Дуурийн дуучин Ч.Бадрал Европт амжилтаа баталлаа

Дуурийн дуучин Ч.Бадрал Европт амжилтаа баталлаа

Дуучин Ч.Бадрал амжилтаар дүүрэн байна. Тодруулбал, Литва Улсын нийслэл Вильнюс хотод өнгөрсөн сарын 16-22-нд болсон алдарт дуучин Виржилюс Норейкагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын “А” зэрэглэлийн анхдугаар уралдаанд гуравдугаар байр эзэллээ. 20 гаруй улсын 1000 гаруй нэр хүндтэй дуурийн дуучдаас шалгарч, гуравдугаар байр эзэлсэн түүнийг Литва Улсын Кальнус хотын дуурийн театрт урьсан байна. 
Тэгвэл түүний амжилт үүгээр зогссонгүй. Дараагийн сайхан мэдээгээр монголчуудынхаа сонорыг мялааж байна. 
Тэрбээр Австри Улсын Линз хотод энэ оны есдүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулагдсан Европын томоохон хэмжээний уралдаан болох 17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Competizione della Opera” олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцон хоёрдугаар байрт шалгарлаа. Тэрбээр энэ уралдаанд 14 орны дуулаач нартай өрсөлдөн тэмцээний хамгийн том шагнал болох олон улсын шүүгч нарын багийн “Шүүгч нарын нэрэмжит тусгай шагнал” хүртсэн байна. 
Түүнээс гадна Ч.Бадрал уг тэмцээний финалын шат зохион байгуулагдсан баруун Европт томоохонд тооцогдох Линз хотын Ландес театрт Ж.Вердийн “Дон Карло” дуурьд дуулах эрхээр шагнагджээ. Үүгээр ч зогсохгүй Москвагийн Станиславскийн нэрэмжит театрт 2018 онд Ж.Вердийн “Макбет” дуурьд дуулахаар болсон зэрэг гайхам амжилтыг үзүүлжээ. 
Ч.Бадрал нь Монгол Улсаа төлөөлөн ОХУ-д зохион байгуулагддаг олон улсын уралдаан тэмцээнд байнга амжилттай оролцдогийг санаж байгаа байх. Тэгвэл тэр Европын дэвжээн дээр анх удаа гарахдаа гялалзсан амжилтуудыг ийнхүү бүтээлээ. Түүний өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудыг хүргэе. 
• ЗХУ-ын ардын жүжигчин Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны III байр /2010 он/
• ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховоин нэрэмжит дуурын дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байр /2011 он
• Б.Дамдинсүрэн, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын VI уралдааны Юндэнгийн дүрийн тэргүүн байр /2012 он/,
• МУГЖ Д.Бандийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын улсын уралдааны III байр /2012 он/,
• ЗХУ-ын ардын жүжигчин М.Михайловын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын уралдааны дэд байр /2013 он/,
• ЗХУ-ын ардын жүжигчин А.П.Ивановын нэрэмжит дуурын дуулаачдын олон улсын уралдаанд гранпри шагнал /2013 он/,
• ОХУ-ын Тольятти хотын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гранпри шагнал /2014 он/
• ОХУ-ын Саратов хотод зохиогдсон дуурийн дуулаачдын олон улсын уралдааны IV байр /2014 он/,
• ЗХУ-ын ардын жүжигчин Н.Д.Шпиллерийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын анхдугаар уралдааны гранпри шагнал /2014 он/
• ОХУ-ын үндэсний Россия телевизээс зохион байгуулсан Большая опера олон улсын уралданы IV байр /2014 он/
• М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны II байр, Ц.Рахманиновын бүтээлийг сайн дуулсны төлөөх тусгай шагнал, шилдэг баритон хоолойтны шагнал /2014 он/,
• Санкт-Петербург хотод болсон ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдаанд дэд байр эзэлж, Марийнский театрт дуулах тусгай шагнал хүртсэн /2015 он/
• ОХУ –ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Бүх Оросын Гоцлол дуулаач нарын Шагналтнуудын уралдаанд Тэргүүн байр /2016 -4 сар/
• Казакстан Улсын Алма-Ата хотод зохион байгуулагдсан дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновын нэрэмжит олон улсын VIII уралдаанд Тэргүүн байр /2016 -9 сар/
• ОХУ ын Москва хотод зохион байгуулагдсан нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцон төгсгөлийн шатанд шалгарсан . /2016-10 сар/
• ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан хөгжмийн нэрт зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын Тэргүүн байр /2016 -12 сар/

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай