Г.Золбоот: Илүүд шунаж, онгирч явсангүй ээ

Гавьяат жүжигчин Г.Золбоотыг “Хүмүүс” буландаа урилаа. Түүнийг эерэг дүрийн мастер гэлтэй. Улсын багшийн их сургуулийн кино драмын ангийг 1989 онд төгссөнөөсөө хойш тэрбээр 80 гаруй уран сайхны кино, драмын 20 жүжиг, 50 орчим хошин урлагийн тоглолт, телевизийн зохиомж, теле жүжигт гол болон туслах дүрд тогложээ. Тэдгээрийн дийлэнх нь эерэг дүр аж.

Түүний тоглосон “Наран ургахыг хүлээхгүй”, “Үхэж үл болно: Чингис хаан”, “Уулын хөх сүүдэр” гэхчилэн олон бүтээлийг үзэгчид одоо ч үзэх дуртай. “Өнгөрсөн зун чухам л завгүй байлаа. Саяхнаас амрах чөлөөтэй болж байна” гэсээр бидний ярилцлага эхэлсэн юм.

-Найруулагч нар таныг кинондоо тоглуулах гэж урилгаар дардаг бололтой юм. Ойрд тун завгүй байв уу?

-Саналууд ирнэ ээ. Гэхдээ санал тавьсан бүрт тоглож амжихгүй. Өнгөрсөн Сар шинийн баярын дараагаас л “Фантастик” продакшны “Зүрхний хилэн” киноны зургийг авахуулж, Булган аймгийн Суварга хайрхан, Халцгайтын хавцал, Баянхонгор аймгийн Бор харцагын агуй, Дундговь аймгийн Их газрын чулуу гэхчилэн Монголынхоо байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газраар явлаа.

Үргэлжлүүлээд Ховд аймагт найруулагч О.Бат-Өлзийн “Маш нууц-2” киноны зургаа авахуулсан. Саяхнаас л сиймхий гарч, амарч байна.

-Та алтан үеийн мундгуудаас авахуулаад дэлгэцийн урлагт хөл тавиад удаагүй шинэхэн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Шилдгүүдээс сонссон алтан сургаалаа одоогийн залууст харамгүй хэлдэг биз?

-Тийм шүү, би их азтай. Алтан үеийн мундгуудтай хамтран ажиллаж, үгийг нь дуулах хувь тохиосонд талархдаг юм. Тэднээс харж суралцсан, тэднийхээ зааснаар л би ажиллаж явна. Олонх нь тэнгэрт одчихлоо доо.

Сонссон, дуулсан, өнөөг хүртэл хуримтлуулсан жаахан туршлагаа залуу уран бүтээлчидтэй хуваалцалгүй яах вэ.

-Б.Лхагвасүрэн гуай та хоёр далд холбоотой байх аа. Армийн драмын театрт ороод таны бүтээсэн анхны дүр Б.Лхагвасүрэн гуайн “Дутуу хээтэй тооно” жүжгийн Гэндэн байсан.

Дэлгэцийн бүтээлийн гараагаа ч та түүний зохиолыг нь бичсэн “Бүлээн нурам” киногоор эхэлсэн юм билээ. Түүнийг Ардын уран зохиолч болсон өдөр та ч Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан. Шагнал гардахдаа ижил өнгийн дээлээр гоёсон тань ч учиртай мэт санагдсан шүү.

-Гавьяат жүжигчин цолоо гардсан өдөр Б.Лхагвасүрэн ах “Чи бид хоёр ерөөлтэй юм шиг байна шүү” гээд үнссэн. Хэлэлцсэн юм шиг хоёулаа ногоон дээлтэй очсон нь сонин шүү.

-Таныг Гавьяат жүжигчин цолоор шагнуулах болсон тухай цахим хуудсуудаар дорхноо тархсан. Түүнийг нь харчихаад баяр хүргэхээр залгахад та “Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдээгүй. Битгий худлаа яриад бай” гээд итгэхгүй байсан даа.

Баярт мэдээгээ сонсоод хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?

-Хоёрдугаар сарын 21-нээс л энэ мэдээ тарсан шиг байгаа юм. Байн байн утас дуугарч, хүмүүс баяр хүргээд, би итгэдэггүй. Тамгын газраас албан ёсоор залгаж юм хэлээгүй болохоор хүмүүст юу гэж хариу хэлэхээ мэдэхгүй балмагдсан. 23-нд над руу албан ёсоор мэдэгдэж, 24-нд шагналаа гардсан даа. Баярт мэдээгээ найзуудтайгаа хуваалцсан. Хэсэгтээ л олны хөлд дарагдсан шүү.

-Сургуулиа төгсөөд Дундговь аймгийн театрт хуваарилагдсан таныг Гавьяат жүжигчин Б.Тунгалаг гуай Армийн драмын театр руу урвуулсан гэдэг юм билээ. У.Батбаатар ах та хоёр хамт уригдсан гэл үү?

-О.Энхтуул, И.Одончимэг хоёр Хүүхэд, залуучуудын театрт, Д.Цоодол Монголын үндэсний телевизэд орсон юм. Харин У.Батбаатар бид хоёр Дундговь аймгийн театрт хуваарилагдсан байлаа. Гэтэл Б.Тунгалаг эгч Армийн драмын театрт өрсөөд авчихсан.

Их азтай тохиол шүү. Армийн драмын театрт очоод удаагүй байхдаа “Дутуу хээтэй тооно”-д тоглосон. Ямар сайхан байсан гээч.

-Анхны жүжигтээ тоглоод сарын дараа та Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн “Бүлээн нурам” кинонд тоглосон. Эл кино дэлгэцнээ гарсан даруйдаа хүмүүсийг сэртхийлгэж, тэр хэрээр хэл ам дагуулсан гэдэг.

Жүжигчин О.Энхтуул “Залуу ч байж. Кино дэлгэцэнд гарсны дараа хүмүүс янз бүрээр л хэлсэн дээ. Нэг үе яах гэж ч тоглов доо гэж бодсон. Одоо бол харин ч бахархдаг шүү” гэсэн удаатай. Сайн, муугаар хэлүүлсэн ч эл бүтээлд тоглосондоо та олзуурхдаг биз?

-Тэгэлгүй яах вэ. Баярлаж явдаг. “Бүлээн нурам” кино Ардын жүжигчин Н.Дагийранз гуай, О.Энхтуул, мисс Бямбасүрэн, би, хоёр чоно, тас шувуу гээд л их цомхон дүртэй байж билээ. Анхны юм гэдэг сургамжтай бас хөгжилтэй байдаг хойно доо. Энэ кинонд тоглож, мөн ч их зүйлийг сурч бас дадлагажсан.

Камерын өмнө юу хийхээ ч мэдэхгүй чичрээд зогсож байж билээ. Г.Жигжидсүрэн багшдаа мөн ч их загнуулсан, бас аргадуулсан. “Бүлээн нурам” киноны зургийг Архангайн Тариат суманд авч байхад Б.Лхагвасүрэн ах Төрийн шагнал хүртэж, Тэрхийн цагаан нуурын эрэгт бид шагналыг нь тэмдэглэж байлаа. Кино дэлгэцэнд гарсны дараа гудамжаар явахдаа “Намайг хүмүүс таньж байгаа болов уу” гээд л аждаг байв.

-Дуу хуурын өлгий Дундговь аймгаас Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Норовбанзад, Г.Хайдав, Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Дашдооров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зураглаач О.Уртнасан, Ардын зураач Ц.Доржпалам, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш, Д.Батсүх гэхчилэн алдартан төрсөн юм билээ.

Та Эрдэнэдалай суманд өссөн гэл үү. Одоо нутаг руугаа хүлгийн жолоо хэр залж байна?

-Эрдэнэдалай сумын төвд өссөн. Хожим аав, ээж минь нас дээр гарсан хойноо хөдөө хэдэн малтай аж төрөх болсон. Урлагийн буянаар Монгол орныхоо 21 аймаг, 330 сумаар бүгдээр нь орсон. Эх орон минь үзэсгэлэнт газар ихтэй ч хүнд төрж, өссөн нутаг уснаас илүү дотно, сайхан нь үгүй юм билээ. Нас ахих тусам нутаг ус руугаа гүйх нь олшрох шинжтэй. Би зун болохоор л нутаг руугаа сэтгэлийн жолоо сунгаастай байдаг хүн.

-Ингэхэд хөдөөний хүү хэрхэн жүжигчин болохоор шийдэж, Улсын багшийн дээд сургуульд элссэн юм бэ?

-Ёстой л мөрөөдөл биелдэг юм гэгч л болсон доо. Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа урлаг, соёлын арга хэмжээнд их оролцдог байлаа. Ангийн багш минь Д.Баатар гэж хүн байсан. Сургууль төгсөхийн өмнөхөн, 1985 оны дөрөвдүгээр сард багш минь “Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийн хуваарь ирсэн. Манай аймгаас хоёр хүүхэд шалгаруулах юм гэнэ. Очиж шалгуул” гэсэн.

Ангийнхаа хоёр хүүхэдтэй хамт шалгуулаад, би тэнцсэн юм. Хавар нь хүүхдүүд элсэлтийн шалгалтдаа бэлдэж байхад би аль хэдийнэ хүссэн сургуулийнхаа томилолтыг авчихсан додигор амьтан явж байлаа шүү дээ.

-1990-1999 онд манай кино урлаг уналтад орсон гэж хэлж болно. Тэр үед эл урлагийг нуруун дээрээ үүрч, тэсэж үлдсэн цөөхөн уран бүтээлчийн нэг бол та гэхэд хилсдэхгүй.

-Би үүгээрээ бахархдаг. Кино урлаг зогсонги байдалд орж, дэгэн догонтой болсон үе. Бид чадлаараа кино бүтээн, тоглож, “амьсгал”-ыг нь тасалчихгүй юм сан гэж хичээсэн, гүрийсэн.

-Нэг үе “Г.Золбоотгүй кино алга” гэгдэж байсан даа. Олон кинонд дараалан тоглож, хүмүүст танигдахын хэрээр зан авир тань өөрчлөгдөж байв уу?

-Нэг жилд арав гаруй кинонд тоглох үе ч байлаа. Оюутан байхад багш нар минь “Чи жүжигчин болохоос тэнгэрийн од биш” гэдэг байсан. Жүжигчин хүн өөрт ногдсон дүрийг хэр урлаж чадна, тэр чинээгээр л үзэгч түмэндээ үнэлүүлнэ. Үзэгчдийн сэтгэлд хадаж, бодолд уях дүр бүтээх нь л жүжигчин хүний туйлын хүсэл.

Үүний төлөө л урлагт хөл тавьж эхэлсэн цагаасаа явж байна. Түүнээс биш олны танил, олон кинонд тоглосон гэж цээжээ дэлдсэн үе надад байхгүй ээ. Залуу уран бүтээлчдийг ч хүсэл эрмэлзэлтэй, бүтээлч, холын бодолтой байгаасай гэж хүсдэг.

-Та “Овжин охид”, “Зугтаарай” зэрэг кинонд туслах найруулагчаар ажилласан шүү дээ. Яагаад бие даан кино найруулдаггүй юм бэ?

-Зориглодоггүй юм аа. Уг нь сэтгэлийн гүнд монгол ахуй харуулсан ганц сайхан кино хийчих юм сан гэсэн бодол байдаг л юм.

-Найруулагч нар танд ихэвчлэн эерэг дүр оноодог. “Эсрэг дүр сайн байвал эерэг дүр тэр хэрээр товойдог” гэдэг. Үзэгчдийг үзэн ядтал эсрэг дүр бүтээх сэн гэж хорхойсож байсан уу?

-Болно гэж бодсон болоод л намайг эерэг дүрд сонгодог байлгүй дээ. Гэхдээ би хоёр гурван ч удаа эсрэг дүр бүтээсэн шүү дээ. “Мойлхон”, “Аравт”, “Нүдэн сондор” кинонд. Ер нь бол эсрэг дүрээс айхгүй шүү.

-Таны үеийнхэн эхнээсээ багшилж байна. Танд багшлах санал тавьж байна уу. Гарын шавь бэлдэхгүй юм уу?

-Санал тавьдаг юм аа. Кинонд хамт тоглож байгаа залуу уран бүтээлчдэд алдааг нь хэлж, засах зүйл байвал тусалчихдаг. Түүнээс биш би сурган хүмүүжүүлэх хүн биш шиг байгаа юм.

-“Уулын хөх сүүдэр” киноны Ганбатын дүр амьдрал дээрх тантай их ойролцоо мэт санагддаг.

-Хамгийн хөгжилтэй, дураараа тоглож зургаа авахуулсан кино минь. Б.Бадрууган ах жүжигчдээ огт загнадаггүй найруулагч байсан шүү дээ. Харин ч онгироогоод л байна. Харахад ширүүн ч, сайхан сэтгэлтэй, хүнлэг залуугийн дүр. Төстэй шинж бий байх аа.

-У.Батбаатар, Ё.Алтангэрэл гэхчилэн таны дотнын найзууд “Жинхэнэ хүн чанартай монгол эр хүн бол манай Г.Золбоот” гэдэг юм билээ. Найзууд тань таны нүүрэн дээр энэ үгээ хэлж байв уу?

-Тэд тэр бүр хэлэхгүй ээ. Тийм байж чаддаг бол аав, ээжийн минь хүмүүжилтэй л холбоотой. Буурлууд маань биднийг бага байхаас хүнлэг, хүний мөстэй байхын зэрэгцээ хэнтэй ч нэг зангаараа байхыг захидаг байлаа. Ер нь манай говийнхон нутаг шигээ намбайсан, тулхтай хүмүүс. Нутаг ус, удам судраа дагадаг байлгүй, надад илүү дутуу зан байхгүй.

-Монголын кино урлаг уналтад орлоо гэх хүн байхад улам хөгжиж байгааг нь шагших нэгэн ч бий. Тогоонд нь байгаагийн хувьд та энэ талаар юу гэж боддог вэ?

-Уналтад орсон гэж хэлэхгүй. Харин ч хөгжиж байна. Монгол кино “Оскар”-ын наадамд нэр дэвшиж байна шүү дээ. “Чингисийн хүүхдүүд” киног бүтээсэн уран бүтээлчдээр маш их бахархаж байна. Манай жүжигчид “Оскар”-ын эзэн болчихоод “Чингис хаан” онгоцны буудал дээр буух цаг удахгүй ирнэ гэдэгт итгэдэг.

-Одоо тайзаа үгүйлж байх юм уу?

-Тайзан дээр тоглох гоё шүү дээ. 1989 оноос театрт ажиллаж, 2000 оноос “Шилдэг өнгө” продакшныхантайгаа тайзан дээр гарсан болохоор ч тэр үү, хааяа үгүйлдэг л юм. Үзэгчидтэй амьд харилцаа үүсгэж тоглох ямар сайхан гээч.

-Одоо драмын жүжигт тоглочихвол сайхан, тийм ээ?

-Хэлээд юу гэх вэ. Бодоод л байгаа юм. Уг нь УДЭТ-аас санал тавьсан. Гэхдээ өчнөөн жил чөлөөт уран бүтээлч гэгдэж, зоргоороо явчихсан болохоор нэг газар баригдана гэхээр санаанд багтахгүй байна.

-80 гаруй кинонд тоглохдоо төдий тооны найруулагчтай хамтарч ажилласан байж таарна. Хамгийн хатуу үгийг хэнээс сонсож байв?

-Тэгтлээ айхтар загнуулж үзээгүй юм байна шүү. “Бүлээн нурам”-д тоглох үедээ л Г.Жигжидсүрэн багшид “Нохойн баас” гэж загнуулсан санагдана. Өөр санаанд үлдсэн хатуу үг алга.

-Идэр залуу Г.Золбоотын хамгийн их шунадаг зүйл юу байсан бол. Нас ахих тусам хүн шуналгүй болдог гэлцэх юм.

-Өмнөх ажлаа сайн хийхийг л хүсдэг байлаа. Илүү зүйлд шунаж явсангүй ээ. Одоо ч тэр.

-Таны мэргэжлийг ганц хүү тань өвлөжээ. Жүжигчин болно гэхэд нь эсэргүүцээгүй юү?

-Уг нь хүүгээ морин хуурч болгоё гэж бодсон юм. ХБК төгсгөсөн. “Алтан ураг”, “Домог” зэрэг шиг ардын хөгжмийн мундаг хамтлаг байгуулаад олон оронд тоглолтоо хийгээсэй гэж хүсдэг байлаа. Нэг өдөр л “Аав аа, би СУИС-ийн жүжигчний ангид шалгуулаад, тэнцчихсэн шүү” гэдэг юм байна.

Ингээд л сонголтыг нь зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Багадаа “Зугтаарай”, “Бүү март” зэрэг цөөн хэдэн кинонд тоглож байсан юм.

-“Боловсрол суваг” телевизийн “Хайр эргэсэн хавар” олон ангит кинонд хамт тоглосон байв уу?

-Тэгсэн. Гэхдээ хүүтэйгээ хамт тоглох хэцүү юм билээ. Тоглож байгаа нь чамлалттай санагдаад, хатуу үг хэлчих гээд болохгүй. Тэгсэн атал Ц.Хүсэлбаатараас авахуулаад уран бүтээлч нөхөд минь тоогоод байх шиг. Яваандаа дадлагажих биз дээ.

-Хүүдээ хань болгож дахиад хүүхэдтэй болсон бол гэж харамсаж байсан уу?

-Тэгж бодож байлаа. Одоо харамслаа гээд яах ч билээ дээ.

-Нэлээд хэдэн жил хүүтэйгээ хоёулхнаа амьдарсан шүү дээ. Саяхан хүүг тань гадаад руу явсан гэж сонссон. Эзгүйд нь ганцаардаж байна уу?

-Жаахан эвгүй л байна. Яваандаа дасах биз дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай