“Эрх баригчид дахин болон нөхөн сонгуулийг хойшлуулж, хүчингүй болгохыг оролдож байна”

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар удирдлагууд нь мэдээлэл хий­лээ. 2016 оны сонгуулийн дараа зо­хион байгуулсан дахин болон нөхөн сонгуулийн явц, үр дүнгийн талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дар­га мэдээлэл хийсэн байна. Улсын хэмжээнд дахин болон нөхөн сонгууль явуулах засаг, захиргааны 57 нэгж буйгаас 54-т нь нийт 69 суудлын төлөөх өрсөлдөөнийг зохион байгуулах үйл явц тун удаашралтай байгаа гэнэ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид Сонгуулийн ерөнхий хорооныхонтой ярилцсан. Хуулиа биелүүлж, бүх суудалд дахин болон нөхөн сонгууль зайлшгүй явуулах шаардлагатай. Нөхөн сонгуулийг зургаа, эсвэл аравдугаар сард зохион байгуулах хуультай. Харин шүүхийн шийдвэр гарсан нөхцөлд 30 хоногийн дотор дахин сонгуулийг зарлах ёстой. Эрх баригчид эдгээр сонгуулийг хойшлуулах, хүчингүй болгох гэж оролдож байна. Тухайлбал, олон газарт ИТХ-ын төлөөлөгчдийг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан то­хиолдол бий. Үүнтэй холбоотойгоор эрх баригчид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчлөхөөр ярьж эхлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, тэднийг үүрэг гүйцэтгэгчээр албажуулахын тулд төрийн албаны удирдах албан тушаалд байгаа хүмүүс ИТХ-д ажил­лаж болохоор хуульчлах гэж байна. Эдгээр сонгуулийн зардал болгон 2018 оны төсөвт 200 сая төгрөг тусгах санал гаргасан ч Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгээс хасагдсан. Энэ нь дахин болон нөхөн сонгуулийг хуулийн да­гуу явуулах шаардлагагүй гэж үзсэн хэрэг. Эдгээр төслийг хэлэлцүүлэхээр намрын чуулганд оруулах нь гарцаагүй” гэж байлаа. Гишүүн Б.Пүрэвдоржийн хэлснээр Төрийн албаны болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түү­ний удирдлагын тухай хуулийг өөрчлөх замаар сум, аймгийн ИТХ-ын нийт тө­лөөлөгчийн гуравны нэг нь төрийн алба давхар хаших эрхтэй болгох гэж буй аж. Өөрөөр хэлбэл, сумын сургуулийн захирал, эмнэлгийн эрхлэгч, Тамгын газрын дарга зэрэг албан тушаалыг ИТХ-ын төлөөлөгч давхар хаших эрх­тэй болгосноор төрийн албаны мэргэш­сэн зарчим алдагдана хэмээн тэд эсэр­гүүцэж байгаа бололтой. 

УИХ-ын үйл ажиллагааны та­лаар дэд дарга Я.Санжмятавын мэ­дээллийг сонссон байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ намрын чуулган эхэлснээс хойш ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй. 2018 оны төсвийн хэлэлцүүлэг үндсэндээ 65 гишүүнтэй бүлгийн хагарлаас болж гацчихлаа. Уг нь ирэх оны төсвийг өнгөрөгч баасан гаригт батлах боломжтой байсан” хэмээн онцлов.

Мөн намрын чуулганаар батлах хууль, бодлогын асуудлуудын хүрээнд найман хэлэлцүүлэг зохион байгуула­хаар тус бүлэг төлөвлөжээ. Тухайлбал, Баялгийн тэгш хуваарилалтын болон Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөлтэй холбоо­той хэлэлцүүлгийг энэ сард зохион бай­гуулах юм байна. Цаашид Нийслэлийн эрх зүйн байдлын, Ардчилсан хувьс­галын анхны зүтгэлтнүүдэд төрөөс тус­ламж, хөнгөлөлт үзүүлэх, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон банк санхүүгийн салбарыг зохи­цуулахтай холбоотой хуулийн төслүү­дийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай