Нийслэлийн ИТХ дахиад л хуралдсангүй

АН-ын бүлгийн завсарлага өчигдөр дууссан ч нийслэлийн ИТХ-ын 12 дугаар хуралдаан үргэлжилсэнгүй. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаан товлохдоо хууль зөрчсөн, зөрчөөгүй хэмээн МАН-ын бүлгийнхэн сөргөлдөж, шүүхээр шийдүүлэхдээ хүрээд буй, АН-ын бүлэг завсарлага авснаар түр хойшилсон уг хуралдааныг энэ сарын 24-нд хийхээр нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид товлосон байна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдахдаа Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хуулийн хугацаанд нь батлахын тулд нийслэлийн ИТХ-ыг энэ сарын 15-нд ээлжит бусаар хуралдуулах шийдвэр гаргажээ.

Үндсэн чиглэлийг энэ сарын 15-ны дотор батлах хуультай юм. Есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр Ц.Сандуйг ИТХ-ын даргын албан тушаалаас огцруулж, түүний оронд С.Амарсайханыг томилсныг эс тооцвол сар бүрийн сүүлчийн долоо хоногийн пүрэв гаригт хуралдах дэгтэй нийслэлийн парламент өнгөрсөн тавдугаар сараас хойш хуралдаж чадахгүй байгаа юм.

Хамгийн сүүлд зарласан 12 дугаар хуралдаан л гэхэд өнгөрсөн сарын 30-нд товлогдсоноосоо хойш дорвитой асуудал хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй сунжирч, энэ сарын 24 хүртэл хойшлоод байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай