Тэргүүн эгнээнийхэн

“Согтуу хүн агсам тавиад байна”, “Манай эхнэр гуя руу хутгалчихлаа”, “Цоож эвдээд гэрт хулгайч орчихлоо”, “Манай хүүхэд найзуудтайгаа нийлж, хар тамхи татсан бололтой, шалгуулъя”, “Согтуу нөхөр нь эхнэрээ зодоод байна” гэх зэрэг болж бүтэхгүй дуудлага цагдаа нарыг чих амар суулгахгүй.

Нийгмийн бүх л хар бараан мэдээлэл, үйл явдал дунд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг, иргэдийнхээ амар тайвны төлөө зүтгэдэг цагдаа, тэр дундаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Жижүүрийн шуурхай албаныхны бүрэлдэхүүний нэг өдрийн ажил ямар байдгийг сурвалжиллаа.

Тэдний ажил бусдаас онцлог. Ажлын найман цагаар бус, 24 цагийн турш үүрэг гүйцэтгэдэг. Хүний амь бүрэлгэсэн, хулгай, дээрэм, хүчирхийлэл зэрэг гэмт хэргийн шинжтэй бүх л дуудлагад жижүүрийн бүрэлдэхүүн газар дээр нь очих үүрэгтэй. Хөдөлгөөнт эргүүлийнхэн тухайн газрыг хамгаалалтад авсны дараа тэд ажиллаж эхэлнэ.

Энэ удаагийн сурвалжилгын баатрууд бол жижүүрийн бүрэлдэхүүнд багтсан мөрдөн байцаагч, ахмад Б.Бүрэнзэвсэг, эрүүгийн мөрдөгч, дэслэгч Г.Лхагвасүрэн, Б.Пүрэвдорж, криминалистикийн шинжээч, ахлах дэслэгч М.Түмэннаст, жолооч, ахлах ахлагч Б.Бямбасүрэн нар байв.

Энэ өдөр иргэд, албан байгууллагаас ирсэн мэдээллийг шуурхай хуваарилах гол ажлыг нугалж буй жижүүрийн шуурхай албыг ахалж, хошууч Ш.Баатархаан, дуудлага, мэдээлэл хүлээн авагч, дэд ахлагч Н.Анхбаяр, хэлтсийн хариуцлагатай эргүүл, ахлах байцаагч, ахмад М.Мөнхцэцэг нар ажилласан юм.

14.00 цаг. Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Т.Дамбийням биднийг энэ цагт хүлээн авав. Учир нь гэмт хэрэг, зөрчлийн дуудлага оройн цагаар нэмэгддэг, мөн бидний сурвалжлах жижүүрийн бүрэлдэхүүн хонож ажиллах учраас тэр. Тус хэлтэс 11 хорооны 381 мянган га талбай, 113 280 хүн хариуцаж ажилладаг юм байна.

Хариуцсан нутаг дэвсгэрт нь Сансрын үйлчилгээний төв, Баянцээлийн гудамж, ХХААХҮЯ орчмын баар, цэнгээний газрууд гээд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж хамгийн олон. Тодруулбал, III, VII хороонд гэхэд л караоке 12, баар 11 байх жишээтэй. Энэ хэрээр хэрэг, зөрчил их гарна. Энэ оны эхний арван сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 7334 гомдол, мэдээлэл хүлээн авч, шалгасны 62.8 хувь нь гэмт хэргийн, 37.2 нь захиргааны зөрчлийн шинжтэй байсан нь өмнөх оны мөн үеэс 500 хэрэг буюу 33.7 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Т.Дамбийням хурандаа онцолсон.

08.00 цагт хэлтсийн бүрэлдэхүүн цуглаж, удирдах дээд байгууллагаас ирсэн үүрэг, чиглэл, яаралтай албан бичиг, өмнөх өдөр гарсан гэмт хэрэг, түүний шалтгаан, нөхцөлд дүн шинжилгээ хийнэ. Ямар хэргийг хэн, хэрхэн шалгах, хэргийн газрын анхан шатны үзлэг, нотлох баримтыг яаж цуглуулж, бэхжүүлсэн зэрэгт тасаг, хэлтсийн дарга нар хяналт тавьж, холбогдох албан тушаалтанд нь шилжүүлснээр ажлын нэг өдөр нь эхэлнэ. Энэ сарын 16 буюу пүрэв гаригт орон сууцны гадаа тавьсан автомашины шил хагалж, хулгай хийх, өдрийн цагаар гэр хорооллын айлуудыг ухах, баар, цэнгээний газар цаг хэтрүүлэн ажиллах, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн зэрэг зөрчил цөөнгүй гарчээ.

Тиймээс Т.Дамбийням хурандаа эдгээрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгийн байцаагч нарт үүрэг өгөөд байв. Пүрэв гаригт 146 дуудлага, мэдээлэл хүлээн авч, сураггүй болсон дөрвөн хүнээс хоёрыг нь олсон, эрүүлжүүлэх байранд 11 хүнийг саатуулсан, тус хэлтсийн хариуцсан бүсэд гарсан 13 гэмт хэргийг судалж үзэхэд 11 нь хулгай, найм нь автомашины цонх хагалж, эд зүйлсийг нь тоносон хэрэг байжээ.

14.40 цаг. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны есдүгээр байрны нэгэн оёдлын цехэд 57 настай эмэгтэй ухаан алдан унаж, амиа алдлаа гэсэн дуудлага ирсэн юм. Гэвч энэ нь жижүүрийн бүрэлдэхүүн 09.23 цагт ирсэн “Манай эхнэр гуя руу хутгалчихлаа” гэсэн эхний дуудлагаа авч хэрэг гарсан газрыг зорьсон үетэй таарав. Тэд нэг дуудлагаас нөгөө рүү амсхийх завгүй очиж, шуурхай ажилладаг юм билээ. Золгүй байдлаар амиа алдсан эмэгтэйн ажилладаг оёдлын цехэд очиход хажуугийнх нь үсчний газрын болон хамт ажилладаг хүн нь байв.

Талийгаач “Даралт ихсээд байна” гээд эмийн сан орж, даралтаа үзүүлэхэд 160 болсон байж. Ингээд ажлын байрандаа сандал дээрээ сууж байгаад гэнэт хойш савж унасан гэнэ. Шавилхан биетэй шинжээч бүсгүй, ахлах дэслэгч М.Түмэннаст цогцост үзлэг хийж, хэд хэдэн зураг авч баримтжуулав. Энэ хооронд мөрдөн байцаагч, ахмад Б.Бүрэнзэвсэг тухайн газрын орчин, нөхцөл байдлыг нэгд нэгэнгүй бичиж тэмдэг

лэлээ Талийгаачийн бие газар унасан хэсгээрээ хөхөрчээ. Үүнийг тэд хүүрийн толбо гэж нэрлэдэг бөгөөд зарим хүн “Зодуулснаас хөх няц болсон” гэж буруу ойлгодгийг тайлбарлав. ШШҮХ-гийн шинжээчид цогцсыг авч явлаа. Хайртай хүнээ алдсан ар гэрийнхэн нь сандарч мэгдэн, цогцсыг өгч явуулахад саад болдог боловч тэд ажлаа хийж буй учраас заавал авч явах ёстой. Хэрэв цогцсыг үлдээвэл нас барсны дараах гэмтэл үүсэх зэргээр тэдний ажилд эрсдэл тулгардаг гэнэ.

Энэ дуудлагын дараа тэд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэсэг залуусыг шалгасан юм. Тухайн орчинд хар тамхины төрлийн бодис, ургамал байгаа, эсэхийг эхлээд тогтоодог аж. Тэд мөнгөн дэвсгэрт хуйлж ашигласныг харахад ямар нэгэн төрлийн хар тамхи хэрэглэсэн нь анхан шатны үзлэгээр тодорхой болжээ. Зам халтиргаа гулгаа ихтэй ч чадварлаг жолоочтой учир дуудлагад шуурхай очиж байлаа. Харин дуудлага бүрт сурвалжлах баг очих боломжгүй байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.

18.00 цаг. 21 дүгээр хорооны нутаг, Ганц худагийн задгайд оршин суудаг нэгэн айлд хулгайч орсон дуудлагын дагуу очив. Гэгээ тасарч, бүрэнхий болсон тул дуудлага өгсөн хүн биднийг 500 метр орчим газраас тосож авлаа. Түүний зааснаар гэрт нь ирэхэд хашаан дахь цасан дээр гутлын мөр тод гарсан харагдана. Гэрийн эзэн мөрийг дагаж яваад саяхны хүчтэй шуурганы улмаас унасан хашааны завсраар хулгайч орж ирснийг тогтоосон гэнэ. Харин хулгайч гэрээс буцаж гарахдаа хашааны булан дагаж, цас багатай хэсгээр явжээ.

Шинжээч бүсгүй гутлын мөрний зураг авсны дараа гэрт орж, гарын мөр, хурууны хээ үлдсэн байж болзошгүй төмөр савыг тусгай зориулалтын бэхжүүлэгч ашиглан тодруулаад гэрэл зургийг нь авч баримтжуулав. Дөрвөн ханатай гэрийн хойморийн авдарт байсан эд хогшлыг энд тэнд шидэлж, ундуй сундуй болгожээ. Гэрийн зүүн орон дээр нэгэн эмэгтэй, бяцхан охины хамт айж мэгдсэн янзтай сууж байлаа. Тэрбээр зургаан настай охиноо сургуулиас нь аваад гэрийнхээ хаалгыг онгойлгох гэтэл цоожгүй, хамаг эд зүйл нь энд тэнд хөглөрснийг хараад айж балмагдсандаа нөхрөө дуудсан юм байна.

Түүний нөхөр микро автобусны жолооч аж. “Нэг нь 450 мянган төгрөгийн үнэтэй хоёр гар утас, гадаад паспорт, иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт, эхнэрийнх нь гоо сайхны бүтээгдэхүүн алга болсныг мэдээд эмэгтэй хүн авсан байх гэж бодож байлаа. Гэтэл цасан дээр гарсан мөрийг нь харахад маш том хэмжээтэй гутлынх байсан. Яавч эмэгтэй хүн биш” гэж гэрийн эзэн ярив. Урьд нь энэ хавийн айлуудад хулгайч бараг орж байгаагүй гэнэ.

“Баруун орны хажууд байсан гурван шинэ гутал, авдар дахь өвлийн шинэ куртик, дээлийг аваагүй байна. Бэлэн мөнгө, үнэт эдлэл хайсан бололтой” гэж тэд ярив. Энэ хэргийг илрүүлэхийн тулд дэслэгч Б.Пүрэвдорж хүч хавсран ажиллалаа. Тэрбээр хэлтэстээ иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах чиг үүрэгтэй ч дуудлага хүлээгдсэн учраас ийн бэлэн байдалд шилжжээ. Цасан дээрх мөрөөр хулгайчийг олох боломжтой, эсэхийг түүнээс лавлахад “Гутлын мөр үлдсэн болохоор таамагтай. Орон байрны хулгай хийсэн хүний хувцас, гуталтай харьцуулах боломжтой гэсэн үг.

Тод гарсан мөрөөр тухайн хүний өндрийг тогтоож болдог. Энэ айлын хаалганы цүүг нь эвдэн оржээ. Гэр хорооллын айлууд эзэнгүй гэснээ батлах мэт том цоож зүүчихдэг. Хулгайч нар хашааны завсар зайгаар хараад эзэнгүй гэдгийг нь амархан мэднэ. Уг нь далд цоож хийчихвэл эвдэхэд амаргүй. Хоногт халаасны хулгай, хүнд залилуулсан, зодуулсан зэрэг 14-15 өргөдөл хүлээн авдаг. Одоо хэлтэс рүүгээ буцахгүй бол өргөдөл өгөх гэсэн хүн олон байна” гэлээ.

“Даваа гаригт холбогдъё. Та хоёр эд зүйлээ шалгаад дутуу юм байвал хэлээрэй” гэсээр бид тухайн айлаас хөдлөв. Нуруу нь хүйт оргиж, айдастай буйгаа гэрийн эзэгтэй хэлэхэд, зургаан настай охин нь түүнийг дагаж бүлтгэнэх нь өрөвдөлтэй. Айл гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хар мөртэй хулгайч удахгүй олдоно гэж найдъя.

21.00 цаг. Явган эргүүлийн цагдаа нар үүрэг, чиглэл авч ажилдаа гарлаа. 28 албан хаагч 14 чиглэлд гарахаар болсон байв. Хэв журмын тасгийн Эргүүл, хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, ахлах дэслэгч С.Амгаланбаатарын өрөөнд ахлах ахлагч П.Мөнхжаргал орж ирэв. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагад яваад 75 настай эмэгтэйг эрүүгийн мөрдөгчтэй уулзуулахаар авчирчээ.

Түүнээс учир байдлыг нь асуухад “Төрсөн хоёр охин нь ээжийгээ зодсон дуудлагын дагуу очоод ирлээ. БНСУ руу явна гээд ээжийнхээ тэтгэврийг барьцаалан 11 сарын хугацаатай зээл авахуулсан юм байна. Тэгээд ээжээсээ гадаад паспортоо нэхэж, маажиж, унагасан гэнэ. 37, 41 настай хоёр эмэгтэй байсан. Эмээ 11 хүүхэд гаргасан ч ганцаараа байр түрээсэлж амьдардаг юм билээ. “Хөгшин авгай минь, цагдаад өргөдөл өгвөл дэмий шүү” гээд утсаар дарамтлаад байгааг эмээ хэлсэн” гэв. Тэрбээр буудалд амиа хорлохыг завдсан, хулгайч орсон, согтуу хүн гудамжинд хэвтэж байна гэсэн гурван дуудлагад очоод ирсэн гэнэ.

21.50 цаг. Жижүүрийн бүрэлдэхүүн “Приус-20” машины толины хавтас алдагдсан хэрэгт үзлэг хийгээд дараагийн дуудлагадаа явахаар зэхэв. Тэд 09.23 цагт хэлтсээсээ гарснаас хойш дуудлагаар тасралтгүй яваа нь энэ. Дараа нь найз залуугийнхаа эрүүг зүссэн гэх эмэгтэйн гэрт очих байв. 15 дугаар хороонд байрлах уг айл руу явах замдаа тэд хуушуур авч, хооллосон юм. Дуудлага багатай үедээ хэлтсийнхээ дэргэдэх цайны газарт ундалдаг бол ажил ихтэй цагт энэ мэтээр аргалдаг юм байна.

22.30 цаг. Нэгэн орон сууцны есөн давхарт ирлээ. З гэх эмэгтэй найз залуугийнхаа эрүүг зүсэж гэмтээсэн байв. Энэ тухай дуудлагыг залуугийн ээж нь цагдаад өгчээ. Яаралтай түргэн тусламжийн эмч нар ирж, залууд оёдол тавьсан аж. Хэрэг болсон айлд ороход энд тэндгүй цусны мөр гарч, эд зүйлс нь хөглөрчээ. Юу болсон талаар мөрдөн байцаагч, ахмад Б.Бүрэнзэвсэг асуухад хэрэг өдүүлсэн гэх эмэгтэй юу ч дуугарахгүй, уйлсаар байв.

Шинжээч бүсгүй цус ихээр дуссан газарт тусгай тэмдэг тавьж, гэрэл зургийг нь авлаа. Тоо бүхий энэ тэмдэглэгээ дараа нь хэргийн материалтай танилцах, шалгахад эд мөрийн баримт болдог аж. Шалан дээрх цус хатсан учраас хусаж, тусгай саванд хийв. “Ажлаа хийх хэрэгтэй байна, яг юугаар зүссэн юм, энд байгаа хутгаар уу, хайчаар уу, чи зүссэн гэдэг нь үнэн үү” гэж шинжээч, ахлах дэслэгч М.Түмэннастыг асуухад өнөөх эмэгтэй “Тэр намайг унагах гээд байсан учраас би айсандаа...” гээд чимээгүй боллоо. Мөн тэр залуугаа цонх, телевиз хагалсан гэж хэлэв. Тэд хоёулаа согтуу байжээ.

00.00 цаг. Баасан гариг шоуны өдөр гэсэн бичигдээгүй хуультай манай хотод энэ цагт хөл хөдөлгөөн татарна гэж үгүй. Харин гадаа тачигнаж байсан учраас тэр үү, “Баянцээл”, Сансар орчим хүн цөөтэй байв. “Баянцээл”-ийн орчим нэг дор 10 гаруй баар, цэнгээний газар төвлөрдөг учраас согтуу нөхөд элдэв гэмт хэрэг үйлдэх нь их. Хэв журмын тасгийн Эргүүл, хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, ахлах дэслэгч С.Амгаланбаатар, дэслэгч Т.Жаргалсайханы хамт дээрх газраар эргүүлд гарлаа. “Эргүүл-1000” арга хэмжээ зохион байгуулж, оюутнуудыг дайчилдаг болсноор явах чиглэлийн тоо нэмэгджээ.

Оюутнуудын шалгалтын цаг эхэлсэн учраас одоогоор эргүүлд гаргахгүй байгаа гэнэ. Баар, цэнгээний газрууд 04.00 цаг хүртэл ажилладаг болсноос хойш шөнийн цагаар танхай, дээрмийн хэрэг нэмэгддэг. Ерөнхий боловсролын сургуулийн охид, хөвгүүд хөл дээр тэнцэж ядан зогсох аж. Баар руугаа чирэх нь холгүй оруулдаг угтагчдыг цагдаа нар тараасан юм. Эргүүлд явсан дөрвөн цагдааг 10 гаруй залуу ээрч, муудалцсан байхтай таарлаа. Согтуу, солиотой ямар ч хүнтэй зүй зохистой харилцах үүрэгтэй ч болохгүй бол биеэ хамгаалах эрх тэдэнд бий.

Ингээд Сансар дахь цагдаагийн кобанд жижүүрлэж байсан дэслэгч З.Одбаяр, ахлах ахлагч Б.Өнөбат нарыг “эргэв”. Нэгнийхээ хамрыг нээсэн гурван нөхөр тэнд сууж байлаа. Харин хоёр цагдаа “Эмэгтэй хүн машинаас унасан” гэх дуудлагад явсан юм. Эхнэр, нөхөр хоёр муудалцсаны улмаас эхнэр нь машинаасаа үсэрчихжээ. Газар унасан эхнэрийнх нь эргэн тойронд олон хүн шавах зуур нөхөр нь зугтсан байна. Тэд согтуу байжээ.

01.20 цаг. Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Жижүүрийн шуурхай албанд 146 дуудлага ирсэн байв. Үүнээс 23 нь гэмт хэргийнх бол 25 нь гэр бүлийн хүчирхийллийнх аж. Өглөөнөөс хойш тасралтгүй дуудлагад явсан жижүүрийн бүрэлдэхүүний нөхдийг энэ цагт л “барьж авав”. Эрхзүйч- криминалистикийн шинжээч, ахлах дэслэгч М.Түмэннаст мэргэжлээрээ зургаа дахь жилдээ ажиллаж буй аж.

Тэрбээр Сүхбаатар аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэг, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, ШШҮХ-д ажиллаж байсан туршлагатай. Тэд энэ цагийн байдлаар хүн нас барсан, хар тамхитай холбоотой, хутга мэс, хулгайн гээд нийт есөн дуудлагад очжээ. Түүнээс гарын дардас илрүүлэх талаар асуухад “Сэжигтэн этгээд, хохирогч, эрүүлжүүлэгдсэн гээд олон хүний гарын дардас Пафилион санд авагдсан байдаг учраас шинжилгээний хариу тохирох юм бол сэжигтнийг шууд тогтоож болно.

Гарын мөр дахин давтагдашгүй шинж чанартай” гэв. Тэрбээр ЦЕГ-аас Цагдаагийн академид суралцах урилга авч, энэ мэргэжлийг эзэмшжээ. Сурч байхдаа үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийж, алба хаагч шиг ажилласны хүчинд сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон гэнэ. Үүний хүчинд ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй, сэтгэл санааны дарамтад орохгүй, ажил амьдралаа холихгүй авч явж чаддагаа хэлэв. Түүний гэр бүлийн хүн мөн л шинжээч мэргэжилтэй учраас нэгнийхнээ ажлыг ойлгож, дэм болдог аж.

Хэргийн газар үзлэг, шинжилгээ хийж, гэрэл зургаар баримтжуулснаар түүний ажил дуусахгүй. Авсан зургаа угаах, шинжилгээний хариу гаргах гээд мундахгүй юм билээ. Харин мөрдөн байцаагч, ахмад Б.Бүрэнзэвсэг ажлынхаа талаар ийн ярив. “Бид хоногт 10 гаруй дуудлагад явдаг. Хэргийн талаарх мэдээллийг нарийн сайн тэмдэглэдэг. Ингэхдээ нотолгоо, баримттай юм олж авах, ул мөрийг бэхжүүлэхийн тулд цаг хугацаа хамаарахгүй үзэж шалгадаг. Дуудлагад түргэн очихын тулд өргөдөл гаргаж буй хүмүүсээ хэлтэс рүү явуулдаг юм” гэв. Тэрбээр цагдаагийн байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж буй аж.

03.00 цаг. Нийслэлчүүд дулаан хөнжилдөө амарч байх энэ үед цагдаагийнхан ид ажилтай бужигнана. Дуудлагад явахаас гадна жижүүрийн бүрэлдэхүүний бичиг цаасны ажил дундардаггүй юм байна. Ажлын ачаалал, хар бараан мэдээнээс болж сэтгэл зүйн дарамтад орохоор юм билээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 4000 хүн тутамд нэг хэсгийн байцаагч байхаар баталсан ч амьдрал дээр 10 000 хүнд нэг хэсгийн байцаагч ногдож буй.

Хүн хүчээр бүрэн хангаж чаддаггүй юм гэхэд техникийн дэвшил ашиглах боломж олгох хэрэгтэй. Гэтэл тус хэлтсийн нутаг дэвсгэр дэх хяналтын 44 камераас зургаа нь ажилладаг гэнэ. Бусад нь ашиглалтын зардал, урсгал засвар үйлчилгээний төсөвгүйгээс ажиллахаа больжээ. Баасангаас бямба гаригт шилжих шөнө тус хэлтсийнхэн 149 дуудлагатай өнжив.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай