Ц.Цолмонбуд: Компанийнхаа балетчдыг сонгон шалгаруулж байна

Ц.Цолмонбуд: Компанийнхаа балетчдыг сонгон шалгаруулж байна

Өнгөрсөн наймдугаар сараас консерватори хэмээх статустай болж, нэрээ өөрчилсөн ХБК-ийн үе үеийн төгсөгчдөөс олон улсад ур чадвараараа шагшигдан, алдартай том театруудын нүүр царай болсон нь цөөнгүй. Тэдний нэг бол БНСУ-ын “Гванжу сити балет” компанийн тэргүүлэх гоцлооч Ц.Цолмонбуд. Тус улсад 10 гаруй жил балетын урлагаар тууштай явж байгаа тэрбээр энэ чиглэлээр компани байгуулж, багаа бүрдүүлж буй талаар өөртэй нь холбогдон тодрууллаа.

-Компаниа ямар түвшний балетчдаар бүрдүүлж байгаа вэ. Танайх энэ чиглэлийн дугуйлан, сургуулиас юугаараа онцлог байх бол?

-“Элит балет” компанийн бүжигчид маань мэргэжлийн өндөр түвшнийхэн байна. Тиймээс тодорхой шаардлага тавьж, ур чадвараар нь шалгаруулахаар төлөвлөсөн. Одоогоор сонгон шалгаруулалтаа явуулж байна. Эрэгтэй, эмэгтэй нийт 30 балетчин сонгоно. Балетын урлагийн анхан шатны мэдэгдэхүүн, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилготой сургууль, сургалт явуулдаг газар хаа сайгүй байдаг.

Тэдгээрээс ялгарах бидний онцлог нь сонгодог урлагийн театрын хэмжээнд ажиллах явдал. Дэлхийд балетын компани олон бий. Яг театрын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, өөрөөр хэлбэл, оркестртой, дуурь, балетын урын сантай том компаниудаас гадна дан сонгодог бүжгээр дагнадаг нь байгаа. Манай компанийн хувьд дан балетаар дагнана.

-Тэгэхээр “Элит балет” бие даасан уран бүтээл туурвиж, байнга тоглолт зохион байгуулах юм байна. Ингэхийн тулд бүжиг дэглээч, балетмейстр байх ёстой. Мөн ийм хэмжээний компани ухаалаг менежменттэй явах учиртай.

Энэ бүхнийг хэрхэн зохицуулах вэ?

-Мэдээж, мэргэжлийнхнээр багаа бүрдүүлж байгаа учраас өөрийн гэсэн уран бүтээлтэй байна. Эхний ээлжинд би өөрөө энэ үүргийг давхар гүйцэтгэнэ. Хамтран ажиллаж, тоглолтуудыг маань тухайн үед нь санхүүгээр дэмжинэ, зоригтой зүтгэ гэсэн найз нөхөд, сайхан хүмүүс байгаа болохоор мөрөөдлөө биелүүлэхээр зориглосон.

-Нээлтийн тоглолтоо хэзээ хийх вэ. Хөтөлбөрөөс нь сонирхуулна уу?

-Ирэх гуравдугаар сард нээлтээ гала концертоор хийхээр төлөвлөсөн байгаа. Дэлхийд алдартай томоохон бүжгэн жүжгүүдээс, тодруулбал, балетчдын ур чадварыг харуулдаг хэсгээс хөтөлбөртөө оруулна даа.

-Сөүлийн нэр хүндтэй “И Вон Гүг” балетын компанид та олон жил гоцлооч байсан. “Гванжу сити балет” компанид хэзээнээс ажиллах болов. Улсын харьяалалтай театр гэж сонссон. Хэчнээн балетчинтай компани бол?

-БНСУ-ын сонгодог урлагийн хоёр том театрын нэг л дээ. 40 жилийн түүхтэй. Том хэмжээний оркестртой, дуурь болон балетын ангитай, 60 орчим бүжигчинтэй компани. Би энд гоцлоочоор ажиллаад нэг жил хагас болж байна.

Өнгөрсөн сард “Жизель” бүжгэн жүжгээ үзэгчдэд толилуулсан. Ирэх сард “Щелкунчик” балеттай. Би ханхүүгийн дүр бүтээнэ.

-Та бас мэргэжлийн балетын сургууль болон сургалтуудад багшилж байгаа гэсэн. Хэр олон шавьтай болж байна вэ?

-Энд тэндээс багшлах санал ирдэг юм. Цаг зав гаргаад хэдэн сургуульд багшилж байгаа. Нэг “гарын” шавьтай болсон. Миний шавь болохыг хүсэж, Тэгү хотоос зорьж ирсэн нэг хүү бий. Долоон жил балетаар хичээллэсэн, энэ урлагаар тууштай явах хүсэл, сонирхолтой, их хичээнгүй хүүг ирэх оноос олон улсын уралдаанд “сойхоор” бэлтгэж байна даа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай