А.Хатангэрэл: Шүхрээр газардахдаа эх орноо төсөөлөх мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад энхийг сахиулахаар эх орны минь эрэлхэг 111 цэрэг  аав ээж, амраг хайрт,  элгэн садантайгаа салах ёс хийгээд явж байлаа. Тэгвэл 11-дүгээр сарын 7-нд ажил үүргээ амжилттай гүйцэтгээд харь нутгийн 40 градусын халуун, халдлага дайралтыг ажралгүй давсан баатарлаг залуус эх орондоо ирэхэд сэвсгэр цагаан  цасан хаялаж харласан нүүрэн дээр нь хайлж байлаа. Тэднийг тосохоор генерал Ж.Бадамбазар, АНУ-аас манай улсад суугаа Элчин сайд, хатагтай Женнифер Галт тэргүүтэй албаныхан угтлаа. Харц дээгүүр эрхэмсэг хадагтай энэ цаг мөчид өөрийн үр хүүхдээ харан бахархах эх хүнийх шиг  зөөлөн тогтуунаар ширтэж "та бүхнийг угтан авч “Баярлалаа” гэдгийг илэрхийлэхийг хүссэн юм. Эх орондоо, гэр бүлдээ тавтай морил” хэмээн талархал илэрхийлсэн.

 Энхийг сахиулах ажиллагаанд хоёр дахь удаагаа яваад ирсэн 084 ангийн гранатометчин А.Хатангэрэл хийсэн ярилцлагаа толилуулж байна.

Цас ч хүлээлт үүсгэж та бүхэн ч хүлээлт үүсгэж байсан энэ үед  хамт хүрээд ирдэг юм байна. Монголдоо буусан анхны сэтгэгдлээсээ ярилцлагаа эхлүүлэх үү?

- Эх орноосоо явахдаа жанжин тугандаа хүндэтгэл үзүүлээд л нисэж байсан. Нэг л мэдэхэд ирэх болж уржигдар буюу 11-дүгээрс 7-нд буулаа. Биднийг ирэхэд цас орж байсныг бэлгэшээхээс гадна 40 градусын халуунд байж байгаад ирсэн тул цас үзээгүй мэт  бид баярлацгаасан.

Их ажлын ард гараад өнөөдөр  төрийн дээд одон медаль хүртээд зогсож байна. Танд баг хамт олонд нь баяр хүргэе.

-Өмнөх цэргийн багуудын гаргасан амжилтыг буухиалж бид ажил үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ. Тавдугаар ээлжийн цэргийн баг хамт олон маань нэгэн сэтгэлээр ажиллахаас гадна  Б.Чинзориг захирагчийн маань гавьяагаар энд өнөөдөр баярлаад зогсож байна. Манай цэргийн багийн 60 гаруй хувь нь ажиллагааны туршлагатай тул хамтарч ажиллахад урамтай байсан. Залуусынхаа нэг хэсэг гэж бодоход л баяртай байдаг.

Бид байлдаантай кино үзээд сууж байхад та бүхэн байлдааны бэлэн байдалд байдаг. Афганистаны цаг үеийн байдал хэр байсан бэ?

-2018 онд Ерөнхийлөгчийн сонгууль, 2019 онд парлемантын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан улс төрийн нам хөдөлгөөн, бүлэглэлүүд идэвхжиж тэр хэмжээгээр цагийн байдал хүндрэх эрсдэл өндөр байгаа хэдий ч өмнөд Суданд байсантай харьцуулбал  гайгүй байлаа. Ер нь тэгээд бидэнд хэцүү байна гэж хэлэх байхгүй шүү дээ. Чадахгүй байсан ч чадах гээд хичээх л сонголт байдаг даа.

Афганистан улсад та бүхний нэг өдөр яаж өнгөрдөг бол?

Бидний амралтын өдөр, шуурхайтай өдрийн хуваарь их ялгаатай.

  • Өглөө 5 цаг гэхэд бүгд боссон байна.
  • 6 цагт хоолондоо орно.
  • 6:40-д харуулдаа гараад өдрийн турш бэлтгэлээ хийн байнгын бэлэн байдалд байдаг бол амралтын өдөр харуулын ажлаа хүлээлгэж өгнө. Харуулын ажлаа хүлээлгэж өгөхөд хэл нэвтрэлцэх тал дээр инээдтэй юм их болдог.

mail Энхийг сахиулах ажиллагаанд зургаан удаа явж байсан Батбаярын ярианаас: Хэл сурахдаа Монгол цэргүүд гойд сайн. Харуулын ажлаа би Польш цэрэгт хүлээлгэж өгдөг байсан юм. Эхэндээ ч Орос, Англи хэл хольж хутгаад л арай гэж ойлголцоно. Зургаан сарын дараа Польшоор ойлголцох хэмжээний ярилцдаг болсон байсан. Польш цэргүүд харин баяртай, баярлалаа, уучлаарай гурваа ч сайхан холино шүү дээ гэж инээдэм болгож ярьцгаадаг байлаа. Тэнд байх хугацаандаа олон орны хэлийг амархан сурчихдаг Монгол цэргүүдийг бүгд л  их гайхдаг байсан.

  • Харуулын ажлаа хүлээлгэж өгсний дараа 8 цагт цэвэрлэгээ хийнэ.
  • 9-11 цагийн хооронд Англи хэлний хичээлдээ сууна.

mail Суданд энхийг сахиулж байх үеийн Батбаярын ярианаас:  Дэлхийн хамгийн том  120 мянган хүнтэй дүрвэгсдийн хуаран байдаг. Дүрвэгсдийн хүүхдүүд хэчнээн хурдан хэл хурдан сурдаг гэж санана. Монголоор цэвэр ярьдаг цөөнгүй хэдэн хүүхэд байдаг. Одоо бүр сайжирсан байж магадгүй мартсан ч байж магадгүй. Бидэнтэй Монголоор ярьсаар байгаад чөлөөтэй ярьдаг болсны дээр Монгол ном гуйж аваад сурдаг байсан юм даг.

  • 11 цагаас өдрийн цайндаа орно.

Хоол цайнд нь хэр идээшсэн бэ? Юу иддэг байсан бол?

Эхэндээ хоолонд дасаж өгөхгүй хэцүү байсан ч сүүлдээ хуруу шиг жижигхэн хуушууранд нь дуртай болсон. Бидэнд илжиг, үхэр, тахиа, загасны мах өгөхөд нь их дуртай байдаг байлаа.

laugh Тогооч нарын хөгтэй яриа: Биднийг хараад л "Өө Монголчууд байна. Мах, хуушуур өг гэдэг. Монголчуудад мах л өгчихвөл болоод явчихна, Солонгос, Хятадуудад будаа өг, Европчуудад ногоо өг, Япончуудад харин юу ч битгий өг гэдэг байсан. Япончууд хоол өгөхөөр тэр ч чанарын стандарт энэ ч ISO-г хангах хэрэгтэй гээд цамаан зан гаргаад суучихдаг юм л даа.

Цайндаа орчихоод юу хийх үү?

  • 13 цаг хүртэл амарч байгаад харуулын бэлтгэл, эрүүл мэндийн үзлэгтээ ордог байсан.
  • 14 цагаас эхлээд амралтын өдөр бол 20 цаг хүртэл амарч байгаа юм. Энэ үедээ залуус л юм хойно теннис, биллиард, цахим тоглоом тоглоно.

  • 20 цагаас цагийн байдлын мэдээ сонсоно.

Харин харуулын өдөр бол ийм амгалан байхгүй ээ. Хаана юу болох бол гэж байнгын соргог  байна.

· mail Энхийг сахиулах ажиллагаанд зургаан удаа явж байсан Батбаярын ярианаас: Монгол цэргийн цусанд байлдах мөн чанар байдаг гэдгийг хамт алба хаасан бусад орны цэргүүд ч хүлээн зөвшөөрдөг юм. Ямар нэг халдлага боллоо гэхэд бусад орны цэргүүд ширээн доогуур юм уу хорогдох байр луу гүйж байхад Монгол цэргүүд буугаа шүүрч аван,  даалгавраа авах гэдэг.   

Таны FB дээр гэрийнхэнтэйгээ уулзаж буй энхийг сахиулагчдын зураг дүрс бичлэг их байсан. Энэ бичлэг дээрх шиг уулзах өдрөө тэсэн ядаж хүлээж байсан байхдаа ? Ар гэрийнхэн нь танаар бахархаж, баярлаж угтав уу?

Найзууд минь намайг угтаж авлаа. Харин гэрийнхэн гадаадад байгаа болохоор гэрээс хүн байсангүй.  Аав минь өнөөдөр ирсэн байсан бол хүүгээрээ бахархах байсан биз.  heart Миний тухай найзууддаа бахархаж ярихдаа хүүхэд шиг л баярладаг юм гэсэн. Биеийн тамирын багш хүн л дээ. Аавыгаа яг дуурайжээ гэж хүмүүс ярьдаг юм. 

Та Шүхэрч десантын цэрэг гэдгээрээ онцлог. Шүхрээр буух мэдрэмжээсээ хуваалцаач?

Шүхрээр анх буухад айдастайгаа тэмцэж байж ядаж байсан. Яваа яваандаа шүүхрээр газардана гэдэг гайхалтай санагдах болсон. Дахиад дахиад л гэмээр санагдана.  Би 30 гаруй удаа газардаж байлаа.  enlightenedШүхрээр газардахдаа нүдээ аниад хайртай бүхнээ эх нутгаа төсөөлөх мэдрэмжийг би өөр юутай ч зүйрлэж чадахгүй.

Үүнийг Суданд байхдаа хийсэн гэж сонссон.  Хайртай хүндээ зориулж хийсэн юм уу?

Тухайн үед үерхдэг байсан найз охиныгоо санахдаа хийж байсан юм. Одоо салаад удаж байна. Бидэн шиг гадаадад удаан хугацаагаар явдаг ажилтай хүнийг хүлээнэ, хайрлана гэдэг хэцүү л байдаг байх. Хүний амьдрал богинохон.  Хэдий хувийн амьдралдаа золиос гаргасан ч би энхийг сахиулсан эр цэрэг, дэлхийн цэрэг болсон минь надад үнэ цэнэтэй. Тэнд сурсан мэдсэн бүхнийхээ  хэргийг одоо эх орондоо гаргах болно доо.

Танд нэмж хэлэхийг хүссэн зүйл байна уу?

-Энхийг сахиулан хамт олонтойгоо мөр зэрэгцэн зүтгэж яваа минь нэр төрийн хэрэг. Эх орны минь тэнгэр нь цэлмэг, газар нь зөөлөн байг.

 

 

 

 

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай