Т.Доржханд: Халамжаа хавтгайруулаад, баларсан орнуудын замаар явж байна

Эдийн засагч Т.Доржхандтай ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Сангийн яаманд 15, Олон улсын валютын санд таван жил ажилласан туршлагатай хүн юм.

-Засгийн газар огцорсноос шалтгаалаад 2018 оны төсвийг бараг хэлэлцэлгүй баталлаа. Ирэх жилийн төсвийг хэр болсон гэж дүгнэж байна вэ?

-Төсөв ямар зорилго, ач холбогдолтойг товчхон дурдах нь зүйтэй болов уу. Төсвийг мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй хүмүүс олон таардаг. Төсвийн үндсэн зорилго нь нийтийн эрх ашгийн төлөө эргэж төлөгдөхгүй арга хэмжээг санхүүжүүлэх байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогыг хэрэгжүүлдэг санхүүгийн эх үүсвэр юм. Төсвийн үндсэн үүрэг нь хөгжлийн санхүүжилт хийх, орлогын тэгш бус байдлыг арилгахад чиглэдэг.

Эдийн засгийг залуурдахад төсөв ямар оролцоотой юм бэ гэсэн онолын хэлэлцүүлэг дөрвөн жилийн өмнө Олон улсын валютын санд (ОУВС) намайг ажиллаж байхад өрнөсөн. Мөнгө нийлүүлэхээр тухайн улсын эдийн засаг өсөх боломжтой учраас ийм бодлогыг олон оронд хэрэгжүүлсэн. Үр дүнд нь дэлхийн эдийн засгийн 2008-2009 оны эдийн хямрал болсон. Нью-Йоркийн Уоллстрийтийн томоохон банк, санхүүгийн зуучлалын компаниуд мөнгөний нийлүүлэлтийн үр дүнд зах зээлд хөөс бий болгосон. Хөөс хагараад хямрал нүүрлэсэн хэрэг.

Үүнээс зохицуулалтгүйгээр мөнгө нийлүүлэх нь буруу бодлого гэсэн дүгнэлт гаргасан юм. Нөгөө талд нь аливаа улсын эдийн засаг зохицуулалттайгаар хөгжлийн зорилтоо тодорхойлох нь зөв гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд хөгжлийн зорилтыг санхүүжүүлдэг үндсэн функц нь төсөв гэдэгтэй санал нэгдсэн. Төсөв аль ч улсад агуулгаараа маш ач холбогдолтой санхүүжилтийн эх үүсвэр.

Өндөр хөгжсөн орнуудын эдийн засгийг судлахаар Засгийн газрын бодлого, оролцоо, төсвийн зөв зохицуулалт нь хөгжилд гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Би энэ жилийн төсөв өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад сайжирсан гэж дүгнэж байгаа.

-Яагаад сайжирсан гэж?

-Өмнөх жилүүдэд төсвийн сахилга бат алдагдсан. Хөгжлийн банкны санхүүжилтийг төсвөөс хассан, мөн Монголбанк төсөвтэй адилтгах их хэмжээний зээл олгосон. Үндсэндээ Монгол Улс гурван төсөвтэй явж байсан. Одоо бүх санхүүжилтийг нэгтгээд нэг төсөвтэй боллоо. Ингэж салан задгай байдлыг зөв голдиролд нь оруулж байна. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байгааг монголчууд мэднэ.

ОУВС-гийнхан улс төрийн нөлөөгөө төсөвтөө тусгаад, урт хугацааны хөгжлийн бодлогоо санхүүжүүлэхгүй, халамж руу хандаад байна, бүсээ чангал, концессоо боль, цаад талд нь авлига цэцэглээд, үр ашиг алга гэж Засгийн газрыг шахаж байна. Үүний үр дүнд ирэх жилийн төсөв өмнөхөөс сайжирлаа. Төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 31.8, орлого 23.8 хувьтай тэнцүү байна. Ингэснээр алдагдал нь дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай дүйлээ. Төсвийн зарлагыг үүнээс илүү танаж, алдагдлыг нь багасгах боломж байсан гэж хувьдаа харж байгаа.

Төсвийг батлах хуулийн хугацаа тулсан учраас шинэ Сангийн сайд танаж чадсангүй бололтой. Сангийн сайд авч хэрэгжүүлэхээ зарласан бодлогын зарим арга хэмжээг дэмжиж байна. Төсвийн алдагдлыг дотоодын зах зээлд татваргүй, 14-18 хувийн хүүтэй бонд гаргаж нөхөж ирсэн. Бондын ихэнхийг банкууд худалдан авдаг. Дотоодын банкуудад өндөр хүүтэй бонд худалдахаа болиод гадаадаас хямд эх үүсвэр татаж, төсвийн алдагдлыг нөхөх гэж байгаа нь сайн хэрэг.

Гадаадаас хямд эх үүсвэр босгохын тулд зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй. Саяхан Засгийн газар 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондыг 5.625 хувийн хүүтэй гаргалаа. Жилийн өмнө “Мазаалай” бондын хүү 10.7 хувьд хүрсэн. Гадаад эх үүсвэрийн хүүг даруй дөрвөн хувиар бууруулсан байгаа биз. Энэ нь боломж байгааг харуулсан явдал.

Хямд хүүтэй эх үүсвэр татвал нэг их наяд төгрөг даваад байгаа зээлийн хүүгийн төлбөр багасна. Өөрөөр хэлбэл, төсвийн урсгал зардал буурна гэсэн үг. Нөгөөтэйгүүр банкуудад бондоо зарахаа больчихвол тэр мөнгөөр бизнесийн зээл олгож, бодит эдийн засгаа дэмжих юм.

-Ирэх жилийн төсвийг 2.4 их төгрөгийн алдагдалтай баталсан. Өр тавьж, санхүүжүүлэхээс өөр гарцгүй. Өр нэмэгдэж буйд санаа зовж байна уу?

-Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өсөхөөр төсвийн орлого нь нэмэгддэг, тэгэхээр нь зарлагаа тэлчихдэг алдааг манайх шиг баялагтай орнууд гаргадаг. Баялгийнх нь үнэ хямдрахаар орлого нь багасна. Ингэхээр төсвийн зарлагаа танах хэрэгтэй л дээ. Манай улсын төсвийн орлого өнгөрсөн жилүүдэд хэлбэлзээд л байсан. Гэтэл төсвийн зарлагаа танаагүй. 2008 оноос хойш үргэлж өсгөснийг харж болно.

Их хэмжээний алдагдлаа зээл авч, нөхөөд л яваад байна. “Баялгийн хараал” туссан нь өрөөр илрээд байгаа юм. Шинэ Засгийн газар бүр иргэдээс оноо авах бодлого хэрэгжүүлэхийн тулд төсвөө тэлсээр байгаа. Их өртэй, цамаан эдийн засагтай яваад байвал баларсан орнуудын араас ороход ойртоно. Африк, Латин Америкийн орнууд баялагтаа дулдуйж, өр тавиад баларсан жишээ олон. Тухайлбал, Аргентин улсын сонгодог жишээ бий.

Тэдний эдийн засаг 1970-1980 онд маш сайн өссөн. Гэтэл популист улстөрч Ерөнхийлөгч болонгуутаа төсвийн ажилтнуудын цалинг 2-3 дахин нэмж, халамжийг хавтгайруулсан байдаг. Тун удалгүй эдийн засаг нь унахад төсвийн зардлаа хумьж чадахгүй, зээлээр нөхөж эхэлсэн. Эхлээд дөрвөн хувийн хүүтэй зээл олдож байж.

Эдийн засгийн нөхцөл нь муудах тусам хүү нь өсөж, 18 хувьд хүрсэн, сүүлдээ хөрөнгө оруулагчид зээл өгөхөөс татгалзсан гэдэг. Тэднийх 2000 оны эхээр цагаан тугаа өргөөд, бид өрөө төлж чадахгүй нь гээд дефольт зарласан. Жилийн өмнө манайх дефольт зарлах дөхсөн шүү. Хөгжлийн банкны 600 сая ам.долларын зээлийг төлөхөд хүнд байсан.

-Зарим улстөрч дефольт зарласан ч яадаг юм гэж байсан. Дефольт зарлахаар яадаг вэ?

-Аргентин, Грект ямар нөхцөл үүссэнийг жишээлж ярья. Дефольт зарласны дараа санхүүгийн байгууллагууд тухайн улсын өрийг нь хямдруулан худалдаж авдаг. Ингээд үнэ цэнэтэй объект гэх мэт зүйлийг нь мэдэлдээ авна. Цаашлаад хувь хүмүүсийнх ч үнэ цэнэтэй зүйлд гар дүрдэг. Гэрээгээрээ ийм эрх олгодог юм. Өрийг худалдаж авсан байгууллага иргэдийн хадгаламжийн данснаас хүртэл мөнгө татах эрхтэй болдог. Дефольт зарлах нь үндэсний аюулгүй байдалд маш хохиролтой.

-Төсвийн сахилга батыг сахиулах цоож хийх хэрэгтэй гэлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, сахилга батыг хангах хязгаар тавьсан.

Гэвч манай төр энэ хуулийн бүх хязгаарыг нэмээд, үзэл баримтлалгүй цаас болгож хувиргасан шүү дээ. Тэгэхээр өөрөөр яаж цоожлох вэ?

-Дэлхийн эдийн засгийн 2008-2009 хямралын үеэр манай улсын эдийн засаг хүндэрч, ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн үр дүнд тогтвортой байдлын тухай хуулийг баталж, төсвөө цоожилсон. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр, Засгийн газрын өрийг 60 хувиас хэтрүүлэхгүй гэж хуульд тусгасан юм. Мөн төсвийн зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээнээс илүү гаргахгүй гэж заасан байдаг.

Эдгээр заалтыг урт хугацаанд тогтвортой мөрдүүлэхийн тулд хуульд УИХ-ын 76 гишүүний гуравны хоёроос олон нь зөвшөөрсөн тохиолдолд өөрчилнө гэж тусгасан. Гуравны хоёр гэдгийг том хязгаар гэж санаж байлаа. Гэтэл 2012 оны сонгуулийн үр дүнд хоёр нам хамтарч Засгийн газар байгуулсан. Ингээд гуравны хоёр гэсэн босго намдаад хуулийг хүссэнээрээ өөрчилсөн. Өрийн дээд хязгаарыг дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувьд хүргэсэн.

Төсвийн алдагдлыг ч тухайн жилийнх нь хэмжээнд тохируулан өөрчилдөг болсон юм. Үүнээс гадна олон улсын стандартаар Засгийн газрын өрөнд тооцдог зүйлийг тооцохоо больсон. Уг нь болзошгүй эрсдэл гэдэг утгаар нь Засгийн газрын баталгаатай зээлийг өрөнд оруулж тооцдог стандарттай юм. Зээлдэгч өрөө төлөхгүй бол Засгийн газар өмнөөс нь хариуцлага хүлээнэ. Одоо хэрхэхийгээ, гарцаа ярих ёстой.

Улс төрийн нөхцөл тогтворгүй байгаа үед төсвийн сахилга батыг сайжруулах заалтыг Үндсэн хуульд тусгах нь гарц юм. Үндсэн хуулийг ард нийтийн хэлэлцүүлэг хийж, УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь дэмжиж байж өөрчилдөг учраас том цоож болно. Өөр нэг зүйлийг ярья. Төсөв нь эдийн засагтаа 30-аас дээш хувийн оролцоотой учраас манай улсын хөгжил Засгийн газрын бодлогоос ихээхэн хамаарна. Тэгвэл Засгийн газар нь тогтвортой бодлоготой байх хэрэгтэй.

Тогтвортой бодлого хэрэгжүүлэхийн тулд намууд нь бодлого боловсруулдаг институц доороо ажиллуулах ёстой. Ингээд бодлогоо ярьж, иргэдийн саналыг авах учиртай. Үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин нь сонгуулийн тогтолцоо юм. Сонгуулийн тогтолцоонд пропорциональ элемент илүү тусгаж байж, бодлого ярьдаг нам бий болно. Гэтэл эрх барьж буй нам нь өөртөө зориулаад сонгуулийн хуулийг өөрчлөөд явж байна. Би олон орны төсвийг судалсан. Манайх шиг үр ашиг муутай төсөвтэй орон ховор.

Судалгаа хийхэд манайх үр ашиг муутай төсөвтэй 24 орны нэг нь болсон байна лээ. Африкийн орнууд л хамгийн үр ашиггүй төсөвтэй байгаа. Ирэх оны төсвийг харахад, хөрөнгийн зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүний тав орчим хувьтай дүйж байна. Хөгжлийг дэмжих зардал нь маш бага байгаа биз. Төсвөөрөө дамжуулж, үр ашгаа өгөх бүтээн байгуулалтыг хийх учиртай. Ингэх ямар ч боломж алга.

Сонгуулийн пропорциональ элементийг Үндсэн хуульдаа тусгавал төсвийн бодлогоороо хөгжлөө дэмждэг болно. Манайхтай зэрэг зах зээлийн нийгэмд шилжсэн, амжилттай яваа бүх орон Үндсэн хуульдаа сонгуулийн пропорциональ элемент тусгасан байдаг. Үндсэн хууль бидний аврал болчихоод байна.

-Ирэх оны төсвийн зарлагыг 500 тэрбум төгрөгөөр нэмсэн. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг өсгөх гэх мэт нийгмийн халамж төсвийн зардлыг тэлжээ.

Сонгууль бүрээр нийгмийн халамж амладаг, тэр нь төсвийн зардлыг нэмдэг муу жишиг тогтлоо. Намууд санал авахын тулд хүн бүрт ямар нэгэн халамж хүртээх гэж зүтгэж байна.

-Халамжийг хавтгайруулж болохгүй гэдэгтэй 100 хувь санал нэгддэг. Манайх Африк, Латин Америкийн орнууд шиг халамжийг хавтгайруулаад, эцэст нь баларсан муу замаар явж байна. Би ОУВС-д байхдаа Атлантын далайн жижиг орнуудыг хариуцаж байсан. Нэг орон маш их нөөцтэй, ганц ордтой байлаа. Нөгөөхөө зарж чамгүй орлого олно, түүнийгээ иргэддээ тараагаад, сурах, эмчилгээ хийлгэхэд мөнгө өгнө.

Төрсөн, төрөөгүй хүүхэд, өндөр настны мөнгө гээд янз бүрийн нийгмийн халамж зохиосон байдаг. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 20 орчим мянган ам.долларт хүрлээ. Ажил хийх хүн олдохоо больсон. Ганц ордынх нөөц дууссан. Ингээд нусаа хацартаа наасан даа.

-Аль орон бэ?

-Хариуцаж байсан болохоор нэрийг нь хэлмээргүй байна. Дэлхийд иймэрхүү хөгийн түүх олон бий. Манай улс бусдын хөгийн түүхийг давтаад л байна. Нийгмийг сигментчилж, халамж амлаж буй нь саналыг нь мөнгөөр авах гэсэн арга. Баян хүн халааснаасаа мөнгө гаргаад санал худалдаж авч болох байх л даа. Намууд Засгийн газрын мөнгөөр иргэдийн саналыг авах гээд байгаа хэрэг.

Ийм уралдаан сүүлийн 10 жил өрнөлөө. Хоёр том намын эдийн засагч мэргэжилтэй хүмүүстэй уулзахаар “Энэ маш буруу бодлого” гэж хүлээн зөвшөөрдөг. Гэвч эцсийн дүнд намын бодлого гээд халамжийг хавтгайруулахыг дэмжээд явчихдаг нь инээдтэй. ОУВС-гийнхан халамжаа боль гэж шахаж байна.

Зүй нь бид өөрсдөө ухамсарлаад, бодлого боловсруулаад, үр хүүхдүүдийнхээ төлөө эрүүл орчин бий болгож ажиллах ёстой юм.

-Өрөө төлөхийн тулд төсвийн орлогоо нэмэх шаардлагатай. Үүний тулд татвараа нэмэх үү, татварын бааз сууриа өргөтгөх үү гэсэн сонголт гарч ирнэ.

ОУВС энэ жил долоон төрлийн татвар нэмсэн, ирэх жил газар, лицензийн наймаанаас татвар хураах нь. Орлогоо өсгөхөөр нөөцөө шавхаад эхэлж буй нь энэ үү?

-Монголд баян, ядуугийн ялгаа их. Ийм онцлогтой эдийн засаг. Баялагтай орон орлогын тэгш бус хуваарилалттай байх нь түгээмэл. Ярилцлагын эхэнд төсвөөрөө дамжуулж, их орлоготой хэсгээс бага руу нь мөнгө шилжүүлэх ёстойг дурдсан. Манай орны татварын бодлого өсөн нэмэгдэх зарчимтай байх ёстой. Манайх ижил татвартай. Өндөр орлоготойгоос нь ч 10, багаас нь ч 10 хувийн татвар авах нь шударга бус.

Газрын хэвлийн нөөцийг ашиглаад өндөр орлого олсон хүн 10 биш, 50 хувийн татвар төлөх нь шударга зарчимд нийцнэ. Үүнээс гадна олсон орлогоос татвараа шударгаар авдаг байх хэрэгтэй. Татварын бааз суурийг өргөтгөх нь зөв. Өргөтгөнө гэхээр шинээр янз бүрийн татвар зохиогоод бай гэсэн үг биш. Авах ёстой орлогоос татвараа авах хэрэгтэй. Албан бус зах зээлийг албан болгох шаардлагатай.

Засгийн газрын ашигт малтмалын лиценз, газар худалдсан орлогоос 30-40 хувийн татвар авах бодлогыг дэмжиж байна. Уул уурхай, газрын бизнес богино хугацаанд өндөр орлого олж байгаа нь нууц биш. Ашигт малтмалын лиценз, газар борлуулдаг хүмүүс татвар авч чадахгүй байгаа. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх өөр боломжууд бий. Тухайлбал, архи, тамхины орлогоос өндөр татвар авах ёстой. Үүнээс манайх дэлхийн түвшнээс 30-40 хувиар доогуур татвар хураадаг.

Гэхдээ олсон орлогоороо төсвийн зардлаа тэлээд байвал ямар ч үр дүн гарахгүй. Хамгийн түрүүнд өрөө дарах ёстой. Тэр тусмаа хамгийн өндөр хүүтэй өрөө дарах ёстой юм. Өрөө дахин санхүүжүүлээд тав, 10 жилээр хойш нь “шидээд” яваад байх хэрэг үү. Орлогоороо өрөө дарахаас өөр арга байхгүй. Орлогын эх үүсвэрээ нэмэх, зардлаа танах, олсон мөнгөө хуримтлуулах хэрэгтэй. Үүнийгээ бий болгохын тулд бизнесийг дэмжиж, зах зээлээ тэлэх ёстой.

Зах зээлээ тэлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, экспортоо нэмэх ёстой. Засгийн газар нь маш сайн гэрээ хэлцэл хийж, хувийн хэвшлийнхэнд экспортын суваг нээж өгөх хэрэгтэй. Олон улсын хөрөнгө оруулагчдын дунд нэр хүндээ өсгөх шаардлага бий. Ингэхийн тулд зээлжих зэрэглэлээ сайжруулах ёстой. Бодлого тогтвортой болсон тохиолдолд зээлжих зэрэглэл сайжирна. Одоо ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчид итгэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай