Сири дэх Оросын цэргийн ажиллагаа дууссаныг мэдэгдэв

ОХУ, Сирийн Төрийн тэргүүн Владимир Путин, Башар Асад нар урьдчилан мэдэгдэлгүйгээр уулзав. Сирийн нутаг дэвсгэрт террористуудтай тэмцэх талаар хамтран ажиллаж дууссаныг Оросын Ерөнхийлөгч уулзалтын үеэр мэдэгдлээ. Тэд энэ сарын 20-нд ОХУ-ын Сочи хотноо уулзсан байна. Төрийн тэргүүн нар Сирийн байдлыг зохицуулах, энэ үйл явц дахь Оросын оролцооны талаар ярилцжээ.

“Сирийн улс төрийн үйл явц НҮБ-ын ивээл дор өрнөх ёстой” хэмээн В.Путин хэлсэн байна. Сирид Оросын явуулсан ажиллагаа амжилттай болсныг Б.Асад тэмдэглээд, энэ нь Сири улс тусгаар тогтнолоо хамгаалж, энхийн зохицуулалт хийх улс төрийн үйл явцыг эхлүүлэхэд тус болсон гэв.

В.Путин хэлсэн үгэндээ Оросын хувьд Сирид явуулсан цэргийн ажиллагаа дууссаныг нотлохдоо “Терроризмыг бүрэн ялах болоогүй байна” гэлээ. Хариуд нь Б.Асад улс орныг нь аврахаар гаргасан хүчин чармайлтын төлөө Оросын Зэвсэгт хүчинд талархаж буйгаа илэрхийлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэхээс өмнө Сирид явуулж буй ажиллагаагаа дуусгахыг В.Путин хичээж байна хэмээн Оросын олон улстөрч таамаглаж байсан билээ. Тус улс Сирид хоёр жил гаруй байлдаж байна. Эл мөргөлдөөнд ОХУ хөндлөнгөөс оролцсон гол зорилго нь олон улсын таванд өөрийн эзлэх жингээ нэмэгдүүлэх, дэлхийн бусад гүрэнтэй наймаалцахад Сирийн сэдвийг ашиглах гэсэн хүсэлтэй холбоотой гэсэн байр суурь шинжээчдийн дунд түгээмэл байв.

Сирид цэргийн ажиллагаа эхэлсэн 2015 онд Украины Донбасс дахь дайны идэвхтэй үе дууссан. Энэ нь оросуудын хувьд өнгөрсөн оны гадаад улс төрийн гол хэлэлцэх асуудал болсон билээ. “Украины зүүн нутагт явуулсан дайнд амжилт олоогүйгээ нуухын тулд анхаарал сарниулах алхам хийх хэрэгтэй болсон” гэж Шведийн эдийн засагч бөгөөд дипломатч, орос судлаач Андерс Ослунд тэмдэглэжээ.

2015 оны есдүгээр сарын 30-нд ОХУ-ын Агаар, сансрын хүчин Сирийн нутаг дэвсгэрт анхны цохилтоо өгсөн. Үүнээс хойш байлдааны 30 мянга гаруй нислэг үйлдэж, агаарын 90 мянга гаруй цохилт өгчээ. Албан ёсны мэдээллээс үзвэл өнгөрсөн хоёр жилд Оросын цэргийн 40 орчим алба хаагч амь үрэгдсэн байна. Сирид оросууд орох үед тус улсад дайн дэгдээд таван жил болсон байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай