Шилдэг оюутан, сурагчид тэтгэлэг гардлаа

“Bank of China”-гийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт энэ сарын 20-нд оюутан, сурагчдад тэтгэлгийн шагнал гардуулах ёслол боллоо. Манай их, дээд сургуульд суралцагчид 5000-10000 юанийн тэтгэлэгтэй “Тэргүүлэгч од”, 3000 юанийн тэтгэлэгтэй “Ирээдүйн эзэд” хөтөлбөрт хамрагдаж, амжилт гаргаснаар энд цугларчээ. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Мөрөөдөл од”, “Ирээдүйн од” тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оролцсон байна.

Энэ өдөр тэтгэлэг болон ивээн тэтгэх хөлбөрүүдэд оролцож шалгарсан 50 орчим хүүхэд тэтгэлгийн шагналаа гардаж авлаа. Шагнал гардуулах ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Шин Хаймин, соёлын зөвлөх Ли Вэй, Монгол Хятадын хэл, соёл, боловсролын сангийн гишүүд, төлөөлөгч оролцсон. Энэ удаагийн хөтөлбөрийг хичээлийн шинэ жил эхлэнгүүт зарласан бөгөөд есдүгээр сарын 17-ны өдөр МУИС-ийн Күнзийн институтэд шалгаруулалтыг явуулж, 376 оюутан, сурагч мэдлэгээ сорьсон байна.

Үүнээс 29 сурагч “Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрт, 13 сурагч “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрт, долоон оюутан “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрт, мөн долоон оюутан “Ирээдүйн эзэд” хөтөлбөрт тус тус шалгарлаа. Эдгээр нь Монгол Хятадын хэл, соёл, боловсролын сангаас тогтмол хэрэгжүүлдэг төслүүдийн нэг хэсэг юм. Сурагчдын дундах тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг. Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хятад хэлний мэдлэгээрээ өрсөлддөг “Мөрөөдөл од” тэтгэлэгт хөтөлбөр, “Ирээдүйн од” ивээн тэтгэх хөтөлбөрийг 2014 оноос хойш зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Ховд зэрэг аймгаас 284 сурагч 852 000 юанийн тэтгэлэг хүртжээ.

Үүнээс гадна 20 сурагч 72 000 юанийн тусгай тэтгэлэг авсан аж. Харин 2015 оноос эхлэн хятад хэлний сургалттай их, дээд сургуулиудаас өрхийн орлого доогуур, онц сурлагатан оюутныг шалгаруулдаг “Ирээдүйн эзэд” ивээн тэтгэх хөтөлбөрийг санаачилж 87 оюутанд 410 000 юанийн тэтгэлэг олгосон байна. Мөн “Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрт гурван жилийн хугацаанд 25 оюутан шалгарч 85 000 юанийн тэтгэлэг гарджээ.

ХЯТАД ХЭЛНИЙ ЗУРГАДУГААР ТҮВШНИЙ СОРИЛ ИРДЭГ

Б.Данзандолгор (“Найрамдал” дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч): -“Мөрөөдлийн од” тэтгэлэгт хөтөлбөрт зургаа дахь удаагаа шалгарлаа. Долдугаар ангиасаа эхлээд энэхүү хятад хэл, соёлын мэдлэг, бусад чадвар сорих шалгаруулалтад оролцож байна. Шалгалтад бэлдэхэд нэг их бэрхшээл гараагүй. Хятад хэлийг судалж, дур сонирхолтойгоор шалгалтдаа бэлддэг тул аз жаргалтай байдаг. Энэ жил нэгдүгээр байрт шалгарсан. Би БНХАУ-ын Жи Лин мужийн Чань Чүн хотод 1-5 дугаар ангиа дүүргэсэн. Монголд ирээд “Найрамдал” сургуульд элсэн орсон.

СУРЛАГААРААРАА ТЭРГҮҮЛСЭН ОЮУТАН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОХ ЭРХТЭЙ

Э.Наранцэцэг (МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар сургуулийн Ази судлалын тэнхимийн Хятад хэлний ангийн гуравдугаар курсийн оюутан): -“Тэргүүлэгч од” тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад оролцоод нэгдүгээр байрт орсондоо баяртай байна. Дунд сургуульд байхаасаа хятад хэл судалсан. Анхандаа ээж, аавын сонголтоор хятад хэлийг сурсан. Харин их сургуульд орохдоо өөрөө хятад хэлний ангийг сонгосон. Хятад хэлийг судлах тусам сонирхож, амтанд нь орж байна. Байнга хятад нэвтрүүлэг үзэж, дуу сонсдог. Сурлагаараар тэргүүлсэн оюутан энэхүү шалгаруулалтад орох эрхтэй бөгөөд өрсөлдөөн ихтэй тэтгэлэгт хөтөлбөр.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай