Ч.Мэргэн: Ёс зүйтэй ажиллавал амжилт илүү амттай

Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнтэй ярилцлаа. АНУ-д боловсрол эзэмшсэн тэрбээр Монголд мэдээллийн технологийн бизнес эрхэлж, томоохон компани удирдсан туршлагатай.

Түүнтэй ажил алба болон хувь хүний хөгжил, үзэл баримтлалынх нь талаар хөөрөлдөв.

-Сүүлд ямар ажил хийж, хэрэгжүүлснийг тань сонирхъё.

-Монголын хувийн хэвшилд сүүлийн 10 жил захирлын алба хашихдаа хууль эрх зүй, бизнес, эдийн засгийн орчин нь тогтворгүй байгааг анзаарсан. Мөн эрх баригчдын алдаатай бодлого бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буйг мэдэрлээ. Гомдоллож суухаар бизнесийн орчныг тогтвортой болгоход хувь нэмрээ оруулъя, хувийн хэвшлийнхний дуу хоолойг төр засагт хүргэе гээд бизнесийн зөвлөлд ажилласан.

Жил гаруйн хугацаанд төрийн бодлогод нөлөөлөхүйц 15 ажил хийлээ. Тухайлбал, гарал үүслийн гэрчилгээний журам, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, төсвийн тодотголтой холбоотой татварын асуудлын талаар УИХ болон Засгийн газрын гишүүдэд санал тавьж, хамтран ажиллаж, шаардлагатай тохиолдолд хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлсэн.

Тодорхой үр дүнд хүрч болох нь гэсэн ойлголт төрж, урам зориг авч байна. Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт 200 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан нь бидэнд их ажил байгааг илэрхийлж байгаа болов уу. Тодруулбал, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 16 хуулийн долоод нь санал оруулахаар ажиллаж байгаа. Хөдөлмөрийн тухай, Уул уурхайн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ч мөн анхаарлаа хандуулж байна.

-Та Монголын бизнесийн зөвлөлд төвлөрч ажиллаж байна уу, хажуугаар нь хувийн бизнес эрхэлдэг биз дээ?

-Монголын бизнесийн зөвлөлд хамаг цагаа зарцуулж байна. Хувийн төсөлдөө хэзээ, яаж цаг зав гаргах вэ гэж толгойгоо гашилгаад л явж байна. 05.00 цагт босвол цаг гаргаж чадахаар байгаа. Гэвч нялх хүүхэдтэй болохоор тэгэх боломж алга. Бизнесийн зөвлөлд ажиллахаасаа өмнө нэгэн онцлох ном орчуулж, хэвлүүлсэн.

Би хүмүүсийг эрүүл саруул, амжилтаар дүүрэн амьдрахад нь дэм болох хүсэл мөрөөдөлтэй. Үүндээ хөтлөгдөөд дэлхийн хэмжээний менежментийн мэдлэг, мэдээллийг Монголд авчрах үүднээс орчин үеийн менежментийн өвөг эцэг гэгддэг Петр Дракерийн жилийн 365 өдөр хүнд бизнесийн зөвлөгөө өгдөг номыг орчуулж, 2016 онд худалдаанд гаргалаа. Сурталчилгаа бага хийсэн ч хэдийнэ 1000 орчим хувь борлогджээ.

Орчин үед бизнесийн орчин асар хурдтай хөгжиж байна. Зөвхөн бизнес ч гэлтгүй, төрийн бус болон бүх л төрлийн байгууллага дэлхийн түвшний үйл ажиллагаа явуулж чадахгүй бол хоцрогдох, мөхөх хандлага ажиглагдаж байгаа. Өнөө үед байгууллагаа дэлхийн түвшнийх болгоё гэвэл удирдлага нь ч ийм хүн байх шаардлагатай.

Монголын компаниуд дэлхийн түвшинд хүрээсэй гэж бодож энэ номыг орчуулсан. Дахиад хэдэн ном хэвлүүлэх бодол бий. “Рокфеллерийн зуршлууд буюу бизнесээ томруулах нь” номыг хэвлүүлэх дөхөж байна. Дэлхий даяар олон хэлээр орчуулж, хэдэн саяар борлогдсон бүтээл. Эерэг өөрчлөлт авчрахад дэм болох зорилготой нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж байна.

-Ашиг олохыг бодоогүй гэж үү?

-Ашиг гэхээс илүү хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн. Ашиг олъё гэвэл би энэ төрийн бус байгууллага удирдахгүй, том компанид захирлын алба хашдаг ч юм уу, хувийн төсөл хэрэгжүүлээд явах байсан.

-Ном хэвлүүлэхээс өөр хувийн бизнесгүй юм уу?

-Ном хэвлэж байгаа нь л миний хувийн бизнес. Гэхдээ хэтдээ хэрэгжүүлэхээр судалж байгаа төслүүд бий.

-Та бизнесийн чиглэлээр л ажилладаг. Үндсэн мэргэжил тань бизнестэй холбоотой юу?

-АНУ-ын Колорада мужийн их сургуулийн Бизнесийн удирдлагын коллежийг компьютерийн мэдээллийн системийн мэргэжлээр 2002 онд төгссөн. Намайг төгсөх үед Америкийн мэдээллийн технологийн компаниуд дампуурсан юм. Мэдээллийн технологийн компаниудад 2000 онд оюутнуудад 70 мянган ам.долларын цалин амлаж, шинэ машин бэлэглээд ажилд авч байлаа. Компаниуд дампуурснаар хоёр жилийн туршлагатай хүмүүстэй өрсөлдөж ажилд орох шаардлага тулгарсан.

IBM компанид ажилд орох ярилцлага өгч, хоёр дахь шатанд шалгарахад би ганцаараа ажлын туршлагагүй, бакалаврын зэрэгтэй нь байв. Бусад нь магистр хамгаалсан, интернэт компанид ажилласан туршлагатай байлаа. Америкт мэргэжлийн ажил олдохгүй болохоор нь нэг жил үргэлжлүүлэн сурч, санхүүгийн менежмент, гарааны бизнес эрхлэх нь гэсэн хоёр мэргэжил эзэмшсэн. Ингээд гурван мэргэжилтэй төгссөн.

Америкийн хоёр корпорацад санхүүгийн менежментийн чиглэлээр дөрвөн жил ажиллалаа. Компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх судалгаа, шинжилгээ хийдэг байв. Хожим Харвардад байгууллагуудын дээд шатны удирдлагад зориулсан сургалтад 2014 болон 2015 онд суралцсан.

-Уоллстрийтийн залуус долоо хоногт 100 цаг ажилладаг гэдэг. Америк залуусыг урт цагаар ажиллуулдаг юм уу?

-Зарим салбарт долоо хоногт 80-100 цаг ажиллуулж хүнийг маш их дайчилдаг. Ерөнхийдөө Америкт залуус долоо хоногт 50-60 цаг ажилладаг. Би долоо хоногт 100 цаг ажиллаж үзээгүй. Харин оюутан байхдаа зуны амралтаараа 80 цаг ажиллаж үзсэн.

Хаалга тогшиж 350 ам.долларын үнэтэй ном борлуулдаг байлаа. Зундаа 6500 ам.долларын ашигтай ажилладаг гэхээр овоо борлуулдаг байж. Хэцүү ажил шүү. Ном зарсан хүмүүсийн 50-60 хувь ачааллыг нь дийлэхгүй, гэртээ харьдаг.

Америкийн бизнесийн соёл сонирхолтой. Жишээ нь, долоо хоног амарвал урт хугацаа гэнэ. Хоёр долоо хоног амарна гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ нөгөө талаас харвал, Америкт ажиллаж байгаад ирсэн цөөнгүй монгол залуу ажил гэр, гэр ажил гэсэн чиглэлтэй амьдрал нь уйтгартай санагддаг тул эх орон руугаа ирсэн байдаг.

-Та GMAT хэмээх шалгалтад чамгүй өндөр оноо авсан гэсэн үү?

-2000 оны дундуур оройн цагаар бизнесийн магистрт сурч байхдаа Чикагогийн их сургуулиар орсон юм. Тухай үед тус их сургууль бизнес удирдлагын магистрын хөтөлбөрөөрөө дэлхийд нэгдүгээрт байсан. Нэг хичээлд нь суутал гайхамшигтай санагдав. Зарим залуусынх нь биеэ авч яваа, сэтгэж байгааг харахад супер.

Нэг бүсгүй “Амьдралдаа нэг ч ам.долларын цалин авч үзээгүй” гэж ярилаа. “20 гарчихаад юу хийж явсан бол” гэж бодов. Тэгвэл “Нэг эмнэлэгт дадлага хийж байгаа. Тэгээд шинэ арга барил санаачилсан. Арга барил маань жилд 10 гаруй хүний амь аварна” гэж ярив. Ярианых нь төгсгөлийг сонсоод, түүнээс хол дутуу яваагаа ухаарлаа. Тэгээд дахин суралцаж, мундаг хүмүүстэй мөр зэрэгцээд, дэлхийн шилдэг мэдлэг, мэдээллээс хүртэх хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн.

Бизнесийн магистрт сурахаас өмнө GMAT хэмээх шалгалт өгдөг. Үүнд маш өндөр оноо авсан түүхтэй. Гэхдээ энэ шалгалтыг дөрвөн удаа өгч байж ийм оноо авсан. Над шиг энэ шалгалтыг дөрвөн удаа өгсөн хүнтэй таарч байгаагүй ээ (инээв). Анхандаа туршилтаар өгсөн чинь дундаас доогуур оноо авав. Шилдэг гэгддэг дөрвөн ном аваад нэлээд бэлдэж байгаад дахиад шалгалт өглөө. 690 орчим оноо авах ёстой байтал ханиад хүрчихсэн, шалгалтын үеэр ариун цэврийн өрөө рүү байн байн гүйсээр байгаад цагтаа багтаан бүх асуултад хариулж амжаагүйн улмаас 630-ийг авсан.

Шалгалтаа 80 орчим хувь өгч, шалгуулсан 100 хүний эхний 20-д багтсан гэсэн үг. Дахиад өгөхдөө нэлээд бардам, гэхдээ нэмэлт бэлтгэлгүй орчихсон чинь бараг адилхан оноо авдаг юм. Тэгэхээр нь сүүлийн удаа хамаг боломжоо шавхаад үзье гээд нэмж 3-4 шилдэг ном авч, нэлээд сайн бэлдээд өгтөл оноо бага зэрэг л нэмэгдэв. Сэтгэлээр унаж, миний оюун ухааны түвшин, ур чадвар ийм л юм байна гэж бодож дотор харанхуйлсан.

Гэхдээ хүсэл эрмэлзэл минь хатгасан тул эцсийн удаа үзээд алдъя гэж бодсон. Давж чадахгүй бол дахиад хэзээ ч өгөхгүйгээ мэдэж байлаа. Тэгээд 730 оноо авсан. 100 хүн шалгалт өглөө гэхэд хамгийн өндөр оноотой гурван хүний нэг болсон гэсэн үг. Тэр оноо нь Харвард, Стэнфордын их сургуулийн элсэлтийн дундаж онооноос өндөр байсан юм. Тухайн үедээ нэлээд л их юм болж, хувийн амьдралаа ч хойш тавьж байж шалгалт өгч билээ.

-Амжилт гаргахын тулд бэлтгэл маш чухал. Тийм үү?

-Ер нь тууштай байх хэрэгтэй. Хувийн амьдралаа нэлээд золиосолсон. Царайлаг бүсгүйтэй танилцаад маргааш залгана даа гэж бодсон ч мартаад, долоо хоногийн дараа санасан тохиолдол ч бий. Миний найзууд шорлог хийж байдаг. Би хагас, бүтэн сайнгүй хичээлээ давтана. Ялангуяа 20 гаруй настай байхдаа ирээдүйн урт жаргалынхаа төлөө зуурдын цэнгэлийг золиосолж, хичээж байсан.

-Та өөрийгөө хэр амжилттай яваа хүн гэж боддог вэ?

-Ер нь хангалттай биш гэж боддог. Сурч, хийж бүтээх зүйл олон бий. 40 нас хүрэх гэж байна. Хийж бүтээдэг оргил насандаа ирлээ. Ирээдүйн 10-30 жил маш сайн ажиллана гэж бодож байгаа. Үнэт цаг хугацаагаа үр дүнтэй, өгөөжтэй өнгөрөөнө.

-Гадаадад боловсрол эзэмшсэн. Монголдоо ирээд том компанид өндөр албан тушаал хашсан, мөн нөлөө бүхий төрийн бус байгууллага удирдаж байгаа болохоор таныг амжилттай явна гэж харж болох юм.

-Тийм байх. Монголын бизнесийн зөвлөл аль нэг салбар, улсын төлөөлөл биш. Бид олон байгууллагатай нэгдэж, хамтдаа Монгол Улсын хөгжилд дэм болох, бизнесийн орчныг сайжруулахад анхааран ажилладгаараа онцлогтой. Энэ чиглэлээр илүү үр дүнтэй ажилладаг болсон гэж бодож байгаа. Намайг өнгөрсөн жил Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлд томилсон нь тодорхой хэмжээнд бидний үйл ажиллагааг үнэлсэн хэрэг гэж бодсон.

-Засгийн газар солигдчихсон. Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлдөө хэвээрээ байгаа юу?

-Хэвээрээ байх болов уу. Дараагийн уулзалтын талаар мэдээлэл хүлээн авсан. Тэгэхээр үргэлжлүүлээд ажиллах нь гэж ойлгосон. Эдийн засгийн бодлогын зөвлөлийнхөн асуудлыг засаж сайжруулахад тустай зөвлөмж гаргаж, үр дүнд хүрэхэд дэм болж чадаасай гэж бодож байна.

-Та амжилтыг эрхэлж буй ажилтайгаа холбож, улс орны түвшинд томоор харан, ярьж байна. Монгол залуу хүн хувийн амжилт гаргахын тулд хэрхэх талаар бодлоо хуваалцаач.

-Хоёр түвшинд ярья. Нэгдүгээрт, хүн сонирхол, итгэл үнэмшлээ эрт олж мэдэх хэрэгтэй. Сонирхлоо эрт мэдэж, түүнийгээ хөгжүүлбэл амжилтад хүрэхэд хялбар. Элон Маскаас авахуулан 14-15 насандаа анхны бизнесээ эхлүүлээд амжилтад хүрсэн хүмүүсийн түүх дэлхийд өчнөөн бий.

Хоёрдугаарт, залуусыг итгэл үнэмшилдээ үнэнч, ёс зүйтэй замналаар амжилтад хүрээсэй гэж боддог. Монголд хүнийг албан тушаалаар нь амжилттай яваа, эсэхийг тодорхойлдог. Том компанийн өндөр албан тушаалтныг хүмүүс тоож хардаг нь нууц биш. Том алба хашиж байгаа нь биш, ямар ёс зүйтэй, замналтай нь чухал. Өөрөөрөө жишээлж ярья. Би АНУ-ын хамгийн том хөрөнгө оруулалттай, 1300 ажилтантай “Вагнер Ази” группийн удирдлагын багт сууж, “Вагнер Ази автомотив” хэмээх охин компанийнх нь гүйцэтгэх захирлын албыг хашиж явсан.

Тэр компанийн удирдлагын түвшинд ажиллахад мэдээллийн технологийн жижигхэн бизнесийг удирдаж байсан туршлага минь нөлөөлсөн гэж боддог. Бид 2008-2011 онд мэдээллийн технологийн бизнес эрхлэхдээ нэг л тайлан гаргаж байлаа. Хувийнхаа автомашиныг зараад компанидаа хөрөнгө оруулчихсан хэрнээ сар бүр хуучин машин худалдаж авах хэмжээний татвар төлдөг байсан. Тухайн үед татвараа үнэн зөвөөр төлдөг байсан жижиг, дунд бизнесмэн цөөн байсан мэт санагддаг.

Бид татвараа үнэнчээр төлдөг учраас үйл ажиллагааны өртөг өндөр байлаа. Иймээс бидэнд чанар, чадавхаар өрсөлдөхөөс өөр арга байгаагүй. Энэ нь биднийг чанартай бүтээгдэхүүн гаргах хөшүүрэг болсон. Манайх анхны интернэт маркетингийн агентлаг ажиллуулж, хажуугаар нь вэб сайт хийдэг байсан юм. Бизнесээ шударга, ёс зүйтэйгээр эрхлээд ашиг олоход хүндрэлтэй байсан хэдий ч бид илүү ихийг сурч, өөрсдийгөө хөгжүүлсэн.

Манай бүтээлүүд дэлхийн аль ч улсад гологдохооргүй. Ёс зүйтэй бизнес эрхэлснээрээ, мөн үүний улмаас ур чадвараа хөгжүүлж чадсанаараа үнэлэгдэж, “Вагнер Ази”-д ажиллах болсон гэж боддог. Мэдээж АНУ-д бизнесийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн минь нэг давуу тал болсон. Тэгэхээр ёс зүйтэй замналаар амжилтад хүрэх нь боломжтойгоос гадна өөрөө ч илүү их хөгжинө. Ингэж үхэр тэргээр туулай гүйцэх нь үнэхээр амттай.

-Монголчуудын үнэлэмжээр амжилттай яваа мэт харагддаг ч ёс зүйгүй хүн олон бий. Тэдний талаар ямар бодолтой байдаг вэ?

-Амьдралын хэв маяг ч юм уу, олон өнцгөөс харж дүгнэж болно. Би санаа амар байх дуртай. Ямар нэг байдлаар буруу хазгай гишгэхгүй байхыг хичээдэг тул харьцангүй тайван амьдардаг.

Зав гарвал сагс тоглоод, ном уншаад, хааяа ууланд алхдаг. Хааяа гүйдэг. Сүүлийн үед дугуй унаж байна.

-Тэгэхээр ёс зүйгүй үйлдлийг хараад бухимддаггүй хэрэг үү?

-Бухимдах зүйл олон ч төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр үргэлж адгаад хэрэггүй гэж боддог. Гурван сая иргэн дор бүрнээ хичээвэл нийгэм эрүүлжих юм биш үү. Төр засгийн эрх мэдэлтнүүдийг хараагаад, өөрсдөө нийгмийн баялгаас жижгээр ч гэсэн хумслаад байж болохгүй.

Хатан Туул голыг минь ухаад байна гэж гомдоллосон хэрнээ машиныхаа цонхоор хогоо хаявал ямар вэ. Иргэн бүр хичээвэл манай улс хөгжинө.

-Ямар ном уншиж байгаа вэ?

-Хоёр ном уншиж байна. Жак Уотерфордын “Монгол хатдын түүх”- ийг уншиж, гайхамшигтай ухаалаг эмэгтэйчүүдийн түүхийг мэдэж авлаа. Бид “Хатан төр” гэж ярьдаг даа. Монголчууд нэгдэхээрээ хөгждөг. Эвдрэхээр доройтдог түүхтэй. Нэгдэж, илүү ухаалаг ажиллах эринд ирчихсэн байна.

Залуучууд нэгдэж, хамтран ажиллахдаа сайн болсон юм шиг харагдаж байгаа. Энэ соёл цаашдаа улам түгэн хөгжөөсэй гэж боддог. “Рокфеллерийн зуршлууд буюу бизнесээ хэрхэн томруулах нь” номынхоо орчуулгыг уншиж, хянаж байна. Энэ бол супер ном. Олон бизнесмэнд, мөн байгууллагуудад том шинэчлэл авчирна гэж боддог.

-Та “Улаанбаатар ротари” клубийн гишүүн. Ямар хүсэл эрмэлзэлтэйгээр энэ клубт элссэн бэ?

-Би тус клубийн хоёр жилийн өмнөх ерөнхийлөгч. Гишүүд нь нэг нэг жилээр ээлжилж ерөнхийлөгчөөр сонгогддог юм. Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Нийгмийн асуудлыг төр, засаг дангаараа шийдэж чадахгүй нь ойлгомжтой болсон. Тиймээс дэлхийн аль ч оронд төрийн бус байгууллагуудын ач холбогдол асар өндөр боллоо.

Хүмүүс нийгэм, бусдын сайн сайхны төлөө гээд ухаалгаар нэгдэж, бодит тус нэмэр оруулахаар ажилладаг болж. Жишээ нь, “Лантуун дохио”-гийн Ч.Ганжавхланг нэрлэж болно. Ротарид 15 клуб байна. Нэг клуб 30-40 гишүүнтэй. 30-аас доош насны залуусын гишүүнчлэлтэй 15-16 ротаракт клуб бий. Нийт гишүүдийнх нь тоо 1000 дөхөж байгаа болов уу.

Өмнө нь гишүүн байсан хүмүүсээ оролцуулж тооцвол олон мянга болно. “Улаанбаатар ротари” клуб 23 жилийн түүхтэй. Манай клуб энэ хугацаанд нийгмийн сайн сайхны төлөө 6-7 сая ам.долларын хэмжээний 120 гаруй төсөл хэрэгжүүлжээ.

-Та бизнесийн гэхээс илүү нийгмийн зүтгэлтэн болчихсон юм биш үү. Клубийн гишүүн, ном орчуулж, соён гэгээрүүлэх үйлсэд оролцож байна, мөн төрийн бус байгууллагаар дамжуулан эрх зүйн орчныг боловсронгуй болгоход санаа бодлоо нэмэрлэнэ.

-Харин, тийм ээ. Нийгмийн зүтгэлтэн болчихоод байгаа. Гэхдээ өөрийгөө энтрепренер гэж боддог. Өмнөх асуулттай холбогдуулж ярихад, сүүлийн үед сошиал энтрепренер буюу нийгэмд тустай бизнес хийж ашиг олъё гэсэн хариуцлагатай бизнесийн загвар элбэгшиж байгаа. Бизнес эрхлэгчид эрх ашгаа хэтэрхий түрүүнд тавих тохиолдол бий. Үүнийг би эрсдэл гэж хэлнэ.

Мэдээж бизнес эрхлэгч ашигтай ажиллах ёстой. Гэхдээ ашиг олохын тулд ажилчид, ханган нийлүүлэгчээ шулах үзэгдэл манайд багагүй. Энэ бол удаан оршин тогтнох бизнесийн загвар биш. Тэгэхээр Монголын жижиг ч, том ч бизнес эрхлэгчид шинэ давалгааг анзаарч, хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

Миний хувийн бизнесийн үнэт зүйл, алсын хараа маань харилцан ашигтай, нийгэмдээ өгөөжтэй байх уялдаатай. Одоохондоо бизнесийн нэг л ном орчуулсан. Цаашдаа хүмүүст эрүүл, бүтээлч амьдрахад нь дэм болох олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргана.

-Бас таныг Улаанбаатарын утаанд санаа зовж ярьдгийг мэднэ.

-Монголын бизнесийн зөвлөл утааг бууруулах талаар ажиллана гэхээр хүмүүс ойлгохгүй байж магад. Улс орны хөгжилд хөрөнгө оруулалт, авьяаслаг ажилтан, технологи, инновац чухал. Хятад улс хөгжсөн шалтгаан нь хөрөнгө оруулалт, технологийн зэрэгцээ гадаадаас олон чадварлаг мэргэжилтэн татсанд байдаг.

Монголд чадварлаг хүн тогтохгүй байх шалтгаан нь агаарын бохирдол болчихоод байна. Чадварлаг мэргэжилтнийг нь үргээж, ажилтнуудынх нь эрүүл мэндийг хордуулж байгаа учир утаа бизнесийн асуудал мөн. Тиймээс Монголын бизнесийн зөвлөл болон манай Байгаль орчин ба эрчим хүчний ажлын хэсгийн зүгээс компанийн захирал болон хүний нөөц хариуцсан хүмүүст нь зориулж зөвлөмж бэлдсэн. Эхний хэсэгт нь утааны талаар зөв, дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалжуудыг тодорхойлсон.

Сүүл хэсэгт нь утааг бууруулахад компаниудын хийж чадах арга хэмжээг санал болгосон. Өрөөнд агаар цэвэршүүлэгч тавих, машинуудынхаа агаарын шүүлтүүрийг цаг тухайд нь сольж, янданг шүүлтүүртэй болгох зэрэг арга хэмжээг компаниуд авч болно. Ядаж ажилчдадаа утааны хор хөнөөлийн талаар сургалт хийж болно.

Монголд өвөл ажилчдын ирц эрс буурдаг юм. Өөрсдөө ч, үр хүүхэд нь ч өвдөнө. Тэгэхээр байгууллагынхаа хүрээнд юу хийж болохыг заасан. Монголын агаарын бохирдлыг хэн ч хөнддөггүй нэг хэлбэр нь гэртээ тамхи татах. Асар том асуудал шүү. Удахгүй зөвлөмжөө олон нийтэд дахин дэлгэж, гишүүн компаниуддаа уриалга гаргана.

-Цас ороод Улаанбаатар хотын гудамж мөсөн гулгуурын талбай шиг боллоо. Одоо үүнд санаа зовох хэрэгтэй юм биш үү. Уучлаарай, бага зэрэг хошигночихлоо.

-Харин тийм. Гантиг чулуугаар явган хүний зам, шат хийхээ болимоор байна. Халтирч уначих гээд хэцүү, хэцүү. Ядаж бэржгэр гантиг бол бас яах вэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай