“Өөдөсхөн ГЕРАКЛ”

“Өөдөсхөн ГЕРАКЛ”

Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хүндийг өргөлтийн домогт тамирчин, олимпын гурван удаагийн аварга Найм Сулейманоглу 50 насандаа таалал төгслөө. Биеийн жингээсээ гурав дахин ихийг түвэггүйхэн өргөдөг байсан хүчит эр элэгний дутагдал гэсэн оноштойгоор Истанбулын эмнэлэгт хоёр сар гаруй хэвтсэн ч сэхээ авсангүй. Тэрбээр өнгөрсөн сард элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ. Эмч нар шаардлагатай бүхнийг хийсэн ч амь насыг нь аварч чадаагүй юм.

Найм Сулейманов 1967 оны нэгдүгээр сарын 23-нд Болгарын нэгэн жижиг тосгонд төржээ. Тэрбээр бага наснаасаа л их бяртай хүүхэд байсан бөгөөд дөнгөж есөн настайгаасаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн юм. Найм дөнгөж 16 насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, хоёр жилийн дараа Лос-Анжелесийн зуны олимпод түрүүлэх өндөр магадлалтай тамирчдын тоонд орж байсан ч хүйтэн дайны улмаас Болгар улс ЗХУ-ыг дагаж, тус олимпыг өнжих шийдвэр гаргасан юм. Болгарт хүний эрхийг ноцтой зөрчиж, олон хүний аминд хүрсэн аймшигт хэргүүд гарах болсон тул нэрт тамирчин маань Турк рүү дүрвэх шийдвэр гаргажээ. Найм өөрийнхөө овгийг Сулейманоглу хэмээн сольж, 1986 оны арванхоёрдугаар сард Болгарын шигшээ баг Австралид тэмцээнд оролцсоны дараа Туркийн иргэн болохоо зарласан юм.

Гэхдээ энэ бүхэн амар үргэлжилсэнгүй. Хэрвээ Болгар улс түүнийг иргэншлээсээ хасаагүй тохиолдолд Сулейманоглу Сөүлийн олимпыг өнжих байлаа. Хоёр улс тохиролцоо гүй бол Найм гурван жилийн дараа Туркийн нэр дээр олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Гэвч Сөүлийн олимп болохоос таван сарын өмнө Туркийн хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Болгарын талд нэг сая ам.доллар өгөх санал тавьж, энэ асуудлыг эцэслэсэн гэдэг. Болгарын тусгай албаны ажилтнууд энэ мөнгийг зургаан цагийн турш гурван удаа тоолжээ. Гэхдээ болгарчууд ямар тамирчнаа харьд алдсанаа ойлгож амжаагүй юм.

Сөүлийн олимпод 21 насандаа түрүүлэхээсээ өмнө төрөлх улсынхаа төлөө зүтгэж, дэлхийн хошой аварга, нэг мөнгөн медальтай болсон байв. Харин иргэншлээ сольсноос хойш гурван олимпод дараалан манлайлж, 1989 оноос хойш дэлхийн аварга шалгаруулах таван тэмцээнээс алтан медаль хүртсэн түүхтэй. Найман жилийн турш олимп, дэлхийн томоохон тэмцээнд алтаас өөр медаль авч үзээгүй хүчит эр 2000 онд 33 насандаа Сиднейн олимпод хүч сорьсон ч эхний гурван оролдлогоо биелүүлж чадалгүй хасагдсан билээ.

Дөнгөж 152 см өндөртэй, 61 кг жинтэй түүнийг “Өөдөсхөн Геракл” хэмээн хочилдог байв. Сөүлийн олимпод нийлбэр дүнгээр 342.5 кг жинтэй туйванг өргөж, дэлхийн дээд амжилт тогтоосон энэ эрхэм 1996 оны Атлантагийн олимпод 64 кг-д Грекийн нэрт тамирчин Валериос Леонидистэй алтан медалийн төлөө өрсөлдсөн нь одоо хүртэл хүндийг өргөлтийн спортын хамгийн оргил тэмцээн хэмээн нэрлэдэг билээ. Хоёр домогт тамирчин дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчилж, эцэст нь Леонидис сүүлчийн захиалгаа алдсанаар Сулейманоглу олимпоос гурван алтан медаль хүртсэн анхны туйванч болсон түүхтэй. Тэрбээр их спортын замналаа өндөрлөх үеэс улс төрд хүч үзэхээр шийдсэн ч 1997 онд Туркийн Парламентын сонгуульд өрсөлдөөд 1000 гаруй санал авснаар энэ бодлоо орхисон юм. Туркийн Засгийн газар түүнийг олимп, дэлхийд түрүүлэх бүрт шинэ байшин бэлэглэдэг байсан бөгөөд Сулейманоглу их спортоо орхиод бизнесийн салбарт хүч үзэх болж, хувьдаа шатахуун түгээх хоёр станцтай болсон аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай