Хуванцар савыг халах эко торх

Байгаль орчин, эрүүл мэндэд хэмжээлшгүй их хор хохирол учруулдгийг эрдэмтэн, судлаачид хэдийнэ баталж, уршгийг нь дэлхий нийтээрээ мэддэг болсон ч хүн төрөлхтний үнэнч “найз”, салшгүй хэрэглээ хэвээр буй зүйл олон. Үүний бэлээхэн жишээ нь хуванцар. Висвеннол А буюу олон улсад BSA гэж нэрлэдэг химийн хорт нэгдэл агуулсан төрөл бүрийн хуванцар савыг монголчууд өргөн хэрэглэдэг нь хорт хавдрын тархалт нэмэгдэх шалтгаан болж буйг ч мэргэжлийн байгууллагууд анхааруулж, энэ төрлийн бүтээгдэхүүнээс татгалзахыг сануулж байгаа. Гэвч ийм савны хэрэглээ буурах нь байтугай жилээс жилд өссөөр байгаа нь НЭМҮТ-ийнхний өнгөрсөн онд хийсэн судалгаагаар тодорхой болжээ.

Гэр хорооллынхны 70, хөдөөгийнхний 90 гаруй хувь нь ийм сав байнга хэрэглэдэг гэх. Хортой, аюултай гэдгийг сануулж, “Битгий хэрэглэ” гэж анхааруулсаар байтал иргэд энэ төрлийн савыг сонгосоор буйн гол шалтгаан нь түүнийг орлох бүтээгдэхүүн зах зээлд тодроогүй явдал. Өөрөөр хэлбэл, хуванцар савнаас илүү чанартай, аюулгүй, давуу бүтээгдэхүүн хангалттай байдаггүйтэй холбоотой. Тэгвэл Хан-Уул дүүргийн иргэн, экологич мэргэжилтэй Б.Гончигдорж хэмээх залуу хоёр жил гаруйн хугацаанд судалсны дүнд хуванцар сав орлох бүтээгдэхүүнийг саяхнаас үйлдвэрлэж эхэлжээ. Уламжлалт модон торхыг орчин үеийн технологиор боловсронгуй болгож бүтээсэн, “Эко сав” нэртэй бүтээгдэхүүнийг нь “Маde in Mongolia” буландаа онцолж байна.

Шингэн, нунтаг голдуу хүнсний бүтээгдэхүүн хадгалж, тээвэрлэх зориулалттай, модоор хийсэн томоохон савыг торх гэдэг. Энэ төрлийн савыг европчууд, тэр дундаа дарс, вино үйлдвэрлэгч орнууд өдгөө өргөнөөр хэрэглэдэг ч Азид төдийлөн дэлгэрээгүйг экологич залуу судлан мэджээ. Харин монголчууд тэдгээр орноос ч өмнө ийм төрлийн сав (уламжлалт модон торх гэдэг)-ыг ахуйн зориулалтаар ашиглаж байсан түүхтэй ч одоо “моод”-ноос гарч, мартагдчихаад буй гэнэ.

Харин түүний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн уламжлалт торхноос юугаараа ялгаатайг асуухад “Хэлбэр, хийц, чанараараа тэс ондоо. Монголчууд торхыг ихэвчлэн гар аргаар хийж ирсэн. Тиймээс зах зээлд нийлүүлэх хэмжээний олон тоогоор үйлдвэрлэж чаддаггүй. Харин бид үйлдвэрлэлдээ шинэ технологи ашиглаж байгаа. Уламжлалт торхыг хийхдээ ихэвчлэн гар аргаар шахаж, барьцалдуулдгаас ан цав гарч, моднууд нь салж унах тохиолдол гардаг. Шингэн зүйл хийхэд гоожих нь ч бий. Харин “Эко сав”-ын бүрдэл хэсэг буюу моднуудыг тусгай төхөөрөмжөөр шахдаг учраас эдэлгээ удаан, илүү бат бөх болдог” хэмээн ярилаа.

...Түүнчлэн ийм төрлийн торх хийх зориулалтын тоног төхөөрөмж Монголд бүү хэл, гадаадад ч ховор учраас учраас залуус мужааны зарим багаж хэрэгслийн зориулалт, үүргийг нь өөрчилж, үйлдвэрлэлдээ ашиглах болсноо хэлсэн. Өөрөөр хэлбэл, шаардлагатай тоног төхөөрөмжөө өөрсдөө бий болгож, заримыг нь “монголчилсон” гэсэн үг...

Б.Гончигдоржийн ээж нь 2013 онд ходоодны хорт хавдрын мэс засалд орж, гэр бүлийнхнээ сандаргажээ. Насаараа мал дагаж, цэвэр агаарт сүү, цагаан идээгээр голдуу хооллож байсан ээж нь юунаас болоод хорт хавдар гэгч аюулт өвчинтэй нүүр тулав хэмээн гайхширч, балмагдсан хүү нарийвчилсан шинжилгээ хийлгэхэд эмч нар “Хуванцраас үүдэлтэй” гэж оношилсон байна. Хөдөөгийнхөн идээ цагаагаа хүнсний зориулалтын бус, хуванцар саванд уудалж, хадгалах нь түгээмэл.

Тэгвэл ийм саванд хийсэн сүү, цагаан идээ хуванцрын найрлага дахь хор бодисуудыг идэвхжүүлж, өдөөхдөө гаргуун гэнэ. Өөрөөр хэлбэл, цагаан идээ тослог ихтэй учраас хорт нэгдлүүдийг бусдаас илүү шингээж авдаг аж. Энэ тухай хожимдсон ч гэсэн мэдсэн тэр үеэс экологич залуу байгальд ч, хүний эрүүл мэндэд ч ээлтэй эко сав бүтээх судалгааны ажлаа эхлүүлжээ. ШУТИС-ийн багш, судлаачидтай уулзан, инженер, техникийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан байна.

“Хуванцар савыг хэрэглээнээс халахын тулд модон торхыг олон тоогоор үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх хэрэгтэй” гэсэн бодол түүнд төрж, юуны түрүүнд цех байгуулахаар зорьжээ. Ингээд цехийн зориулалтаар барьсан барилгаа өнгөрсөн зун ашиглалтад оруулаад удаагүй байхдаа “алджээ”. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цехэд нь гал гарч, эд хөрөнгө нь сүйдсэн харамсалтай явдал тохиолдсон байна. Харин өдгөө тэдний цех Зуун айл дахь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хажууханд төвхнөн, үйл ажиллагаагаа жигдрүүлэхээр зорьж буй.

Зах зээлээ хэр судалсан, үйлдвэрлэл эрхлэхэд ямар асуудал тулгамдаж буй талаар түүнээс лавлахад “Анхандаа хуванцар савнаас яаж салах вэ гэж бодсоноос зах зээл, эрэлт, нийлүүлэлт гээд нарийн зүйлсийг ер бодож, тооцоолоогүй. Харин судалгаа хийх явдцаа энэ бүхнийг нарийн судлах зайлшгүй шаардлагатайг ойлгосон. Ийм төрлийн бүтээгдэхүүн нийгэмд маш их эрэлттэй гэдэг нь мэдрэгдэж байна. Бид хэвлэл мэдээллийн нэг ч хэрэгсэл, зарын сайтаар бүтээгдэхүүнээ сурталчлаагүй атал хэрэглэгчид энэ талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээх болсон.

Заримдаа захиалгаа дийлэхгүйд хүрч, санаа зовох юм. Гэр хорооллын айлуудаас эхлээд албан газрууд ч биднээс торх худалдаж авдаг. Өдгөө манай цех зах зээлийнхээ 0.1 хувийг л хангах хэмжээнд ажиллаж байна. Ядаж 10 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд бидэнд хөрөнгө оруулалт маш чухал. Хаанаас, хэрхэн хөрөнгө босгох вэ гэдэгт эхнэр бид хоёр онцгойлон анхаарч, банк, санхүүгийн байгууллагынхантай сүүлийн үед нэлээд уулзаж явна” хэмээв.

Б.Гончигдорж “Эко сав”-ны цехдээ дөрвүүлээ ажилладаг. Тэд өдөрт хамгийн ихдээ 10-20 ширхэг торх үйлдвэрлэдэг аж. Нэг торх хийхэд 13 шат дамжлага давдаг учраас чамгүй хугацаа зарцуулдаг байна. Түүнчлэн ийм төрлийн торх хийх зориулалтын тоног төхөөрөмж Монголд бүү хэл, гадаадад ч ховор учраас учраас залуус мужааны зарим багаж хэрэгслийн зориулалт, үүргийг нь өөрчилж, үйлдвэрлэлдээ ашиглах болсноо хэлсэн.

Өөрөөр хэлбэл, шаардлагатай тоног төхөөрөмжөө өөрсдөө бий болгож, заримыг нь “монголчилсон” гэсэн үг. Ажилчид “Сайн чанарын торх хийхэд түүхий эдийн сонголт юу юунаас ч чухал. Бид “Хангай” захаас түүхий эдээ авдаг. Хаанаас ирсэн, аль үйлдвэрийн хатаасан мод сайн бэ гэдгийг шинжин, сахиж зогсож байгаад л авна. Торхны бүрдэл (эвлүүлж шахсан)-д нэг л муу мод “шургачихвал” хэврэг болчихно. Хуванцраас ялгаатай нь мод амьсгалдаг, агаарын ямар ч нөхцөлд дасан зохицдог давуу талтай” гэсэн юм.

Эднийх өдгөө 5-120 литр хүртэлх багтаамжтай торхнуудыг захиалгаар үйлдвэрлэж байна. Таван литрийнх нь 30, арав нь 45, хорь нь 65, 120 нь 160 мянган төгрөгийн үнэтэй. Хуванцар савтай харьцуулахад энэ нь чамгүй өндөр үнэтэй боловч чанар, ач холбогдлын хувьд хэд дахин илүү үр ашигтай гэдгийг тэд хэлэв.

Хэрэглэгчид “Эко сав”-ыг сонгож хэрэглэх ямар шалтгаан байна вэ гэхэд Б.Гончигдоржийн эхнэр Норжмаа “Хуванцар савнаас өндөр үнэтэй ч бусад улсаас импортоор оруулж ирсэн ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамаагүй хямд. Тухайлбал, Хятадаас авчирсан 30 литрийн яг ийм торхыг зах дээр 200 мянган төгрөгөөр худалдаж байхад бид 70 мянган төгрөгөөр санал болгодог. Хуванцар савны эрүүл мэндэд учруулах хор хөнөөл, чанартай харьцуулбал энэ нь тийм ч өндөр үнэ биш.

Зарим нь хүнсний зориулалтын хуванцар сав аваад хэрэглэгчихвэл болчихно, хор уршиггүй гэж бодож байж магадгүй. Гэвч энэ бол эндүүрэл. Хүнсний зориулалтын гэж байгаа савнуудад ч химийн хорт нэгдэл агуулагддаг. Яах вэ, зориулалтын бус сав хүнийг 20 жилийн дотор хорт хавдартай болгодог байлаа гэж бодоход зориулалтынх нь 40 жилийн дараа буюу харьцангуй хожим нөлөөлдөг байх жишээтэй. Тиймээс хүмүүс ямар бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа алхам тутамдаа бодох хэрэгтэй” гэв.

Дэлхийн улс орнууд хуванцар сав, гялгар уутны хэрэглээнээс аажим аажмаар татгалзсаар байна. Харин манай улс 2015 оноос “Хүнсний аюулгүй сав” хөтөлбөр хэрэгжүүлж, уламжлалт модон торх, ган, хувин, хөхүүрийн үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихэд онцгойлон анхаарахаа зарласан ч энэ санаачилга төдийлөн урагшлахгүй өдий хүрлээ. Улмаар манай улс хорт хавдрын өвчлөлөөр эхний тавд тогтмол “давхих” болсныг ДЭМБ-аас зарласан. Хуванцар савыг шүтсэн өнөөгийн байдлаа өөрчлөхгүй бол хорт хавдраар өвчлөгсдийн тоо улам л нэмэгдэнэ. Харин энэ аюулыг хазаарлаж, монголчуудаа аврах өөдрөг хүсэлтэй залуус хэний ч үл анзаарам, нэгэн жижиг байшинд хуванцар савтай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр л байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай