Багш нарын ажил хаялтыг өнөөдрөөс албан ёсоор зогсоолоо

Багш нар хугацаагүй ажил хаялт зарлаж, Засгийн газар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг эцэслэн шийдтэл үндсэн ажил үүргээ хийхгүй гэдгээ мэдэгдсэн нь долоо хоногийн ажлын эхний өдрийн хамгийн анхаарал татсан үйл явдал болов. Энэхүү ажил хаялтыг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (БШУҮЭХ)-ноос зохион байгуулж буй бөгөөд улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэгийн багш нэгдээд буй аж. Юуны учир нэг хэсэг нь ажил хаяад, нөгөө хэсэг нь ажлаа хэвийн үргэлжлүүлж буй талаар тодруулахад тус холбооны дарга Ж.Батзориг “Ажил хаях тухай мэдэгдэх хуудсыг тухайн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас тав хоногийн өмнө ажил олгогчид буюу сургуулийн захиргаанд мэдэгдэх ёстой. Манай зарим сургуулийн хувьд хуулийн энэ хугацаа нь гүйцээгүй байгаа учраас ажил хаялтад нэгдэж амжаагүй байна. Нэгдье гэсэн мэдэгдлээ нийт сургуулийн 90 орчим хувь нь өгсөн. Яг өнөөдрийн байдлаар 85 орчим хувьтай байгаа” гэв. Манай сонины сурвалжлах баг ажил хаясан болоод, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа нийслэлийн зарим сургуулиар очлоо.

Б.БАЛДАН: ПҮРЭВ ГАРИГ БОЛТОЛ ТОХИРОЛЦООНД ХҮРЧИХ Ч ЮМ БИЛ ҮҮ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, III, IV хорооллын 40 дүгээр сургуульд өчигдөр үдээс өмнө очиход сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Сургууль даяараа дуу шуутай, сурагчдын хөлд дарагдаж, завсарлагааны цаг таарсныг ч хэлэх үү, ид бужигнаж байв. Сургуулийн захирал Б.Балдантай уулзахад, “Манай сургууль үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Эцэг эхчүүдэд энэ талаар урьдчилж мэдэгдсэн тул сурагчдын ирц сайн байна. Багш нарын цалинг нэмэх ёстой гэдэг дээр бид санал нэг байгаа. Ажил хаях тухай мэдэгдлийг сургуулийн захиргаандаа Үйлдвэрчний хороо нь ажлын тав хоногийн өмнө албан ёсоор өгөх ёстой байдаг юм. Энэ асуудлаар манай багш нар ярилцаад нэлээд сүүлд шийдвэрээ гаргасан л даа. Манай сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороо өнгөрсөн баасан гаригт мэдэгдэх хуудсаа надад өгсөн. Ажлын тав хоног нь энэ пүрэв гаригт дуусах тул тэр хүртэл бид ажиллана. Түүнээс хойш ажил хаялтад нэгдэнэ. Энэ хугацаанд цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авах нь вэ, Засгийн газраас асуудлыг шийдэх нь үү гэдгийг харзнаж, ул суурьтай хандаж байна. Пүрэв гариг болтол аль аль талдаа тохиролцоонд хүрээд, ажил хаяхгүй ч болчих юм бил үү” гэв.

Э.БААСАНЖАВ: ЦАЛИНГ 50 ХУВЬ НЭМТЭЛ АЖИЛ ХАЯЛТАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Чингэлтэй дүүргийн есөн сургуулийн багш нар энэ үйл ажиллагаанд нэгджээ. Хайлаастын 57 дугаар сургуульд 12.00 цагийн үед очиход анги танхимууд нь эзгүй, нам гүм орчин угтсан ч багш нар нь ажлын байрандаа бүгд байцгаасан юм. БШУҮЭХ-ноос сургуулиудад “Ажил хаялтын үед ажлын байран дээрээ баримтлах дэг”-ийг хүргүүлсэн юм байна. “Ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг хийхгүй ч багш нар ажлын байрандаа заавал байх ёстой. Ажилдаа цагтаа ирж, явах ёстой” гэж үүнд заажээ. 57 дугаар сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Э.Баасанжаваас мэдээлэл авсан юм. “2018 оны нэгдүгээр сарын 1-нээс боловсролын салбарт ажиллаж буй бүх багш, ажилчны цалинг 50 хувь нэмэгдүүлэх ёстой гэдэгтэй бид 100 хувь санал нэгдэж байгаа. Засгийн газар 300 мянган төгрөгийг төрийн бүх албан хаагчид өгнө гэсэн шүү дээ. 216 мянган төгрөгийн тухайд бол бид үр дүнгийн урамшууллыг өмнө нь ч авдаг л байсан. Тэр мөнгөө л төр өгөх гэж байгаа хэрэг. Түүнээс биш ямар нэгэн байдлаар бидний бодит орлогод өөрчлөлт орсон хэрэг биш, Засгийн газраас бодитой зүйл амлаагүй байгаа. Засгийн газар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой зөвшилцөлд хүрч, цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь нэмэгдүүлэх боломжтой боллоо гэсэн үед ажил хаялтаа бид зогсооно. Хугацаагүй ажил хаялт хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна” гэв.

Д.БОЛОРМАА: ЦАЛИН БАГАТАЙГААС БОЛООД БАГШ НАР БНСУ ЯВЖ БАЙНА

Нийслэлийн 57 дугаар сургуулийн бага ангийн багш Д.Болормаа боловсролын байгууллагад 31 дэх жилдээ ажиллаж буй нэгэн. Тэрбээр “Зах зээлийн үеэс өнөөг хүртэл багшлах чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс л ажилдаа үнэнч үлдсэн. Гэтэл одоогийн нийгмийн байдал бидэнд маш хүнд тусаж байгаа учраас ажил хаяж байна. Биднийг зөвхөн цалингийн зээл, идэх хоолныхоо төлөө ийм тэмцэл хийж байгаа мэтээр хүмүүс ойлгоод байх шиг. Багш нарын цалингийн хэмжээ доор байна гэдэг бол улс орон, хүний хөгжил тийм түвшинд байна гэсэн үг. Хоёрдугаарт, манай төр, засгийн бодлого буруу байна. Хүнээ дээдэлж, хөгжүүлж, эрхэмлэж байж улс орон хөгжинө. Цалин мөнгө багаас болоод багшлах боловсон хүчин дутмаг болж байна. “Бага ангийн багш ажилд авна” гэсэн зар маш их байна. Тэд БНСУ руу бөөн бөөнөөрөө явж байна. Багшийн цалинг нэмэх нь зөв. Тэр тусмаа сургуулийн өмнөх боловсрол, бага ангийн багш нарын цалинг дэлхий нийтийн жишигт хүргэх ёстой. Бага ангийн багш өдөрт 50-60 хүүхэдтэй ажилладаг. Дээр үед бидэнд дэвтэр засалтын мөнгө өгдөг байсан, одоо байхгүй болсон. Гэтэл нэг багш өдөрт 80-100 дэвтэр засдаг. Бичиг хэргийн зардал байдаггүй учир өөрөөсөө гаргахаас аргагүй. Үүнд цалингийн маань бараг 10-20 хувь нь зарцуулагддаг” гэж ярилаа.

Ё.ОТГОНБАЯР: ХҮҮХДҮҮДИЙГ ХОХИРООХ ХЭРЭГГҮЙ

Багш нар ажил хаях гэж буйтай холбоотойгоор БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн баасан гаригт төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудын захирлуудад харилцан ойлголцлын албан бичиг хүргүүлсэн юм. Үүнд “Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ бодит байдлаас зугтаж чадахгүй. Байхгүй хөрөнгийг амлаж, хуурч болохгүй. Хөрөнгө байхгүй бол түүнийг бий болгож байж цалин нэмэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ. Цалингийн асуудлыг хүч тулгасан, суралцагч, эцэг эх, олон нийт, багш нарын эрх ашгийг хохироосон, нийгэмд эмх замбараагүй, тогтвортой байдлыг өдөөн хатгасан, турхирсан байдлаар шийдвэрлэхгүй. Ажил хаялт, эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй. Хуульд заасан нөхцөл, шаардлага хангаагүй, хууль бус ажил хаялт зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна” гэж мэдэгджээ.

Тэгвэл БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр өчигдөр телевизээр ярилцлага өгөхдөө “Манай яамны байр суурь анхнаасаа тодорхой байсан. Багшийн цалинг нэмэгдүүлэх ёстой. Одоогийн мөрдөж буй цалингийн сүлжээ намайг Боловсролын сайд байх үед л тогтоосон шүү дээ. Харамсалтай нь, сүүлийн дөрвөн жил цалинг нь олигтой нэмсэнгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 15 хувь нэмсэн байх. Юун дээр гацчихаад байна вэ гэхээр ОУВС багшийн цалинг 50 хувь нэмэхгүй гэсэн тул бид үндсэн цалингийн асуудлыг хөндөж чадахаа больсон. Тиймээс хамтарсан ажлын хэсгийг байгуулаад үр дүнгийн урамшууллын нэг хүнд очих хэмжээг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг ярилцаж байна. Ингээд хоёр талаасаа тодорхой үр дүнд хүрчихээд байгаа. Зарим хүний шүүмжлээд байгаа 300 мянга дээр үр дүнгийн урамшууллын мөнгийг нэмэхээр 500 гаруй мянган төгрөг болно. 500 мянга бол багшийн үндсэн цалингийн 50 хувьд дөхөж очно. Багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандаж хэлэхэд, “Бид хичээж байна. Манай яам үүнийг дангаараа шийдэхгүй. Засгийн газар, цаашлаад ОУВС-тай тохиролцоонд хүрч энэ асуудал шийдэгдэнэ. Энэ болтол жаахан тэвчээртэй байгаач ээ, хүүхдүүдийг бүү хохироогооч” гэв.

Т.БАЯСГАЛАН: ШУА-ИЙН 16 ХҮРЭЭЛЭНГИЙН АЖИЛТНУУД АЖИЛ ХАЯНА

БШУҮЭХ-ноос зохион байгуулж буй ажил хаялтад ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд нэгдэж буй. Энэ талаар ШУА-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Т.Баясгалангаас тодруулахад “Ажил хаялтыг бид 100 хувь дэмжиж байгаа. Бид пүрэв гаригаас ажил хаяна. Хуулийн дагуу хурлаа хийгээд захиргаандаа мэдэгдлээ өгснөөс хойш тав болон түүнээс дээш хоногийн дараа ажил хаялтыг эхлүүлэх ёстой. Эхлэх хугацаа нь хараахан болоогүй байгаа юм. ШУА-ийн 16 хүрээлэн одоогоор ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн байгаа. Манай шинжлэх ухааны байгууллагууд БШУҮЭХ-ны гишүүнчлэлтэй. 

Холбооноос зохион байгуулж байгаа энэ ажлыг хүрээлэн болгоноороо хэлэлцсэн юм. Хугацаагүй ажил хаялтад нэгдэх нь зүйтэй, цалин хангамж хүрэлцэхгүй байна гэдэг шийдвэр гаргасан. Шинжлэх ухааны ажилтны дундаж цалин 700 мянга орчим байгаа. Гэхдээ шинжлэх ухааны салбарын нийт ажилтны 60 орчим хувийнх нь авдаг цалин 680 мянган орчим. Энэ цалинг 35-40 хувь нэмэгдүүллээ гэхэд Үндэсний статистикийн хорооноос зарласан дундаж цалингийн хэмжээнд хүрэхгүй байгаа шүү дээ. Цалин нэмэх шаардлагатай” гэв.

Сонины дугаар шилжих мөчид Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс багш нарын ажил хаялтыг өнөөдрөөс буюу мягмар гаригаас албан ёсоор зогсоосон тухай шинэ мэдээлэл ирүүлсэн юм. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр үдээс хойш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхдөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийлжээ.

Энэ уулзалтын үр дүнд багш нарын ажил хаялтыг зогсоож, хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн төдийгүй БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёр талын хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсон байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр багш нарын цалинг бүгдийг нь алагчлалгүй цалингийн 20 хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрчээ. Энэ мөнгийг үр дүнгийн урамшуулал хэлбэрээр олгох гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай