Ларри Нассарын хохирогч нэгээр нэмэгдэв

АНУ-ын гимнастикийн шигшээ багийн эмчээр 30 жил ажилласан, Мичиганы их сургуулийн эмч Ларри Нассарыг цагдаагийнхан бусдыг хүчирхийлдэг хэмээн буруутгаж, өнгөрсөн оноос хойш шалгаж буй юм. Анх 1994 онд нэгэн тамирчин түүний булай хэргийг илчилсэн ч урт, удаан үргэлжилсэн шалгалтын явцад түүнийг буруугүй гэж үзэн, хэргийг нь хэрэгсэхгүй болгож байв. Харин өнгөрсөн онд гимнастикч Рачел Денхолландер Мичиган  мужийн цагдаад 2000 онд 15 насандаа Ларригийн хүчирхийлэлд өртсөн хэмээн гомдол гаргаснаар хэрэг дахин сөхөгджээ. Рачел түүний хүчирхийлэлд өртсөнөөр нуруундаа бэртэл авсан гэж цагдаагийнханд мэдүүлжээ. Удалгүй нэрээ нууцалсан нэгэн тамирчин 1994-2000 онд гимнастикийн шигшээ багт байхдаа Нассарын дарамтанд орж байсан талаараа мэдээлж, Калифорни мужийн шүүхэд гомдол гаргасан байна.

Мичиган мужийн шүүхээс түүнийг насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татсан, хүчирхийлсэн хэрэгт буруутгаж буйг мэдээлж, хэрэв буруутай нь тогтоогдвол бүх насаараа хоригдоно гэж зарлав. Хохирогчдоос түүний эсрэг 50 гаруй гомдол ирсэн бөгөөд сэжигтэн нэг сая ам.долларын барьцаа төлж, шоронгоос суллагдсан байна. Үүгээр ч зогсохгүй түүнийг насанд хүрээгүй охидын нүцгэн зураг цуглуулдаг гэж буруутгаж буй. Нассарын хувийн эд зүйлс дотроос 2003-2016 оны хооронд цуглуулсан 37 мянган гэрэл зураг болон видео бичлэг илрүүлжээ.

Ларригийн хэрэг АНУ-ын гимнастикийн шигшээ багт шинэчлэл хийх алхам болсон юм. Мичиганы их сургуулийн болон эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 27 жил ажилласан туршлагатай Кэти Клагес охидын гомдлыг үл тоодог байсан тул их сургуулийн захиргаа түүнийг ажлаас нь хөөснөө зарлав. Үүний дараа Кэти дасгалжуулагчийн ажлаа орхиж байгаагаа ч мэдэгдсэн. Түүнээс гадна шигшээ багт Нассарын дарамт байгааг мэддэг байж болохуйц албан тушаалтнуудыг бүгдийг нь шалгах ажил өнөөг хүртэл хийгдэж байна.

Цагдаагийнхан сэжигтний гэрт нэгжлэг хийсний дараа түүний эсрэг мэдүүлэг өгөх хүний тоо эрс нэмэгдэж, даруй 23 хүн тамирчин дээрх эмчийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа гомдоллосон байна. Эдгээрээс хамгийн сүүлд Лондоны олимпын аварга Маккайла Марони шүүхэд хандав. Энэ жил 21 настай Марони 13 настайгаасаа хойш Нассарын дарамтанд байсан, тэр ч бүү хэл 15 настайдаа Токиод тэмцээнд оролцох үед нь унтуулдаг эм өгч Нассарын буудлын өрөөнд ганцаараа сэрсэнээ цагдаагийнханд мэдүүлжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай