“Салаавч” Ц.Баярцогтыг 15 хоног хорьж, 20 цаг “номын дуу” сонсгоно

“Салаавч” Ц.Баярцогтыг 15 хоног хорьж, 20 цаг “номын дуу” сонсгоно

Зөвшөөрөлгүй тусгай дуут дохиотой машин хөлөглөн, түүнийг нь шалгах гэсэн ЗЦА-ны Тусгай хамгаалалтын хэлтсийн зохицуулагч, ахлагч А.Отгонбаатар руу салаавч гарган танхайрсан Ц.Баярцогтыг 15 хоног хорихоор өчигдөр шүүх шийдвэрлэлээ. 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас Ц.Баярцогтын удирддаг “Саранфинанс” ББСБ-ын нэр дээр шилжүүлэхдээ тусгай дуут дохиог нь хураалгаагүй байсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 21-нд дээрх танхайн хэргийг өдүүлсэн юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалсан зөрчил шийдвэрлэх шүүх хурал өчигдөр 14.00 цагт эхэлсэн бөгөөд 17.00 цагийн үед тогтоолоо танилцуулав. Түүнд цагдаагийн байгууллагаас торгох арга хэмжээ авахуулахаар баримтыг нь шүүхэд хүргүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас уг арга хэмжээг нь өөрчлүүлэх хүсэлтээ шүүхэд хүргүүлснээр торгох шийтгэврийг нь хүчингүй болгоод байсан. Улмаар Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхэд түүнийг хуяглан хүргэж, бусдын эд хөрөнгө залилсан, байгаль орчинд хор хохирол учруулсан хэргийг нь шийдвэрлүүлэхээр болсон ч хойшлуулсаар буй.

Тиймээс зөрчлийнх нь хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж, өнгөрсөн баасан гаригт товлосон ч Ц.Баярцогт өмгөөлөгчийн хамт Сэлэнгэ аймгаас очиж амжихгүй болсон шалтгаанаар хойшлуулсан аж. Шүүх бүрэлдэхүүн “Зөрчилд холбогдогч Ц.Баярцогт олон нийтийн газарт, албан үүргээ гүйцэтгэж байсан төрийн төлөөлөгчийг эсэргүүцэн танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, тэр хугацаанд 20 цагийн албадан сургалтад хамруулах” шийтгэл оноожээ. Мөн 15 хоногийн хорих ялаас өмнө нь саатуулагдсан хоёр хоногийг хасаж тооцохоор болов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай