Г.Отгонцэцэг: Өмсгөлөөсөө Монголынхоо Төрийн далбааг хуулж авах л хамгийн хэцүү байсан

“Казахстан улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох хамгийн хэцүү байлаа. Учир нь энгэртээ Монголынхоо Төрийн далбаатай өмсгөл өмсөөд дэвжээнд гартал шүүгч солих, эсвэл далбаагаа хуулахыг шаардав. Өөр өмсгөлгүй байсан болохоор аргагүйн эрхэнд өмсгөлөөсөө Төрийнхөө далбааг хуулах хамгийн хүнд байсан шүү. “Би монгол хүн. Хатуужилтай, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүний нутагт нулимсаа үзүүлж болохгүй шүү” гэж өөрийгөө хэчнээн ирлэж, хичээсэн ч өөрийн эрхгүй уйлчихсан. Тэр үед “Эх орон, монгол түмэн минь уучлаарай. Би та нарынхаа итгэлийг амжилтаараа хариулна аа” гэж өөртөө хэлж билээ. Төрийнхөө далбаатай өмсгөлийг дахиж өмсөн тэмцээнд оролцож чадахгүй гэж үү гэж бодохоор л...” хэмээн олимп, ДАШТ-ий хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг нулимс дуслуулан өгүүлэв.

Иргэншлээ солин, Казахстаны тамирчин болсноосоо хойш буюу хоёрхон жилийн дотор дэлхийн шилдэг жүдочдын нэг болж, олимп, дэлхийн медальтан болсон түүний амжилт мэргэжилтнүүдийн анхаарлыг гойд татаж буй. “Өнөөдөр”-ийнхөө зочны хойморт урьж, ярилцлага авах санал тавин, жил гаруй хугацаанд хөөцөлдсөний эцэст түүнтэй өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт уулзахаар товлон, Спортын төв ордны жүдо бөхийн танхимд очих нь ээ хэдийнэ ирчихсэн бие халаалтаа хийж байв. Тэрбээр “Казахстанд очихоороо юуг хамгийн их санадаг гээч. Энэ танхимын үнэрийг. Амжилтын төлөө урсгасан хөлс, хүч минь эндээс үнэртдэг. Улам их хичээх эрч хүч авдаг” хэмээн даруухан инээмсэглэсээр ярилцлагаа эхэлсэн юм. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Г.Отгонцэцэг Казахстан улсын иргэн болсноосоо хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч буй нь энэ. 

-Таныг ДАШТ-ий дараа Монголдоо ирээд хагалгаанд орсон гэж сонссон. Бие нь гайгүй юү?
-Гайгүй ээ. ДАШТ-д оролцсоныхоо дараа Казахстанд очиж ганцхан хоночихоод эх орондоо яаран яарсаар ирлээ, багш бид хоёр. Үүний сацуу Түвшээ (Н.Түвшинбаяр) аварга цолны найраа хийх өдөр тулчихаад оролцох гэж тэгж их яарсан хэрэг. Монголдоо ирээд маргааш нь шууд Булган руу хүлгийн жолоо залсан юм. Аваргын найранд оролцсоныхоо дараа хагалгаанд орсон. Хэсэг хугацаанд гам барьж, эрчимтэй эмчлүүлсний үр дүнд овоо сайхан эдгээлээ. 
-Бэлтгэлээ ихэвчлэн Монголдоо базаадаг юм билээ. Тэмцээн, хамтарсан бэлтгэл гэж явсаар эх орондоо ирэхдээ хамгийн түрүүнд юу хийхийг илүүд үздэг вэ?

-Онгоц Улаанбаатар хот руу дөхөх тусам ямар их догдолдог гэж санана. Хурдан гэртээ очоод аав, ээжтэйгээ уулзах сан, үнсүүлэх сэн гэж яардаг. Би Казахстаны жүдо бөхийн холбооноос баталсан төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог. Бэлтгэлээ яг тэдэн өдөр Казахстанд, төдий хугацаанд Монголд базаана гэсэн нарийн хуваарь байхгүй. Ирэн, очин бэлтгэлээ хийдэг юм. Ер нь эх орондоо бэлтгэл хийнгээ гэртээ, гэрийнхэнтэйгээ хамт байхыг чухалчилдаг. Гэхдээ Казахстан улсын шигшээ багийн болон хамтарсан бэлтгэлээ тасалж, цалгардуулж болохгүй. Би Казахстанд очихдоо Монголын шигшээ багийн хамт олноо их санана аа. Шинэ жил зохион байгуулах, тамирчдаас төсөв бүрдүүлж байгаад нэг нэгнийгээ төрсөн өдрөөр нь баярлуулах, бэлтгэлийн төлөвлөгөө шивэх гээд бүх л зүйлд оролцдог байсан, би. Ер нь надгүй зүйл ховор байсан шүү дээ (инээв). Манай жүдогийнхон амь нэгтэй, “Хамтын хүч амжилт” уриан доор гэр бүлээс дутахгүй эв нэгдэлтэй, атгасан гар шиг байж чаддаг. 

-Энэ жил олимпын хүрэл медалиа дэлхийнхтэй ихэрлүүлж, бахдам амжилтын эзэн боллоо. Олимпоос медаль хүртсэн тамирчны санаанд ДАШТ-ий түрүү багтаж байсан нь лавтай. 

-Тэгэлгүй яах вэ. Тэгэхийн тулд л өдий хүртэл зүтгэж, хэр баргийн хүн зүрхэлж чадахгүй золиос гаргасан. Энэ жил дэлхийн аварга болох зорилготой зодоглосон ч түүндээ хараахан хүрч чадсангүй. Гэхдээ хүрэл медалиа юу гэж чамлах вэ. Өчнөөн олон ДАШТ намайг хүлээж байгаа болохоор амжилтаа ахиулах, алдаагаа засах боломж гарна гэдэгт итгэдэг. Ийм боломж олгон, үргэлж дэмждэг Казахстаны ард түмэнд баярлаж явдаг. Дахин олон амжилт гаргаж, баярлуулахыг хүсэж байна. 
-Медалийн тавцанд Монголын хоёр жүдоч зогсон, Ерөнхийлөгч шагнал гардуулсан нь монгол түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Дэлхийн дэвжээнд Монгол, Казахстаны Төрийн далбаа зэрэг мандах мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?
-Энэ жил 48 кг-д Урнаа бид хоёроос гадна Э.Базаррагчаа Азербайжаны нэрийн өмнөөс зодоглосон. Монголын жүдо бөх дэлхийд тэргүүлэх, нүүр царай болох хэмжээнд хөгжиж, тамирчдын ур чадвар ахиж буйг манай жүдочдын амжилт нотолсоор байгаа. Ерөнхийлөгч, Урнаа хоёртойгоо хамт шагналын тавцанд зогсож байхад сэтгэл их хөдөллөө.

-Казахстаны жүдо бөхийн холбоо МЖБХ-той албан ёсоор гэрээ байгуулж, тамирчнаа болгох санал танд тавьсан. Тэдний саналыг хэрхэн хүлээж авч байв?
-Ганц ч хүн танихгүй, хэл, ёс заншлыг нь мэдэхгүй орны тамирчин болно гэж бодохоор анхандаа сэтгэлд багтаагүй. Би гэнэт нэг өдөр “За би Казахстаны тамирчин боллоо” гээд яваагүй. Нэлээд удаан бодож, ойр дотнынхонтойгоо сайтар зөвлөлдөж байж шийдсэн. 2014 оны ДАШТ-д оролцсоны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “Отгоог Казахстаны шигшээ багийн тамирчин болгохоор хөөцөлдөж байгаа” гэж жүдогийнхонд албан ёсоор мэдэгдсэн юм. Монголын жүдо бөхийн 48 кг-д М.Уранцэцэг гавьяат барилдаж байгаа болохоор алзахгүй. Тиймээс Риогийн олимпод зодоглох зорилгодоо хүрэхийн тулд Казахстаны саналыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Зөвхөн надад бус, багш бид хоёрт санал тавьсан нь зөвшөөрөхөд их нөлөөлсөн. Гэрийнхэн ч “Өөрөө л мэд, миний охин. Дахиж ийм боломж олдох ч юм уу, үгүй ч юм уу” гэсэн. Бүх л зүйлд тусалж дэмжин, нөмөр нөөлөг болдог багштайгаа хамт явна гэж бодохоор сайхан санагддаг юм билээ. Хэрвээ Казахстан улс зөвхөн надад санал тавьсан бол татгалзах байсан болов уу. 


-48 кг-ын гол өрсөлдөөн М.Уранцэцэг та хоёрын хооронд өрнөж байна. Дэлхийн чансааг тэргүүлж, гаргасан амжилтаараа Урнаа Риогийн олимпод зодоглох нь бараг тодорхой байсан. Энэ нь таныг шинэ боломж эрэлхийлэхэд нэлээд нөлөөлсөн болов уу?
-Тэгсэн гэхэд хилсдэхгүй. Тамирчин бүхэн олимп, дэлхийн дэвжээнд оролцох, бүр цаашлаад амжилт гаргах зорилготой. Минийх ч бас тийм. Риогийн олимпод өрсөлдөх зорилгодоо хүрэх хамгийн зөв гарц нь яахын аргагүй Казахстаны иргэн болох байсан. 
-“Иргэншлээ солин, Казахстан улсын иргэн болохыг зөвшөөрнө үү” гээд улсынхаа Ерөнхийлөгчид өргөдөл бичих амаргүй байсан нь мэдээж. Эргэлзэж, тээнэгэлзэх гээд юм юм л давхцаж, “тарчилсан” байх. 
-“Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэгчээр Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод оролцоно, амжилт гаргана гээд нэгэнт шийдчихсэн болохоор өргөдөл бичиж байхдаа эмзэглээгүй ээ. Харин Казахстанд очсоныхоо дараа УАШТ-д өрсөлдөх л хамгийн хэцүү байсан. Учир нь энгэртээ Монголынхоо Төрийн далбаатай өмсгөл өмсөөд дэвжээнд гартал шүүгч хуулах, эсвэл Казахстаны далбаатай өмсгөл өмсөхийг шаардсан. Аргагүйн эрхэнд өмсгөлөөсөө Төрийнхөө далбааг хуулахад хамгийн хүнд байв. “Би монгол хүн. Хатуужилтай, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүний нутагт нулимсаа үзүүлж болохгүй шүү” гэж өөрийгөө хэчнээн ирлэж, хичээсэн ч өөрийн эрхгүй уйлчихсан. Тэр үед “Эх орон, монгол түмэн минь уучлаарай. Би та нарынхаа итгэлийг амжилтаараа хариулна аа” гэж өөртөө хэлж билээ. Дахиж төрийнхөө далбаатай өмсгөл өмсөн тэмцээнд оролцож чадахгүй гэж үү гэж бодохоор л... (уйлав).
-Та Казахстаны УАШТ-д анх оролцоод л түрүүлсэн. Казахстанчууд хэрхэн хүлээж авах бол, аваргалж чадахгүй бол яана гээд эмээсэн үү. Хэрвээ түрүүлж чадахгүй бол ДАШТ-д зодоглох эрхээ авч чадахгүй, тэр ч бүү хэл казахстанчууд танд тавьсан саналаа цуцлах эрсдэлтэй байсан шүү дээ.
-Харин тийм ээ. Юм юм л бодогддог юм билээ. Алдаа гаргах, түрүү алдах эрхгүй маш хариуцлагатай тэмцээн байсан. Иргэншлээ солих хүсэлт гаргаснаасаа хойш таван сар гаруй хугацаанд тэмцээнд оролцохгүй байж байгаад өрсөлдөх амаргүй юм билээ. 
-Яагаад тийм удаан хугацаанд тэмцээнд оролцоогүй юм бэ. Казахстаны иргэн болохыг тань яг хэзээ албан ёсоор зөвшөөрөв?
-Иргэншлээ солиулахын тулд олон бичиг баримт бүрдүүлдэг, нэлээд уддаг юм билээ. Арга ч үгүй байх л даа. Казахстан улсын иргэн болох хүсэлт гаргачихаад 2015 оны нэгдүгээр сард Казахстанд очсон. Иргэншил солих хүсэлт гаргахад иргэний үнэмлэх хураагаад авчихдаг юм билээ. Тэгээд л Казахстан иргэнээ болгохыг зөвшөөрсөн шийдвэр гарахыг хүлээгээд л байлаа. Бичиг, баримтгүй байсан болохоор ямар нэгэн тэмцээнд оролцох боломж байгаагүй. Уг нь Казахстаны улсын аварга болчихсон болохоор дэлхийн дэвжээнд өрсөлдөх эрх авчихсан байдаг. Гэхдээ иргэншлийн асуудлын улмаас Астанагийн ДАШТ-д зодоглох, эсэх тодорхойгүй, эргэлзээтэй. Хэрвээ ДАШТ-ээс өмнө Казахстаны иргэн болчихвол өрсөлдөнө, тэгэхгүй бол оролцох боломжгүй. Хэдийгээр тодорхой бус байсан ч бэлэн байх шаардлагатай байлаа. Тэгээд л өдөрт гурван удаа бэлтгэл хийж, ямар нэг хариу гарсан уу гээд чих тавина. Багштайгаа нойр хоолоо умартан зүтгэсэн дээ. Тэр хугацаанд суурь бэлтгэлээ маш сайн хангаж чадсан шүү. Астанагийн ДАШТ эхлэхээс долоохон хоногийн өмнө Казахстаны иргэн болохыг албан ёсоор зөвшөөрсөн. 


-Казахстанд очсоны дараа дасахад хамгийн хэцүү зүйл юу байв?
-Хэлний бэрхшээл. Эндээс очихоосоо өмнө казах хэл сурч амжаагүй. Казахстан жүдочид “Энийг ингэж, тэрийг тэгж хэлдэг юм” гээд үг зааж, тоо тоолуулж сургасан. Казахстаны ард түмэн, жүдочид багш бид хоёрыг үргэлж дэмждэг, тусладаг. Баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.  Одоо тэдэнтэй ихэвчлэн орос хэлээр харилцаж байгаа. Ойрын хэрэглээний бага сага казах үг гадарлана. Өглөөний мэнд, өдрийн мэнд гэх мэтээр үгийн сангаа арвижуулаад л байна. Казахстан Монголоос цагийн зөрүү багатай, уур амьсгал, хоол ундаараа ч төстэй. Энэ нь багш бид хоёрт давуу талтай. Одоо ерөнхийдөө юм юманд нь дасаж байна. Казахстаны уур амьсгал, ёс заншилтай холбоотой хүндрэл, бэрхшээл бараг гардаггүй.
-Гэрээ санадаг уу?
-Өө, бараг санадаггүй. Багаасаа тэмцээн, хамтарсан бэлтгэл гээд гэртээ байхаасаа байхгүй нь их байсан болохоор бүр дасчихсан. Гэрийнхэнтэйгээ үргэлж цахимаар холбогдон, хамт амьдарч байгаа юм шиг л байдаг. Эмэгтэй дүү минь “Аниа та хэзээ ирэх вэ” гэж бараг өдөр бүр шахам асуудаг. Казахстанд очиж, хоёр сар бэлтгэл хийсэн. Энэ жил аав, ээж хоёрыгоо Казахстанаар аялуулан, амраах төлөвлөгөөтэй. Тэгж байтал бэлтгэл, тэмцээн гээд амжих нь уу, яах нь уу. 
-Казахстанд хэрхэн амьдардаг вэ. Шагналын орон сууцандаа төвхнөсөн үү?
-Бэлтгэл, тэмцээн гээд үргэлж ийш, тийшээ явдаг болохоор нэг газраа удаан байдаггүй, суурин бус. Тиймээс орон сууцанд бус зочид буудалд амьдардаг. Тэмцээн, бэлтгэл гээд бүх зардлыг Казахстан улс даана. Хүмүүс олимпын дараа амласан юм аа казахстанчууд өгсөн үү гээд их асуудаг л даа. 
-2015 оны ДАШТ-д өрсөлдөхдөө хоёрдугаар тойрогт Жеон Бо Кеонд ялагдан, тэмцээнээ дуусгасан. Монголоо төлөөлж оролцоод дийлдсэн бол монгол түмэн, эх орон нь алгаа тосон угтана. Харин хүний нутаг тэс өөр. Тухайн үед казахстанчуудын шүүмжлэл танд хэр их дарамт болсон бэ?
-Астанагийн дэвжээнд казахстанчуудын өмнө өрсөлдөөд дийлдсэн болохоор надад бүр ч хэцүү байлаа. Намайг медаль хүртэнэ, амжилт гаргана гэж зөвхөн казахстанчууд төдийгүй монголчууд маань итгэл хүлээлгэж байсан юм билээ. Иргэнээ болгож, бүхий л талаар дэмжиж байгаа казахстаны ард түмнийг ачийг амжилтаар хариулах сан гэж бодолгүй яах вэ. Уг нь Жеон Бо Кеоныг ялсан бол медаль хүртэх боломжтой байсан гэдэгтээ эргэлздэггүй. Монголынхоо нэрийн өмнөөс оролцон, тааруу амжилт гаргасан бол хэсэг хугацаанд зэмлүүлээд л өнгөрнө. Хэдийгээр багшаас өөр хүн ингэсэн, тэгсэн бол гээд шүүмжлэхгүй байсан ч гэсэн надад хүнд байсан. ДАШТ-ий дараа “Монгол жүдочийг 48 кг-д барилдуулаад медаль хүртсэнгүй. Казахстан жүдоч оролцуулсан бол амжилт гаргах байсан ч юм бил үү. Ер нь цаашид амжилт гаргаж чадахгүй бол яах вэ” гэж нэлээд шүүмжлүүлсэн. “Иргэншлээ солин байж Казахстанд ирчихээд зорилгодоо хүрч чадахгүй бол яана аа” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Тэгээд л өмнөхөөсөө бүр их хичээсэн. 10 удаа сунайдаг байсан бол 20 болгоод, бэлтгэлийнхээ ачааллыг ч нэмсэн. Тэр үед багш “Том тэмцээний өмнө ялагдах зүгээр. Тамирчинд алдаагаа ухаарах, засах боломж олгодог. Ялагдлаа аль болох хурдан мартаж, алдаагаа засан, давтахгүй байх нь чухал. Хоёуланд нь одоо хамгийн том даваа үлдээд байна” хэмээн тайвшруулж, хурцалсан. 


-Та 2016 оны олимпоос өмнө оролцсон бараг бүх тэмцээнээсээ медаль хүртсэн. Ганцхан жилийн дотор дэлхийд тэргүүлэх хэмжээний жүдоч болсон амжилтын тань нууц юу бол?
-Зорилгоо зөв тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө уйгагүй зүтгэн, хөдөлмөрлөснийхөө үр шимээр л амжилтад хүрч яваа, би. Казахстанд очоогүй байсан бол ингэж хичээн, зүтгээ ч үү, үгүй ч үү. Би бэлтгэлээ ганц удаа ч тасалж байгаагүй. Ганцхан минут хоцрохоор байсан ч багшдаа заавал урьдчилж хэлдэг. Мөн медаль хүртэхэд магнайгаа хагартал баярлаж, тааруу амжилт гаргахад надаас дутахгүй шаналдаг багш минь миний амжилтын нууц. Би азтай хүн. Багшаараа жүдо бөх заалган, төдийгөөс өдий хүртэл амжилтын төлөө зүтгэж яваагаараа бахархдаг. Багш минь өдгөө Казахстан улсын жүдогийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буйг спортын хүрээнийхэн андахгүй. Иргэншлээ солиогүй ээ, гэрээгээр ажиллаж байгаа. 2015 оны эхэнд би дэлхийн чансаанд тавдугаарт эрэмбэлэгдэж байсан. Гэтэл иргэншлээ сольсны дараа тэг болсон. Ер нь бүхнийг шинээр эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Казахстанчууд амжилт гаргахад тусалж, дэмжинэ, улсынхаа нэрийн өмнөөс барилдуулна л гэсэн болохоос бүх л тэмцээнд намайг оролцуулна гээгүй. Хэрвээ би бэлтгэлээ тааруу базаан, өчүүхэн л алгуурлавал миний оронд өөр тамирчин №1 болж, түүгээр ч үл барам олимпод оролцох эрсдэлтэй. Тэгвэл олимпод зодоглох зорилгоо хойш нь тавихаас өөр аргагүй. Тиймээс зорилгодоо хүрч, боломжоо бүрэн ашиглахын тулд өдөр, шөнийг умартан зүтгэсэн. Цүнхээ даахгүй шахам ядраад харих үе надад өчнөөн бий. 
-Иргэншлээ сольсон тамирчин тухайн улсынхаа нэрийн өмнөөс гурван жил барилдаж байж олимпод өрсөлдөх эрх авдаг. Та ганцхан жил зодоглоод л “Рио-2016”-д казахстанчуудыг төлөөлөн зодоглосон нь сонирхол татаж байна. Танд яагаад онцгой зөвшөөрөл олгосон юм бэ?
-Олон улсын олимпын хорооноос Казахстан улсын нэрийн өмнөөс гурван жил барилдаагүй болохоор Риогийн олимпод оролцох боломжгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Олимпод оролцох болзлоо хангачихсан байсан болохоор тэр үед үнэхээр хэцүү байв. Токиогийн олимпыг хүлээхээс өөр аргагүй болох нь гэж бодохоор л харамсалтай. Би өнгөрсөн жил олимпоос өмнө 12 тэмцээнд оролцохдоо 10-аас нь медаль хүртсэн. Азийн аварга болж, Алматыгийн гран прид түрүүлсний дараа буюу 2016 оны тавдугаар сард ОУОХ-ноос “Богино хугацаанд өндөр амжилт гаргасан тул олимпод оролцохыг зөвшөөрлөө” гэж мэдэгдсэн л дээ. Зөвхөн онцгой үед тийм зөвшөөрөл өгдөг гэнэ лээ. 
-Танаас өөр тамирчинд тийм зөшөөрөл өгч байсан юм болов уу?
-Цөөнгүй хүн надад анхны тохиолдол гэж хэлсэн. Энэ талаар баталгаатай мэдэхгүй байна. 
-Казахстанчуудын шүүмжлэл таныг олимпын медальтан болох хэмжээнд хурцалжээ. “Рио-2016”-гаас хүрэл медаль хүртэхдээ олимпын тэнгэрт эх орныхоо Төрийн далбааг мандуулсан бол гэж харамссан уу?


-Надад амар байгаагүй.  Хэрвээ иргэншлээ солиогүй бол медаль хүртэх нь байтугай Риогийн олимпод оролцож чадахгүй байсан гэж бодохоор тайвширдаг. Урнааг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдахад үнэхээр их харамссан. Олимпоос хүрэл медаль хүртэн, казахстанчуудын ачийг хариуллаа гэж бодохоор сэтгэл уужирсан шүү. Олимпын наадамд анх удаа зодоглосон болоод ч тэр үү, медаль хүртлээ гэж бодохоор зүүдэлж буй мэт мэдрэмж төрсөн. “Нээрэн үү” гээд л итгэж ядсан. “Олимпоос медаль хүртэх их л хол санагддаг байж билээ. Ийм сайхан өдөр ирдэг юм байжээ” гээд багшийгаа баярын нулимс дуслуулан зогсохыг харах хамгийн сайхан байлаа. Уг нь өнгөрсөн жил оролцсон ихэнх тэмцээндээ түрүүлсэн болохоор олимпын аварга болох зорилготой байсан. Японы жүдоч А.Кондог ялсан бол түрүүлэх боломжтой байсан гэж бодохоор харамсалтай.
-“Мандсан далбаа нь харийнх ч 
Мандуулсан бүсгүй нь Монгол
” гээд монгол түмэн таны амжилтаар өдгөө ч бахархаж байна. Монголчууд хэрхэн хүлээж авах бол, “Иргэншлээ солиод медаль хүртлээ” гээд шүүмжлэх болов уу гэж эмээсэн үү?


-Янз бүрээр төсөөлөөгүй ч гэсэн нэлээд эмээж байснаа нуугаад яах вэ. Бразилын олимп үзсэн монголчууд уухайлан баяр хүргэж, хулган байж фэйсбүүктээ орох нь ээ хүмүүс урмын сайхан үгтэй баярын мэндчилгээ бичиж, бүр зарим нь баярын нулимс унагасан тухайгаа нийтэлснийг нь хараад дотор онгойсон доо. Сэтгэл дотроос том чулуу аваад хаячих шиг л болсон. Би монгол түмэн, тамирчидтайгаа аль болох хамт байхыг хичээдэг. Олон улсын тэмцээнд оролцохоор очингуутаа хамгийн түрүүнд “Манайхан хаана байна” гэж сурагладаг. Гадаадын буудалд ороход мах үнэртвэл “Монголчууд байрлаж” гээд баярлан, хурдхан уулзах гэж яардаг. Тэмцээн болж буй танхимд оронгуутаа “Монголчууд хаана сууж байгаа бол” гээд хайдаг. Олж харангуутаа яг л аав, ээжээ харсан мэт баярлан, догдолдог. Энэ жил ДАШТ-д барилдаж байхад монголчууд маань “Отгоо, Отгоо” гээд дэмжихэд хэчнээн их урам, эрч хүч авсан гэж санана. Монголчуудынхаа өмнө дийлдэж болохгүй, намайг дэмжиж байгаа сайхан сэтгэлд нь ялалтаар хариу барья гээд хичээлээ. Барилдааны дараа багштайгаа хамт монголчууддаа хүндэтгэл үзүүлэхэд сайхан мэдрэмж төрсөн. Монгол, Казахстаны жүдочид өмнөхөөсөө ч дотно харилцаатай болсоор байна. Казахстанчууд лапша гоймонд дуртай. Хамтарсан бэлтгэлийн үеэр борцтой, гоймонтой шөл хийгээд л иддэг, бид. Манайхан ч бас казанд дуртай болоод байгаа. Багш бид хоёрыг Казахстан руу явахад “Нөгөөхөө мартав аа. Ахиухныг аваад ирээрэй” гээд захидаг юм.
-Ер нь амжилт ахихын хэрээр олны хандлага өөрчлөгдөх юм уу?
-Хүмүүс урмын сайхан үг хэлж, амжилт хүсээд сайхан байна. “Эх орноо мөнгөөр худалдсан” гэж шүүмжлэх нь ч бий. Гэхдээ саараасаа сайн нь олон. Спорт залуу насны ажил. Хэчнээн ур чадвартай, авьяастай байлаа ч амжилт гаргах, түүнийгээ батлах хугацаа ахар. Нэг жинд хоёр шилдэг тамирчин барилдвал бие биенээ ирлэж, хурцлах сайн талтай ч арай ур чадвар дутуу нь “дарагддаг” гэмтэй. Үүнээс болж гаргачих боломжтой байсан амжилтдаа хүрч, боломжоо бүрэн ашиглаж чадалгүй зодог тайлсан тамирчин цөөнгүй. Надад ч бас тэгэх эрсдэл байсныг үгүйсгэхгүй, нуугаад ч яах вэ. Казахстаны нэрийн өмнөөс тэмцээнд оролцох боломж олдсонд олзуурхаж, бүх талаар тусласан Х.Баттулга Ерөнхийлөгчид баярлаж явдаг. Хэрвээ тамирчдад ийм боломж олдвол битгий алдаасай.
-Таныг олимпын медальтан болсны дараа зарим залуу тамирчинд “Дэмжлэг сайтай, хөгжингүй орны тамирчин болъё” гэх бодол төрж буй нь анзаарагдсан. Ер нь дөмөгхөн тордож чадаагүйнхээ балгаар хамаг шилдгээ харийн оронд алдах вий гэж эмзэглэж явдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Төрөөс тамирчдаа эрвийх, дэрвийхээрээ дэмжиж, боломж бололцооныхоо хэрээр тусалж байгаа нь мэдээж. Тийм эрсдэлтэй байдалд хүрэхгүйн тулд бүр ч илүү дэмжих хэрэгтэй байх.
-Та нэлээд хожуу буюу 17 настайдаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн юм билээ. Жүдоч болоход тань юу хамгийн их нөлөөлөв?
-Олонх тамирчин 10 хүрээгүй насандаа спортоор хичээллэн, уйгагүй хөдөлмөрлөсөөр амжилтад хүрч байна. 17 бол аль хэдийнэ мэргэжлийн түвшинд ур чадвараа ахиулан, амжилт гаргадаг нас. Үнэнийг хэлэхэд багадаа барилдах тийм ч дуртай байгаагүй ээ. Эршүүд болоод ч тэр үү, жүдогоос өөр спорт миний сонирхлыг татаагүй. Ангийнхаа охинтой хамт “Тэмүүжин” клубт очин, Д.Энхбаатар багшийн шавь болж байлаа. Намайг жүдоч болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол багш, аав хоёр минь. Энэ спортоор хичээллэж эхлэхэд манай гэр бүлийнхнээс ааваас бусад нь тийм ч дуртай хүлээж аваагүй. Ялангуяа ээж бүр ч халгаагаагүй. Эмэгтэй хүүхэд жүдогоор барилдана гээд төсөөлөхөд ч бэрх байсан болов уу. Нөгөө талаар бэртэж, гэмтэх вий гэж эмээсэн байх. Ур чадвар ахин, амжилт гаргаад ирэхээр гэрийнхний бодол аажим аажмаар өөрчлөгдсөн. Одоо бүгдээрээ дэмждэг, барилдааныг минь аль болох үзэхийг хичээдэг болсон. Тэмцээнд оролцож байхад гэрийнхэн “Отгоо хичээгээрэй” гээд дэмжиж, дээлийн минь захыг мушгихад гоё мэдрэмж төрдөг. Юунаас ч илүү эрч хүч, урам авдаг. Би эхээс гурвуулаа. Эмэгтэй дүү Отгончимэг минь “Тэмүүжин” клубт жүдо бөхөөр хичээллэн, 44 кг-д барилддаг.


-Н.Түвшинбаяр аварга Бээжингийн олимпод түрүүлсний дараа жүдо бөхийг сонирхох, хичээллэгсдийн тоо эрс өссөн. Та ч бас тэдний адил аваргаас үлгэрлэж, жүдотой амьдралаа холбосон уу?
-Тэгсэн. Яалт ч үгүй намайг 2008 онд жүдогоор хичээллэхэд Н.Түвшинбаяр аварга тэргүүтэй Монголын үе үеийн жүдоч ах, эгч нар маань нөлөөлсөн. Тухайн үед эмэгтэй жүдо манай улсад төдийлөн хөгжөөгүй, Х.Эрдэнэт-Од багш, М.Бундмаа эгч нараар л төсөөлдөг байлаа.
-Намхан нуруутай мөртлөө хэр баргийн тамирчинд бярдуулдаггүй, тэвэрч шидэх мэхийг даацтай хийдэг тань бөхийн хорхойтнуудын анхаарлыг татдаг. Энэ мэхийг хийхэд мэдрэмж чухал уу, эсвэл бяр уу?
-Аль аль нь чухал. Ивж барилддаг болохоор надад илүү зохидог. Нурууны бяр сайтай болохоор хийхэд амар байдаг юм. Ер нь олимп, ДАШТ зэрэг томоохон тэмцээнд энэ мэхээрээ гол өрсөлдөгчдөө ялсан.
-Найз залуу тань тэшүүрээр хичээллэдэг гэж сонссон. Жүдо сонирхдог уу?
-Сонирхолгүй яах вэ. Хорхойтой шүү. Заримдаа хэзээний дасгалжуулагч хүн шиг тэг, ингэ гээд зөвлөнө. Бас болоогүй ээ, гоомой мэх хийгээд дийлдвэл зэмлэнэ (инээв). Бид хоёр үерхээд хоёр жил болж байна. Хоёулаа тамирчин болохоор бие биенээ сайн ойлгож, үргэлж дэмждэг. Ямар нэг үл ойлголцол гардаггүй. Энэ жил Казахстанд болсон оюутны дэлхийн өвлийн наадамд найз залуу минь хурд сорьсон. Ашгүй тэр үеэр Казахстанд байж таараад дэмжсэн. Найз залуу маань бэлтгэлээ хийн, хичээлдээ яваад Монголдоо амьдардаг.


-Казахстаны жүдо бөхийн холбоотой байгуулсан гэрээний тань хугацаа хэзээ дуусах вэ. Гэрээгээ сунгах уу?
-Анх хоёр жилийн буюу Риогийн олимп хүртэл гэрээ байгуулсан. “Рио-2016”-гийн дараа гэрээгээ сунгасан. Шинэ гэрээний хугацаа Токиогийн олимпын дараа дуусна. За байз, тэр үед 28 настай байх нь. Гэрээгээ сунгана аа. 
-Аливаа зүйл цаг хугацаатай. Олонх шилдэг тамирчин зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч болдог бичигдээгүй “хуультай”. Харин та юу хийе гэж боддог вэ?
“Дасгалжуулагч болоорой” гэж цөөнгүй хүн надад захиж байгаа. Надад ёстой тийм бодол төрдөггүй. Би нягтлан бодогч мэргэжилтэй. Жүдогоор хожуу хичээллэсэн болохоор боловсролдоо нэлээд анхаарч амжсан. Сурахад хэзээ ч оройтохгүй ч Казахстанд олон улсын харилцааны чиглэлээр номын дуу сонсож байгаа. Зодог тайлсныхаа дараа нягтлан мэргэжлээрээ ажиллах ч юм уу, энгийн амьдрахыг илүүд үзнэ. Үргэлж цаг наргүй амьдралаас арай өөрөөр амьдрахыг хүсдэг. 
-Нөгөөдөр (аравдугаар сарын 19) Казахстан руу явна гэсэн. Ойрын хугацаанд эх орондоо буцаж ирэх үү?
-Өө, бараг амжихгүй байх. Шинэ жилээс өмнө ирэх санаа байна, юу болох нь уу. Ер нь ойрын хэдэн жил тэмцээн, олон улсын хамтарсан бэлтгэл гээд Цагаан сар, Шинэ жилийг гэртээ тэмдэглэж амжихгүй л явна. Багш бид хоёр Казахстан руу явахдаа мах, борц гээд баахан юм бэлтгээд очдог. Би ирэх (энэ) долоо хоногт болох Абу Дабигийн гран прид оролцоно. Мөн арваннэгдүгээр сард Казахстаны УАШТ, оны өмнө Токиогийн Их дуулга, “World mas¬ters”-т зодоглох төлөвлөгөөтэй. 
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Та иргэншлээ сольсноосоо хойш хэвлэлд анх удаа ярилцлага өглөө. Таныг төдийлөн мэдэхгүй хүмүүс энэ ярилцлагаар л дүгнэх болов уу. Хүмүүст юу хэлж, ойлгуулахыг хамгийн их хүсэж байна вэ?
-Би монгол хүн болж төрсөндөө бахархдаг. Олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргаж явахдаа эх орноороо үргэлж омогшдог. Намайг үргэлж дэмжин, урам хайрладаг Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн хамт олон, казахтанчууддаа, монголын ард түмэндээ, Д.Энхбаатар, Х.Болат багшдаа маш их баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Амжилтаа улам ахиулж, дахин дахин баярлуулахын төлөө хичээнэ ээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (43)

Илгээх

Энэ тухай