Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж 10 дахин нэмэгджээ

“Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” хуралдлаа. Хуралдаанаар тус зөвлөлийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэж, оны эхний 10 сарын байдлаар явуулж буй үйл ажиллагааны талаархи нэгдсэн мэдээлэлтэй танилцлаа.

2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Тухайлбал 2010 онд 200 гаруй бүртгэгдэж байж.

Энэ нь  “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлагатайг илтгэж байгааг зөвлөлийн дарга Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдаанд оролцогчдод онцлон анхааруулав.

Шадар сайд Засгийн газрын хуралдаанд газар хөдлөлтийн эрсдэл мэдээлэл, улс орон даяар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах төсөв зэргийн талаар танилцуулна гэв.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг дүгнэж аймаг орон нутаг дахь асуудал хариуцсан мэргэжилтнүүд төсвөө дахин боловсруулах, нэн тэргүүнд улсын хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэргүй цэцэрлэг, сургууль, эмнэлэг, музейн барилгуудын жагсаалтыг шинэчлэн гаргах, бүх барилга байгууламжийг паспортжуулах ажлыг эрчимжүүлэх, зарим аймагт онцгой байдлын албаны барилгыг барих, барилгын чанарын лаборатори байгуулах, гамшгийн үед зарлан мэдээлэх тусгай дуут дохио, түр орогнох байр, цуглах талбайг аймаг сум бүрт байгуулах зэрэг асуудлыг 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгахаар боллоо.

Улмаар ирэх сарын тавны дотор 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны төлөвлөгөөний төслөө нэгтгэн ирүүлэхийг үүрэг болгон  албан даалгавар өгч  “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хурлыг 12 дугаар сарын 18-нд зарлав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай