Япон зурагчин Акико Рүсэлл: Монголчууд үргэлж урагшаагаа тэмүүлж амьдраасай

Япон зурагчин Акико Рүсэлл: Монголчууд үргэлж урагшаагаа тэмүүлж амьдраасай

Акико Рүссэл гэх Япон бүсгүй Монголчуудыг  гэрэл зургийн хальсандаа буулгаж  үзэсгэлэнгээ  энэ сарын 3-нд толилууллаа.  Түүний нүдээр бидний ертөнцийг тольдсон зургуудад тэр бүр тогтож анзаараагүй өнцгөөс авсан бүтээл  олон байлаа. Уулзаж ярилцахад өөрөө ч бас  зурган дээр сайхан гардаг байхдаа гэмээр цэвэрхэн Ази төрх, энгэртээ тэвэрсэн царайлаг охин хүү хоёр нь аргагүй хараа булааж байлаа. Үзэсгэлэнгийнх нь үеэр түүнтэй хэсэг ярилцаж хөөрөлдсөнөө хүргэе.

Та энд ирээд хэр удаж байгаа вэ? Монголд зургийн үзэсгэлэнгээ гаргана гэж төсөөлж байв уу?
-Монголд амьдраад хоёр жил болж байна. Энд анх нөхрөө дагаж ирэхдээ үзэсгэлэн гаргах нь битгий хэл зураг дарах талаар ч бодож байсангүй. Гэтэл ирсний дараа байдал өөрөөр эргэсэн. Нөхөр маань намайг зурах дарахад урамшуулж хөхүүлэн дэмждэг болохоор үзэсгэлэн гаргахад ихээр нөлөөлсөн. Зургаа цуглуулсаар байтал нэг л мэдэхэд үзэсгэлэн гаргах хэмжээнд  хүрчихсэн байсан. 
Монголд ирснээсээ хойш урын сандаа нийт хэчнээн зурагтай болсон бэ?
-Үзэсгэлэн гаргахаасаа өмнө бүртгэхэд 450 гаруй зураг байна лээ. Харин өнөөдөр 47 зургаа дэлгэлээ.
Зураг бүрийг  хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас гярхай мэдэрч авсан нь харагдсан. Монголчууд таны нүдэнд яаж тусдаг вэ?
-Анх ирээд жинхэнэ Ази царайг Монголд л харах шиг санагдсан. Царай зүс, өссөн орчин дадал зуршил гээд  адилгүйн дээр үндэстэн бүрийн  мэдрэмж нь гойд ялгаатай. Монголчуудад огт сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа зүйл миний анхаарлыг маш ихээр татаж байх жишээний.
Жишээлбэл таны анхаарлыг татаж зураг дарах сэдэл төрүүлсэн ямар агшин байсан бэ?
 -Энэ хар цагаан зургийг харж байна уу? Манай Японд бол ийм ил задгай юм байдаггүй. Дэлгүүрт малын мах олон дахин боловсруулалт дамжсан байдаг болохоор цаана нь юу болж байгааг худалдан авагчид харж чаддаггүй юм л даа. Тийм болохоор надад маш сонин санагдаж өөрийн эрхгүй камераа шүүрч авахад хүрсэн.


Бидний хоолонд хэр дасаж байна? Монголд амьдарч байгаа Америк нөхөртэй Япон бүсгүй гэхээр  таныг нутагт маань хэр идээшиж байгаа болдоо, хувийн амьдрал нь сонирхолтой байхдаа гэж бодож байлаа?
-Би хаа очиж юм болгоныг давгүй боловсруулчихаад байдаг хүн. Бүгдийг идэж байгаа.  Хувийн амьдралын хувьд нөхөр минь энд  Америкийн элчин сайдын яаманд ажилладаг юм.  Анх түүнтэйгээ Японд сурч байхдаа танилцаж байлаа. Дион Рүссэлтэйгээ гэрлээд 10 жил болсон байна. Энэ хугацаанд хоёр сайхан хүү охинтой боллоо. Охин минь дөрвөн настай, хүү минь зургаан сартай. Дээр хэлсэнчлэн зураг дарах бүхий л сэдлийг нөхөр минь  надад өгч эрч хүч хайрладаг даа.


Тэгвэл таны зурагнууд дотроос гэгээн дурсамжтай хайртай зураг аль нь вэ?
-Тэрэг түрээд усанд явж байгаа хүү охин хоёрын зураг бий.  Охин хоосон саваа бариад хүрээд ирэхэд хүү ус дүүргэж өгөөд хүнд усаа охиноороо түрүүлэхгүй өөрөө авч явж байгаа юм. Хэдий хүү жоохон ч эрэгтэй юм болохоороо хүчтэй гэдгээ харуулж байгаа хэрэг шүү дээ.  Тухай үедээ би хүүгийн инээмсэглэж байгаа агшныг алдалгүй дарсандаа маш их баяртай байснаа санаж байна. Заримдаа миний нэг зургийн  цаана маш олон бүтэлгүйтсэн зураг байдаг.
Монголчуудад хандаж юу гэж хэлмээр байна?
-Маш сайхан байгальтай ард түмэн. Монголчуудыг үргэлж үргэлж урагшаагаа харж тэмүүлж амьдраасай гэж хэлмээр байна. 


 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай