ДНБ-ий 0.12 хувьтай тэнцэх санхүүжилттэй ШУ-ны салбар нээлтүүдээ танилцуулсаар байна

ДНБ-ий 0.12 хувьтай тэнцэх санхүүжилттэй ШУ-ны салбар нээлтүүдээ танилцуулсаар байна

11 дүгээр сарын 22, 23-ны өдөр эрдэмтдийн бүтээлийг дэлгэсэн "Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017 " экспо үзэсгэлэн,  11 дүгээр сарын 24-ний 12 цагт ойн баярын хурал, хүндэтгэлийн концертыг тус тус зохион байгуулж байна.

"Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017" экспо үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, улсын их, дээд сургуулиуд, гарааны бизнесийн төлөөлөл зэрэг 90 гаруй байгууллага оролцоно. Дэлхий нийтээр XXI зууныг шинжлэх ухаанд суурилан хөгжинө хэмээн тодорхойлсон. Энэ чиг хандлагад уялдуулан Монголын эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж сурталчилж байгаа юм.

Үзэсгэлэнд ном, товхимол, урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур, биологийн идэвхит бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, пестизид бордоо, эрчимжсэн мал аж ахуй, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхай нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт метал, газрын ховор элемент мэдээллийн технологийн чиглэлийн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, технологи загваруудыг танилцуулж байна.

Энэ үеэр шинжлэх ухаан салбарын дэвшил, эрдэмтэн судлаачдын гаргасан шинэ нээлт, ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, эрдэм шинжилгээний шилдэг 20 ажилтаныг маргааш шагнаж урамшуулах гэнэ.  Мөн шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой уулзалт юм.

mail 2017 онд шинжлэх ухааны салбарын нийт санхүүжилт 33,8 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд энэ манай  улсын ДНБ 0.12 хувьтай тэнцэж байна. Төрөөс шинжлэх ухааны баримтлах бодлогод шинжлэх ухаан технологийг ойрын есөн жилд эрчимтэй хөгжүүлэх зорилго, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, 2025 онд 2,5 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Шинжлэх ухааны салбарын санхүүжилт нь ДНБ-ийнхээ 1 хувь хүрэхэд тэр улсын шинжлэх ухаан эдийн засагтаа мэдэгдэхүйц үр ашгаа өгдөг гэж үздэг юм байна.

Манай улсын хувьд шинжлэх ухааны санхүүжилтийг ойрын үед нэг хувьд хүргээд, санхүүжилтийг цааш  нь үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого барин ажиллаж байгааг БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, академич Т.Ган-Эрдэнэ өгүүлэв.

Улсын хэмжээнд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд 1600 гаруй эрдэмтэн, судлаачид ажилладаг. Шинжлэх ухаан технологийн сангаас 2017 онд эрдэмтдийн бүтээлүүдээс шалгаруулан 447 төсөлд 8.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Шинжлэх ухаан, инновацийн энэхүү төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах Start-up буюу гарааны компаниудыг байгуулан ажиллаж байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай