“Big bowling friendship 2017” тэмцээнийг шинэхэн боулингчид өнгөлж эхэллээ

Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний лигийн багийн тэмцээний гуравдугаар тойргийн нэгдүгээр шатны тоглолт “Big bowling төв”-д болж өндөрлөлөө. Тэмцээнд уламжлал ёсоор 14 баг оролцож, нэгээр гарсан баг нь 14-т орсон багтай халз тоглох журмаар өрсөлдсөн билээ.

Аваргын цомыг энэ удаа Д.Нацагдорж ахлагчтай Б.Оргилмаа, Б.Оюунболд нарын баг хүртэж, хошой аварга боллоо. Тэд өмнө нь таван удаа аман хүзүүдэж байсан туршлагатай баг юм. Хоёрдугаар байрыг Г.Ууганболд ахлагчтай Ц.Уранцэцэг, Г.Шинэбаяр нарын баг эзэлсэн бол Э.Харцага ахлагчтай, Д.Отгонжаргал, Б.Тамир нарын баг энэ удаагийн тэмцээнд огцом цойлсон амжилт үзүүлж, гуравдугаар байр эзлэв.

Учир нь зургаан сарын өмнө тус тэмцээнийг эхлэхийн өмнө сугалаа сугалуулж, бүх багийг бүрдүүлсэн бөгөөд “Өнөөдөр” сонины тамирчин Э.Харцагын багт “цоо шинэ” буюу өмнө нь тоглож үзээгүй шахам хоёр сонирхогч орсон юм. Тэдний хувьд дандаа сүүлийн байруудыг эзэлдэг, бүр дөрөв дараалан баян ходоод болж байсан баг сая ийнхүү гуравдугаар байр эзэлж байгаа юм. Э.Харцагын баг тухайн өдөр нэгээр гарсан А.Батжаргал ахлагчтай хошой аварга багийг, дараа нь өмнөх тойргийн тэмцээний аварга Ц.Батжаргал ахлагчтай багийг өвдөг шороодуулснаар гуравдугаар байранд шалгарсан. Энэ нь “цоо шинэ” тамирчдын амжилт өсөж байгааг харуулж байна. 

Шилдэг тамирчин буюу хамгийн өндөр онооны эзнээр эрчүүдээс “ТЭЦ-3” багийн Э.Чүлтэмжамц 232 оноогоор, эмэгтэйчүүдээс “Strikes “клубын Ш.Гэрлээ 219 оноогоор шалгарлаа. Дэд аварга болсон багт Г.Шинэбаяр гэдэг шинэхэн мундаг залуу бас бий.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай