Д.Мөрөн: С.Зоригийг бүрэлгэсэн хүмүүсийг шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй байсан юм

Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж буй, Гавьяат хуульч Д.Мөрөнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ГИХГ-ын даргаар та хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Сүүлд томилогдсоноосоо хойш ямар ажлууд хийв?

-УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газраас 2016 оны наймдугаар сард намайг ГИХГ-ын даргаар томилсон. Энэ хугацаанд манай хамт олон маш их ажил амжуулсан байна. Өөрийн гэсэн хуультай, үйл ажиллагааг нь зохицуулдаг Засгийн газрын тогтоолоор баталсан гурван ч журамтай. Гэхдээ энэ зохицуулалтууд цаг үеэсээ хоцрогдож, орчин үеийн шаардлага хангахгүй байгаа тул ХЗДХЯ-тай хамтран журмуудын шинэчилсэн төслийг бэлэн болголоо. Байгууллагын дотоод ажилтай холбоотой 18 журам, заавар шинэчлэн батлаад хэрэгжүүлж байна.

Шинэ Засгийн газар байгуулагдаад яам, агентлагуудын бүтэц, орон тоог шинээр батлахад бид боломжийн хэмжээнд суулгуулж чадсан. Орон нутагт дөрвөн газар, зургаан хэлтэстэй. Хилийн боомтгүй хэд хэдэн аймагт төлөөлөлтэй болж чадлаа. Гадаадын иргэд уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр улсын маань аль ч хэсэгт шилжин явдаг болсон энэ үед хилийн боомт байхгүй аймагт манай байгууллагын төлөөлөл ажиллах шаардлага гарч буй учраас үүнийг шийдвэрлүүлсэн.

Манайхан нийслэл, орон нутагт шалгалтаар их явдаг учир машин унаа сайтай байх ёстой. Тиймээс бид автомашины парк шинэчлэлийг орон нутгийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд боломжийнхоо хэрээр хийлээ. Тэгэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй гэж хэлж болно. Албан хаагчдынхаа боловсролын асуудалд түлхүү анхаарч, гадаад, дотоодын сургалтад 80 гаруй албан хаагчаа хамруулжээ.

2016 оны сүүлчээр БНХАУ-ын хилээр орж, гарах байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр мэдээлэл солилцож, ажилтнуудаа сургаж, тэдний талаас техникийн туслалцаа үзүүлэхээр болсон. Монгол Улсын иргэдийн гадагшаа зорчиж байгаа урсгалыг авч үзвэл 80 орчим хувь нь БНХАУ-ыг чиглэсэн байдаг. Тус улсад явж байхдаа манай иргэд бичиг баримтаа хаях, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, визний асуудал гарахад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Хятадын талтай хамтарч ажиллах үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно.

-Цахимаар материал хүлээн авч, виз олгох чиглэлээр ажиллаж байгаа гэсэн. Тэр талаараа тодруулахгүй юү?

-ГИХГ бол төрийн үйлчилгээний байгууллага учраас аль болох иргэдэд хүнд сурталгүй, ил тод байх чиглэлээр хэд хэдэн ажил хийлээ. Манай газар хотын төвөөс 20 гаруй км-ийн зайтай Буянт-Ухаад байрладаг. Гадаад, дотоодын иргэд хэд хэдэн удаа ирж байж бичиг баримтаа бүрдүүлэн, үйлчилгээ авдаг байсан.

Тиймээс бид үйлчлүүлэгчдийг олон удаа ирүүлэхгүй байх асуудлыг шийдэх арга зам хайж, өгсөн материалыг нь хянаад шийдвэрийг нь мессежээр илгээдэг боллоо. Энэ нь үйлчлүүлэгчдийн цаг зав, эдийн засагт хэмнэлттэйгээс гадна бидний ажлыг ч давхар хөнгөвчилж байгаа юм. Ирэх жил бид э-виз буюу электрон виз олгох талаар судалж, ГХЯ-тай хамтарч ажиллаж байна.

Виз авах гэж байгаа хүн материалаа өөрөө авчирдаг байсан бол одоо хилийн чанадаас ч материалаа явуулаад манайх хянаж, хариугаа электрон хэлбэрээр өгдөг болно гэсэн үг.

-Өмнө нь хийж хэрэгжүүлэх гэж төлөвлөсөн ч амжаагүй ажлуудаа гүйцээх боломж бүрдсэн биз дээ?

-Тус газрын даргаар ажиллаж байгаад 2012 онд ажлаа өгч байлаа. Түүнээс өмнө буюу 2011 онд бид Өмнөд Солонгосын цагаачлалын байгууллагатай хамтран ажиллаж, хилийн хяналтын цахим сүлжээг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр болсон юм. Ингээд 2012 оноос үүнийгээ эхлүүлсэн. Үндсэндээ бид суурийг нь тавьчихаад явсан юм л даа.

2016 онд ажлаа аваад e-immigration буюу хилийн боомтыг төвтэй холбосон, хил хамгаалах байгууллага, манайхтай хамтарсан улсын нууцын зэрэглэлтэй ISM сүлжээний нээлтийг хийсэн. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр хилээр орж, гарч байгаа гадаад, дотоодын бүх л иргэдийн хөдөлгөөн, мэдээлэл бүртгэгддэг юм. Мөн Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэдийн визний хугацаа хэзээ дуусах, оршин суух зөвшөөрлөө хэдэн удаа сунгуулсан гэх зэрэг мэдээлэл харагддаг болсон.

БНСУ-ын КОИКА байгууллага буюу тус улсын татвар төлөгчдийн долоон сая орчим ам.долларын хөрөнгөөр уг төслийг хэрэгжүүлсэн л дээ. Төслийн хүрээнд байгуулсан цахим сүлжээ бол маш их ач холбогдолтой. Үүний үр дүнд манай байгууллагын хэмжээнд хэрэглэж буй техник хэрэгслийг шинэчлэн, сайжруулж чадсан. Улсын хэмжээнд 2016 онд КОИКА-гийн шугамаар хэрэгжүүлсэн төслүүдээс e-immigra­tion төсөл хамгийн сайн нь гэж дүгнэгдсэн.

-Энэ төслийн хүрээнд ХХЕГ-т хэчнээн хэмжээний хөрөнгө шилжүүлсэн бол?

-Хилийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш ХХЕГ-т шалган нэвтрүүлэх чиг үүргийг буцаан шилжүүлсэн. 2014-2016 он буюу хоёр жилийн хугацаанд хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг манайд хамааралтай байв.

2014 онд шалган нэвтрүүлэх алба чиг үүргээрээ манайд шилжихэд 900 сая орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг ХХЕГ-аас шилжүүлсэн байдаг. Бид өнгөрсөн хоёрдугаар сард буцаан өгөхдөө КОИКА-гийн дээрх төслөөр ирсэн 4.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг ХХЕГ-т хүлээлгэн өгсөн.

-Хууль эрх зүйн хүрээнд шинэчлэл хийх шаардлагатай зүйл байгаа биз?

-Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий. Хэрэгжиж эхэлснээс хойш 7-8 жил болж буй учраас хууль эрх зүйн хүрээнд шинэчлэх, өөрчлөлт оруулах зүйлүүд их байна.

-Тухайлбал, ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгдөн, хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж байна. Европын улс орнуудад дүрвэгсдийн асуудал толгойны өвчин болж эхэлсэн. Сири, Ойрхи Дорнод, Украин, Орос, Испани зэрэг орны нөхцөл байдлаас харахад улс орнуудад задрал явагдаж, үүнийг дагаад дүрвэгсэд, иргэдийн миграц буюу шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, 7-8 жилийн өмнө гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохицуулж байсан зарим нэг зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай боллоо. Тэгэхээр дээрх нөхцөлтэй хууль тогтоомжоо нийцүүлэх ёстой. Хүний эрхийн асуудал бас их яригддаг. Монгол Улс НҮБ-ын хэд хэдэн конвенцод нэгдэн орсон. Эрүүгийн, Зөрчлийн гээд олон суурь хуулийг шинэчлэн баталлаа. Эдгээр хуультай уялдуулаад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа.

Монголчуудын хувьд ч гадагшаа их зорчиж, хууль ёсны дагуу болон хууль бусаар буюу хараар тухайн оронд амьдрах нь нэлээд түгээмэл. Тиймээс энэ бүгдийг зохицуулдаг хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн тодорхой заалт бий.

Үүнтэй холбогдуулаад энэ арваннэгдүгээр сарын 3-нд бид олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа хангаж байна. Олон улсын байгууллага, гадаад улсын Элчин сайдын яам, Консулын газрууд зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан нэлээд өргөн хүрээг хамруулан бага хурал зохион байгуулах юм. Казахстан, Канад, БНСУ, БНХАУ, Туркийн ЭСЯ-ны эрх бүхий хүмүүст энэ хуралд илтгэл тавих хүсэлт илгээсэн.

Тэд хүсэлтийг хүлээн авч, тухайн орныхоо гадаадын иргэдийн эрх зүйн байдлыг зохицуулах хууль, тогтоомжийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийхээр тохироод байна. Яагаад бид энэ орнуудыг сонгосон гэхээр монголчууд тухайн улсуудад олноор оршин суудаг, бас шилжилт хөдөлгөөний талаар арвин туршлагатай учраас тэдний хууль тогтоомж ямар байна вэ, Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуульдаа тэдгээрээс авч тусгах шинэ санаа юу байна гэдгийг судлах зорилготой юм. Их үр өгөөжтэй хурал болно гэж бодож байгаа.

-Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудалд дэлхий нийт ямар чиг хандлагатай байна вэ?

-Дэлхийн улсууд глобалчлагдаж, Европын орнууд л гэхэд ганцхан визээр зорчдог болсон. Шенгений визтэй бол Европын бүх орноор зорчих бололцоотой болоод байгаа шүү дээ. Ойрхи Дорнодын дүрвэгсэд Европын орнуудын шүдний өвчин болсныг өөрсдөө ярьж байна. Сириэс ирсэн гурван сая дүрвэгч одоо Туркт байгаа. Энэ нь тухайн улсад эдийн засгийн дарамт үүсгэх болсон.

Тухайлбал, хоол хүнс, тэдгээр иргэдийн аюулгүй байдал зэргийг хангахад их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог учир ийм аюул харьцангуй гайгүй. Саяхан бид Камбожид болсон Ази, Европын цагаачлалын байгууллагын дарга нарын 14 дэх зөвлөлдөх уулзалтад оролцлоо.

Ази, Европын 27 улс, олон улсын гурван байгууллага оролцсон эл хурлын үеэр шилжилт хөдөлгөөний асуудал анхаарлын төвд байгааг онцлоод, улс орнууд хамтран ажиллаж шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцлаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн жил зарлиг гаргаж, АНУ-ын иргэдэд орос хүүхэд үрчлүүлэхийг хориглосон. Тус улсын харьяат хүүхдүүдийн эрхийг зөрчигдсөнөөс үүдэн ийм зарлиг гаргасан гэдэг.

Манай улсын харьяат, гадаадын иргэдэд үрчлэгдсэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол бий юү?

-Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод манай улс 1990 онд нэгдэн орсон. Олон улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд үрчлүүлэх тухай Гаагын конвенц гэж бас бий. Монгол Улс НҮБ-ын конвенцод нэгдэн орсноор түүний заалтыг нь өөрийн улс орны хууль, тогтоомжид тусгах үүрэг хүлээдэг. Манай улс Гаагын конвенцод 1999 онд нэгдэн орсон юм. Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх эцсийн шийдвэрийг манай байгууллага гаргадаг.

Хүүхэд үрчилж авах гэж байгаа гадаадын иргэдийг НХХЯ-тай хамтран сайтар судалж байж үрчлүүлэх, эсэхийг шийддэг юм. Үрчлүүлсний дараа ОӨУБЕГ-т мэдэгдэн, гэрчилгээ авна. Монгол Улсын иргэнд үрчлүүлэх боломжгүй хүүхдүүдийг гадаадын иргэнд үрчлүүлдэг л дээ. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар баталсан Хүүхэд үрчлэх журмын дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

1999-2017 оны аравдугаар сарын 1-ний байдлаар Монгол Улс 17 орны иргэдэд 266 хүүхэд үрчлүүлжээ. Хүүхдүүдийг үрчлэн авч буй эцэг, эхтэй нь болон ТББ-тай гурвалсан гэрээ байгуулдаг. Бид хүүхэд үрчлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй, сертификаттай олон улсын төрийн бус байгууллагуудаар зуучлуулан үрчлүүлэх бодлого, чиглэл барьдаг. Тэгснээрээ үрчилж авах гэж буй эцэг эхийн талаар тус байгууллагаар дамжуулан үнэн, зөв мэдээлэл олж авдаг гэж хэлж болно.

Үрчлүүлсэн хүүхдүүдээ насанд хүртэл нь хянаж байдаг. Хүүхдийн насны онцлогоос хамаарч, улирал, жил бүр өсөж торниж буйг нь харуулсан гэрэл зураг, дүрс бичлэг, илтгэх хуудас танилцуулгыг зуучлагч ТББ-аас ирүүлдэг юм. Шаардлагатай тохиолдолд зуучлагч байгууллагын зардлаар тухайн улсад очиж, үрчлүүлсэн хүүхдийн аж байдалтай нь танилцдаг.

Үрчлэгдсэн 266 хүүхдээс 74-ийнх нь амьдарч буй оронд нь манайхан очиж, танилцаад ирсэн. Эдгээр хүүхдээс ор сураггүй алга болсон, аливаа хэлбэрээр эрх нь зөрчигдсөн мэдээлэл алга.

Би хувьдаа нэг ч гэсэн хүүхэд асрамжийн газарт өссөнөөс, сайн эцэг эхэд үрчлэгдэж сайн хүн болоосой гэж боддог. Өнгөрсөн долдугаар сард, наадмын үеэр олон улсад хүүхэд үрчлэхэд зуучилдаг “Holt international” байгууллагынхан АНУ-д үрчлэгдсэн найман хүүхдийг, үрчилж авсан эцэг, эхийнх нь хамт Монголд авчирч, эх оронтой нь танилцуулж, монгол хүн гэдгийг нь мэдрүүлэхийг хичээсэн.

Тэд үрчлэгдэхээс өмнө амьдарч байсан асрамжийн газартаа очиж, монгол ахуй, ёс заншилтай танилцан, Үндэсний их баяр наадмаа үзсэн. Эцэг, эх нь хөгжлийн бэрхшээлтэй нэг гэр бүлд гэр бэлэглэсэн. Энэ сайхан арга хэмжээг бид жил бүр хийнэ гэсэн бодолтой байгаа.

-Танай газрын дэргэд гадаадын иргэдийг түр саатуулах байр бариад нэлээд удлаа. Тэнд одоо саатуулагдаж буй хүн бий юү?

-2010 онд батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар гадаадын иргэнийг түр саатуулах эрх зүйн үндсийг тавьсан юм. Энэ бол гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн биш, зөвхөн захиргааны зөрчил буюу виз бүртгэл, оршин суух зөрчил гаргасан, албадан гаргах зарим гадаадын иргэнийг саатуулна гэсэн үг. Хэрэв гадаадын иргэн гэмт хэрэгт холбогдвол цагдаагийн байгууллагаар шалгуулаад явна. Гадаадын иргэнийг түр саатуулах гурван л үндэслэл бий.

Зөрчил гаргасан гадаадын иргэн хэн болох нь тогтоогдохгүй байгаа, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөд албадан гаргах үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй иргэнийг түр саатуулж болох үндэслэл байдаг. Визний хугацаа нь дуусаж, үүнийгээ сунгаагүй иргэдэд 10 хоногт багтаан Монгол Улсаас гарах сануулга нэг удаа өгдөг.

Тэр хугацаанд Монгол Улсаас гараагүй гадаадын иргэнийг мөн саатуулах эрхтэй. Гадаадын иргэдийг хуулийн дагуу шүүгчийн захирамжаар эхний удаа 14 хоног саатуулдаг. Шаардлагатай бол нэг сарын хугацаагаар сунгаж болно. Түүнээс илүү хугацаагаар саатуулах хууль байхгүй. Түр саатуулах байр 2012 оны сүүлчээр ашиглалтад орж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл 36 орны 1486 иргэнийг түр саатуулсан байна. Яг одоогоор тэр байранд саатуулагдаж буй хүн алга.

-Хэчнээн орны иргэдийг албадан гаргав?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа 127 орны 29 662 гадаадын иргэн байна. Хувийн хэргээр оршин суух гадаадын иргэдийн тоог хуулиар тогтоосон байдаг. Монгол Улсын харьяат нийт хүн амын гурван хувиас илүүгүй байж болно гэж үздэг. Мөн нэг улсын иргэн бол нийт хүн амын нэг хувиас хэтэрч болохгүй гэж хуульд тусгасан.

Энэ харьцаа тоог хэтрүүлж болохгүй. Үүнийг яаж хянадаг вэ гэвэл хилээр орж, гарч байгаа иргэдийг ямар боомтоор орж ирэв, хэд хоног байв, энд хаана байгаа, буцаад хугацаандаа гарч уу, үгүй юү гэдгээр мэдэж болдог.

Сүүлийн жилүүдэд албадан гаргаж байгаа гадаадын иргэдийн тоо багассан нь зөрчил гаргаж байгаа гадаадын иргэдэд ногдуулдаг торгуулийн хэмжээ нэмэгдсэн, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн хариуцлага нэмэгдсэн, бас манай байгууллагын үйл ажиллагаа сайжир-сантай холбоотой. 2017 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 28 улсын 289 иргэнийг албадан гаргажээ. Өнгөрсөн жил 27 орны 451 иргэн албадан нутаг буцаасан.

-Визний хугацаа хэтрүүлсэн гадаадын иргэд ямар ангиллын визээр голдуу орж ирдэг юм бэ?

-Виз олгох журмыг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Тэрхүү журмаар ямар төрлийн виз байх, хэнд ямар виз олгох талаар бүгдийг нарийн зохицуулсан байгаа. Одоогоор манай улсад визний 11 төрлийн ангилал байна. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэд урьд нь ихэвчлэн аялал жуулчлалын визээр орж ирдэг байсан. Одоо энэ явдал зогссон.

Өдгөө зөрчил гаргаж буй иргэд голдуу дипломат төлөөлөгчийн газраас олгосон бизнес ангиллын 30 хоногийн визээр орж ирж байна. Зөрчил гаргаж байгаа гадаадын иргэд үндсэндээ манайхаас зөвшөөрөл аваагүй визээр буюу дээрх 30 хоногийн визээр орж ирсэн байдаг л даа.

-Тантай уулзсаных асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл бий. 2000 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэг АН-ыг Засгийн эрх барьж байх үед илрэхгүй. Энэ хэргийг илрүүлнэ” гэж амлаж сонгогдсон гэж хэвлэлээр зөндөө л бичдэг.

Гэтэл АН олонх байх үед, Ардчилсан Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад энэ хэргийг илрүүлэн 3-4 хүн нийлж, С.Зоригийг захиалгаар хөнөөсөн гэж шүүх ял шийтгэлээ. Ард түмэн ял шийтгүүлсэн гурван хүнийг хэлмэгдүүллээ гэж үзэж байгаа. Та ямар бодолтой явдаг бол?

-Аливаа хэргийн эцсийн шийдвэрийг шүүх л гаргадаг. Энэ хэрэг хангалттай нотлох баримттай. Шүүх нотлох баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан байх гэж бодож байгаа. Уг нь бол энэ хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах байсан юм. Тэгвэл аливаа эргэлзээ үүсэхгүй байсан. Үүнээс ч өөр юу хэлэх вэ дээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

Илгээх

Энэ тухай