Ерөнхий боловсролын сургуулиудын нэршилд стандарт мөрдүүлнэ

Төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын нэршил, хаягийг хууль тогтоомжид нийцүүлэхгүй, дур дурандаа өөрчлөх явдал сүүлийн жилүүдэд газар авчээ. Үүнийг цэгцлэх зорилгоор БСШУСЯ-наас саяхан судалгаа хийхэд ерөнхий боловсролын сургуулийн нэрийг 90 гаруй янзаар бичдэг зөрчил илэрсэн аж.

Тиймээс “ерөнхий боловсролын сургууль”, “ерөнхий боловсролын лаборатори сургууль”, “ерөнхий боловсролын цогцолбор сургууль”, “их, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль” гэсэн дөрвөн загварт нийцүүлэн нэршил, хаягаа цэгцлэх зөвлөмжийг аймаг, нийслэлийн Боловсролын газруудад хүргүүлж эхэлсэн байна.

Сургуулийн нэрийн өмнө гүнзгийрүүлсэн, төрөлжсөн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэхчилэн хэв шинжийг бичих нь сурагчдын дунд ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал үүсэх нөхцөл бүрдүүлнэ гэж үзжээ. Тиймээс БСШУСЯ-ны харьяа Баянгол дүүргийн XXVIII сургууль гэсэн нэршлийг одооноос “Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургууль” гэж өөрчлөхөөр болж буй.

Мөн Монгол Улсын баатар Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Сайхан сумын сургууль, Булган аймгийн Сайхан сумын төрөлжсөн сургалттай сургууль зэргээр зургаан өөр бичдэг байсан бол одоо “Булган аймгийн Сайхан сумын ерөнхий боловсролын сургууль” гэсэн нэг нэршилтэй болох аж. Харин их, дээд сургуулиудын дэргэдэх лицейг МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль гэх мэтээр бичиж байх гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай