Б.Дашзэвэг охиныг хүчирхийлэх гэж байхыг гэрч харжээ

Бэлгийн дур хүслээ зүй бусаар хангаж, охид, бүсгүйчүүдийг доромжилдог олны танил эрхмүүдийн буухиаг Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч, доктор Б.Дашзэвэг үргэлжлүүллээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 1-нд долоон настай охиныг хүчиндэхээр завдаад үйлдэл дээрээ баригдсан нь олныг гайхашруулж, бас дургүйцүүлэв. Болсон явдлыг сийрүүлье. Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, Шадивлан зуслан дахь Б.Дашзэвэгийн гэрт уг хэрэг гарчээ. Олон жил саахалт явсан, нэгнийгээ сайн таньдаг, хааяа нийлж сархад хүртдэг хөрш өвгөн нь хэрэг гардаг өдөр Б.Дашзэвэгтэй архи сөгнөхөөр гэрт нь орсон гэх. Ингэхдээ ач охиноо дагуулан очсон байна. Хөршийнх нь анхаарал хэсэг суларч, нэгмэдэхэд Б.Дашзэвэг болон ач охин нь алга болсныг анзаарсан гэнэ. Ингээд ач охиноо хайж яваад Б.Дашзэвэг өөрийнхөө болон охины өмдийг шувталчихсан байхыг харж, үйлдийг нь таслан зогсоожээ. Улмаар цагдаагийн байгууллагад хандсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч охин хөгжлийн бэрхшээлтэй, өөрийгөө бүрэн илэрхийлж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нэгэн байсан бололтой.

Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаад, прокуророос Б.Дашзэвэгийг хорих хүсэлтээ шүүгчид гаргасан байна. Шүүгч прокурорын хүсэлтийг хүлээн авч сэжигтнийг цагдан хорихоор шийдвэрлэсэн нь олон нийтэд тодорхой болсон билээ. Энэ оны эхний есөн сард 135 хүүхэд хүчиндүүлсэн гэх баримт бий. Тэдний 10 нь аав, ах, эгчийнхээ найзад, есөн нь хөршдөө хүчирхийлүүлсэн бол талаас илүүг нь садан төрөл, хойт болон төрсөн аав нь хүчирхийлсэн байдаг. Огт танихгүй хүн ийм хэрэг үйлдэх нь цөөн, хохирогч, хүчирхийлэгч нар нэгнийгээ таньдаг учир харилцан тохиролцож, цагдаад гаргасан гомдлыг татуулах нь элбэг. Өөрөөр хэлбэл, хэрэгтнүүд ялаас мултрах боломжтой байдаг гэнэ. Хууль, хяналтынхан Б.Дашзэвэгийг хөрштэйгээ тохиролцож, өргөдлийг нь буцаалгаад хэргээс мултрах вий гэсэн үүднээс хориулах хүсэлт гаргасан бололтой. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч аравдугаар сарын 27- нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.2, 14.10.1, 14.13.1, 8, 9-д заасны дагуу яллагдагчаар татан нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав. 

Өнгөрсөн сарын сүүлчээр нэгэн залуу таван настай дагавар охиноо хүчиндэхээр завдсан хэрэг гарсан. Түүнээс өмнө болсон, нийгэмд тодорхой нэр хүндтэй хүн холбогдсон эл хэргийг хууль, хяналтынхан дараад өнгөрөөхийг оролдож буй гэдгийг хэлэх хүн олон байна. Хэрэг илчлэгдсэн хугацаа, хэвлэлээр шуугьсны эцэст Шүүхийн ерөнхий зөвлөл мэдээлэл тарааж, прокурорууд хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж буй нь үүнийг нотолно. Гэхдээ Соёлын гавьяат зүтгэлтэн гэх том цолтой, бусдыгаа түүчээлж, үлгэрлэл үзүүлэх ёстой эрхэм жигшүүртэй үйлдэл гаргасан нь хууль хяналтынхныг ч нуухаас аргагүй байдалд хүргэсэн байж болзошгүй юм. Эл хэргийн талаар цахим сүлжээнээс уншсан хүмүүс ч “Арай ч үгүй байлгүй дээ. Багш минь ийм хэрэг хийх хүн биш, гүтгэлэг байх”, “Б.Дашзэвэг гуай угийн найрсаг зантай, түүнийг нь зарим хүн буруугаар ойлгосон байж болзошгүй. Эсвэл сэтгэцэд нь өөрчлөлт орсон байхаас зайлахгүй” гэх сэтгэгдэл олныг бичсэн байна билээ. Олны хүндлэл, үр хүүхдүүдийнхээ урмыг хугалсан нь харамсалтай. Түүнийг “өвчин” тусаж, нэр хүндээ хугалсан байх нь гэхээс өөрөөр өмгөөлөх үг олдохгүй нь.

Нэр хүндтэй хүмүүс хүчингийн хэрэгт холбогдох нь элбэг. Алдар нэр, мөнгөндөө бахадсан тэдний үйлдлийг хууль, хяналтынхан нуудаг. Өдгөө шуугиан тариад буй Холливудын нэр хүндтэй продюсер Харви Вэйнштейн хүчингийн хэрэгт холбогдоод буй. Жүжигчид, загвар өмсөгчдөд бэлгийн дарамт учруулж, хэд хэдэн удаа хүчирхийлсэн, хүчирхийлэхээр завдсан түүний хэргүүд ар араасаа дэлгэгдэж буй юм. Нэгэн хэвлэл түүний үйлдсэн хэргийг ил болгосноор цагдаагийнхан нуусныг олонд мэдэгдсэн билээ. Өдгөө 65 настай тэрбээр 1990-2015 онд удаа дараа ийм хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хохирогчид ч түүний үйлдлийг ил болгосон тухай хэвлэлүүд бичиж буй. Цагдаагийн байгууллага түүнийг шалгаж эхэлсэн даруйд Холливудын зөвлөлөөс түүнийг гишүүнээс нь албан ёсоор хасаж буйгаа зарлалаа. Үүсгэн байгуулалцсан компанийнхан нь ч түүнийг хөөж, эхнэр нь салах өргөдөл шүүхэд гаргав.

Тэгвэл манай улсад ийм хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь хуульд тодорхой заасан ч хэрэгсэхгүй болох тохиолдол бий. Ийм хэрэгт холбогдсон олны танил хүмүүс ялаас мултрах нь элбэг. Хүчингийн хэрэгт холбогдоод буй УИХ-ын эрхэм гишүүн дархан эрхээрээ дайлган ялаас мултрахаар элдэв арга сүвэгчилж эхэлсэн гэх. Б.Дашзэвэг ч өмгөөлөгчөөрөө дамжуулан батлан даалтад гарахаар хөөцөлдөж буй сурагтай. Эрүүгийн шинэ хуулиар хүчингийн хэрэг үйлдсэн, завдсан, эсэхээс үл хамаарч ял шийтгэх зохицуулалттай. Хүчирхийлэгчдэд адил тэгш ял оноож, охидоо хараа хяналттай байлгах нь энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг арга болов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (76)

Илгээх

Энэ тухай