрхийн 690 мянган мал оторлож байна. Нутгийн хойд хэсгээр цас их орж, хүйтрэх төлөвтэй. Иргэд малаа олноор нядлах юм уу, отроор явж буй. Сум бүрт 15.9 сая төгрөг төсөвлөж, өвс, тэжээл татсан.

195 мянган мал оторлож байна

Ж.ЭНХ-АМГАЛАН (Хэнтий аймгийн ХХААГ-ын дарга):

-Аймгийн хэмжээнд нийт нутгаар цастай өвөлжиж байна. Ганцхан Дадал сум цас багатай. Нутгийн 70 хувьд цас нэмж орох мэдээ ирсэн. Энэ сарын 22, 24-нд их хэмжээний цас орно. Гоц халдварт шүлхий өвчин дахиж дэгдээгүй, аймгийн хэмжээнд малдаа вакцин тарьж буй. Өөр аймаг, сумын малчид оторлохоор ирэх тохиолдол гарч байна.

Өчигдөр гэхэд Төв аймгийн малчид аймгийн удирдлагаас, тухайн намаржааны эзнээс ч зөвшөөрөл авалгүйгээр ирсэн. Манай аймагт 195 мянган мал оторлож байна. Аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөцийн 87 хувийг бэлтгээд буй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай