ГХЯ-ны санхүүгийн тайланд 23.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрч АСЕМ-н зардлыг дахин хянах болов

ГХЯ-ны санхүүгийн тайланд 23.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрч АСЕМ-н зардлыг дахин хянах болов

Үндэсний Аудитын газраас Гадаад Харилцааны Яаманд хийсэн 2016 оны санхүүгийн тайлангийн  шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал болон тэдгээрийг арилгахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар өнөөдөр хэвлэлд мэдээллээ. 

Төсөв захирагчдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх зорилготой тус аяны үр дүнг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар шинээр томилогдсон төсвийн ерөнхийлөн захирагч нарт танилцуулж, зөвлөмж өгөх үйл ажиллагаа үргэлжилж байна.

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар нийт 23.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрч “Хязгаарлалттай” дүгнэлт авлаа. 

Ерөнхий аудиторын орлогч С.Оюунгэрэл:  Эрдэнэбат сайдын Засгийн газрын үед хязгаарлалттай санал дүгнэлт авсан тул шинээр томилогдсон төсвийн ерөнхийлөн захирагч нарт дээрх зөрчил дутагдлыг засаж, залруулахад анхаарах асуудлаар зөвлөмж өгөх зорилготой юм. mail Гадаад харилцааны яам хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн гол шалтгаан бол  АСЕМ-ийн үеэр зөрчил гаргажээ гэж харж байна. Бид АСЕМ дээр гарсан зөрчлийг дахин эрсдэлийн аудитаар  нарийн үзэж нотлох шаардлагатай гэж үзэн ажиллахаар боллоо. Мөн БСШУСЯ, ГХЯ, ХХААХҮЯ гэх зэрэг олон яамны санхүүгийн нэтгэсэн тайлан  хязгаарлалттай гарсан. Аудитын газар бол нэг удаа алдаагаа засах боломж олгодог газар юм. Өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, акт авахаасаа өмнө алдаагаа засан ажилласан яам ч бий. 

mailХууль зүй, дотоод хэргийн яам хамгийн үлгэр жишээ тайлангаа гаргадаг.

БСШУСЯ зөрчил ихтэйд тооцогддог.

Барилга, хот байгуулалтын яам хамгийн их зөрчилтэй яам. 

ХХААХҮЯ он гарснаас хойш өгсөн зөвлөмжийн дагуу  алдаагаа сайн засаж байгаа. 

Зөрчил гаргасан гол шалтгаан нь мэргэжлийн бус нягтлан бодогчоор тайлангаа гаргаснаас үүдэлтэй байгаа тул үүнийг залруулах боломжтой юм. 

Аудитаар илэрсэн томоохон зөрчлүүд:

  • Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-д заасны дагуу зохицуулалт хийлгэхгүйгээр батлагдсан төсвийг 1.7 тэрбум төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан
  • Тайланд онд авлага 224.4 сая төгрөгөөр нэмэгдсэн, төсөв захирагч нар авлага, өр төлбөрийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй;
  • ТӨБЗГ-ын шийдвэргүйгээр 698.2 сая үндсэн хөрөнгө бэлтгэсэн;
  • Бараа материал, хангамжийн зүйлс худалдан авахдаа тооцооны дансаар дамжуулалгүй шууд зардлаар тайлагнасан;
  • Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх талаар УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийгхэрэгжүүлээгүй тэвчиж болох зардлууд гаргасан;
  • Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг данс бүртгэлд тусгасан;
  • Зарим ДТГ-ын санхүүгийн тайлангийн эхний үлдэгдэл өмнөх оноос зөрүүтэй тайлагнагдсан, үндсэн хөрөнгө, бараа материалын тооллого хийгээгүй;
  •    Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сангаас Гадаад харилцааны   яамны  ажилтнуудын гадаадад эмчилгээ хийлгэхэд дэмжлэг олгосон;
  • "АСЕМ"-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжийн зочид буудлын тавилгыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/-аас албан ёсны шийдвэргүйгээр худалдсан, шилжүүлсэн, 457.5 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт шилжүүлээгүй,  814.0 сая төгрөгийн төлбөрийг аваагүй;
  • "АСЕМ"-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж худалдан авсан 6.1 сая төгрөгийн хөрөнгө, 1.05 тэрбум төгрөгийн бараа  материалыг тооцооны дансаар дамжуулалгүй шууд зардлаар тайлагнасан, 12.4 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан ажилласан.

Эдгээр зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр өгсөн  0.5 тэрбум төгрөгийн төлбөрийн актын биелэлт 100 хувь, 10 заалт бүхий 6 албан шаардлагын биелэлт 70 хувь, 17 зөвлөмжийн биелэлтийг 66.5 хувьтай байна.

Мөн энэхүү аудитад Монгол Улсаас гадаад улс, оронд суугаа ЭСЯ 17, Ерөнхий консулын газар 8, Байнгын төлөөлөгчийн газар 2 хамрагдсан. Үүнээс 12 нь “Зөрчилгүй” дүгнэлт, 15 нь /Бээжин, Вена, Вашингтон, Гавана, Кайр, Оттава, Токио, Эль-Кйвейт, Бразилиа, Женев, Осака, Хайлаар, Улан-Үдэ, Хөххот, Эрээн/ “Хязгаарлалттай” санал дүгнэлт авчээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Үндэсний аудитын газраас зохион байгуулж байгаа тус үйл ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд  санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг сайжруулах талаар эрхлэх асуудлын хүрээний байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай