Г.Давааням: О.Баасанхүү МАХН-ын нэр хүндийг санаатайгаар гутааж байна

Г.Давааням: О.Баасанхүү МАХН-ын нэр хүндийг санаатайгаар гутааж байна

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийн төлөөлөл өнөөдөр  "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн бага хурал хийх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь намынхаа  нэр хүндийг санаатайгаар гутааж байгаа талаар хэвлэлд мэдээллээ. 
МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр:

Манай нам нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 410 мянга гаруй сонгогчдын саналыг авч МАН-АН-ын эсрэг тэмцэж буй цорын ганц бодитой улс төрийн хүчин мөн гэдгээ баталсан. О.Баасанхүү нар олигархуудын гар хөл болж эздийнхээ захиа даалгавраар эх орон, намын эрх ашгийг хохироож ирсэн олон баримтын заримаас нь дурдвал:

  • Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын эсрэг ажиллаж, өрсөлдөгчдийг нь илт дэмжин, тэдэнд манай нэр дэвшигчийн ялалтыг луйвардах боломж олгосон;
  • Эрдэнэт ХК–ны ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг монголын бүх иргэдэд хувьцаа болгон олгох талаар МАХН-аас гаргасан саналыг эсэргүүцэж, улмаар УИХ-аас энэ талаар гаргасан тогтоолд эсрэг санал өгч, Эрдэнэтийн иргэд төдийгүй  монголчуудын дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн;
  • Олон хүний эрхийг зөрчиж, хэлмэгдэл гардан явуулсан ТЕГ–ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж,  чухамхүү хэний гар хөл болдогийнхоо үнэн нүүр царайг илчилсэн  зэрэг орно;
  • О.Баасанхүү нь МАХН-аас нэр дэвшсэний ачаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон мөртлөө биеэ хэт тоож МАХН Бага чуулган, Гүйцэтгэх товчооны  хуралд ирдэггүй, намын үйл ажиллагаанд огт оролцдоггүй, намын нөхдийн дунд нэр хүндээ алдсан бөгөөд түүний улс төрийн намын хууль, намын дүрмийг удаа дараа зөрчсөн үйлдэл МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэлийг бүрэн бүрдүүлж байна.
  • Хувийн эрх ашгаа  МАХН, ард түмэн, сонгогчид, улс орныхоо эрх ашгаас дээгүүр тавьсан О.Баасанхүү МАХН-ын нэрийн өмнөөс ямар нэг үйл ажиллагаа явуулах эрхгүйг  ийнхүү албан ёсоор мэдэгдэж байна. МАХН-ын Их хурлыг МАХН-ын дүрмийн дагуу  МАХН-ын дарга, эсвэл Бага чуулган зарлан хуралдуулах эрхтэй бөгөөд О.Баасанхүүд аль ч эрх  нь байхгүй билээ.

Иймд сонор сэрэмжтэй байж, МАХН-ын нэрийг барьсан, намыг хагалган бутаргах, намын нэр төрийг унагах  гэсэн бүхий л оролдлогод хатуу няцаалт өгч, эх орон, газар шороо баялагтаа эзэн болж, хууль, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө хамтдаа тэмцье гэв. 

Хэвлэлийн бага хуралд  М Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр, Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар оролцлоо. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай