Г.Одбаяр: Токиогийн олимпын дараа боловсролдоо анхаарна

Хорвоод хүн олон янзаар аж төрдөг бололтой. Хэний ч өмнө нүүр бардам хэлэх үг, хийсэн ажилтай мөртлөө алдар нэр хөөцөлдөлгүй, байгаадаа сэтгэл хангалуун амьдрах, эсвэл мартагдахын зовлонгоос айсандаа ч тэр үү, аар саархан амжилтаа уулыг өргөж, усыг эргүүлсэн чинээ дөвийлгөдөг цагаан гартан гээд олон янз байх аж.

Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Одбаяр жүдо бөхийг амьдралаа болгож, олимп, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгахын төлөө төдийгөөс өдий хүртэл зүтгэж яваа нэгэн. Амжилтдаа ташуурч, эрдэлгүй даруухан амьдардаг нь олны хүндлэлийг ихэд хүлээдэг юм билээ. Ардын багш, жүдогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням “Зөвхөн спорт гэлтгүй аль ч салбарт амжилт гаргахад хичээл зүтгэлээс дутахгүй хүмүүжил маш чухал.

Хэчнээн авьяастай, ур чадвартай байлаа гээд онгироо сагсуу, алдаагаа ухамсарлахгүй, бусдын үгийг үл ойшоодог бол амжилтад хүрч чадахгүй. Манай Одбаяр хөдөлмөрч, даруухан. Амжилт гаргалаа гээд эрдэхгүй, ялагдчихлаа гээд сэтгэлээр унадаггүй. Сэтгэл зүй сайтай. Бэлтгэл таслах нь байтугай хоцорч байхыг нь би лав үзээгүй. Хөөрхөн ааштай, инээгээд л явж байдаг юм. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг яг үнэн” хэмээн түүнийг тодорхойлсон.

Монголын жүдогийн 73 кг-ын бөхчүүд дэлхийд алдартай. Энэ л жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир, “Аюултай монгол“ хочит Гавьяат тамирчин С.Мияарагчаа тэргүүтэй шилдгүүд зодоглон, монгол түмнээ баярлуулж явсан нь үүний илрэл. 2015 онд Х.Цагаанбаатар, энэ жил С.Ням-Очир, С.Мияарагчаа нар зодог тайлан, тэдний орон зайг хэн нөхөж, амжилтынх нь буухиаг үргэлжлүүлэх нь спортын хорхойтнуудын анхаарлыг гойд татаж байв.

Эл асуултын хариултыг өдгөө 28 настай Г.Одбаяр “Будапешт-2017”-д өгч, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Жүдогийн спортоор 13 дахь жилдээ хичээллэж буй тэрбээр 2015 онд хүрэл медалийн оосроос атгаад алдан, V байрт шалгарсан амжилтаа ахиулж, дэлхийн медальтан болсон нь энэ. Багийн ДАШТ-ий хүрэл, дэлхийн шилдэг 16 жүдоч урилгаар оролцдогоороо онцлог “World masters” тэмцээн, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай, улсын дөрвөн удаагийн аварга түүнтэй ярилцлаа.

-Таныг ДАШТ-ий өмнөх бэлтгэлийнхээ үеэр мөнгөн медаль хүртэж байна гэж зүүдэлсэн гэж сонссон. Хэдийгээр тэр зүүд тань хараахан биелээгүй ч Монголын цуут бөх, жингийнхээ шилдэг тамирчдын, нэг С.Мияарагчаа гавьяатын төрсөн өдөр дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэн, бэлэг барьсан нь ховор тохиолдол болов уу?

-Үлгэрлэж явдаг ахынхаа төрсөн өдрөөр медаль хүртсэндээ бэлгэшээж байна. Мияарагчаа ах төдийгүй Монголын ард түмэн маань баярласан байх аа. Жингийн шилдэг тамирчид зодог тайлсны дараа “Амжилтыг нь үргэлжлүүлж чадахгүй бол яана. Итгэлийг нь алдах вий” гэж санаа зовниж байснаа нуугаад яах вэ. ДАШТ-д гурав дахь удаагаа оролцон, том давааны ард гарлаа.

-Өмнө нь медалийн төлөө барилдаад үзчихсэн нь танд давуу талтай байсан болов уу. Дахиад дийлдэн, дэлхийн медальтан болох боломжоо алдах вий гэж эмээсэн үү?

-Тэр талаар ёстой бодоогүй. Ялна, дийлнэ гээд л барилдсан. Хүрэл медалийн төлөө Азербайжаны жүдоч Х.Хейдаровтой өрсөлдлөө. Бид хоёр анх удаа учраа таарсан нь тэр. Намайг барилдахын өмнө Д.Сумъяа өрсөлдөгчөө ялж, дэлхийн аварга болоход нь өөрөө түрүүлж буй мэт баярласан. Тэр сайхан энерги, эрч хүч намайг медаль хүртэхэд нөлөөлсөн гэдэгт итгэдэг.

Өрсөлдөгчөө ялан, дэвжээнээс буухад Балжаа (О.Балжинням) багш “Миний хүү бөмбөрцгийн бөх боллоо” гэхэд сэтгэл их хөдөлсөн. Энэ жил түрүүлэх зорилго өвөртлөн ДАШТ-д оролцсон. Харамсалтай нь, түүндээ хараахан хүрч чадсангүй. Шагналын тавцанд зогсон, Төрийнхөө далбааг мандуулж байхад гоё мэдрэмж төрж, зүүд биш байгаадаа л гэж боддог юм байна. Өөртөө итгэж ядан бараг 10 минут шоконд орсоон (инээв).

Хамгийн түрүүнд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж, баярт мөчөө хуваалцах сан гэж яардаг юм билээ. Цагийн зөрүүгээр Монголд 23.00 цаг болж байхад би хүрэл медаль хүртсэн. Гэрийнхэн маань намайг холбоо барихыг тэсэн ядан хүлээж байсан гэнэ лээ. 13 жилийн хөдөлмөр, монгол түмэн, ачит багш нарынхаа дэмээр энэ амжилтад хүрлээ.

-Хэсгийн аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт, БНСУ-ын жүдоч Ан Чан Римд дийлдсэн. Та түүнд 2015 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд өвдөг шороодсон.

Мэдээж энэ удаа түүнээс даагаа нэхэх зорилготой өрсөлдсөн нь лавтай. Алдаагаа хэрхэн дүгнэж байна вэ?

-Уг нь энэ жил би түүнээс юм юмаараа илүү байсан. Барилдааны эхэнд нэг торгуулиар тэргүүлж байсан болохоор түүнийгээ хадгалж, хамгаалаад барилдсан бол ялах байлаа.

Өөртөө хэт итгэлтэй, ялах гэж яарсан нь миний алдаа болов уу. Дахиж торгуулах гэж яарч байгаад шийдсэн мэхэнд нь орчихлоо. ДАШТ-д оролцохоор Унгарт очихоосоо өмнө багш нартайгаа сайтар ярилцан, жингийнхээ бөхчүүдтэй хэрхэн барилдах төлөвлөгөө боловсруулсан.

Ан Чан Римтэй таарна гэж тооцоолсон болохоор ямар мэх хийх, барьцаа хэрхэн авахаа нэлээд төлөвлөсөн юм. Барилдааны эхэнд яг түүнийхээ дагуу барилдаж байсан ч төгсгөл нь санаснаар болсонгүй.

-Өмнөх тойрогт олимп, ДАШТ-ий хүрэл медальт Ван Тичелтийг яллаа гээд тайвширсан тал бий юү?

-Өө, ёстой тэгээгүй. Өмнөд Солонгосын бөхөд ялагдсаны дараа уур хүрсэн, шар гозойсон (инээв). Тэр үед Н.Түвшинбаяр ах “Одоо л ахын дүүгийн тэмцээн эхэлж байна. Ялагдлаа хурдан март, тайвшир, сайхан амар” гэж хэлэхэд нь их урамшсан.

-Монголын жүдогийн 73 кг-ын “акул”-ууд зодог тайлан, ганцаараа үлдэхэд амаргүй байсан болов уу. Ачааны хүндийг нуруундаа үүрч, залгамжилж чадлаа, та.

-Ах нарынхаа ачийг амжилтаар хариулж явахыг үргэлж хичээдэг. Тэднийхээ амжилтыг үргэлжлүүлсэндээ хүрэл медаль хүртсэнээсээ дутахгүй баярлаж байна.

-13 жил уйгагүй хөдөлмөрлөн, 28 насандаа ДАШТ-ээс медаль хүртлээ. Арай хожуу энэ амжилтад хүрлээ гэж бодогдох юм уу, эсвэл...

-Юу гэж тэгж бодох вэ. Өмнө нь дэлхийн медальтан болох хэмжээнд хөдөлмөрлөж, хичээж чадаагүй байсан юм байлгүй дээ. Бэлтгэлээ л дутуу хийдэг байж (инээв).

-Та 2004 оноос хойш жүдогоор хичээллэж байгаа юм билээ. Ер нь жүдог багаасаа сонирхсон уу?

-Тэгсэн. Би эхээс дөрвүүлээ. Эгч сагсан бөмбөг, ах волейболоор хичээллэдэг байсан. Багаасаа бөхийн спортод хорхойсон, дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн. Гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа багшаараа жүдо заалгаж, өдий хүртэл заавар зөвлөгөөг нь дагаж, амжилтын төлөө хамт зүтгэж явна. Жүдотой амьдралаа холбосноосоо хойш хоёр жил шахам амжилт гаргаж чадаагүй.

Өөрөөсөө насаар ах тамирчидтай өрсөлддөг байсан болоод ч тэр үү, бэлтгэл хийж хийж байгаад л тэмцээнд оролцоно, нэг юм уу, хоёр л ялдаг байсан. Гэхдээ шантраагүй ээ. Барилдах дуртай болохоор тууштай, гүрийгээд л зүтгээд байлаа. 2006 оны самбо бөхийн Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн маань анхны амжилт. Амжилтаа алтан медалиар эхэлсэндээ бэлгэшээж явдаг.

Тэгэхэд аав минь үнэхээр их баярласан. “Миний хүү мундаг шүү” гэж магтаад надад ягаан өнгийн порцовка (самбо, чөлөөтийнхний өмсдөг зориулалтын гутал) оёж өгч билээ. Аав минь бурхан болоод жил хараахан болоогүй байна. ДАШТ-ээс медаль хүртсэний дараа, эх орондоо ирэхдээ аавыгаа их үгүйллээ. “Хүү нь дэлхийн медальтан боллоо” гэж аавдаа хэлээд, үнсүүлсэн бол гэж бодохоор л харамсах юм. Аав маань амьд сэрүүн байсан бол их баярлах байсан даа. Нөмөр нөөлөг, орон зай нь үргэлж үгүйлэгддэг. Тэнгэрийн орноос харж, хүүгээрээ бахархаж явдаг байх аа.

-Аавынх нь оёж өгсөн порцовка одоо бий юү?

-Байлгүй яах вэ. Гэртээ нандигнан хадгалдаг. Хааяа харахаар аавтайгаа уулзаж буй мэт дотно, сайхан санагддаг юм.

-2011 онд гадаадад сурч байхдаа сургуулиа орхин, жүдогоор тууштай барилдахаар шийдсэн гэж сонссон. Тухайн үед “Боловсролдоо анхаарах уу, жүдоч болох уу” гэж хэр их эргэлзсэн бэ?

-Би тэр үед БНСУ-д хуулийн чиглэлээр сурч байсан юм. Сургуулиасаа түр чөлөө аван, УАШТ-д оролцоод түрүүлсэн. Улсынхаа дэвжээнд анх удаа манлайлсан маань тэр. Тэгээд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсаны дараа яалт ч, үгүй аль нэгийг нь сонгох шаардлагатай болсон. Жил гаруйн хугацаанд сурчихсан болохоор гэр бүлийнхэнтэйгээ сайтар зөвлөж байгаад жүдог сонгосон.

Гэхдээ тийм ч удаан бодож, эргэлзээгүй ээ. Гэрийнхэн ч “Миний хүү өөрөө л шийд” гэсэн. Тэр жил ДАШТ-д анх оролцож байлаа. Одоо эргээд бодоход зөв шийдвэр гаргажээ. Тухайн үед дээд сургууль төгссөнийхөө дараа жүдогоор барилдъя гэсэн бол өнөөгийн амжилтад хүрээ ч үү, үгүй ч үү. Тэр үеэс хойш бэлтгэл, тэмцээн гээд сурах боломж, цаг зав ер гарсангүй ээ.

-Ер нь сурах бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Токиогийн олимпын дараа гадаадад хуулиас өөр чиглэлээр сурна. Ойрын хугацаанд англи хэл сурах төлөвлөгөөтэй. Сурахаас чухал зорилго бол яахын аргагүй Токиогийн олимпоос медаль хүртэх. Тэр хүртлээ бүхий л зүйлээ дайчилна.

Риогийн олимпод ялагдан, 2015 оны ДАШТ-д V байрт шалгарсны дараа сэтгэлээр нэлээд унаж, хүнд байдалд орсон. Энэ жил хүрэл медаль хүртэн, амжилтаа ахиулах, дахин зүтгэх, эрч хүч авлаа.

-Бөхийн хүрээнийхэн таныг шууны бяр сайтай, жингийнхэн дундаа онцгойрдог гэдэг. Унаган бяр уу, эсвэл уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үрээр өөрийгөө ингэж хөгжүүлэв үү?

-Удмаасаа өвлөсөн юм бий. Үүний сацуу би бэлтгэлийнхээ дараа олсонд үргэлж авирдаг. Тэгсний үр дүн чамгүй их. Ер нь олс тал бүрийн ашигтай. “Зөвхөн багшийнхаа тэг, ингэ гэсний дагуу бус, өөрөө төрөл бүрээр хөгжүүлж бэлтгэл хийгээрэй. Бэлтгэлийнхээ дараа багшийнхаа заасан мэх, техникийг уйгагүй давтаарай” гэж залуу жүдочдодоо захья.

-Удахгүй Абу Дабигийн гран при болно. Та оролцох уу?

-Оролцоно оо. Бид энэ сарын 24-нд АНЭУ-ыг зорино. Би энэ жил Абу Дабигийн гран пригаас гадна Токиогийн Их дуулга, “World masters”-т оролцохоор төлөвлөсөн.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

Илгээх

Энэ тухай