Д.Мөнхзориг: Магадлан итгэмжилснээр ойд илүү сайн менежмент нэвтэрнэ

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, тогтвортой хөгжлийн талаар анхаарлаа хандуулж буй өнөө үед ойн магадлан итгэмжлэлийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мөнхзоригтой ярилцлаа.

-Ойн магадлан итгэмжлэл манай орны хувьд цоо шинэ зүйл. Гадаадын орнуудад энэ талын ямар туршлага байдаг вэ?

-Ойн салбарын магадлан итгэмжлэл олон улсын хэмжээнд хөгжөөд 20 гаруй жил болж байна. Магадлан итгэмжлэл хийснээр тухайн ойд хамгийн сайн буюу зөв менежмент явуулж, экологи, эдийн засаг, нийгмийн хувьд үр ашгаа өгч байгаа ойн сан гэдгийг л нотолж буй хэрэг юм.

Ойн санг итгэмжилсний дараа тухайн ойгоос гарсан түүхий эд, дагалт баялгаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодоход зөв, сайн менежменттэй ойгоос гарсан материалаар энэ бүтээгдэхүүнийг хийсэн, экологийн хувьд ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгийг мөн давхар нотолж байгаа юм.

Ингэж нотлогдсон бүтээгдэхүүн зах зээлд нэр хүндтэй, үнэ өртгийн хувьд илүү байдаг төдийгүй тухайн ойд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, менежмент нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг юм.

-Ажлаа та бүхэн юунаас эхэлсэн бэ?

-Бид Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемийн дасан зохицох нь II” хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд Германы “Хессен Форст” олон улсын зөвлөх байгууллага 2013-2015 онд ойн магадлан итгэмжлэлийн стандарт, шалгуур үзүүлэлт, стратеги зөвлөмжүүдийг өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад олон улсын магадлан итгэмжлэлийн тогтолцоог ямар байдлаар хөгжүүлж болох вэ, суурь нөхцөл нь ямар вэ гэдэгт үнэлгээ хийсэн юм. Үр дүнд нь Монголд өөрийн гэсэн онцлогтой ойн магадлан итгэмжлэлийн тогтолцоо бий болгох шаардлагатай, хэрэгжүүлэх боломж байна гэж дүгнэсэн.

Бид зөвлөмжийг судалж үзээд 2016 онд Монголын нөхцөлд тохирсон магадлан итгэмжлэлийн стандарт, шаардлага, баримт бичгүүд ямар байж болох вэ гэдэг аргачлалаа боловсруулсан. Үүнийхээ дагуу Сэлэнгэ аймгийн Түнхэл, Ерөө тосгоны тус бүр хоёр, нийт дөрвөн аж ахуйн нэгжид магадлан итгэмжлэл хийсэн юм. Энэ ажил амжилттай болж, анхны дөрвөн компани итгэмжлэл авсан.

-Монголын онцлогт тохирсон магадлан итгэмжлэлийн тогтолцоо бий болгохоор стандарт, шалгуурыг нь боловсруулсан гэлээ. Үүнийг жаахан тодотгохгүй юу?

-Монгол Улсад олон улсын магадлан итгэмжлэлийн тогтолцоог яг тэр чигээр нь хуулбарлан оруулж ирж, нэвтрүүлье гэхээр хүндрэлтэй. Монгол Улсын ойн сан Үндсэн хуульд зааснаар төрийн өмч. Төр өөрийнхөө өмчийг Ойн тухай хуулийн дагуу орон нутгийн засаг захиргааны нэгжүүдээрээ дамжуулж эзэмшин, ойтой холбоотой бүх асуудлаа шийддэг тогтолцоотой.

Монголд хувийн эзэмшлийн ой байхгүй. Тиймээс бид гаднын туршлагыг шууд хуулбарлах гэхээсээ олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагуудын тавьдаг гол шаардлага, шалгуур үзүүлэлтийг аль болох Монголд тохирох боломжтойг нь авсан. БОАЖЯ-наас тусгай эрх авсан ойн мэргэжлийн байгууллагууд ойжуулалт, мод бэлтгэлээс өгсүүлээд тэнд явуулах аж ахуйн бүхий л ажлыг гүйцэтгэдэг. Эрх зүйн үндэс нь Ойн тухай хуулиар бүрдчихсэн.

Ийм тогтолцоотой учраас Монгол Улсад хамгийн боломжтой, хэрэгжиж болох, ойн магадлан итгэмжлэлийн хувилбар нь эхний ээлжинд мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгжүүдийг магадлан итгэмжлэлд хамруулах нь зөв гэдэг шийдэлд хүрсэн. Энэ нь Монгол Улсын онцлогт тохирсон итгэмжлэлийн тогтолцоо юм.

-Ойн мэргэжлийн байгууллага хэд байна вэ?

-Хамгийн сүүлийн үеийн тоогоор 832 байна. Ойн нөхөрлөл 1200 гаруй бий. Ойн мэргэжлийн байгууллага тодорхой шаардлага, шалгуур хангаж байж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар мэргэжлийн байгууллагын эрх авдаг. Ойн нөхөрлөлүүд ч гэсэн тодорхой нөхцөл, болзолтойгоор ойн санг эзэмших эрх тухайн нутаг дэвсгэрийн сумын ИТХ-аас авна.

Эдгээр байгууллагын хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нийгмийн хариуцлага, техник, технологийг сайжруулснаар ойд явуулж байгаа аж ахуйн үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулна. Монголын ойд илүү сайн менежмент нэвтэрнэ гэсэн үг. Ийм л зорилгоор бид магадлан итгэмжлэл явуулж байна.

-Аж ахуйн нэгжүүдэд ямар шалгуур тавих вэ?

-Тухайн аж ахуйн нэгж байгууллагын мэргэжилтэй ажилчид, хүний нөөц, техник тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдал, экологид ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, нийгмийн хариуцлагын асуудал, галын аюулгүй байдал зэргийг харгалзан үзнэ. Ер нь бол хамгийн чухал гэсэн багц асуудлуудаар бид шалгуур үзүүлэлт гаргасан. Гэхдээ аж ахуйн нэгжүүд айж зугтахаар, хүнд шалгуурууд байхгүй.

Монгол Улсын Ойн тухай хууль тогтоомжоор хангалттай олон шаардлага, хариуцлагыг аж ахуйн нэгжүүд үүрч байна. Дээрээс нь дахиад нэг дарамт бий болгож, аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх биш, хөгжилд нь саад болсон бодлого үйл ажиллагаа, шаардлага, шалгуурууд гаргаж ирж болохгүй.

-Итгэмжлэл авснаараа тэгвэл ямар давуу талтай вэ?

-Аж ахуйн нэгжүүдийн тавьж буй гол асуулт нь энэ. Олон улсын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэл авна гэдэг бол дэлхийн зах зээлд л гарч ирнэ гэсэн үг. Энэ бол өөрөө эдийн засгийн маш том хөшүүрэг. Урамшууллын ямар механизм, давуу тал, үр ашиг дагалдаж байж аж ахуйн нэгжүүд үүнд хамрагдах сонирхол төрөх вэ гэдгийг бид нэлээд судалсан. Таван чиглэлээр урамшууллын асуудлыг шийдэхээр санал боловсруулсан.

Одоогоор магадлан итгэмжлэлийн талаар хууль хараахан гараагүй. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг манай байгууллага боловсруулаад БОАЖЯ-нд хүргүүлээд байгаа. Яамнаас биднийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Ойрын хугацаанд энэ асуудал хуульчлагдах байх. Манай ойн компаниудад хөнгөлөлттэй зээл олддоггүй, тогтвортой үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлтэй зэрэг олон хүндрэл бий.

Эдгээрийг цогцоор нь шийдэх санал боловсруулсан, мөн төсвийн хөрөнгөөр хийдэг олон ажлыг давуу эрхээр гүйцэтгэх гэх мэт урамшууллын тогтолцоо, механизмыг бий болгоно.

-Монгол орны ой хөгширсөн, унанги мод ихтэй гэсэн дүгнэлт ойн тооллогын үр дүнд гарсан шүү дээ. Энэ талаар ойн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах вэ?

-2015 онд Ойн талаар төрөөс баримтлах бодлого гэж хуулиас гадна бодлогын баримт бичиг УИХ баталсан. Үүнд 2020 он гэхэд магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүд ойд ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг болно гэсэн маш том зорилт бий. Олон зорилтот ойн тооллогын үр дүнд ойн талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт гарч байгаа.

Магадлан итгэмжлэлийн шаардлага хангасан мэргэжлийн аж ахуйн нэгжүүд ойд ашиглалтын үйл ажиллагаа явуулна. Ингэснээрээ түүний ашиглалт сайжирна, эрүүл, бүтээмж өндөртэй ой бий болгох нөхцөл бүрдүүлнэ.

-Ойн нөхөрлөлүүдийг магадлан итгэмжлэх үү ?

-Одоохондоо магадлан итгэмжлэлд орохгүй. Зөвхөн ойн мэргэжлийн байгууллага, компаниудыг хамруулахаар төлөвлөсөн. Нөхөрлөлүүдийг цаашдаа оруулна. Бид магадлан итгэмжлэлийг гурван үе шаттай нэвтрүүлэх зорилт тавьсан. Нэгдүгээрт, ойн мэргэжлийн байгууллагуудаа магадлан итгэмжлэлд хамруулна. Үүнийг ойрын таван жилд багтаан явуулахаар тооцсон.

Хоёрдугаарт, ойн сангаа итгэмжлэлд хамруулна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд зөв менежмент хийж чадаж байна уу, үгүй юү гэдгийг бид итгэмжилнэ. Гуравдугаарт, тухайн ойн сангаас гарсан бүтээгдэхүүнийг бид магадлан итгэмжилнэ. Ой бол эдийн засгийн хувьд үр ашигтай, нөхөн сэргэдэг баялаг шүү дээ. Одоо эхний үе шатандаа явж байна.

-Дөрвөн компанид туршилтын магадлан итгэмжлэл хийхэд ямар бэрхшээл тулгарч байв. Шинэ зүйлийг хүлээж авахдаа манайхан хойрго улс шүү дээ?

-Хүндрэлгүй хэрэгждэг шинэ зүйл гэж байхгүй. Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтгаа олдог. Ийм ч юм болохгүй, төр, засаг ч ингэж дэмжихгүй байна гэж гомдоллож, хүндрэл талаас нь яримааргүй байна. Дөрвөн аж ахуйн нэгжид магадлан итгэмжлэл хийхэд тухайн аж ахуйн шаардлага хангах бүрэн боломжтой гэдэг нь харагдсан.

-Их сургуулиуд олон улсын магадлан итгэмжлэл авснаар нэр хүнд нь өсөхийн зэрэгцээ оюутан элсүүлэх хөшүүрэг болж байна.

Ойн салбарт магадлан итгэмжлэл нэвтрүүлснээр баялгаа үнэ цэнэтэй болгох, нэр хүндийг нь өргөх ач холбогдолтой байж чадах уу?

-Би хоёр зүйл л хэлье. Зарим хүн “Монголын ой хариугүй жаахан юм, хайрлаж, нандигнаж байхгүй бол болохгүй” гэсэн ойлголттой байдаг. Тэр ч байтугай төрийн бодлогод ойгоос хэрэглэдэг модныхоо хэмжээг жил бүр бууруулна, Оросоос мод оруулж ирнэ, мод түлээ ашиглахыг хориглоно гэдэг. Газар нутагтайгаа харьцуулахад найман хувь боловч манайд 18 сая гаруй га ой бий. Ой өөрөө нөхөн сэргэдэг баялаг.

Монголтой ойролцоо ойтой Герман гэхэд ойгоосоо ашиг олоод сууж байхад манай улсын ойгоос олдог үр ашиг өчүүхэн бага. Энэ юунаас үүдэлтэй вэ гэхээр 1990-ээд оны үед модоо Хятад руу экспортолсон. Дараа нь дугуй хөрөө гарч модтой тосгон, суурингуудад дуртай газраасаа залуу мод огтолж эхэлсэн. Хууль бус мод бэлтгэлийг хянах нь толгойн өвчин болсон. Энэ хугацаанд мод бэлтгэлийг яаж багасгах, үйл ажиллагааг нь хэрхэн хатуу хянах вэ гэдэг бодлого барьж ирсэн.

Өнөөдөр бодит байдлаа харахаар ойд ашиглагдаагүй нөөц их, менежментийн арга хэмжээ явуулах шаардлагатай болоод байна. Энэ хатуу бодлого, шахалт, хүнд шаардлага, шалгуурын дүнд мод бэлтгэлийн аж ахуйнууд хөгжиж чадаагүй. Ашиглалтын талаа хамтад нь зөв аваад явах юм бол гурван сая монголчуудын хэрэглээг хангаад, илүү гарахаар ойн нөөц бий. Гэтэл бид ойгоо түймэрт шатааж, нэг бол хөнөөлт шавьжид идүүлээд байна.

Төрийн бодлогоор бол зохистой ашиглая, тогтвортой менежмент нэвтрүүлье гэж зорьж буй ч цаасан дээр л хэрэгждэг. Тэрийг газар дээр нь хэн хийдэг вэ гэхээр өнөөх л ойн мэргэжлийн байгууллагууд шүү дээ. Яг газар дээр нь, ойд нарийн технологийн үйл ажиллагаа явуулдаг тэр байгууллагыг л бид чадавхжуулъя гэж байгаа юм. Түүнээс биш Ойн бодлого, стратегийн тухай яриагүй.

Магадлан итгэмжлэл гэдэг бол ойд газар дээр нь гардан ажлаа хийж байгаа тэр л аж ахуйн нэгжийг илүү сайн ажилладаг болгоно. Итгэмжлэлд орохоороо сайжирна гэж яагаад ийм итгэлтэй дуугараад байна вэ гэдгээ тайлбарлая. Өнөөдөр нэг компани гурван жилийн хугацаатай итгэмжлэл авлаа гэж бодъё. Тухайн компанийн үйл ажиллагаа жил бүр өмнөхөөсөө өсөж, хөгжиж л явах ёстой. Ийм л шаардлага бид тавина, хөгжих боломжийг хамтдаа бүрдүүлнэ.

-Ойн магадлан итгэмжлэлийн үлгэр жишээ болсон ямар орон байна вэ?

-Магадлан итгэмжлэл хэрхэн яаж хэрэгжиж байна гэж туршлага судалж байсангүй. Харин Швед улсад энэ чиглэлийн сургалтад суусан. Ойн магадлан итгэмжлэлийн хоёр том байгууллага дэлхийд үйл ажиллагаа явуулж байна. Нэг нь 200, нөгөөх нь 180 гаруй сая га ойн санг, нийтдээ 60-аад улсыг эгнээндээ нэгтгэсэн. Манай улс энэ дунд байхгүй.

Гэтэл Орос, Хятад хоёр үүнийг хэдийнэ нэвтрүүлчихсэн. Азидаа Монгол Улс ганцаараа үлдчихэж. Хятад арваад жилийн өмнөөс энэ ажлыг хэрэгжүүлсэн. ОХУ-д ч ялгаагүй.

Монголын нөхцөлд энэ ажил амжилттай хэрэгжээд явбал алсдаа олон улсын стандартад нийцсэн, өөрийн гэсэн үндэсний стандарттай болж олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Манай ойн салбар 90 гаруй жилийн түүхтэй. Бас мэргэжлийн боловсон хүчин, тогтолцооны хувьд Африкийн орнуудаас хамаагүй илүү, тодорхой менежментийн арга зүйтэй.

Жилдээ хоёр сая гаруй шоо метр мод бэлтгэдэг, үйлдвэрлэдэг байсан туршлагатай. Гэтэл ийм шилдэг сайн туршлага дэлхийд хөгжөөд 20 гаруй жил болчихоод байхад бид зүгээр сууж байна гэдэг харамсмаар.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай